Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1680

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/00306 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЧДХХ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 тоот тушаалаар тус хэлтэст нягтлан бодогч ажилтай намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Уг тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 21, 23, 24, 57 дугаар зүйлүүд болон байгууллагын дотоод журмын 2 дугаар бүлгийн 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохирсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан.

Гэтэл Л.Б дарга буюу ажил олгогч нь гэрээг дуусгавар болгох талаар огт ярилцалгүйгээр ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно” гэжээ.

Төрийн албанд сул зогсолт гэж байхгүй. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчимтай. Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ, түүний хугацаа, хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн заалтууд байна.

Харин Байгууллагын дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.6-д “Хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, орон тоо хэмнэх, ажилтны ур чадварыг оновчтой ашиглах, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс зарим ажилтны гүйцэтгэх үүргийг хавсруулах, түр орлон гүйцэтгүүлэх, түр гэрээгээр ажиллуулах зэргээр зохицуулж болно” гэжээ. Би мэргэшсэн нягтлан бодогч бөгөөд Хөдөлмөрийн хэлтэст тасралтгүй 10 жил нягтлан бодогчоор ажилласан.

Иймд мэргэжлийн нягтлан бодогч нь санхүү бүртгэлийн үүрэгт ажлаа хийх нь хөдөлмөрийн оновчтой зохион байгуулалт гэж үзэж байна.

Хөдөлмөрийн сайдын баталсан бүтэц, орон тооны хүрээнд ажиллаж байгаагаас гадна миний оронд Ч.А-г томилж буй нь нягтлан бодогчийн орон тоог хэмнэсэн гэж үзэхээргүй байна.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. 2015 оны 10 дугаар сард манай хэлтсийн дарга солигдож, Л.Б томилогдсон. Тэрээр эхлээд нягтлан бодогчийг хална гэдэг байсан. Ингээд намайг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон. Уг тушаалыг гаргахдаа надтай ярьж тохироогүй, би зөрчил гаргаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш дарга Л.Б нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Тушаал хүчингүй болгох тухай Б/116 тоот тушаалыг Ажлаас чөлөөлөх тухай гэж өөрчилж, ийнхүү ажил олгогч нь өөрт олгогдсон эрх мэдэл, тамга тэмдгээ ашиглан өөрчилсөн. Би 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/116 тоот тушаалыг даргын туслах Г.Б-с тухайн өдөр хүлээн авсан. Тус хэлтсийн ня-бо-оор /гаднаас/ Ч.А гэгч хүнийг намайг ажлаас халсан өдрөөс эхлэн авч ажиллуулсан. Миний бие Б/109 болон Б/116 дугаар тушаалын хувийг нэг өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан бөгөөд ажлаас халагдсаны тэтгэмж аваагүй. Харин ажлын 76 өдрийн буюу 3 сарын ажилгүйдлийн тэтгэмжид 2 500 000 төгрөг авсан.

Иймд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/109 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг /ерөнхий/ нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэлх хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

Хороо хариуцсан мэргэжилтэн нь төрийн захиргааны албан хаагч мөн боловч тушаалд ТҮ-гээр цалинжуулахаар шийдвэрлэсэн байгаа.

Би Хөдөлмөрийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын шалгалтын дүгнэлтийг эс зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн яаманд гомдол гаргасан. Гэтэл энэ үед Үндэсний Аудитын газраас ээлжит шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтын дүнг би хүлээн зөвшөөрсөн. Миний нэг сарын цалин хөлс 970 000 төгрөг мөн гэжээ.

 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх тус хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 тоот тушаалаар нягтлан бодогч ажилтай Б.А г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг үндэслэн Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн нь Хөдөлмөрийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын шалгалтаар тогтоогдсон тул уг ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэл болгож, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Б.А нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, нягтлан бодогчийн ажлаа хүлээлгэн өгөхдөө маргаагүй атлаа буцааж нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардаж буй нь үндэслэлгүй юм. Хэлтсийн удирдлагаас түүний хувийн байдал болон өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнийг Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр томилсон ба тэрээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төрийн захиргааны албан хаагчийн ажил албан тушаалыг хашсан.

Б.А нь хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажил буюу төрийн захиргааны албан хаагчийн ажил албан тушаалыг хашиж байгаад Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3, 23.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд төрийн албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй тул түүнийг төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний Б/116 тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргах эрхтэй.

Иймд түүнийг ажлаас чөлөөлсөн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/116 тоот тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан хэргийн харьяалал зөрчигдсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Монгол Улсын төсвийн тухай хуулийг зөрчсөн болох нь Хөдөлмөрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 28-ны өдөр хийсэн шалгалтаар тогтоогдсон. Уг ажлын хэсгийн дүгнэлт нь манайд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирсэн.

Тус дүгнэлтийг дарга Л.Б нь Б.А д танилцуулахад тэрээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, ажлаа өгье гээд хорооны мэргэжилтнээр ажиллуулж өгөхийг амаар хүсэлт гаргасан учраас хэлтсийн удирдлагаас түүний хувийн байдал болон өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б/109 дүгээр тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон юм.

Үүний дагуу Б.А нь уг ажлаа хүлээн авч, хорооны мэргэжилтнээр 20 хоног ажиллаад 239 394 төгрөгийн цалин хөлс авсан. Тус хэлтсийн даргын Б/109 тоот тушаал нь Б.А-ийн зөрчлийн үндсэн дээр гарсан юм.

Нэхэмжлэгч нь тодорхой төлөвлөгөөний дагуу явагдсан Хөдөлмөрийн яамны шалгалтыг хүлээн зөвшөөрдөггүй, харин Үндэсний Аудитын газрын шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг юм.

Б.А нь Төрийн захиргааны албанд 3 жил хүртэлх хугацаанд ажиллаагүй, мөн төрийн захиргааны албан хаагчийн сонгон шалгаруулалтад оролцоогүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, ийнхүү төрийн албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй байсан тул 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Л.Б дарга дахин тушаал гарган, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3, 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсгийг үндэслэн түүнийг төрийн захиргааны албан тушаалаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 тоот тушаалаар мөн сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь бүрэн чөлөөлсөн.

Харин энэ Б/116 дугаар тушаалын тухай маргаж байгаа бол нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой юм.

Уг тушаал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан захиргааны акт учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт зааснаар хэргийн харъяалал зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.3 заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А-г тус хэлтэст /ерөнхий/ нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ЧДХХ-ээс 3 557 785 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс 2016 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэлх 3 сарын олговор болох 3 049 533 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч буюу хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс 71 875 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэл болон Төсвийн тухай Монгол улсын хуулийг зөрчсөн болох нь Хөдөлмөрийн яамны хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон.

Улмаар дээрх хуулиудыг зөрчсөн болохоо Б.А хүлээн зөвшөөрч ажлаа сайн дураараа хүлээлгэн өгье, хорооны мэргэжилтнээр ажиллуулж өгөхийг хүссэн учир түүний хүсэлтийг ажил олгогч хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б/109 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан ба ажилласан хугацааны цалинд 239 394 төгрөгийг авсан.

Улмаар төрийн захиргааны албан хаагчаар ажиллах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй болсон үндэслэлээр буюу төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэж Б.А г төрийн захиргааны албан хаагчаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 тоот хэлтсийн даргын тушаал гаргасан.

Иргэний хэрэг шүүхэдл хянаи птйшюрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан хэргийн харьяалал зөрчигдсөөр байтал хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/02952 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж маргасан байна.

 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралт Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 3.2.2, 4.9, Засгийн газрын 2007 оны Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 354 дүгээр тогтоол, мөн Засгийн газрын 2014 оны Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, Байгууллагын дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.А г тус хэлтсийн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус дүүргийн 11, 12 дугаар хорооны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр түр хугацаагаар томилж, түүний албан тушаалын үндсэн цалинг ТҮ-8-5 дугаар шатлал /633 222 төгрөг/-аар тогтоож, бусад нэмэгдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгохоор шийдвэрлэжээ. /хэргийн 4 дүгээр тал/

 

Мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоол “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 1 дүгээр хавсралтын 8.6, хэлтсийн Дотоод журмын 5 дугаар бүлгийн 5.2-ыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.А г Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хорооны Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна. /хэргийн 5 дугаар тал/

 

Дээрх Б/116 дугаар тушаалаар өмнөх Б/109 тоот тушаалыг хүчингүй болгосон байгаа боловч уг тушаалууд нь нэхэмжлэгч Б.А г үүрэгт ажлаас чөлөөлсөн нэг утга агуулгатай байна.

 

Нэхэмжлэгч нь нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 тоот буюу эхний тушаалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 тоот тушаалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг тушаал үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа өөрийнх нь хүсэлтийн дагуу харилцан тохиролцож нягтлан бодогчийн үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлсөн гэх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч ажил үүргээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэх ярианы бичлэгийг хариуцагч шүүхэд ирүүлсэн нь хэн, хэзээ, хэрхэн бэхжүүлж авсан нь тодорхойгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт болохгүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Монгол Улсын төсвийн тухай хуулийг зөрчсөн болох нь Хөдөлмөрийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 28-ны өдөр хийсэн шалгалтаар тогтоогдсон гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч уг шалгалтын тайланд түүнийг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн талаар заагаагүй бөгөөд тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны тайланд хийсэн Үндэсний аудитын газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/295 тоот дүгнэлтээр дээрх аудитын тайлангаар илэрсэн зөрчил үгүйсгэгджээ.

 

Мөн нэхэмжлэгчийг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болно.

 

Тус байгууллагын нягтлан бодогчийн үүрэгт ажил нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбараар төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ харъяалал зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А г нягтлан бодогчийн үүрэгт ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/00306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                       С.ЭНХТӨР