Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00372

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2в-13-06 тоотод оршин суух, Улаанямаат овогт Чойжилжавын Ганбат /РД:ГЮ55072100/-ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 5А-5-7 тоотодоршин суух Гөрөөчин овогт Сэмжидын Булгамаа /РД:ГЮ81022807/-д холбогдох 2425250 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00393/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ганбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүүдэр царам захад жижиглэн барааны тасагт наймаа хийж амьдарлаа залгуулдаг. Надтай цуг наймаа хийдэг байсан С.Булгамаа нь миний наймааны бараанаас наймаг эзгүй хойгуур зарчихаад хүмүүст зээлээр өгчихсөн гээд мөнгө төгрөгийг маань өгдөггүй байсаар өдий хүрлээ. Нийт 500000 төгрөг болсон. Булгамаа нь надад үлдэгдэл бараагаа өгсөн. Тэр барааны үнэ нийт 374750 төгрөг болсон. Үлдэгдэл 125250 төгрөгийг нэхэмжилж байна. Би Уранчимэг гэдэг танил хүнээсээ 10% хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж зөвшилцөөд авахаар болсон. Уранчимэг та дансаа өг гэж хэлэхэд нь надад Хаан банкны данс байхгүй болохоор нь С.Булгамаатай ярилцаад данс руу нь мөнгө 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гуйвуулж хийлгэсэн. С.Булгамаа данснаасаа 1350000 төгрөг танд ирсэн байна гээд өгсөн. Би Уранчимэгээс авсан 1350000 төгрөгийг хүүтэй нь бодож төлсөн. 2015 оны 11 дүгээр сард Уранчимэгийн ээж нь /Намжилсүрэн/ гэдэг хүн надаас мөнгө нэхсэн, юун мөнгө би төлсөн шүү дээ гэхэд манай охин чамд 2350000 төгрөг өгсөн гэв. Булгамаагаас асуусан чинь миний банкны зээлрүү 1000000 төгрөг орчихсон байсан гээд худал хэлж залилсан. Би Уранчимэгээс 10 хувийн хүүтэй мөнгө авсан учир Булгамаагаас 1000000 төгрөгийг хүүтэй нь бодож авмаар байна. 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 1300000 төгрөгийг гаргуулж өгөхийг нэхэмжилж байна. С.Булгамаагаас нийт 2425250 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ч.Ганбат, хариуцагч С.Булгамаа бид харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2425250 төгрөгөөс 1000000 төгрөгийг хариуцагч С.Булгамаа төлөхийг хүлээн зөвшөөрч 700000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 300000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ч.Ганбат нь үлдэгдэл 1425250 төгрөгнөөс татгалзаж харилцан тохиролцож талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Ганбат нь С.Булгамаагаас 2425250 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Ганбат, хариуцагч С.Булгамаа нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгчийн нэхэмжилсэн2425250 төгрөгөөс 1000000 төгрөгийг хариуцагч С.Булгамаа төлөхийг хүлээн зөвшөөрч 700000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 300000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ч.Ганбат нь үлдэгдэл 1425250 төгрөгнөөс татгалзажхарилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Ч.Ганбатын нэхэмжлэлтэй, С.Булгамаад холбогдох 2425250 /хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч С.Булгамаа нь Ч.Ганбатын нэхэмжилсэн 2425250 /хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга хоёр зуун тавин/ төгрөгөөс 1000000 /нэг сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 700000 /долоон зуун мянган/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ч.Ганбат нь үлдэгдэл 1425250 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулахаас татгалзаж харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53754 /тавин гурван мянга долоон зуун тавин дөрвөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Булгамаагаас 14275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан таван/ төгрөг, Төрийн сангаас 26877 /хорин зургаан мянга найман зуун далан долоон/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Ганбатад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН