Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 17

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Ө.Баясалсайхан 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Ө.Баясалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт хийгдээгүй, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдхүү, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, гуравдагч этгээд Ө.Баясалсайхан, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Энхтуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Батсүрэн овогтой Энхтуяа миний бие 2010 оноос эхлэн улсад тасралтгүй 7 жил, 2013 оноос аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлогын мэргэжилтнээр   ажиллаж байна.  Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна.   

Учир нь Ч.Энхцэцэг нь Тамгын газрын даргаар томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10,  33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтуудыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын  21-ний өдрийн 225 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. 

Мөн түүнчлэн дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд миний хариуцан ажиллаж байсан Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай” 52 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсэгт “Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харьцах бодлого хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоо батлагдсан бөгөөд нэхэмжлэгч нь аймгийн ЗДТГ-ын даргын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар тус орон тоон дээр томилогдсон. Ингээд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Засаг даргын А/368 дугаар захирамжаар Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Уг захирамжийн хавсралтын 6 дахь хэсэгт “Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах мэргэжилтэн” гэсэн орон тоо батлагдан үргэлжлүүлэн ажиллаж байсан. Мөн үүн дээр дотоод ажлын чиг үүргийг гүйцэтгэж байсан. Энэ нь хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээний б.Тусгай ажил үйлчилгээ, нэгжийн ажил үйлчилгээ 1.1.1 дэх хэсгээр нотлогддог. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны ХЭГ/1433 дугаар “Тогтоол хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгөх тухай” албан бичгийн 1 дэх хэсэгт Төрийн захиргаа удирдлагын хэлтэст “иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх... “ чиг үүргийг хэвээр үлдээсэн байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017.02.09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлт хийгдэхэд “Хүний нөөцийн бодлого, дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоо батлагдсан. Үүний дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/14 дүгээр тушаалаар “Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” болгож өөрчилсөн. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар захиргааны санаачлагаар ажилтанг ажлаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай. Тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “ Төрийн жинхэнэ албан хаагч ... эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан байдаг. Мөн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна, 27.2.1-д  энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх зэрэг баталгаагаар хангагддаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15 дахь хэсэгт зааснаар “зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэдгийг бүтэц шинээр бий болгохыг”, “төрийн албан хаагчийн албан тушаал”-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн... гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. Мөн хэсэгт заасан “шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэж тайлбарладаг. Гэвч энэ тохиолдолд хуучин хүний нөөцийн орон тоон дээр ажиллаж байсан ажилтан болон өргөдөл гомдол хариуцан ажиллаж байсан хоёр ажилтны дунд сонгон шалгаруулалт хийх байсан. 

Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн М.Мөнхцэцэгийг орон нутаг, агентлаг, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн болгож өөр албан тушаалд томилсон. Энэ талаар ямар нэг гомдол маргаан гараагүй. Ингээд Б.Энхтуяаг томилох бүрэн боломж байхад гаднаас төрийн албанд ажиллаж байгаагүй, тухайн ажлын байранд сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг жинхлэн томилсон нь Төрийн албаны тухай хууль болон төрийн албанд орохтой холбогдон гарсан бүх журам, түр орлон гүйцэтгэхтэй холбоотой журмуудыг илт зөрчсөн үйлдэл болсон. Нөгөөтэйгүүр Б.Энхтуяагийн үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх, түүндээ таарсан цалин хөлс авах эрх ашгийг нь хохироосон үйлдэл болсон. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт... батлагдан гарахын өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гээд сонсох ажиллагааг мөн хуулийн 27.4 дэх хэсэгт заасан хэлбэрээр явуулахаар хуульчилсан. Ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа, оронд өөр хүн авах гэж байгаа гэх мэт ямар ч мэдээллийг нэхэмжлэгчид өгөөгүй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажлаас чөлөөлөх тухай “45 хоногийн өмнө мэдэгдэх” ёстой бөгөөд 2017 он гарснаар бүтэц хийх, ажлаас халах талаар огт мэдэгдээгүй. 

Ө.Баясалсайхан нь төрийн албанд өмнө нь ажиллаж байгаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж томилогдсон. Мөн Ө.Баясалсайхан нь Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны гишүүн, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.8 дахь заалтыг тус тус зөрчиж байна гэв. 

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн Засаг даргын 2013 оны “Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” А/368 дугаар захирамжаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэст  “Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах мэргэжилтэн” гэх орон тоо батлагдсан болохоос биш “Олон нийттэй харилцах бодлогын мэргэжилтэн” гэх орон тоо батлагдаагүй байсан. Гэтэл түүнийг Тамгын газрын даргын 2013 оны Б/55 дугаар тушаалаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Олон нийттэй харилцах бодлогын мэргэжилтнээр томилон ажиллуулж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Тамгын газрын бүтэц орон тоог 37 байхаар тогтоосон ба зайлшгүй орон тоо цөөлөх шаардлагатай байсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. 

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийсэн. Энэ нь хэрэгт авагдсан мэдэгдэл хүлээлгэн өгсөн баримт болон 2017 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Б.Энхтуяагийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын давхардсан чиг үүргийг өөр албан тушаалтнуудад нэгтгэж Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлогын мэргэжилтний орон тоог хассан байгаа. Түүнд ажлаас чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулан тэтгэмж, ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Гуравдагч этгээд Ө.Баясалсайхан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан миний бие Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Би одоо хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаа бол Б.Энхтуяа нь мэдээлэл сурталчилгаа олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байсан нь хоорондоо ялгаатай ажил үүргүүд байна. Үүнийг дараах байдлаар нотолж байна. Хуучин бүтцээр Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн гэж ажлын байр байсан. Шинэ бүтцээр би энэ ажлын байрны ажил үүргийг хүлээн авсан. Дээр нь өргөдөл гомдол хариуцсан тусгай орон тоо байхгүй болсон учир миний ажлын байранд нийт ажил үүргийн 4 хувьд хамаарах өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих ажил үүрэг нэмэгдсэн. Түүнээс миний ажлын байр бол хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан гол чиг үүрэгтэйг миний ажлын байрны тодорхойлолтоос харж болно. 

Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны зорилго чиг үүрэг, үндсэн зорилтууд, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага, харилцах субьект зэрэг нь Б.Энхтуяагийн хашиж байсан Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байрныхаас өөр байгаа болно. Тухайлбал: Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны үндсэн зорилго нь “ Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл сурталчилгаа, иргэдийн өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлогын хэрэгжилтийг хангана” гэж байсан бол Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны зорилго нь “Төрийн албаны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт, хөгжил, бүрдүүлэлт, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, албан тушаал эрхлэх болзол, үйл ажиллагаа мэргэшлийн түвшний үнэлгээний журмын хэрэгжилт, цалингийн сүлжээ мөрдөх ажлын талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, төрийн албаны зөвлөлийн ажлын албыг гүйцэтгэх” гэж байна.

Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлого хариуцсан мэргэжилтний ажлын үндсэн зорилтуудад 3 зорилт байсан бол Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байр нь 7 зорилттой байгаагийн 6-н зорилт нь өөр байна. Үүнийг дагаад гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд нь бас өөр байна. “Төрийн албаны хууль түүнд нийцэж гарсан дүрэм журмын хэрэгжилтийн явц, хууль зөрчих элдэв үзэгдлийн тоо, шинээр ажилд орогсдын тоо, төрийн албан хаагчийн шалгалт өгсөн хүний тоо, сургалтын төлөвлөгөөний биелэлт, сургалтад хамрагдсан хүний тоо, мэдлэг боловсрол, мэргэжил дээшлүүлсэн хүний тоо, төрийн албан хаагчийн тоо бүртгэл, хувийн хэргийн бүрдэлт, ажлын байрны тодорхойлолтын боловсруулалт, албан хаагчдын албан үүрэг гүйцэтгэх хөрвөх чадвар, албан хаагчдын тогтвор суурьшилт, албан тушаалын үнэлгээ хийх, ангилал, зэрэглэл тогтоох журмын хэрэгжилт, төрийн албан хаагчийн цалингийн сүлжээний мөрдөлт, Засаг даргын Тамгын газрын ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц зэрэг цар хүрээ өргөнтэй томоохон шалгуур үзүүлэлтүүд байна. 

Б.Энхтуяагийн хашиж байсан Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны хувьд шууд харилцах байгууллагууд нь Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны шууд харилцах байгууллагаас өөр байгаа гэв. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгч Б.Энхтуяагийн ажил, албан тушаалын орон тоо хасагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, мэдүүлгийг бүрэн няцааж чадсангүй гэж үзлээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орон тоог 8 байсныг 6 болгож орон тоо хассан. Хассан нэг орон тоо нь  Б.Энхтуяагийн ажиллаж байсан албан тушаал юм. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлого хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан, нөгөө талаас чиг үүрэг нь Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байранд хадгалагдаж үлдээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Б.Энхтуяагаас  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын Б.Энхтуяад холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр  хадгалагдаж байгаа үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Ө.Баясалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт хийгдээгүй, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах тухай” гэж өөрчлөн тодорхойлсон болно. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл орон тоотой байхаар тогтоосон бөгөөд Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэр бүхий 44 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар 37 албан тушаалтныг томилжээ. 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... Миний хариуцан ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байранд хэвээр хадгалагдан үлдсэн тул энэ албан тушаалд эгүүлэн томилуулах ёстой ...” гэж, хариуцагч нь “ ... Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл орон тоотой байхаар тогтоосон бөгөөд Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлогын мэргэжилтний орон тоо хасагдаж, чиг үүрэг нь өөр албан тушаалтнуудад хуваагдаж шилжсэн тул түүнийг буцааж авах боломжгүй, тушаал хууль, журамд нийцсэн ... ” гэж маргажээ. 

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлах тухай” А/09 дүгээр тушаалаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийг Дарга 1, Хүний нөөцийн бодлого, дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн 1, Орон нутаг, агентлаг, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн 1, Гадаад дотоод харилцаа, олон улсын хөтөлбөр, төслийн бодлого хариуцсан мэргэжилтэн 1, Бичээч, бичиг хэргийн эрхлэгч 1, Хэвлэлийн төлөөлөгч 1 гэсэн 6 орон тоотой байхаар тогтоожээ. 

Маргаан бүхий акт болох аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалаар Тамгын газрын даргын 2017 оны А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын ... “Хүний нөөцийн бодлого, дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэснийг “Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэж, “Т.Мөнхтулга” гэснийг “Ө.Баясалсайхан” гэж, “Хэвлэлийн төлөөлөгч Осгонбат” гэснийг “Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Я.Оюунзул” ...  гэж тус тус өөрчилж, Ө.Баясалсайханыг Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсон байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.” гэж заасан ба аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны А/09 дүгээр тушаалаар Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан урьд нь 8 орон тоотой ажиллаж байсан Төрийн захиргаа удирдлагын хэлтсийг 6 орон тоотой ажиллахаар баталж, Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлогын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг өөр албан тушаалтнуудын чиг үүрэгт нэгтгэж нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоог хасч, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “ ... төрийн жинхэнэ албан хаагч ... бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасны дагуу Б.Энхтуяаг ажил, албан тушаалаас нь чөлөөлж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байгаа албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн туршлага, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан шалгаруулж авахаар зохицуулсан байх ба тухайн тохиолдолд Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлогын мэргэжилтэн гэсэн тусдаа орон тоо аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн бүтцээс хасагдсан, албан тушаалын чиг үүрэг нь Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байранд хэвээр хадгалагдан үлдээгүй байна гэж үзэхээр байна.

Тодруулбал Мэдээлэл сурталчилгаа, өргөдөл гомдол, олон нийттэй харилцах бодлого хариуцсан мэргэжилтний 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд албан тушаалын ангилал, зэрэглэл нь адилхан байгаа боловч ажлын байрны зорилго зорилтууд, хэрэгжүүлэх чиг үүрэг, албан тушаалд тавигдах шаардлага зэрэг нь өөр байхад нэхэмжлэгчийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах эрх зүйн үндэслэл байхгүй юм. 

Эдгээр байдал нь хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09, А/10 дугаар тушаалууд /хх-ийн 10-12, 54-55-рт/, 2017 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдийн хурлын тэмдэглэл /хх-ийн 32-38-рт/, нэхэмжлэгч Б.Энхтуяагийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргатай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээ /хх-ийн 47-53-рт/, гуравдагч этгээд Ө.Баясалсайханы Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргатай 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ /хх-ийн 122-128-рт/,  ажлын байрны тодорхойлолтууд /хх-ийн 69-72, 117-121-рт/, дипломын хуулбар /хх-ийн 81-82, 129-130-рт/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1-д зааснаар “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь бүтэц, орон тоог өөрчлөн баталснаар хасагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “ ... Ажил олгогчоос Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М.Мөнхцэцэг, Б.Энхтуяа нарын дунд сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан боловч М.Мөнхцэцэг нь Орон нутаг, агентлаг тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдож энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг албан тушаал (ажлын байр)- ны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд  томилох байсан ...” гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Мөн “... Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчин томилогдсон тул төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлж томилох эрхгүй гэх ... “ нэхэмжлэгчийн тайлбар, “ ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө мэдэгдээгүй, 2016 онд өгсөн мэдэгдэл нь Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн цаглабар дуусгавар болоход дагаад үйлчлэл нь дуусгавар болох ёстой, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй ... ” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг тус тус хүлээн авах боломжгүй байна. 

 

Учир нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Ч.Энхцэцэгийг томилсон аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр захирамж нь хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа, түүнийг хөндсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй байх тул Ч.Энхцэцэгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох эрх бүхий албан тушаалтан гэж үзнэ. 

Түүнчлэн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдлээр нотлогдох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын агуулга нь ажил олгогчоос хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар ажилтанд 45-аас доошгүй хоногийн өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулахаар байна. 

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Тамгын газрын ажилтнуудын хуралдаанд Тамгын газрын шинэчилсэн бүтэц орон тоог нийт ажилтнуудад танилцуулж, үүнтэй холбоотой санал хүсэлтээ нээлттэй илэрхийлж болохыг Тамгын газрын дарга болон Засаг даргаас тайлбарлаж өгснийг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан нэг хэлбэр гэж үзэхээр байна.  

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Ө.Баясалсайханд холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар Хэвлэлийн төлөөлөгчийн албан тушаалд томилогдсон Ч.Осгонбатыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж байсан ба нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Ө.Баясалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн тул Ч.Осгонбатыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцуулах шаардлагагүй гэж үзэн Ө.Баясалсайханыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.

          Түүнчлэн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Ө.Баясалсайханаас “Хариуцагчтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа өмгөөлөгч Б.Баярмааг өөрийн өмгөөлөгчөөр оролцуулах тухай” хүсэлт гаргаж үүнийг хариуцагч талаас зөвшөөрч, өмгөөлөгч Б.Баярмааг гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлснийг хүлээн авч гуравдагч этгээдийн  өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхтуяагаас Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Ө.Баясалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт хийгдээгүй, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ЦЭРЭНХАНД