Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 387

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, 32-328 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Шарга овгийн Төмөрчөдөрийн Байгалмаагийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярмаа, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Т.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1984 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт няраваар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Байгалмаа миний төрсөн эгч байгаа юм. Т.Байгалмаа 1984 оны 09 дүгээр сараас 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улсын материал техникийн хангамжийн хорооны харьяа Өвөрхангай аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газарт барилгын материалын няраваар ажилласан. Ингээд тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир улсад ажилласан жил нь ажилласан хугацаанд орж тооцогдохгүй байгаа. Иймд Т.Байгалмаагийн 1984 оны 09 дүгээр сараас 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Байгалмаа “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Т.Байгалмаа нь 1984 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт няраваар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 441 тоот лавлагаа, Улсын материал техникийн хангамжийн хорооны харьяа Өвөрхангай аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1984 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 47 тоот тушаал, Өвөрхангай аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 тоот тушаал, гэрч И.Баяр-Ундрах, Ц.Орхонтуул нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарга овгийн Төмөрчөдөрийн Байгалмааг 1984 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт няраваар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА