| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 138/2024/01303/И |
| Дугаар | 201/МА2025/00015 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 201/МА2025/00015
*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 309/ШШ2025/00134 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ад холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,251,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэн *******аас интернэт цацдаг төхөөрөмж болох Старлинк-2 төхөөрөмжийг 5,000,000 төгрөгөөр өөрийн хадам *******т худалдан авч өгөхөөр болж 5,000,000 төгрөгийг *******ын ХХБ-ны ******* тоот данс руу шилжүүлсэн. Уг төхөөрөмжийг Сэлэнгэ аймагт хөдөө ажиллуулах гэсэн боловч шатаж нэг ч удаа ажиллаагүй. Энэ үйл явдал 3 удаа давтагдсан. ******* одоо зүгээр ээ гээд явуулдаг боловч ажилладаггүй. Төхөөрөмжийг 4 дэх удаагаа буцаан өгч мөнгөө авах гэсэн боловч төхөөрөмжөө ав, мөнгө өгөхгүй гэж өөртөө давуу байдал бий болгож, намайг хүмүүсийн дунд хохироож байна. Төхөөрөмжийг *******ад буцаан өгсөн байгаа. Тиймээс төхөөрөмжийн үнэ 5,000,000 төгрөг, бусад зардалд 251,000 төгрөг нийт 5,251,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр над руу ******* дугаараас холбогдож суурьтай Старлинк-2 төхөөрөмжийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл 2024 оны 8 дугаар сарын 24-нд ажиллахгүй болчихлоо гэж ярихад нь би явуулчих гэж хэлээд хүлээж аваад тэжээлийн блок шатсан байсныг нь солиод буцаагаад явуулсан. Тэжээлийн блок нь цахилгаан тогоо хэлбэлзүүлэх, нэмэх хасах туйлыг сольж өгөх зэрэгт шатдаг. 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ******* гэх хүн утсаар ярьж ах аа дахиад ажиллахгүй болчихлоо, ер нь би буцаагаад мөнгөө авъя гэхээр нь та нарын буруу шүү дээ, буцаах боломжгүй гэдгийг хэлсэн. Ингээд мөн тэжээлийн блок шатсан байсныг нь солиод буцаагаад явуулсан. Гэтэл 10 дугаар сарын эхээр энэ чинь ажиллахгүй байна, үүнийгээ буцааж аваарай, мөнгөө авъя гээд унаанд өгөөд явуулсан байсан. Би өгч явуулсан машиных нь жолоочийн хажууд, мөн ойрхон байсан дэлгүүрийн худалдагчийг гуйж тогонд залгаж шалгаж үзэхэд ажиллаж байсан. Ажиллаж байгааг нь хэлсэн боловч уурлаж намайг элдвээр загнаж, мөнгөө авна гээд байсан. Нэг ч удаа ажиллаагүй гэдэг нь худлаа. Старлинк-ийг идэвхжүүлснээс хойш нийт 14 хоног, 44 GB ашигласан байсан. Мөн Старлинк компанийн баталгаанд зөвхөн өөр төхөөрөмжөөр сольж өгнө, цахилгааны асуудлаас үүдсэн гэмтэл баталгаанд хамаарахгүй гэж заасан байгаа. Би энэ хүнээс 5,251,000 төгрөг аваагүй. Үйлчилгээ авсан 251,000 төгрөгийн төлбөр нь надад хамаагүй. Энэ төхөөрөмж нь одоо надад байгаа. Старлинк компанийн баталгаагаар бол цахилгааны улмаас тэжээлийн блок шатсан нь надад хамааралгүй. Тиймээс мөнгийг өгөх боломжгүй, төхөөрөмжийг өгнө гэжээ.
3. Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-т заасныг баримтлан хариуцагч *******аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 251,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,966 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 00134 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Старлинк-2 төхөөрөмжийг хүлээн авсан боловч худалдагчид буцааж өгсөн болох нь тогтоогдсон гэх. Энэ нь өнөөдөр аваад маргааш нь буцааж өгч байгаа зүйл биш. 2024 оны 8 дугаар сарын 17-нд аваад 2024 оны 10 дугаар сарын 09-нд буцааж өгсөн. Энэ хугацаанд /54 хоног/ хөдөө ууланд ашиглаж байсан. 2 удаа цахилгааны тэжээлийн блокийг шатаасныг би сольж өгсөн. Мөн нэхэмжлэгч нь нэг ч удаа ашиглаагүй гэж худал мэдүүлсэн. Старлинкийн бүртгэл дээр хэд хоног, хэдэн GB дата ашигласан нь ил тод харагдаж байгаа. 54 хоног ашиглахад ядаж эдэлгээний сэв орж хуучирна шүү дээ.
Иргэний хуулийн 251.1-д заасан ... чанар бүхий эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн гэх ... . Старлинкийг анх 8 дугаар сарын 19-нд идэвхжүүлээд 8 сарын 24 хүртэл хэвийн ажиллуулаад 8 дугаар сарын 24-нд цахилгаанаас болж тэжээлийн блокоо шатаасан бөгөөд энэ нь анх ажиллахгүй төхөөрөмж өгсөн гэдгийг нотлохгүй. Анх ******* нь ажиллуулж шалгаж үзээд болж байна, баярлалаа ахаа гээд ярьсан байдаг. Өөрсдөө тогны асуудлаас болж тэжээлийн блокыг шатааснаас биш ажиллаж байсан.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар Старлинк компанитай гэрээ байгуулсан, тус компаниас баталгаа гаргаж өгсөн гэх үйл баримтууд тогтоогдохгүй байна гэх.
2024 оны 8 дугаар сарын 19-нд нэхэмжлэгч *******ын эхнэр ******* ******* гэх хүний нэр дээр Старлинк.сом сайт дээр бүртгэл хийсэн. Старлинк төхөөрөмж нь бусад бараатай адилгүй, өөрийн өвөрмөц старлинкийн хязгаарлагдмал баталгаа гэж байдаг. Төхөөрөмжийг хэрэглэгч нь шууд Старлинк компанитай харьцдаг. Хэрэглэгч нь энэ бүртгэлээрээ дамжуулаад асуудлыг шууд бичдэг. Старлинк компани нь энэ бүртгэлээр дамжуулаад шууд баталгаа өгдөг. Тэгэхээр ******* нь эхнэр ******* ******* дээрээ энэ цахим бүртгэлийг хийлгээд өөрийн аккаунт буюу бүртгэлийг үүсгэсэн байгаа юм. ******* би нэхэмжлэгч талтай тохиролцохыг хүсч Шинэ төхөөрөмж старлинк өгөөд дээр нь нэг сая төгрөг өгье гэсэн санал тавьсан байдаг. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх энэ төхөөрөмжийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 8 дугаар сарын 19-ний өдөр бүртгэл үүсгэж нээлгэсэн. Ингээд 8 дугаар сарын 24-ний өдөр буюу худалдаж авснаас 5 өдрийн дараа ажиллахгүй байна гэдгийг мэдэгдсэн. Худалдаж авснаас хойш ердөө 5 хоногийн дараа ажиллахгүй болсон. Ингээд ажиллахгүй байгаа талаар 9 дүгээр сар, 10 дугаар сард удаа дараа мэдэгдэж ирсэн. Хариуцагч талаас өөрөө 14 хоногийн дотор 44 GB датаг ашигласан гэж тайлбарладаг. Мөн элэгдэл, хорогдлыг хасаж тооцож өгнө үү гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. 5,000,000 төгрөг нь ерөнхийдөө төхөөрөмж худалдаж авсан үнэ ба 251,000 төгрөг нь 1 сарын дата худалдаж авсан төлбөрийн дүн юм. Энэ талаар баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Иймээс хариуцагч талаас 5,251,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх худалдаж аваад ******* нь өөрийнхөө эхнэрийн нэр дээр бүртгэл үүсгүүлж байсан. Тухайн үед болж байна ахаа, баярлалаа гэж хэлээд аваад явсан. Ингээд үүнээс хойш энэ хүн өөрөө ашиглаж, хэрэглэсэн гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан доголдолтой эд зүйл нийлүүлсэн гэсэн үндэслэлээр Старлинк-2 төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөг, сарын суурь хураамжийн төлбөр 251,000 төгрөг, нийт 5,251,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажиллахгүй болчихлоо гэхэд нь хүлээж аваад тэжээлийн блок шатсан байсныг нь солиод буцаагаад явуулсан. Тэжээлийн блок нь цахилгаан тог хэлбэлзүүлэх, нэмэх хасах туйлыг сольж өгөх зэрэгт шатдаг. Гэтэл 10 дугаар сарын эхээр энэ чинь ажиллахгүй байна. Үүнийгээ буцааж аваарай, мөнгөө авъя гээд унаанд өгөөд явуулсан байсан. Би өгч явуулсан машиных нь жолоочийн хажууд, мөн ойрхон байсан дэлгүүрийн худалдагчийг гуйж тогонд залгаж шалгаж үзэхэд ажиллаж байсан. Ажиллаж байгааг нь хэлсэн боловч уурлаж намайг элдвээр загнаж, мөнгөө авна гээд байсан. Нэг ч удаа ажиллаагүй гэсэн нь худлаа. Старлинкийг идэвхжүүлснээс хойш нийт 14 хоног, 44 GB ашигласан байсан. Мөн Старлинк компанийн баталгаанд зөвхөн өөр төхөөрөмжөөр сольж өгнө, цахилгааны асуудлаас үүдсэн гэмтэл баталгаанд хамаарахгүй гэж заасан байгаа. Үйлчилгээ авсан 251,000 төгрөгийн төлбөр нь надад хамаагүй. Энэ төхөөрөмж нь одоо надад байгаа. Старлинк компанийн баталгаагаар бол цахилгааны улмаас тэжээлийн блок шатсан нь надад хамааралгүй. Тиймээс мөнгийг өгөх боломжгүй, төхөөрөмжийг нь өгнө гэж тайлбарлан маргажээ.
4. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр суурьтай Старлинк-2 төхөөрөмжийг 5,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, худалдагч ******* нь дээрх төхөөрөмжийг худалдан авагч *******ын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч ******* нь хэлэлцэн тохирсон 5,000,000 төгрөгийг төлсөн, маргаан бүхий суурьтай Старлинк-2 төхөөрөмжийг худалдан авснаас хойш хоёр сарын дотор гурван удаа буцаан доголдлыг засварлуулж байсан, уг төхөөрөмжийг хариуцагч *******ад буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах тухай хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан.
7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримттай холбоотой буюу худалдсан эд хөрөнгийн доголдлын улмаас талууд гэрээнээс татгалзах эрх, гэрээнээс татгалзсаны улмаас үүсэх үр дагаврын талаар зохицуулсан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаарх дүгнэлтийг хийж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
8. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй ба эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байгаа тохиолдолд худалдагч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлснээ нотлох үүрэгтэй.
Хэдийгээр хариуцагч ******* нь дээрх төхөөрөмжийг доголдлын улмаас 2 удаа засварлаж өгсөн болохыг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй бөгөөд тэрээр ... Старлинк компанийн баталгаанд зөвхөн өөр төхөөрөмжөөр сольж өгнө, цахилгааны асуудлаас үүдсэн гэмтэл баталгаанд хамаарахгүй. ... гэж тайлбарлаж байгаа боловч дээрх нөхцөл байдлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлтээ шүүхэд гаргаагүй, өөрөөр хэлбэл доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн болохоо шүүхэд нотолж чадаагүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс эд хөрөнгийн доголдлын улмаас татгалзаж, улмаар доголдолтой эд хөрөнгийг худалдагчид буцаан шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар хариуцагч *******аас эд хөрөнгийн үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
9. Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 309/ШШ2025/00134 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 243.2 гэснийг хасч, ... 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Ц.ЭРДЭНЭЗУУ