| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2024/00442/И |
| Дугаар | 201/МА2025/00014 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 201/МА2025/00014
Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2024/00978 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 47 608 155 төгрөг гаргуулан байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Иргэн ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мангиртын цагаан худгийн баруун урд талд цогтой үнс хийсгэж хялбар шатах материал болох өвсөн дээр бууж хээрийн түймэр гарч, нийт 25,527 га талбай шатаж байгаль орчинд 47 608 155 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, *******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 046/01/07 дугаартай гал түймрийн улсын ахлах байцаагч, ахмад *******ын гаргасан шинжээчийн дүгнэлт, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №1/107 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Байгаль орчинд учирсан 47 608 155 төгрөгийн хохирол байгаль орчин уур амьсгалын санд төлөгдөөгүй байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 12 дугаар зүйлийн 12.1.2-т тус тус заасны дагуу прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иргэн ******* нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж байгаль экологид 25,527 га талбай шатаж, байгаль орчинд 47 608 155 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Иймд *******аас байгаль экологид учруулсан хохирол 47 608 155 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр дээрх хохирол тогтоогдсон боловч уг дүгнэлтэд ...түймэр гарсан нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жилийн хавар бэлчээрийн ургамал илүү сайн ургаж, байгаль өөрийгөө бүрэн сэргээдэг тул тухайн хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна гэж тусгасан байгаа юм. Тэгээд ч манай нутаглаж байгаа Баянтүмэн сумын Жаргалант 2 дугаар багийн нутаг, Мангиртын цагаан худаг гэх газар нь өвс нөгөө улам сайхан ургаж байгаль дэлхий өнгө зүсээ зассан жил болсон. Харамсалтай нь 2023 оны хавар, 2024 оны намар, өвөл зудын гамшгийн байдалтай болсныг бид бүхэн мэдэж байгаа. Мал хөрөнгө минь байгалийн зуданд үхэж үрэгдэж, малчны зээл төлөгдөх боломжгүй болж маш хэцүү байдалд орсон. Ах дүү хамаатан садангийн малыг өөрийн А дансандаа тоолуулж малчны зээл авсан ч одоо өртэй л хүн үлдлээ. Миний боломжгүй нөхцөл байдлыг минь харгалзан үзэж намайг энэ экологи эдийн засгийн үнэлгээний хохирлоос чөлөөлж өгнө үү. Миний хувьд санаатай зориудаар түймэр тавьж өвс ургамал шатаасан зүйл байхгүйг минь бодолцож өгнө үү. Мөн би энэ түймрээс хохирсон иргэдийн бүх хохирлыг төлөхөд мал хөрөнгөө зарж борлуулсан. гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар хариуцагч *******аас байгаль экологид гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 7,141,223.25 /долоон сая нэг зуун дөчин нэгэн мянга хоёр зуун хорин гурав төгрөг хорин тав мөнгө/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,466,931.75 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 129,210 /нэг зуун хорин есөн мянга хоёр зуун арав/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулж, ... шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн хувьд ам бүл тавуулаа амьдардаг, хүний мал харж амьдрал ахуйгаа залгуулдаг. Багийн засаг даргын тодорхойлолт болон банкны зээлийн гэрээний хуулбар зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа.
*******ын төлбөрийн чадварын тухай нотлох баримтуудыг шүүх үндэслэл бүхий үнэлээгүй байна. Нуман Алтай ХХК-ийн шинжээч ******* нь галд шатсан өвс нь түр зуурын хохирол, байгаль өөрөө өөрийгөө сэргээж, нөхөн төлжүүлдэг гэж дүгнэлт гаргасан байгаа. Тиймээс түймэр гарсан цаг хугацаанаас хойш 2 жилийн нүүр үзэж байгаа байгаль өөрийгөө нөхөн төлжүүлж сэргээсэн болох нь шүүхэд гаргаж өгсөн фото зургийн үзүүлэлт бүхий нотлох баримтаар тогтоогдоно.
Мөн түүнээс гадна өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дорнод аймаг төдийгүй Монгол орон даяар маш хүнд зудын байдалтай байсны улмаас мал, эд хөрөнгөөрөө асар их хохирол амссан байгаа зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 45 227 748 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2 380 407 төгрөг буюу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 5 хувийг гаргуулж өгнө үү.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн тогтоосон 7 141 223 төгрөгөөс 4 760 816 төгрөгийг хасаж тооцсон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулж өгнө үү. гэв.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ...Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд хохирлын хэмжээг тогтоох, мөн хуулийн 514 дүгээр зүйлд гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлаас шалтгаалж шүүхээс багасгах боломжтойгоор хуульчилсан. ... Анхан шатны шүүхээс түүний гэмт үйлдлийн нөхцөл байдал, хохирогч нар хохирлыг бүрэн төлсөн, гал унтраахад гарсан түймрийн зардлыг төлсөн, гэр бүлийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагын 15 хувиар байгаль орчинд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 47 608 155 төгрөг гаргуулан байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
4. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус заасны дагуу хариуцагч *******аас байгаль экологид учирсан гэм хорын хохиролд 47 608 115 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч ******* нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, байгаль экологид хохирол учруулсан талаараа маргаагүй боловч, гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр төлж чадахгүй гэх татгалзлын үндэслэлээ: ...Түймрийн улмаас хохирсон хохирогч нарт хохирол нөхөн төлөхийн тулд мал хөрөнгөө зарж хохирол төлбөрийг барагдуулсан, зуднаар малаа алдсан учир малчны зээл төлөгдөх боломжгүй болж маш хэцүү байдалд орсон. түймрийн улмаас шатсан 25,527 га талбайн ургамал ногоо нь улам сайхан ургаж байгаль дэлхий өнгө зүсээ зассан байдал болон ар гэрийн байдлыг харгалзан хохирол төлбөрийг бүрэн барагдуулж чадахгүй байна гэж тайлбарлажээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр салхи ихтэй үед гэрээсээ халуун үнс гаргаж асгаснаар нурамтай үнс хийсч, хялбар шатах материал буюу өвсөн дээр буун, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мангиртын цагаан худгийн баруун урд талд хээрийн түймэр гарч, нийт 25,527 га талбай шатсаны улмаас байгаль экологид 47 608 155 төгрөгийн хохирол учирсан,
Дорнод аймгийн Прокурорын газраас *******т холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хянаад уг хээрийн түймрийн улмаас байгаль экологид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...их хэмжээний хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 272 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, ******* нь түймрийн улмаас бусад иргэнд учирсан гэм хорын хохирол, төлбөрийг төлж барагдуулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон байх бөгөөд хариуцагч нь өөрийн болгоомжгүй үйлдлээр бусдын эд хөрөнгө болон байгаль орчинд гэм хор учруулсан талаар маргаагүй болно.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас байгаль экологид учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахдаа түүний болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учирсан нөхцөл байдал, түймрийн улмаас бусад иргэнд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, түймрийг унтраахад гарсан тээвэр шатахууны зардлыг хариуцан төлсөн, ар гэрийн байдал болон шинжээчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын 15 хувьтай тэнцэх хэмжээний хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2, 229 дүгээр зүйлийн 229.2-т заасанд нийцсэн байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар ... хариуцагчийн төлбөл зохих гэм хорын хохирлын нийт дүнгийн 5 хувь буюу 2 380 407 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү. гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан шинжээч Нуман Алтай ХХК-ийн гаргасан дүгнэлтэд ...Түймэр гарсан нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жилийн хавар бэлчээрийн ургамал илүү сайн ургаж, байгаль өөрийгөө бүрэн нөхөн сэргээдэг тул тухайн хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна... гэж тусгасанаас үзэхэд түймэр гарсан цаг хугацаанаас хойш хоёр жилийн хугацаанд байгаль өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлж сэргээсэн байна.
Гэвч хариуцагч *******ын ахуйн хүрээнд анхаарал болгоомжтой байж, бусдад гэм хор учруулахгүй байх үүргээ зөрчсөнөөс болж байгаль орчинд хохирол учруулсан эс үйлдэхүй нь төрийн өмчийн болон бусдын эд хөрөнгөд гэм хор учирсантай шалтгаант холбоотой бөгөөд, байгаль өөрийгөө нөхөн сэргээдэг, түр зуурын хохирол гэх үндэслэлээр гэм хор учруулсны хохирлыг хариуцан арилгах үүргийг багасгах, улмаар чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Анхан шатны шүүхийн хариуцагчийн ар гэр, эд хөрөнгийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж байгаль орчинд учруулсан гэм хорын нийт хохирлыг 15 хувиар багасган тооцсоныг давж заалдах шатны шүүхээс буруутгахгүй боловч, давж заалдах гомдолд дурдсанаар дахин 5 хувиар багасган тооцох үндэслэлгүй байна.
8. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2024/00978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 123 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧ Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ