| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2022/02918/И |
| Дугаар | 210/МА2025/00483 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00483
******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/04861 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *****, *****, *****, *****, *****, *****, *****, *****, *****, ****, *, *, , *, *, *, *, *, *, *, *, * нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *, *-д тус тус холбогдох,
*-ийн хувьцааны үнэлгээ хийсэн *-ийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын тайлан болон уг тайланг үндэслэсэн *-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэгж хувьцааны үнийг 1,000 төгрөгөөр эргүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болоод нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, түүний өмгөөлөгч *, хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, түүний өмгөөлөгч *, хариуцагч *-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, түүний өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нар нь *-ийн саналын эрхтэй энгийн хувьцаа эзэмшдэг бөгөөд эзэмшиж байсан нэгж хувьцааны үнэ 1,000 төгрөг байсан.
Гэтэл *-ийн хувьцааны үнэлгээний тайланг үндэслэж хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэгж хувьцааны үнийг 105 төгрөг болгож өөрчилсөн.
* нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан компанийн хувьцааны үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй, мөн *-ийн хөрөнгийн 80 хувийг нь үнэлээгүй, зөвхөн 20 хувийг нь үнэлж компанийн хувьцааны үнэлгээг 80 хувиар үнэгүйдүүлсэн. Иймээс *-ийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн үнэт цаасны үнэлгээний тайлан нь хүчин төгөлдөр бус.
Мөн энэхүү хүчин төгөлдөр бус тайланд үндэслэн *-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоол гарч, компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг бууруулж 105 төгрөг болгосноос хувьцаа эзэмшигч бидний эзэмшиж буй хөрөнгийн хэмжээ үндэслэлгүйгээр багассан.
Иймд *-ийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын тайлан болон уг тайланг үндэслэсэн *-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэгж хувьцааны үнийг 1,000 төгрөгөөр эргүүлэн тогтоож, хувьцаа эзэмшигч бидний хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *-ийн татгалзал, тайлбарын агуулга:
*-тай байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу бизнес үнэлгээ, хувьцааны үнэлгээ хийх ажлыг тухайн үед мөрдөгдөж байсан хууль журмын дагуу гүйцэтгэсэн. Тодруулбал, бид компанийн тухайн үеийн хөрөнгийн үнэлгээг хийгээгүй бөгөөд хөрөнгө оруулалт татахад шаардлагатай ирээдүйн мөнгөн урсгалын таамаглал дээр суурилсан бизнес үнэлгээний тайлан боловсруулсан.
Тухайн үед манай компани хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагүй, мэргэжлийн андеррайтер компанийн хувьд үнэлгээг албан ёсоор хийхгүй ч хувьцааны үнэлгээ, хөрөнгө оруулалттай холбоотой аливаа асуудлаар зөвлөгөө өгөх бүрэн боломжтой. Харин бидний гаргасан зөвлөмжийг хөрөнгө оруулалт татахдаа ашиглах, эс ашиглах нь тухайн компанийн шийдвэрлэх асуудал.
Иймд * нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаагүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны шийдвэртэй холбогдуулан 5 жил гаруй хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй эсрэг байр суурьтай байгаа тохиолдолд Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.7 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэн санал, хүсэлт ирүүлэх ёстой боловч ирүүлж байгаагүй.
Хувьцааны үнэ нь тогтсон нэг үнээрээ байдаггүй өсөх, буурах зэргээр байнга хэлбэлзэж байдаг. Энэ утгаараа иргэний оруулсан хөрөнгө буюу хувьцаа нь байнга өсөж байдаг гэдэг ойлголтыг агуулахгүй бөгөөд хувьцааны үнэ буурах зэрэг тодорхой эрсдэлийг хувьцаа эзэмшигч үүрч байдаг.
Түүнчлэн * нь хөрөнгийн үнэлгээ хийгээгүй ба хөрөнгө оруулалт татахад шаардлагатай ирээдүйн мөнгөн урсгалын таамаглал дээр суурилсан бизнес үнэлгээний тайлан боловсруулсан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *-ийн хувьцааны үнэлгээ хийсэн * /одоогийн */-ийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын тайлан болон уг тайланг үндэслэсэн *-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэгж хувьцааны үнийг 1000 төгрөгөөр эргүүлэн тогтоолгохыг хүссэн *****, *****, *****, *****, *****, *****, *****, *****, *****, ****, *, *, , *, *, *, *, *, *, *, *, * нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 421,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгч болоод нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Хариуцагч "****" ХХК нь эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлохдоо Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэсэн болох нь "****" ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолын 12 дахь хэсгээс тодорхой харагддаг.
"*" ХХК болон "****" ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гэрээг 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хувьцааны үнэлгээний тайланг мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан тайлан тул энэхүү тайлан нь хараат бус хөрөнгийн үнэлгээчний тайлан юм.
Гэвч *" ХХК нь эрх бүхий этгээдийн тусгай зөвшөөрөлгүй учир тухайн үнэлгээний тайлан нь хууль бус баримт юм. Иймд тухайн баримтыг үндэслэж нэгж хувьцааны үнийг бууруулах боломжгүй.
Иймээс "****" ХХК-ийн хувьд "*" ХХК-ийн үнэлгээний тайланг хэрэглэж нэгж хувьцааны үнийг бууруулсан явдал нь Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, энэ талаар хийсэн шүүгчийн дүгнэлт нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй.
5.2. * ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч * нь "****" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд маргаан бүхий 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар тогтоолын 2, 5, 6 дахь хэсэгт оролцсон сонирхлын зөрчилтэй этгээд юм.
Гэтэл энэ талаар "****" ХХК-ийн хувийн хэрэгт *ын сонирхлын зөрчлийн асуудлыг шийдвэрлэсэн, санал хураасан хурлын тэмдэглэл, холбогдох баримт байдаггүй. Түүнчлэн маргаан бүхий тогтоол гаргахдаа Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг огт үйлдээгүй.
Мөн маргаан бүхий тогтоолыг үйлдэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан "****" ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дүрмийн 9.3.3, 9.1.1, 9.3.5-д заасан заалтыг зөрчиж шийдвэр гаргасан.
Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай тогтоолын дагуу хурлын зарыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлэхдээ компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 105 төгрөг болгон бууруулах тухай мэдээллийг хурлын зард тусгалгүйгээр шууд хэлэлцүүлсэн нь Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйл 65.6.8-д заасныг зөрчсөн.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *-ийн гаргасан тайлбарын агуулга:
Компанийн хувьцааны үнэ өөрчлөгдсөнтэй холбоотой маргаан нь тус компанид хамааралгүй. Манай компанийн хувьд зөвхөн бизнесийн үнэлгээ гаргасан бөгөөд аливаа хөрөнгийн үнэлгээг хийгээгүй. Түүнчлэн бизнесийн үнэлгээний тайланг хүчингүй болгоно гэсэн ойлголт байхгүй.
*-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өөрийн эрх хэмжээний хүрээнд хувьцааны үнийг бууруулсан. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *-ийн гаргасан тайлбарын агуулга:
Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны шийдвэртэй холбоотойгоор одоо маргаж буй нь Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурал хувьцааны үнийг тогтоох эрхтэй тул дээрх шийдвэрийг гаргасан, энэхүү эчнээ хурал нь процессын зөрчилгүй явагдсан. * нь хөрөнгийн үнэлгээ хийгээгүй.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *****, *****, *****, *****, *****, *****, *****, *****, *****, ****, *, *, , *, *, *, *, *, *, *, *, * нар нь тусгай зөвшөөрөлгүй этгээдээр компанийн хөрөнгийн 80 хувийг үнэгүйдүүлсэн үнэлгээ хийлгэж хувьцааны нэрлэсэн үнийг бууруулсан, шийдвэр гаргах үйл явцад сонирхлын зөрчилтэй этгээд оролцсон үндэслэлээр хариуцагч *, *-д холбогдуулан *-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, нэгж хувьцааны үнийг 1000 төгрөгөөр эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч * гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, хувьцааны үнийг хувьцаа эзэмшигчдийн хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд өөрчилсөн гэж, хариуцагч * хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаагүй, гаргасан зөвлөмжийг ашиглах эсэх нь тухайн компанийн шийдвэрлэх асуудал гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Нэхэмжлэгч тал нь * /тухайн үед * нэртэй байсан/-ийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын тайланг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байх боловч энэ нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахаар байна.
Өөрөөр хэлбэл, *-ийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын тайланг үндэслэн *-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоол гаргасан нь хуульд нийцээгүй гэж нэхэмжлэгч тал үзэж тухайн тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
Ийнхүү нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах асуудлыг анхан шатны шүүх бие даасан шаардлагын хэмжээнд хянан шийдвэрлэсэн байх тул үүнийг залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулна.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
3.1. * нь анх 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хувьцаат компани /ХК/ хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлжээ /2хх 20/.
Хэдийгээр хувьцаат компанийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7, 3.8, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар бүртгүүлэх бүртгэл хийгдээгүй байгаа боловч зохих улсын бүртгэл хийгдсэн тул уг хариуцагчийг хувьцаат компани хэлбэрээр байгуулагдсан гэж дүгнэнэ.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор компанийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулсныг Улсын бүртгэлийн байгууллага 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэсэн байна.
Энэ бүртгэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0162 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ /11хх 107-116/.
Түүнчлэн ийнхүү компани өөрчлөн зохион байгуулагдсан асуудлаар зохигч шаардлага гараагүй тул энэ асуудал хэргийн маргааны зүйлд хамааралгүй.
3.2. **** ХК нь үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхэлдэг * /тухайн үед * гэх нэртэй байсан/-тай 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулжээ.
Гэрээний дагуу * нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр **** ХК-ийн нэгж хувьцааны үнэлгээг 105 төгрөгөөр тооцоолсон бизнес үнэлгээний ажлын тайланг гаргасан /1хх 21-30/.
3.3. **** ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт явуулах замаар хуралдуулахаар шийдвэрлэж, хуралдаанаар компанийн хэлбэрийг өөрчлөх, компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулах, * ХХК-ийн ажлын тайланд үндэслэн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 105 төгрөгөөр тогтоох, * ХХК-иас авсан зээл, түүний зарцуулалт, компанийн өрийг хувьцаагаар сольж, нэмж гаргах хувьцааны тоог тогтоох, нэмж гаргасан хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хэрэгжүүлэх эсэх асуудал хэлэлцэх болохыг мэдэгдэж, саналын хуудсыг хувьцаа эзэмшигч нарт 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүргүүлж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор компанийн байранд хүлээн авахаар тус тус тогтоожээ /8хх 184-208, 11хх 117-132/.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6.8-д заасныг зөрчиж компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 105 төгрөг болгон бууруулах асуудлыг хурлын зард тусгалгүйгээр шууд хэлэлцүүлсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
3.4. **** ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эчнээ хэлбэрээр явагдахад саналын эрх бүхий хувьцааны 68 хувийг эзэмшиж буй 7,157 хувьцаа эзэмшигч оролцож,
компанийн хэлбэрийг ХХК болгон өөрчлөн байгуулахыг 99.4 хувийн, компанийн энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 105 төгрөг болгож, компанийн дүрмийн санг 2,579,000,000 төгрөгөөр тогтоохыг 99 хувиар тус тус зөвшөөрсөн санал өгчээ. Үүнийг Тооллогын комиссын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ТС/17/12/01 дүгээр тогтоолоор баталгаажуулсан /2хх 188-191/.
Эчнээ санал хураалтын ирц, санал хураах явц, тооллоготой холбоотой аливаа маргаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсээгүй.
3.5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын эчнээ санал хураалтын дүнг үндэслэн **** ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын компанийн хэлбэрийг өөрчлөх, компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулах, компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 105 төгрөг болгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 01 дүгээр тогтоолоор баталгаажуулж гаргасан /1хх 13-14/.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байна.
4.1. Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах, дүрмийн санг өөрчлөх эрхийг эдэлнэ.
Энэ эрхийг хэрэгжүүлэх үүднээс **** ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эчнээ хэлбэрээр явагдаж, нийт саналын эрх бүхий хувьцааны 68 хувийг эзэмшиж буй 7,157 хувьцаа эзэмшигч санал ирүүлснийг Тооллогын комисс тоолж баталгаажуулсан нь Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.7, 73.8, 73.9 дэх хэсэгт нийцжээ.
Өөрөөр хэлбэл, **** ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд компанийн энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 1,000 төгрөгөөс 105 төгрөг болгож бууруулах шийдвэрийг гаргасан байна.
4.2. Ийнхүү компанийн энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 105 төгрөг болгох шийдвэр гаргахдаа хувьцаа эзэмшигчдийн хурал нь *-ийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын тайланг үндэслэл болгосныг буруутгахгүй.
Учир нь Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал нь тухайн бизнес үнэлгээний ажлын тайланд үндэслэж компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах, дүрмийн санг өөрчлөх эсэхээ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа дээрх бизнес үнэлгээний ажлын тайланг харгалзан үзсэн байна.
Иймд хөрөнгө оруулалт татахад шаардлагатай ирээдүйн мөнгөн урсгалын таамаглал дээр суурилсан бизнес үнэлгээний тайланг ашиглах эсэх хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхийн асуудал, * нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх явдал шийдвэрт нөлөөлөхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.3. * нь тухайн компанийн аж ахуйн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад үндэслэж бизнесийн үнэлгээний тайлан гаргасан ба аливаа хэлбэрээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг үнэлээгүй. Иймээс Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсэгт эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоохдоо хараат бус үнэлгээний байгууллагын дүгнэлтийг ашиглаж болно гэх зохицуулалтын хүрээнд шийдвэр гаргаагүй гэж хариуцагч *-ийг буруутгах үндэслэлгүй.
Мөн *-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн асуудал нь Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.8 дахь хэсэгт заасан хараат бус үнэлгээний байгууллага, аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах нөхцөлд хамаарахгүй.
4.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан *-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, нэгж хувьцааны үнийг 1000 төгрөгөөр эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Дараах үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.
5.1. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг эчнээ хэлбэрээр явуулсан тохиолдолд Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.11 дэх хэсэгт хурлын тооллогын комиссын тайланг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргаж эчнээ хурлын санал хураалтын үр дүнг баталгаажуулахаар заасан.
Энэ зохицуулалтын хүрээнд *-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоол гаргаж санал хураалтын үр дүнг баталгаажуулсан бөгөөд үүнд * ХХК-иас авсан зээл, түүний зарцуулалт, компанийн өрийг хувьцаагаар солих асуудал багтсан байна.
Гэхдээ Төлөөлөн удирдах зөвлөл Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд бус зөвхөн эчнээ санал хураалтын үр дүнг баталгаажуулсан тул хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолд гарын үсэг зурсан *-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, мөн * ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч *ыг Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.5 дахь хэсэгт заасан сонирхлын зөрчилтэй гэж дүгнэхгүй.
Мөн Төлөөлөн удирдах зөвлөл эчнээ санал хураалтын үр дүнг баталгаажуулсан тул энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл гарч, Хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга тэмдэглэлд гарын үсэг зурах ёстой байсан гэж дүгнэх үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/04861 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *, * нарт холбогдох *-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, нэгж хувьцааны үнийг 1,000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч *****, *****, *****, *****, *****, *****, *****, *****, *****, ****, *, *, , *, *, *, *, *, *, *, *, * нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ