Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өнөдр  сум Баянцагаан баг Вокзал 3-9 тоотод оршин суух Боржигон овгийн Буян-Өлзийгийн Баянцагааны /ФД-90070209 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушын өргөн чөлөө 2г-47 тоотод оршин суух Боржигон овгийн Шагдарсүрэнгийн Баатарсүхэд / ЖЬ-89060811/ хариуцагдах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Баянцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.Баянцагаан хариуцагч Ш.Баатарсүхэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Баянцагаан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Ш.Баатарсүхтэй 2010 онд танилцаж 2011 оны 09 сарын 30-нд охин Аминхүсэл төрсөн. Охины аав Баатарсүх нь намайг төрөхөд байсан. Төрсөнөөс хойш нэг сарын дараа яваад өгсөн. Үүнээс хойш нэг ч удаа ирээгүй. 2012 оны 05 сард миний ээж ажлаасаа ээлжийн амралтаа аваад охин бид 2-ыг дагуулан Дорнод аймгийн Баянтүмэн суманд ээж Байгалмаагийнд очиход охины маань аав байхгүй хөдөө явсан байсан. Очоод 3 хоноод 3 дахь өдөр нь хөдөөнөөс ирээд охин бид 2-той юу ч яриагүй харчихаад л гараад явсан. Бид 3 маргааш нь гэрлүүгээ явсан. Тэрнээс хойш охины маань аав болох Баатарсүх нь  бид 2-той хэл авалцаж утсаар яриагүй. Би Баатарсүхтэй амьдарна гэж  2 жил хүлээсэн боловч бид 2 дээр ирээгүй. Би одоо миний хань болох Б.Гансүхтэй 2013 онд танилцаж 2014 онд охин Г.Буянзаяагаа төрүүлсэн. Бид 2015 оны 02 сарын 12-нд гэр бүлээ батлуулсан. Б.Гансүх бид 2 эрхэлсэн тодорхой ажилгүй өөрийнхөө аав ээжтэй цуг амьдардаг. Охин Б.Аминхүслэнгийнхээ ирээдүйг бодож эцэг болох Ш.Баатарсүхээс хүүхдийнхээ тэтгэмжийг авахаар шийдсэн тул энэ асуудлыг минь зохих хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.Бид 2010 танилцаад хамт амьдарч байгаад 2011-09-30-нд охин Аминхүслэн маань төрсөн.Тэгээд Баатарсүх бид 2-ыг орхиод явсан.Тэрнээс хойш сураггүй болсон.Би өөр хүнтэй гэрлэсэн хүүхэдтэй болсон тул эвлэрэх боломж байхгүй гэжээ.

 

Хариуцагч Ш.Баатарсүх шүүхэд гаргасан тайлбартаа: “Уг өргөдөлд гаргасан асуудалд, миний бие Баянцагаантай хүүхэдтэй болж тодорхой хугацаанд амьдралаа холбосон.Үерхэж байх хугацаанд намайг хуурч тэр үедээ би уучилж байсан.Ингээд миний охин Аминхүслэн мэндэлж, Баянцагааны аав болох Буян-Өлзийн гэрт бид 3 амьдарсан.Амьдрах хугацаанд ажил хийх боломж нөхцөл бүрдээгүй.Иймэрхүү асуудлаас болж гэр бүлийн үл ойлголцол үүсч миний бие эхнэр хүүхдээ аваад Улаанбаатар хот орж амьдаръя гэж өөрт нь хэлж сануулж байсан.Гэвч эхнэр ээж дээрээ үлдэн амьдрах сонирхолтой байсан тул миний бие эхнэр хүүхдээ орхиод Улаанбаатар явж амьдрах болсон.УБ-д ирээд гэр бүлтэйгээ холбоотой байсан.Эргээд дахин хотод амьдаръя гэж дуудсан боловч ирээгүй.Хэсэг хугацааны дараа чиний хүүхэд биш гэж нэг биш удаа хэлж байсан.Түүгээр ч барахгүй хүүхдээ Цолмон овогтой болгоно гэж хэлж байсан.Тэр үеэс үерхэж байх хугацааны асуудал санаанд орж сэтгэл хөрч холбоотой байх шалтгаан олж хараагүй улмаас холбоогоо тасалсан.Иймийн учир би эцэг тогтоолгох шилжилгээ хийлгэх хүсэлтэй байна.Миний хүүхэд мөн эсэх нь тогтоогдвол би өөр дээрээ охиноо өсгөж сайн хүн болгож хүмүүжүүлнэ.Охиныхоо ирээдүйг бодоход хүүхдээ хадам эцэг эхийн гэр бүлд өөрийн гэсэн орлогогүй амьдарч байгаа хойд эцгийн гэр бүлд хүмүүжүүлэх амьдруулах туйлын хүсэлгүй.Мөн нэхэмжлэгч нь тэтгэмж нэхэмжилж, уг тэтгэмж нь  миний охинд дан ганц өөрт нь зарцуулагдана гэсэн ямар ч баталгаа энэ гэр бүлд үүсэх үндэслэл алга.Иймээс би шилжилгээний хариу гарч мөн эсэх нь нотлогдвол охиноо өөр дээрээ авч өсгөх хүсэлтэй байгаагаа дахин дахин дурдан сануулж байна ” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                        

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Б.Баяняцагаан хариуцагч Ш.Баатарсүхэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

 

Хариуцагч Ш.Баатарсүх нь шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Зохигчид 2010 оноос хамтран амьдарсан, тэдний дундаас 2011-09-30-нд охин Б.Аминхүслэн төрсөн, одоо 5 настай, хүүхэд эцэг Баатарсүхээр овоглодог, 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох зохигчдын тайлбар, Баянцагаан багийн Засаг даргын  2016-05-27-ны өдрийн тодорхойлолт, “Мөнхсүндрэл” өрхийн эмнэлгийн 2016-05-27-ны өдрийн тодорхойлолт,Г-1738 дугаартай Б.Аминхүслэнгийн төрсөний гэрчилгээний баталгаат хуулбар, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Аминхүслэн нь эхийн асрамжинд байгаа ба, хариуцагч нь “...би эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэнэ.Миний хүүхэд мөн эсэх нь тогтоогдвол би охиноо өөр дээрээ өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй” гэж тайлбарласан тул шүүх хүсэлтийг  хангаж эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон боловч хариуцагч Ш.Баатарсүх нь шинжилгээний байгууллагад очин шинжилгээ хийлгэхээс сайн дураар татгалзсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016-08-31-ний өдрийн 04/3425 дугаар албан бичгээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг Ш.Баатарсүхээс тэтгэлэг тогтоон охин Б.Аминхүслэнг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2011 оны 09 сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Аминхүслэнг 11 нас хүртэл нас хүртэл сар бүр амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Баатарсүхээс тэтгэлэг тогтоон гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ш.Баатарсүхээс 26,092 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

       

        3.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ