Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ/2024/0108

 

Б.П-гийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Засаг дарга,

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга,

хот байгуулалтын газарт тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, шүүгч:   Г.Банзрагч

      Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

      Шүүгчид:                 М.Батсуурь

                                      Х.Батсүрэн

      Илтгэгч шүүгч:        Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 114/ШШ2024/0010 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2024/0476 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0359 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С /цахимаар/, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А /цахимаар/, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н /цахимаар/, Г.Ч /цахимаар/ нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нэгж талбарын 080100477 дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, хар усны тохой нутаг дэвсгэрт байрлах 98 469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай хэсэг 8,568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/192, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8,568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.П-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг даалгах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга 2003 оны 118 дугаар захирамжаар “Д э” ХХК-д 88,000 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрийн байр, хашааны газрын зориулалтаар эзэмшүүлж, Дархан-Уул аймгийн Засаг дарга 2010 оны 311 дүгээр захирамжаар “Р” ХХК-д, улмаар “Р” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2013 оны 135 дугаар захирамжаар “Ч б” ХХК-д, 2015 оны А/192 дугаар захирамжаар “Ч б” ХХК-аас “Р” ХХК-д тус тус шилжүүлсэн, “Р” ХХК-ийн оноосон нэр “Д м к” ХХК болон өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2018 оны А/276 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

3.Нэхэмжлэгчээс “... Дархан-Уул аймгийн Засаг дарга 2010 онд “Д э” ХХК-аас “Р” ХХК-д шилжүүлэхдээ газрын хэмжээг нэмэгдүүлээгүй атлаа гэрээ, гэрчилгээгээр 88,000 м.кв газрын хэмжээг 98,470 м.кв болгон нэмэгдүүлсэн нь миний эзэмших газартай давхцалтай, хууль бус” гэж, хариуцагчаас “... хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга ямар нэгэн захирамж гаргаагүй, нэхэмжлэгч өнөөдрийг хүртэлх хугацаанд газраа эзэмшиж байсан тодорхойгүй байгаа тул захиргааны актуудад дурдсан нэхэмжлэгчийн гэх газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчид газрын гэрчилгээнээс өөр баримт байхгүй, 1999 оноос 2006 онд газрын төлбөр төлсөн гэх боловч энэ талаарх баримт байхгүй, газрыг Ч.П-оос шилжүүлэн авсан гэх боловч энэ талаарх баримт газрын архив, мэдээллийн санд байхгүй, илт хууль бус захиргааны акт биш, захирамжууд хуулийн дагуу гарсан” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж, газар эзэмших эрийн гэрээ байхгүй, гэрээ байгуулж, дүгнүүлж байгаагүй, нэхэмжлэгч нь бодит байдал дээр газраа ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй” үндэслэлээр Газрын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... “газар эзэмших эрх нэхэмжлэгчид Газрын тухай хуулиар тогтоосон нөхцөл, журмын дагуу үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “газар эзэмших эрх зөрчигдсөн” гэж үзэхгүй, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг анх шилжүүлсэн талаар Засаг даргын захирамж гараагүй, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргаагүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, өмгөөлөгч Б.С нар гомдолдоо:

6.1.“Д м э” ХХК-ийн ТУЗ-ын тогтоол болон бусад баримтуудаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн гэдэг нь нотлогдоно.

6.2.Дархан сумын Засаг дарга захирамж гаргахаасаа өмнө “Д м э” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байсан, тус компани нь 1997-2009 оны хугацаанд газрын төлбөрөө төлж байгаагүй, кадастрын зураглал хийлгэж байгаагүй.

6.3.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг “Р” ХХК руу шилжүүлж, газрын 88000 хэмжээг 98469 м.кв болгон нэмэгдүүлж, нэгж талбарын дугаар олгосон нь хөдөлбөргүйгээр тогтоогдсон буюу “илт хууль бус захиргааны акт” гарсан байдаг.

6.4.“Захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байгаа захиргааны акт хууль бус байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна.

6.5.Анхан шатны шүүхийн 2018 оны 234, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 445 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 413 дугаар тогтоолоор “газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж гараагүй байхад газрын алба нэгж талбарын дугаар үүсгэж, газрын мэдээллийн санд бүртгэх замаар бусдад газар олгосныг “илт хууль бус захиргааны акт” гэсэн байдаг.

6.6.Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэдэг үндэслэлээр “илт хууль бус захиргааны акт”-ын дагуу гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхийг зөвшөөрч байгаа нь Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд дээдлэх”, “хуульд үндэслэх”, Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан зарчмуудыг алдагдуулсан, илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх, түүний эсрэг нэхэмжлэл гаргасан ч, гаргаагүй ч хүчингүй байх захиргааны эрх зүйн онол, зарчимтай нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

6.7.Шүүхүүд хариуцагчийн хууль зөрчсөн (түүний дотор илт хууль бус, ноцтойгоор хуулийг зөрчсөн) үйлдлийг “зөвтгөснөөр” (“буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэснээр) захиргааны хууль бус үйл ажиллагааг улам бүр дэврээх үндэслэл болж байгааг анхаарсангүй.

6.8.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0359 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагч нараас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

10.Нэхэмжлэгч Б.П-ээс “Нэгж талбарын 080100477 дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Хар усны тохойд байрлах 98,469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8,568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/192, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8,568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.П-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг даалгах тухай“ нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “газрын хэмжээг гэрээ, гэрчилгээгээр миний эзэмшлийн газартай давхцуулан нэмэгдүүлсэн нь хууль бус” гэж тодорхойлжээ.

11.Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаар захирамжийн холбогдох хэсгээр “Д М-Э” ХХК-д Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Үйлдвэрлэлийн байр, хашааны газар”-ын зориулалтаар 88000 м.кв газрыг эзэмшүүлсэн, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр захирамжаар тухайн газар эзэмших эрхийг “Р” ХХК руу шилжүүлсэн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

12.Үүний дараа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 135 дугаар захирамжаар “Р” ХХК-аас Ч х банканд газар эзэмших эрхийг шилжүүлж, газрын хэмжээг 98469 м.кв болгон нэмэгдүүлжээ.

13.Газрын тухай /1994 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ“, 31 дүгээр зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2,З,4,5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана”, 32 дугаар зүйлийн 1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж,

Газрын тухай /2002/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж тус тус заасан.

14.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл Монгол Улсын иргэнд эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрийг үндэслэн тодорхой хугацаа, болзолтойгоор олгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор газар эзэмших эрх үүснэ.

15.Хэдийгээр нэхэмжлэгч “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 0174684 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газрын хэмжээг нэмэгдүүлсэн нь нотлогдоно” гэх боловч энэ нь өөрийнх нь гаргаж өгсөн баримтууд, тухайлбал, 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 08090053 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдах авах гэрээ” зэрэг баримтуудаар хангалттай нотлогдоогүй байна.

16.Хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн болон шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох үүргийн хүрээнд цуглуулсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн худалдан авсан барилгын доорх газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын төлбөрийг төлсөн зэрэг нь тогтоогдоогүйгээс үзвэл нэхэмжлэгчид хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмших эрх үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй.

17.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 8568 ам дөрвөлжин метр газрыг 20 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 08090053 дугаар гэрчилгээг Б.П-д олгосон бол “Д-Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор, 40 мянган төгрөгийн өртөг бүхий модон барилгыг Ч.П-д буцаан олгож, компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассан, үүний дараа Ч.П Б.П-д Дархан сумын 3 дугаар баг, М к-ын дэргэд байгаа байрыг худалдахаар 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

18.Тодруулбал, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон хугацаанаас хойш “Д-Э” ХК-аас Ч.П-д барилгыг шилжүүлсэн, мөн Ч.П Б.П нар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

19.Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан буюу 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон байна.

20.Иймд маргаан бүхий газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй тохиолдолд түүнтэй холбоотой захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нөхцөл байдал үүсэхгүй бөгөөд шүүхүүдийн энэ талаарх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

21.Үүнээс гадна хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эмнэлгийн байгууллагад өгсөн шинжилгээ, оношилгоо, эмчийн тодорхойлолт, үзлэг, тэмдэглэл зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч өвчний улмаас “газрын кадастрын зураг хийлгэх, мэдээллийн санд бүртгүүлэх, газрын төлбөр төлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах” зэрэг газрын хууль тогтоомжид заасан газар эзэмшигчийн үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал нь газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэх үндэслэл болохгүй.

22.Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байх учиртай.

23.Аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд уг шийдвэр гарсан тохиолдолд аймгийн газрын алба мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.3.3.газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх;” гэж заасны дагуу газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, газрын мэдээллийн санг эрхэлдэг.

24.Хуульд заасан дээрх бүрэн эрхийн хүрээнд гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн аймгийн газрын алба 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 0174684 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг бичиж, нэгж талбарын 080100477 дугаараар газрын мэдээллийн санд бүртгэж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

25.Тодруулбал, хариуцагч нарын газар эзэмших эрхийг шилжүүлсэн болон энэ талаарх мэдээллийг мэдээллийн санд бүртгэсэн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй, бүрэн эрхийнхээ хүрээнд байх тул нэхэмжлэгчийн “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

26.Эдгээр нөхцөл байдлыг харгалзан шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 114/ШШ2024/0010 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2024/0476 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ

                                                                                                 Х.БАТСҮРЭН

                                                                                                 Д.БАТБААТАР