Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2025/00014

 

2025 03 07 209/МА2025/00014

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Дагалдах индекс: 209/2025/00009

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 307/ШШ2025/00068 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч : *******,

******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 52,794,996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр төлсөнд тооцож, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгох, дагалдах гэрээ болох барьцааны гэрээг дуусгавар болгож барьцааны хөрөнгүүд болох ******* улсын дугаартай Subaru porester маркийн автомашины, Дархан-Уул аймгийн 15 дугаар багт байрлах 0,8 м.кв гэр бүлийн хэрэгцээний инженерийн шугамтай өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх, илүү төлөгдсөн 11,050,000 төгрөг гаргуулах тухай,

 

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, ******* нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...******* ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тоот зээлийн гэрээгээр *******д 79,500,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр ******* гэрээ байгуулсан.

Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд 2024 оны 06 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 49,503,656 төгрөг, хүү 2,717,783 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 543,557 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 52,794,996 төгрөгийн үүрэг үүсээд байна.

 

Хариуцагч нараас үүргээ биелүүлэхийг шаардах бүрд зээлийн төлбөрийг төлж барагдуулна гэж хүсэлт гаргадаг байсан. Зээлдэгч болон хамтран зээлдэгч үүрэг гүйцэтгэгч нар нь ипотекийн гэрээний дагуу:

-Дархан-Уул аймаг, Дархан сум, , их сургуулийн гудамж, тоот хаягт байрлах 797,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалсан.

 

Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь фидуцийн гэрээний дагуу

-Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 16 дугаар байрны тоот хаягт оршин суух, 2011/2019 онд үйлдвэрлэгдсэн арлын дугаартай Subaru.Forester-S12 суудлын автомашин барьцаалсан.

 

Иймд хариуцагч нар нь 2024 оны 06 сарын 26-ны өдрийн байдлаар зээл 49,503,656 төгрөг, үндсэн хүү 2,717,783 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 543,557 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 52,794,996 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлэхгүй тохиолдолд дээр дурдсан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ. / хх-ийн 1/

 

2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

 

...******* ХХК-тай 2021 оны 10 сарын 28-ны өдөр тоот зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 79,500,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэйгээр авч ******* улсын дугаартай Lexus-RX350 маркийн автомашиныг худалдан авсан. Дээрх зээлийн гэрээний 3.1.5 бизнесийн зээл, 3.1.6-д G47 бүх төрлийн жижиглэн худалдаа гэсэн зориулалтаар олгосон. Машиныг өөрсдийн нэр лүү шилжүүлэн фидуцийн гэрээ хийсэн ч надад фидуцийн гэрээний хувийг өгөөгүй.

 

Уг зээлийн гэрээний барьцаанд фидуцийн гэрээ хийснээс гадна, дараах барьцааны гэрээг хийсэн. Үүнд: 2014 онд үйлдвэрлэсэн 2021 оны 09 сард орж ирсэн ******* улсын дугаартай RX350 маркийн автомашин, 2011 онд үйлдвэрлэсэн улсын дугаартай Subaru porester маркийн авто машин, Дархан-Уул аймгийн 15 дугаарт багт байрлах 08 м.кв гэр бүлийн хэрэгцээний инженерийн шугамтай өмчлөлийн газар, 2 автомашин зэргийг барьцаанд тавьсан. Зээлийн гэрээний үүргээ 2022 оны 10 сар хүртэл хэвийн төлж байгаад үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон.

 

Иймд ******* ХХК-аас 2023 оны 11 сард удаа дараа над руу залгаж машиныг хурааж зарж борлуулах талаар хэлж мэдэгдсэн учир өрөнд орохоос айж, *******-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Содномпилээс тавьсан ******* улсын дугаартай Lexus-RX350 маркийн автомашиныг хураан авна, үгүй бол зах зээлийн ханшаар худалдан борлуулж, зээлээс хасуулах гэсэн шаардлагын дагуу аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч хэлснийх нь дагуу өргөдөл бичиж, машинаа хүлээлгэн өгсөн болно. Энэ хугацаанаас хойш миний бие фейсбүүкийн RX зарын группүүд болон үнэгүй.мн гэх мэт заруудаар тогтмол зар оруулж авах, үзэх сонирхолтой хүмүүсийг холбож өгч явуулдаг байсан. Гэвч миний машиныг өвөл гадаа ил зогсоолд байрлуулсан. Да хүрээ зах дээр байгаа гэж хэлсэн. Надаас машин хүлээн авахдаа ил задгай гадаа зогсоолд тавьж зогсоолын төлбөр авна гэж хэлээгүй. Би дулаан зогсоолд байрлуулсан гэж бодсон.

 

Да хүрээ зах дээр миний машиныг борлуулна гэж хэлсэн. Гэтэл хүлээн авсан этгээд очиж үзсэн хүмүүст Наад машины чинь эзэн байхгүй, зарахгүй, наад машин чинь тарчихсан машин ш дээ, наадхаараа яадаг юм гэх мэтчилэн хэлэхээс гадна, өөрөө тухайн газраа 2, 3-н удаагийн тохиолдлоор эзгүй байсан. Угаас миний машиныг тарсан, будаа болсон гэж хэлсэн нь өөрсдөө унаж, хэрэглээд эвдэлсэн байх магадлалтай, надад огт байршлаасаа хөдлөөгүй гэх боловч цахимаар 2 удаа торгуулийн хуудас ирсэн. Би машинаа тэнд ямар байдалтай байгааг харах, машиныг маань 60 сая төгрөгөөр бэлэн худалдаж авах хүн дагуулаад зарах зорилгоор очиход зарах ямар ч хүсэлгүй мэт зарах гээд байрлуулсан машинуудын ард, мухарт хаагаад тавьчихсан, цасанд даруулсан байдалтай зогсож байсан.Ченж гэх хүнээс асуухад өөр зогсоол байхгүй, энд байгаа нь их юм гэж үл тоомсорлосон байдалтай хандаж байсан. Машинаа зарахаар төв салбар луу урьдчилгаатай бэлэн хүн явуулахад бас л шалихгүй шалтаг зааж хямдхан үнээр машиныг зарж борлуулсан байсан.

 

Дарханд зээлийн барьцаанд хураалгасан 2011 онд үйлдвэрлэгдсэн Subaru porester маркийн авто машиныг зогсоолын төлбөр 1,380,000 төгрөг болсон ба өдөр бүр нэмэгдэж байгаа. Өөрсдөө унаж явж торгуулийн төлбөр, байгууллагын хашаан дотор зогсоолд байрлуулсан зогсоолын төлбөр нийт 800,000 төгрөг орчим төгрөг миний зээл дээр нэмж авлага үүсгэсэн байдалтайгаар намайг илтэд хохироож байна. Зээлийн эргэн төлөлтөд 44,500,000 төгрөг төлж, фидуцийн гэрээтэй машиныг 46,000,000 төгрөгөөр худалдан борлуулж нийт 90,500,000 төгрөгийг зээлийн төлбөрт авсан атлаа ахиад төлбөрийн өр үүсгэж тогтмол дарамт үүсгэж байна.

 

Хуулийн заалтаар фидуцийн хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ дуусгавар болох ёстой болно. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ. / хх-ийн 31-32 /

 

3. Хариуцагч *******, ******* нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

...зээлийн эргэн төлөлтөд 44,500,000 төгрөг төлж, фидуцийн гэрээтэй машиныг 46,000,000 төгрөгөөр худалдан борлуулж нийт 90,500,000 төгрөг зээлийн төлбөрт авсан. Хуулийн заалтаар фидуцийн хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд зээлийн гэрээ дуусгавар болгох ёстой. Иймд фидуцийн гэрээгээр үүрэг хангагдаж дуусгавар болсон тул дараах шаардлагыг гаргаж байна.

 

Үүнд: а.2021 оны 10 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр төлсөнд тооцож, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох,

 

б.Дагалдах гэрээ болох барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг суллуулах, үүнд: ******* улсын дугаартай subaru porester маркийн автомашин, Дархан-Уул аймгийн 15 дугаар багт байрлах 1 газар,

 

в.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-д хэсэгт Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу илүү төлсөн 11,050,000 төгрөгийг шаардаж байна... гэжээ. /хх-ийн 33-35/

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

 

...Фидуцийн гэрээ нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэрээ юм. Үндсэн үүрэг зөрчигдөөд ирвэл барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулна гэсэн ойлголт. Уг гэрээний 4.3.2-т ... тухайн зээлдэгч нь зээлийн барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилдээ ашиглах бөгөөд анх байсан байдлаар нь хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан.

 

...Зээлдэгч *******, ******* нараас барьцаа улсын дугаарт Lexus РХ350 маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулж, худалдан борлуулж зээлийн төлбөрөөс хасалт хийлгэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан. Зээлдэгчээс гаргасан хүсэлтийг 2024 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч, тээврийн хэрэгслийг өөрөө худалдан борлуулна гэж 46,000,000 төгрөгөөр худалдсан. Автомашин худалдан борлуулсан 46,000,000 төгрөгийг, зээлдэгчид ногдох зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагаас дараах байдлаар хассан. Үндсэн зээлийн төлбөрөөс 15,472,718 төгрөг, хүүгээс 26,725,547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 7,145 төгрөг, авлага 3,204,0 төгрөг тус тус хассан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 49,503,656 төгрөг, хүү 2,717,78.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 543,557 төгрөг, /2024 оны 12 сарын 18-ны байдлаарх/ авлага 2,100,000 төгрөг нийт 54,894,996 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Барьцаа хөрөнгөөр хураагдсан улсын дугаартай Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгчийн хүсэлтээр хураан авсан бөгөөд тээврийн хэрэгслийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 0 төгрөгөөр үнэлэгдсэн ба бусдад зарж борлуулан зээлийн төлбөрөөс хасалт хийх шаардлага үүсэн зээлдэгчээс тээврийн хэрэгслийг худалдан борлуулах хүсэлтийг бичгээр гаргаж өгөх талаар хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд бичиг хийж өгөөгүй, үүнээс шалтгаалан тээврийн хэрэгслийг худалдан борлуулж чадалгүй байж байна.

 

Уг тээврийн хэрэгсэл өдрийн 5000 төгрөгийн үнэтэй дулаан зогсоолд байгаа ба уг зогсоол нь манай байгууллагын зогсоол биш юм. Тээврийн хэрэгсэл нь зогсоолд байгаатай холбоот өнөөдрийн байдлаар 2,100,000 төгрөгийн төлбөр үүссэн байна. Уг төлбөрийн зогсоол түрээслүүлж байгаа Цуурай ЦО ХХК байгууллагад төлбөрийг төлөх үүргийг зээлдэгч хүлээх юм, учир нь тээврийн хэрэгсэл худалдан борлуулалгүй хугацаа авч байгаа асуудал нь зээлдэгчтэй шууд хамааралтай.

 

Иймд манай байгууллагаас зээлийн хүүг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөр зогсоож шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан ба шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн төлбөрийг төлүүлэх, зөрчсөн тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах юм. Тус байгууллагаас хуульд заасан үндэслэлийн дагуу барьцаа тээврийн хэрэгслийн худалдан борлуулсан бөгөөд хууль зөрчөөгүй, иймд *******, ******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 38/

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 235 дугаар зүйлийн 235.3, 236 дугаар зүйлийн 236.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас нийт 40,320,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 12,474,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулах, дагалдах гэрээнүүдийг дуусгавар болгож, гэрээний зүйл болох автомашин, газрыг чөлөөлүүлэх, илүү төлсөн 11,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь нийт 40,320,996 төгрөгийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******гийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ,, , нэгж талбарын дугаартай, 797,0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ******* улсын дугаартай, Subaru Forester маркийн суудлын автомашиныг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491,980 төгрөг, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 821,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 429,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

а....Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай RX350 маркийн авто машиныг хураан авч 46,000,000 төгрөгөөр худалдсан, 2023 оны 07 сарын 26-ны өдөр ******* улсын дугаартай Subaru Forester маркийн авто машиныг хураан авч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтөд 44,500,000 төгрөг төлж, Фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай RХ350 маркийн автомашиныг 46,000,000 төгрөгөөр худалдан борлуулж нийт 90,550,000 зээлийн төлбөрт төлсөн.

Хариуцагч нар нь ******* ХХК-д фидуцийн зүйл болох 2 авто машиныг шилжүүлсэн тул үндсэн гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл шүүхээс үндсэн гэрээний үүрэг хэвээр гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

 

б. Анхан шатны шүүх нь тооцооллын хувьд ахин алдаа гаргасан болно. Учир нь

-Гэрээний хугацаанд зээлийн эргэн төлөлтөд 44,500,000 төгрөг төлөхөд 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 64,867,148 төгрөг үлдсэн.

-2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* улсын дугаартай Subaru Forester маркийн авто машиныг хураан авсан. Үнэлгээний хувьд 12,474,000 төгрөг болно. Зээл төлөлтөөс уг хугацаагаар дээрх үнийн дүнг тооцож хасалт хийж үзэхэд 52,393,148 төгрөг үлдсэн.

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай RХ350 маркийн авто машиныг хураан авч 46,000,000 төгрөгөөр худалдсан. Зээл төлөлтөөс уг хугацаагаар дээрх үнийн дүнг тооцож хасалт хийж үзэхэд 6,393,148 төгрөгийн төлөлт үлдсэн байна.

 

в. ...анхан шатны шүүх зүйлчлэлийн хувьд алдаа гаргасан. Учир нь ББСБ атлаа тусгай зөвшөөрлийг хавтаст хэрэгт хавсаргаж өгөөгүй байтал шүүхийн зүгээс нийтэд илэрхий баримт гэж үзэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээр зүйлчилж алдаа гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй буюу тусгай зөвшөөрөлгүй учир Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээгээр зүйлчилснээр Гэрээний хугацаанд зээлийн эргэн төлөлтөд 44,500,000 төгрөг, 12,474,000 төгрөгөөр үнэлэгдсэн ******* улсын дугаартай Subaru Forester маркийн авто машиныг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан.

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай RХ350 маркийн авто машиныг хураан авч 46,000,000 төгрөгөөр худалдаж, нийт 102,974,000 төгрөгийн төлөлт хийгдсэн болно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр зүйлчилснээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцохгүйгээр нийт зээл болох 79,500,000 төгрөгийг хасалт хийснээр илүү 23,474,000 төгрөгийн төлөлттэй гэж үзэж болохоор байна.

Зүйлчлэлээс хамаарч тооцоололд өөрчлөлт орж байгааг анхаарч үзээгүй болно. Иймд зээлийн тооцоолол болон, зүйлчлэлд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ. /хх-ийн 85-88/

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

8. Нэхэмжлэгч ******* ХХК нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 52,794,996 төгрөгийг гаргуулах, төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн гэрээний зүйлээр хангуулахаар,

хариуцагч *******, ******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр төлсөнд тооцож, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгох, дагалдах гэрээ болон барьцааны гэрээг дуусгавар болгож барьцааны хөрөнгүүд болох ДАА улсын дугаартай Субару форестр маркийн автомашин, Дархан-Уул аймгийн 15 дугаар багт байрлах 0,8 м.кв гэр бүлийн хэрэгцээний инженерийн шугамтай өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх, илүү төлөгдсөн 11,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

9. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөр 40,290,996 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 40,320,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож 12,474,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч

-Шүүх барьцаанд тавьсан 2 машиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж үндсэн үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон байхад үүрэг хэвээр гэж Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

-Тооцооллын хувьд алдаатай тооцоо хийсэн. Үүрэг гүйцэтгэгч нарын дансаар болон биетээр шилжүүлсэн эд хөрөнгийн үнийн дүнг тооцож хасалт хийхэд 6,393,148 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

-******* ХХК нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагдаагүй. Талуудын хооронд хүү төлөх үүрэг үүсээгүй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талуудын хооронд үүсэн харилцааг зүйлчилснээр хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй, нийт төлсөн 102,974,000 төгрөгөөс 79,500,000 төгрөгийг хассанаар 23,474,000 төгрөгийн илүү төлөлтэй байна. Зүйлчлэлээс хамаарч тооцоололд өөрчлөлт орохыг анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

 

Хэргээс судлан үзэхэд:

 

11. *******, ******* нар нь ******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 79,500,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай авахаар харилцан тохиролцож, талууд гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Зээлийн гэрээг байгуулахдаа баталгаат ипотекийн гэрээг байгуулж, *******гийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ,, , нэгж талбарын дугаартай, 797,0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн,

мөн өдрийн фидуцийн гэрээгээр ******* улсын дугаартай, Lexus RX-350 маркийн автомашин, ******* улсын дугаартай, Subaru Forester маркийн суудлын автомашиныг тус тус нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлсэн байна. /хх-ийн 9-17/

12. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь дээрх гэрээний дагуу 79,500,000 төгрөгийг хүлээн авсан, 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн төлөлтөөр 44,530,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн, 2024 оны 04 сарын 26-ны өдрийн хариуцагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, Lexus RX-350 маркийн авто машиныг 46,000,000 төгрөгөөр худалдан зээлийн төлбөрөөс хасаж тооцсон, 2024 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, Subaru Forester маркийн суудлын автомашиныг 2023 оны 07 сарын 26-ны өдөр хураан авч, өөрийн эзэмшилд авсан зэрэг үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

13. Хариуцагч тал талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл байгаа эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж маргасан.

13.1. Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд тус гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл гэх хэсэг дээр Зээлийн гэж бичигдсэн. /х.х 8 /

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 10 дугаар зүйлийн 10.4-т тус тус зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлийг эрх бүхий төрийн байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, тухайн тэмдэглэл, өөрчлөлтийг хийхээр зааснаас үзэхэд Улсын бүртгэлийн байгууллага зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үндэслэн бүртгэл хийсэн байхад нэхэмжлэгч ******* ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаар бүртгэсэн гэрчилгээг /Улсын бүртгэлийн гэрчилгээ/ шүүхэд ирүүлсэн байхад тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй үндэслэлээр хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулах эрхгүй, улмаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн шаардлагуудыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх ба дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

14. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 49,503,656 төгрөг, хүү 2,717,783 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 543,557 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг нийт 52,794,996 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний графикт хугацаа хэтрүүлсэн, үүргээ зөрчсөн байдал хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг 2024 оны 06 сарын 26-ны өдөр буюу гэрээ цуцлах хүртэл хугацаагаар тооцож шаардаж байгаа нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал нотариатын зардал 30,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай нийцжээ.

15. Хариуцагч тал барьцаанд тавьсан 2 машиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж үндсэн үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон гэж маргасан.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

Бодитойгоор гаргуулан авах гэдэг нь тухайн эд хөрөнгө нь нийт гүйцэтгэлийг хангахад хүрэлцэх үнэтэй гэж үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлэн авч өмчлөгч болсон эсхүл худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангасан байхыг ойлгоно.

Гэтэл талуудын хооронд байгуулсан дээрх фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан автомашинууд нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцээгүй /гэрээнд тусгаснаар автомашины үнэ 12,474,000+48,708,000=61,183,000/, улмаар баталгаат ипотекийн гэрээ байгуулж хариуцагч *******гийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ,, , нэгж талбарын дугаартай, 797,0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг давхар барьцаалсан байна.

Фидуцийн гэрээний 5.1.2-т зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, зээлийн гэрээ цуцлагдсан тохиолдолд зээлдүүлэгч өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авч худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулна гэж заасан.

Гэвч нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, Subaru Forester маркийн суудлын автомашиныг 2023 оны 07 сарын 26-ны өдөр хураан авч, өөрийн эзэмшилд авсан боловч худалдан борлуулаагүй байна. Иймээс автомашины үнийг талуудын тохиролцсон үнэлгээгээр зээлийн гэрээний үүргээс хасаж тооцсон нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч *******, ******* нараас гэрээний үүрэгт нийт шаардсан 52,764,996 төгрөгөөс автомашины талуудын тохиролцсон үнэ 12,474,000 төгрөгийг хасаж, 40,290,996 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 40,320,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 12,474,000 төгрөгийн шаардлагыг, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

10. Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн төлбөрт төлөх 40,320,996 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч *******гийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ,, , нэгж талбарын дугаартай, 797,0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

11. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч нарын гаргасан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулах, дагалдах гэрээнүүдийг дуусгавар болгож, гэрээний зүйл болох автомашин, газрыг чөлөөлүүлэх, илүү төлсөн 11,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

12. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 307/ШШ2025/00068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.МЯГМАРСҮРЭН