| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2024/00380/И |
| Дугаар | 209/МА2025/00013 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 209/МА2025/00013
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 307/ШШ2025/00073 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилчдын цалин хөлс, кран ашиглуулсны төлбөр, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ нийт 52,220,882 төгрөг гаргуулах" тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч л, хариуцагчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч а, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
2023 оны 07 сарын 21-ний өдөр *******, “Амар Гаджетс” ХХК, “*******” ХХК-ийн удирдлагууд уулзаж, БНСУ-ын “*******”-ийн санхүүжилттэй “400 тн улаан буудайн үрийн агуулах“-ын барилга барих сонгон шалгаруулалтад орж, “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэгч "*******" ХХК-ийн нэр дээр гэрээ хийж барилгын ажил хийгдэхээр болсон.
Ажил гүйцэтгэгч болох "*******" ХХК нь Дархан-Уул аймаг, Хонгор суманд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр, захиалагч тал барилгын ажилд зориулсан гэрээний нийт үнийн дүн 150,000 ам.доллар буюу гэрээнд гарын үсэг зурж баталгаажсан тухайн өдрийн Монгол банкны ханшаар 517,809,372 төгрөг, нэмэлтээр үтрэмийн ажилд зориулсан 20,000 ам.долларын 9,012 ам.доллар буюу 31,580,000 төгрөг, нийт 549,389,372 төгрөгийн 50 хувь буюу 274,694,686 төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш ажлын 2 хоногт, барилгын ажлын гүйцэтгэлийн 80 хувь хийгдсэний дараа нийт төлбөрийн 30 хувь буюу 164,816,811 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийн 20 хувь буюу 109,877,874 төгрөгийг ажлыг бүрэн гүйцэтгэснээр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон.
Мөн нэмэлт ажил болох үтрэмийн бетон талбайн цутгалтын ажлын үлдэгдэл төлбөр болох 37,400,000 төгрөгийг ажил дууссаны дараа, агуулахын барилгын лаборатори, оффисын тохижилтын ажлын гүйцэтгэл 17,094,360 төгрөгийг нэмэлтээр олгохоор тохиролцож ажил хүлээлцэж авснаар захиалагч тал болох Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн зөвшөөрлийн дагуу хөрөнгө оруулагч тал болох “Копиа Монгол төв” нь “*******” ХХК-ийн дансанд шилжүүлсэн.
"*******" ХХК нь 2023 оны 04 сараас барилга угсралтын ажлыг эхэлсэн бөгөөд нийт 9 объектын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ манай "*******" ХХК-ийн техник тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг авч хамтран ажилласан ба “400 тн улаан буудайн үрийн агуулах”-ын үтрэмийн бетон талбайн цутгалтын ажлыг “*******” ХХК-иар хийлгэхээр 26/2023 төсвийн дагуу хийх тухай “*******” ХХК, захиалагч тал болох Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй гэрээлж тохиролцсоны дагуу хийсэн.
"*******" ХХК нь барилга угсралтын ажил хийж гүйцэтгэхэд манай компаниас нийт 232,834,262 төгрөгийн зардал гаргасан бөгөөд үүнээс тооцоо хийсэн ажлын гүйцэтгэлийн хөлс зэргийг нэмээд 180,613,380 төгрөг төлөгдөж, нийлүүлсэн барилгын бараа бүтээгдэхүүний үнэ, үтрэмийн зам талбайн ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл, 2023 оны 09 сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 сарын 20-ны хооронд барилга угсралт ажилд кран ашигласны төлбөр, бусад барилгын ажлын кранистын ажлын хөлс, барилгын ажилд “*******” ХХК-иас авч ажиллуулсан ажилчдын хөлс, лего блок тээврийн хөлс зэрэг нийт төлбөр тооцооны үлдэгдэл 52,220,882 төгрөг одоо болтол төлж барагдуулаагүй байна.
Иймд "*******" ХХК-иас ажилчдын цалин хөлс, кран ашиглуулсны төлбөр, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ нийт 52,220,882 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. / 1 х.х 1-2 /
2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:
...”*******” ХХК-иас блок нийлүүлэх талаар амаар ярилцаж тохирсон. Үүнд блок бетон 342 ширхэг, нэг бүрийн үнэ 165,000 төгрөг нийт 56,430 төгрөг, блок полистрол блок 31,825 ширхэг, нэг бүрийн үнэ 165,000 төгрөг, нийт 52,511,250 төгрөг, даацын ялуу 3 ширхэг, нэг бүрийн үнэ 99,000 төгрөг нийт 297,000 төгрөг, шалны цутгалтын тор 10 ширхэг нэг бүрийн үнэ 22,000 төгрөг, нийт 220,000 төгрөг, полистрол блок 4,2 м.куб нэгж бүрийн үнэ 275,000 төгрөг, нийт үнэ 1,145,000 төгрөг, нийт 110,603,250 төгрөг манай компани төлөхөөр тохиролцохдоо блок, барилгын материалд хүргэлт, угсралтын зардлыг оруулан тооцсон юм.
Манай компани “******* ХХК-нд 180,613,262 төгрөг шилжүүлж өгсөн гэж нэхэмжлэлд бичсэн байсан. Дээрх тохиролцоогоор манай компани нь 110,603,250 төгрөг өгөх ёстой. Үүн дээр нэмээд санхүүжүүлэгч талаас үтрэмийн гадна талбайн ажилд зориулж олгосон 37,400,000 төгрөг өгөх ёстой буюу нийт 148,003,250 төгрөг өгөх ёстой байтал 180,613,232 төгрөг өгсөн байх бөгөөд 32,609,982 төгрөг илүү төлсөн байна.
“*******” ХХК нь “*******” ХХК-тай өмнө хамтран Дархан-Уул аймагт лего блокоор баригдсан хувийн орон сууцнуудын барилгын ажил дээр “*******” ХХК-ийн нийлүүлсэн лего блокийг иргэдэд зарж иргэд манай “*******” ХХК-иар лего блокийн угсралтын ажлаа хийлгэдэг байсан. Харин энэ хэргийн маргааны 3-н тал гэрээний оролцогч биш “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд баригдсан 400 тн-ын улаан буудайн агуулахын лего блок нийлүүлсэн юм.
Ингэхдээ “*******” ХХК нь полистрол блок 318,125 ш / тал блок орсон тоо/, бетонон блок 342 ш тус тус нийлүүлсэн байдаг. Нийт үнэ 108,941,250 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. ... Нэгтгэл гэх тооцоон дээрээ авлага 232,834,282 төгрөг өглөг 180,613,380 төгрөг зөрүү нь 52,220,000 төгрөг үүнийг нэхэмжилж байна.
Энэ нэхэмжилж байгаа 52,220,000 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь агуулахын барилгад ажилласан краны хөлс 5,911,895 төгрөг гэжээ, мөн бусад барилгын ажлуудын кранистын ажлын хөлс 7,673,250 төгрөг гэснийг өмнө нь хамтран ажиллаж барилгын материал нийлүүлж байсантай хольж хутгаад оруулж ирсэн байна. Хүлээн зөвшөөрөхгүй.
Лего блок тээврийн хөлс 124 ш гэж 930,000 төгрөг, авсан бусад материал гээд 216,600 төгрөг, үтрэмийн зам талбайн ажлын гүйцэтгэл 59,871,090 төгрөг, Энх-Алтайд төлсөн тооцоо 38,991,094 төгрөг гэсэн нь ямар учиртай төлбөр тооцоо болох нь тодорхойгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 х.х-83, 240, 2 х.х-85-87/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас нийт 52,220,882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. ...хариуцагч талаас хоёр компанийн тохиролцсон ёсоор “*******” ХХК нийт 148,003,250 төгрөг өгөх ёстой байтал 180,6123,232 төгрөг өгсөн 32,609,982 төгрөг илүү төлсөн байна гэсэн тайлбар өгсөн энэ тухай ямар нэгэн санхүүгийн баримт нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд зөвхөн амаар тайлбарладаг.
б. Шүүхээс нэхэмжлэгчээс ирүүлсэн ...эдгээр гэрээний дагуу шаардлага гаргаагүй /2 х.х-54-69/ гэжээ. Уг гэрээ нь барилгын блокийн өрлөг, краны ажлын хөлсний жишиг үнийг харуулсан болохоос, энэ гэрээний дагуу өр төлбөр нэхэмжлээгүй бөгөөд үүнийг гэрээний дагуу шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
в. Шүүхийн зүгээс шийдвэрийн 5 хуудасны 2 мөрөнд мөн нэхэмжлэгч талаас ... төсвүүдийг ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар байна гэжээ. Тухайн төсвүүдийн эх хувийг шүүх хуралдаанаас өмнө 76 хуудас материал хавсаргасан. Энэ баримтыг нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзсэний үндсэн дээр зам талбайн ажлын гүйцэтгэлийн төлбөр тооцоог хэрэгсэхгүй болгосон нэг шалтгаан болгосон гэж ойлгож байгаа бөгөөд шаардлага хангаагүй гэж үзсэн үндэслэлээ бичээгүй байна.
г. Шийдвэрийн 5 хуудасны 3 мөрд нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч “*******” ХХК-ийн төлбөр тооцооны жагсаалтыг өөрөө гаргаж шүүхэд ирүүлсэн бөгөөд түүндээ нэхэмжлэх, зарлагын баримтуудыг хавсаргаж ирүүлжээ. Тус баримтуудыг шүүх хуралдаан дээр талуудаас тодруулахад хариуцагч тал өөрийн гарын үсэг зурж баталгаажуулсан баримтуудад бичигдсэн үнийн дүнгээр тухайн үеийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрдөг.
Мөн шийдвэрийн 5 хуудасны 4 мөрөнд “*******” ХХК нь дээрх баримтаар нийт 113,9250,558 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр өр үүсэн байна, шийдвэрийн 5 хуудасны 5 мөрөнд нэхэмжлэгч талаас ирүүлсэн *******ы ХААН банкны ******* дугаартай дансны хуулгаар нийт 36,748,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй хүлээн зөвшөөрч байна гэсэн нь хариуцагч талын 2024 оны 11 сарын 20 өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаягласан тайлбартай үнийн дүн, агуулга зөрж байгаа нь хариуцагч тал тус хэрэгт хайхрамжгүй худал мэдүүлэг өгч шүүх хуралдааны үнэн зөв шийдвэрт саад учруулж байгааг харуулж байна.
д. Шүүгч “*******” ХХК нь тус зам талбайн өргөтгөлийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж дуусгасан байдал, шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
...20,000 ам.долларыг “Копиа Монгол төв” шууд манай компанид шилжүүлэх ёсгүйг ойлгож байгаа бөгөөд хариуцагч тал тус санхүүжилтийг авсан дариуд манайд дамжуулсан бол 20,000 доллар авлагаас хасагдах байсан бөгөөд төлбөр тооцоог бүрэн шилжүүлж өгөөгүй учир нэхэмжилж байна.
е. ...нэхэмжлэгч нь нийт 232,834,262 төгрөгийн төлбөр тооцоо гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байх ба 232,834,262 төгрөгийн нийт зардлын бусад зөрүүг хэрхэн нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна.
Дээрх бүх зардал, дансаар шилжүүлсэн /зээлсэн/ мөнгөний нийт тооцоо 232,834,262 төгрөгөөс манай компани "400 тн улаан буудайн үрийн агуулах"-ын барилга баригдахаас өмнөх хамтын ажиллагааны хүрээнд үүссэн байсан нэхэмжлэгч талаас өгөх ёстой байсан 9 объектын барилга угсралтын ажлын 14,943,780 төгрөгийн өглөгийг ч төлөх ёстой авлагаас хасаж тооцсон бөгөөд нийт манай компанид шууд болон шууд бусаар төлсөн 180,613,380 төгрөгийн авлагыг нийт зарцуулсан мөнгөнөөс хасаж, тооцохоос өөр боломжгүй байсан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагааны явцад хариуцагч тал нь нэхэмжилж байгаа нийт өглөг авлагын зөрүү 52,220,000 төгрөгийн зардлыг төлөхөөс татгалзаж байгаа ч үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ. /2 х.х 107-112/
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан 52,220,882 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / 1 х.х-1-2, 83, 240, 2х.х-85-87/
Хэргээс үзэхэд:
8. Хариуцагч “*******” ХХК нь 2023 оны №23/011 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г захиалагч тал болох Ургамал газар тариалангийн хүрээлэн, санхүүжүүлэгч тал болох Бүгд найрамдах Солонгос улсад төвтэй “” ТББ-тай байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 багийн нутаг дэвсгэрт баригдах 19х30м хэмжээтэй, 400 тн багтаамжтай улаан буудайн үрийн агуулахын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр, гэрээний нийт үнийн дүн 549,389,372 төгрөг байхаар тохирсон байна. /1 х.х-ийн 84-87/
Харин нэхэмжлэгч “******* ХХК” нь 2023 оны 09 сарын 20-ны өдөр 09/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г захиалагч тал болох Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй байгуулж, Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Үрийн аж ахуйн бригадын үтрэмийн 780 м.кв талбайн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх, гэрээний үнийн дүн 31,664,921 төгрөг байхаар тохирсон боловч уг ажил нь 71,338,678 төгрөгийн төсөвт өртөгтэй байжээ. /1 х.х-122-128, 2 х.х-ийн 79-80/
9. Нэхэмжлэгч, хариуцагч хуулийн этгээдүүд нь барилга угсралтын ажлуудыг хамтран хийж ирсэн бөгөөд “*******” ХХК-ийн үрийн агуулах барих ажилд нэхэмжлэгч “*******” ХХК нь тоног төхөөрөмж, ажиллах хүчээр хангах, блок нийлүүлэхээр амаар тохирсон гэж тайлбарлаж, ажил гүйцэтгэх явцад үтрэмийн 780 м.кв талбайн өргөтгөлийг хийх ажил шинээр гарч, уг ажлыг “*******” ХХК нь хийж гүйцэтгэх боломжгүй байсан учир хариуцагчийн төлөөлөгчийн аман зөвшөөрлийн үндсэн дээр нэхэмжлэгч “*******” ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэхээр болж, “*******” ХХК нь Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй 2023 оны 09 сарын 20-ны өдөр 09/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг ажлыг гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй. / 1 х.х-83/
10. Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч “*******” ХХК-аас авах авлагын тооцоогоо жагсаалтаар гаргаж ирүүлсэн ба хариуцагч “*******” ХХК нь бараа материалын үнэ, зээлийн болон бусад төлбөрт 110,603,250 төгрөг, үтрэмийн гадна талбайн ажилд зориулж олгосон 37,400,000 төгрөг, нийт 148,003,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нийт 148,003,250 төгрөг төлөх ёстой байсан атал 180,613,232 төгрөг төлж, 32,609,982 төгрөг илүү төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /1 х.х-ийн 43-66, 83, 240, 2 х.х-85-87/
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 09 сарын 20-ны өдрийн №09/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу үрийн агуулахын гадна талбайн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн, уг ажлын төсөвт өртөг нь 20,000 ам.доллар байсан, санхүүжүүлэгч “Копиа Монгол төв” ТББ нь үндсэн гэрээ байгуулсан байгууллагатай харьцана гэсэн тул манай компани зөвшөөрсний үндсэн дээр 20,000 ам.долларыг “*******” ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарласан.
Харин хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 багийн нутаг дэвсгэрт баригдах 19х30 м хэмжээтэй, 400 тн багтаамжтай улаан буудайн үрийн агуулахын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр, гэрээний нийт үнийн дүн 549,389,372 төгрөг буюу 159,000 ам.доллар байхаар тохирсон, үтрэмийн гадна талбайн өргөтгөлийн ажлын үнийн дүн 11,000 ам.доллар буюу 37,400,000 төгрөг байсан, 9000 ам.доллар компанийн дансанд орж ирээгүй гэдгийг ******* сайн мэдэж байгаа гэж мэтгэлцэж байна. /1 х.х-ийн 84-87, 151-152,155, 157, 161/
Гэтэл төслийн санхүүжүүлэгч тал болох “Копиа Монгол төв” ТББ нь төслийн гүйцэтгэлд зориулж 400 тн багтаамжтай үр тарианы агуулах барихад 150,000 ам.доллар, үтрэмийн талбайг өргөтгөхөд 20,000 ам.доллар, нийт 170,000 ам.долларын санхүүжилт олгосон талаар захиалагч тал болох Ургамал газар тариалангийн хүрээлэнд мэдээлэл хүргүүлж байсан болох нь шинжээчийн дүгнэлтийн хавсралт №21-д авагдсан тодорхойлолтоор нотлогдож байгаа бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс уг баримтыг няцааж чадаагүй. /1 х.х-129/
11. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний явцад үтрэмийн талбайн өргөтгөлийг хийх ажил шинээр гарч, уг ажлыг хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-аар гүйцэтгүүлэхээр аман тохиролцоогоор тохиролцож, “*******” ХХК нь Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй 2023 оны 09 сарын 20-ны өдөр 09/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг ажлыг гүйцэтгэсэн бөгөөд талуудын хооронд 31,664,921 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан.
Үтрэмийн талбайн өргөтгөлийг хийх ажлын гэрээний үнийн дүн 31,664,921 төгрөг, төсөвт өртөг 71,338,678 төгрөг байгаагийн шалтгааныг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс “захиалагч маань төсвийн газар учир гэрээний үнийн дүнг багаар бичиж, гэрээ байгуулсан” гэж тайлбарласныг хариуцагчийн төлөөлөгч няцааж чадаагүй. /1 х.х-122-128, 2 х.х-ийн 79-80/
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтэд
...Дархан-Уул аймгийн Хонгор сумын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн 936 мкв талбайн ... зэрэг ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан зардал, ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 71,291,451 төгрөг байна,
...БНСУ-д төвтэй Копиа Монгол төвөөс үтрэмийн талбайг өргөтгөх ажилд 20,000 ам долларыг илгээсэн тухайгаа Ургамал газар тариалангийн хүрээлэнд 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай албан бичгийг ирүүлснийг хавсаргалаа,
...БНСУ-д төвтэй “Копиа Монгол төв”-өөс санхүүжилт ирэхээс өмнө Ургамал газар тариалангийн хүрээлэн, “*******” ХХК-ийн хооронд үтрэмийн 780 мкв талбайн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж 2 удаагийн гүйлгээгээр нийт 31,664,921 төгрөгийн санхүүжилт авсан болохыг дурджээ. /1 х.х-105-108/
13. Шинжээчийн дүгнэлтэд дурдаж, хавсаргаж ирүүлсэн БНСУ-д төвтэй “Копиа Монгол төв”-ийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн албан бичигт үтрэмийн талбайг өргөтгөхөд 20,000 ам.долларын санхүүжилт илгээсэн нь үнэн болно гэж тодорхойлсон боловч энэхүү 20,000 доллар бүхэлдээ хариуцагч “*******” ХХК-ийн дансанд шилжин орсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар нотлогдохгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
Учир нь төслийн санхүүжүүлэгч тал болох “Копиа Монгол төв”-өөс хариуцагч “*******” ХХК-н дансанд 2023 оны 09 сарын 08-ны өдөр 274,694,686 төгрөг, 2023 оны 10 сарын 16-ны өдөр 164,816,811 төгрөг, 2023 оны 11 сарын 08-ны өдөр 17,094,360 төгрөг, 2023 оны 11 сарын 13-ны өдөр 37,400,000 төгрөг, 2023 оны 12 сарын 22-ны өдөр 106,354,674 төгрөг, нийт 600,360,531 төгрөгийн санхүүжилт шилжүүлсэн байна. / 1 х.х-151-152, 155, 157, 161/
Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 11 сарын 08-ны өдөр олгосон 17,094,360 төгрөгийн санхүүжилт нь оффисын тавилгын санхүүжилт байсан гэж тайлбарлаж байгаатай нэхэмжлэгчийн төлөөлөгч маргаагүй бөгөөд үлдэх 583,266,171 төгрөг нь үр тарианы үрийн агуулах барих, үтрэмийн талбайг өргөтгөхөд олгосон санхүүжилт байх бөгөөд энэ нь 170,000 ам.доллартай тэнцэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй үтрэмийн талбайн өргөтгөлийн төсөвт өртөг болох 20,000 ам.доллар нь хариуцагч “*******” ХХК-ийн дансанд орж ирсэн байх тул үтрэмийн талбайн өргөтгөлийн санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч “*******” ХХК нь шаардах эрхтэй.
13. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
Талуудын хооронд блок худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэхэд зориулж шаардлагатай зардлыг буцаан төлөх нөхцөлөөр нэхэмжлэгчээс авч байсан зээлийн гэрээний харилцаа тус тус үүссэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиалагч Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй гэрээ байгуулж, үтрэмийн талбайн өргөтгөлийн ажлыг өөрийн материалаар гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
14. Хариуцагч “*******” ХХК нь үтрэмийн талбайн өргөтгөлийн төсөвт өртөг нь 11,000 ам.доллар байсан гэж мэтгэлцэж байгаа боловч төслийн санхүүжүүлэгч тал болох “Копиа Монгол төв” ТББын “...үтрэмийн талбайг өргөтгөхөд 20,000 ам.доллар ... олгосон” гэх тодорхойлолтыг няцааж чадаагүй тул үтрэмийн талбайн санхүүжилтийн үлдэгдэл төлбөр болох 37,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.
Харин барилга угсралтын ажилд кран ашиглахаар тохирч байсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй, “*******” ХХК-с авч ажиллуулсан ажилчдын хөлс нь хэдэн төгрөг болох талаар тодорхой баримт ирүүлээгүй байна.
Иймд хариуцагч “*******” ХХК-иас 37,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,820,882 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 307/ШШ2025/00073 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын
“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас нийт 52,220,882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” Гэснийг
“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 37,400,000 /гучин долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, 14,820,882 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын
“...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.” Гэснийг
“...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 344,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,055 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Я.ТУУЛ