Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 01129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 2-р хороо,35-16 тоотод оршин суух Жаажаа овгийн Ширнэнгийн Жигмэддоржийн /ГЕ-85021918 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулагбаг 4-18-143 тоотод оршин суух Жагар овгийн Эрдэнэбаатарын Булганмаад /ФД-84041504 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай ,дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Жигмэддорж, хариуцагч Э.Булганмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч  Ш.Жигмэддорж хариуцагч Э.Булганмаад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ш.Жигмэддорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Жигмэддорж би хариуцагч Э.Булганмаатай хайр сэтгэлтэй болсоны улмаас 2006-11-сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн.Хамт амьдарч байх хугацаанд Э.Булганмаа нь бие давхар болсон тул 2008-09-29-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн, хурим найр хийж, миний ээж Наранцэцэг, төрсөн эгч Доржхорол нарын дундын эзэмшлийн 4-8-143 тоот хаягт байрлах байранд амьдарч эхэлсэн.Гэр бүл болон  хамтран амьдарч байх хугацаанд өөрийн эхнэр Булганмааг нөхрийн, хүү Анарыг эцгийн хайраар дутаалгүй амьдрахыг хичээж, гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлсээр ирсэн.Гэвч бидний хооронд үзэл бодлын зөрчилдөөн бий болж байнгын хэрүүлтэй байх болсон.2014-09 сараас эхлэн тусдаа амьдарах болсон....Иргэн Булганмаагийн гэрлэлт цуцлуулахаар  шүүхэд хандан иргэний хэрэг үүссэн хугацааг тооцоход Эвлэрүүлэн зуучлах төвөөр орсон 1 сар, Шүүхээс эвлэрэх хугацаа олгосон 3 сар болон шүүхэд шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн хугацааг тооцоход нийт 6 сарын хугацаа өнгөрсөн, гэр бүл гэж хамт амьдрахаа болиод 2 жил гаран хугацаа өнгөрсөн бөгөөд одоо цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.Хүүхдээ эхийн асрамжид үлдээж хуулийн дагуу би тэтгэмж төлнө.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Жигмэддорж  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2 таарахгүй салсан тул гэрлэлтээ цуцлуулна.Хүүхдийн тэтгэлэг төлнө.Бидний амьдарч байсан байр бол ээж эгч хоёрын байр учраас Булганмаагийн сөрөг нэхэмжлэлийн оногдох хувь гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.Биднийг хурим хийх үед уг байранд манай ах гэр бүлийн хамт амьдарч байгаад бид хамт амьдарсан.Дараа нь ах нүүж өөр байранд орсон тул бид үлдсэн.Энэ байр одоо эгчийн зээлийн барьцаанд 15 жилийн хугацаатай байгаа.Хүү Анарыг дунд ангид ортол буюу 6 дугаар ангид ортол энэ байранд суухыг зөвшөөрч байна гэжээ.

 

           Хариуцагч Э.Булганмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Жигмэддоржийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.Бид хоёр 2008 онд гэр бүл болж хүүтэй болцгоосон. Миний бие сайн сайхан амьдарна гэж л бодсон. Гэтэл харин Жигмэддорж амьдралаа өөрөө унагаасан.Тэрээр өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж улмаар хамт амьдрах болж хүү бид хохирсон.Ингээд 2014 оноос тусдаа амьдрах болсон.Биднийг гэрлэхэд манай хадам аав ээж бидний хуримыг хийж бидэнд одоо хүү бид 2-ын амьдарч байгаа 4-8-143 тоот 1 өрөө байрыг бэлэглэж байсан.Би энэ хүнийг явснаас хойш хүүгийн хамт энэ байранд амьдарч ирсэн.Гэтэл Жигмэддоржийн эгч нь зээл авах шалтгаанаар байрны гэрчилгээн дээр нэрээ оруулж банкинд барьцаалснаас болж бидний өмчлөх эрхийг баталгаажуулж өгч чадахгүй явсаар өдийг хүрсэн.Гэтэл одоо бид салах болсон учраас эргээд бидэнд байраа өгөхөө больсон юм байлгүй, байраа нэхэж намайг байнга хөөж дарамтлах болсон.Хадмууд болон Жигмэддорж ядаж хүүд маань байрыг маань өгөх сэтгэлгүй байгаа юм байх даа. Хэрвээ эднийг байраа авна гэвэл би хүүгээ дагуулаад хаачихаа мэдэхгүй л байна.Тэд  амласнаасаа буцаж эд хөрөнгийн маргаангүй гэж бичээд байхыг бодоход хүүг минь гудамжинд хөөж гаргах гэж байгаа юм байлгүй. Эсхүл хүүд маань маргахгүйгээр өгөх гэж байгаа юм боловуу ойлгомжгүй л байна.Хэрвээ хүү бид хоёрт байраа өгнө гэж байгаа бол би хүүхдийн тэтгэмж авахгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна  гэжээ.

              

         Хариуцагч Э.Булганмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Бид 2 2006 онд танилцаад 2008 онд гэр бүл болж хүүтэй болцгоосон.Одоо амьдарч буй 4-18-143 тоот 1 өрөө байрыг 2014 онд хадам ээж аав 2 минь  хурим хийж энэ байрыг бэлэглэж байсан.Гэтэл салах болсон учраас эрэгээд байраа өгөхөө больсон юм байлгүй дээ.Одоо байраа нэхэж хөөж дарамтлах болсон.Тэд амалснаасаа буцаж эд хөрөнгийн маргаангүй гэсэн байхыг бодвол хүүг минь гудманд гаргах гэж байгаа юм байлгүй...Иймд Жигмэддоржоос гэрлэлтээ цуцлуулж, хүү Ж.Анартаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно.Одоо амьдарч байгаа өөр орох орон байхгүй.Иймд 4-18-143 тоот байрнаас өөрт болон хүү Анартаа хүртэх хувийг нэхэмжилж байна.Хэрэв энэ байрнаас хувь тэнцүүлэх боломжгүй бол Ж.Анар хүүг маань ахлах ангид орох хүртэл энэ байранд байлгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Э.Булганмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрч байна.Бид 2006 онд танилцаж 2008 онд гэр бүл болсон. 2012 онд хурим хийсэн.2013 оноосс нөхөр өөр хүнтэй явах болсон.Тэр үед би жирэмсэн байсан ч хүүхдээ авахуулсан.Жигмэддорж нөгөө хүнтэйгээ яваад өгсөн.Байнга хэрүүлтэй байх болсон.Салаад өг гэж дарамтлах болсон.Гэрлэлтээ цуцлуулна,хүүдээ тэтгэлэг тогтоолгоно.

Сөрөг нэхэмжлэлээ дэмжинэ.Энэ байрыг хурим хийхэд хадам аав ээж бэлэгдэж байсан.Гэтэл хуримын дараа хадам ээж охиноо хамтран өмчлөгчөөр нэмээд банкны барьцаанд тавьсан.Хүү бид 2 т оногдох хувийг гаргуулж өгнө үү.Хэрэв боломжгүй гэж үзвэл хүүг ахлах ангид ортол суухаар шийдэж өгнө үү.Хадам ээжтэй ярилцахад “хүү Анарын байр шүү дээ” гэсэн гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Жигмэддорж гэрлэлт цуцлуулах тухай шаардлага гаргасан. Хариуцагч Э.Булганмаа дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах,эсхүл хүү Ж.Анарыг ахлах ангид ортол байрынд суулгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

 

Зохигчид 2008-08-17-ний өдөр гэр бүл болон, хүү Ж.Анарыг 2009-01-13-нд төрүүлсэн, нөхөр Ш.Жигмэддорж гэрээсээ явсан тул сүүлийн 2 жилийн турш тусдаа амьдарч байгаа, хүү эхийн асрамжинд Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-18-143 тоот орон сууцанд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, төрсөний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.       

         Зохигчид цаашид хамтдаа амьдрах,гэрлэлтийг үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүү Ж.Анарын асрамжийн талаар шаардлага гаргаагүй,эхийн асрамжинд байлгаж тэтгэлэг төлнө” гэсэн байх тул 2009-01-13-нд төрсөн хүү Ж.Анарыг эх Э.Булганмаагийн асрамжинд үлдээж, эцэг Ш.Жигмэддоржоос тэтгэлэг хуулийн дагуу тогтоож шийдвэрлэв.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “4-18-143 тоот байрнаас өөрт болон хүү Анартаа хүртэх хувийг нэхэмжилж байна.Хэрэв энэ байрнаас хувь тэнцүүлэх боломжгүй бол Ж.Анар хүүг маань ахлах ангид орох хүртэл энэ байранд байлгаж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч Ш.Жигмэддорж “Бидний амьдарч байсан байр бол ээж эгч хоёрын байр учраас Булганмаагийн сөрөг нэхэмжлэлийн оногдох хувь гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй....Хүү Анарыг дунд ангид ортол буюу 6 дугаар ангид ортол энэ байранд суухыг зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргасан.Зохигчдын тайлбараар тэдний амьдарч байсан,одоо хүү Ж.Анарыг эх Э.Булганмаагийн хамт амьдарч байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-18-143 тоот орон сууцыг нэхэмжлэгч Ш.Жигмэддоржийн ээж Д.Наранцэцэг,охин Ш.Доржхорол нарын хамт өмчилдөг,одоо банкы урт хугацаатай зээлийн барьцаанд байгаа болох нь тогтоогдсон.Гэвч хариуцагч Э.Булганмаа байрны өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах тухай хүсэлт гаргаагүй,нэхэмжлэгч уг байрыг “бидний байр биш” гэж тайлбарлаж байгаа зэргээс оногдох хэсэг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

       Харин сөрөг нэхэмжлэлийн “Ж.Анар хүүг маань ахлах ангид орох хүртэл энэ байранд байлгаж өгнө үү” гэсэн шаардлагыг нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хүрээнд насанд хүрээгүй хүүхэд,түүний асран хамгаалагчийн /ээж/ эрх ашиг хөндөгдөж байгааг үндэслэн “Ж.Анарыг дунд ангид ортол уг байранд ээжийн хамт оршин суулгахыг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж шийдвэрлэв.

         Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваариплсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Ширнэнгийн Жигмэддорж, Эрдэнэбаатарын Булганмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009-01-13-нд төрсөн хүү Ж.Анарыг эх Э.Булганмаагийн  асрамжинд үлдээсүгэй.

             

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 40.1.2-д зааснаар   2009-01-13-нд төрсөн хүү Ж.Анарыг  11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл / суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Жигмэддоржоос тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.

         

            4.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-18-143 тоот орон сууцанд хүү Ж.Анарыг дунд/ 6 дугаар / ангид ортол ээжийн хамт оршин суулгахыг нэхэмжлэгч Ш.Жигмэддоржид даалгасугай.

    

          5. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.

     

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70,200 төгрөг,сөрөг нэхэмжлэлийн 70200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       

           7.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ