| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01007/И |
| Дугаар | 01132 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 01132
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Буман ундарга” ХХК-д /захирал Ч.Нацагдорж/ хариуцагдах 14,336,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагч Ч.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс хариуцагч “Буман ундарга” ХХК-д /Ч.Нацагдорж/ холбогдуулан татварын өр 14,336,870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Буман ундрага ХХК нь Татварын хэлтэст 4373464 тоот регистрийн онд бүртгэгдсэн үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн байдаг бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Буман ундрага” ХХК нь татвар ногдох зүйл албан татвраа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвраа төлөөгүй байна.Буман ундрага“ ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар \Маягт ТТ-03а\ 401,878,84 төгрөгийн татвар ногдуулан тайлан гаргасан боловч хуулийн хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 16.1” албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10- ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана”-д заасан байдаг.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татварын улиралын тайланг дараа улиралын эхний сарын 20- ны өдрийн дотор жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан байгаа. Татвар төлөгч нь хувь хүний орлогын албан татварын тайлангаар \ Маягт ТТ- 11\ 1,826,480 төгрөг ногдуулан тайлан гарган татварын хэлтэст ирүүлсэн байгаа боловч хуулийн хугацанндаа төлж барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч Буман ундрага “ ХХК нь хуульд заасан хугацаандаа холбогдох татвараа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 33,62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах процесс ажиллагааг гүйцэтгэсэн байгаа юм.
2014 оны Татварын улсын байцаагчийн 20\0010132 тоот актаар “Буман ундрага” ХХК-д холбогдуулан 12,108,511,4 төгрөгийн төлбөрийг хариуцуулж холбогдох актыг гардуулан өгсөн. Татвар төлөгч Буман ундрага “ХХК нь өр төлбөрөө хуульд заасан хугацаандаа төлж барагдуулах үүргээ хангалтгүй биелүүлж байна. Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйл 57.1.2- д хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногт багтаан төлөхөөр хуульд заасан байдаг.
Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй “Буман ундрага “ ХХК – ийн өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулах албан шаардлага хүргүүлэх банкин дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдох, биечлэн уулзаж өр барагдуулах шаардлага тавьж ажилласан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна.Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн “ Буман ундрага “ ХХК Захирал Ч.Нацагдоржоос 14,336,870 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Төлбөр барагдуулах хугацааны хувьд тохиролцох боломжтой гэжээ.
Хариуцагч “Буман ундарга” ХХК-ийн захирал Ч.Нацагдорж шүүхэд гаргасан тайлбартаа: “ Манай компани нь 2014 онд санхүүгийн шалтанлтанд орж НӨАТ-н болон ХАОАТ, үл хөдлөх хөрөнгийн татвар болон бусад төлөгдөөгүй татгварт нөхөн төлбөр тавигдаж түүнийгээ төлж чадаагүйн улмаас Татварын хэлтсэсээс шүүхэд төлүүлэх нэхэмжлэх гаргасан болно.Шалтгаан нь захирал миний бие 2014 оноос хүнд өвчнөөр өвдөж, бөөрний мэс засалд орж компанийн үйл ажиллагаа доголдон өдийг хүрсэн билээ.Тус төлбөрийн 4,095,600 төгрөгийн алданги, хүү торгуулиас чөлөөлж өгөхийг хүсэн тайлбар гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Татварын албанаас гаргасан актад, манай байгууллагын тооцоо таарч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа эвлэрэх боломжтой.Маргаан байхгүй.Төлөх хугацааны хувьд боломж олгохыг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс “Буман ундарга” ХХК-д /Ч.Нацагдорж/ холбогдуулан татварын өр 14,336,870 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, талуудын эрх ашигт нийцсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн 14,336,870 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Буман ундарга” ХХК хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдснийг дурьдаж хариуцагч “Буман ундарга” ХХК-иас 229,634 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ