Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01148

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч : Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 4а-5 тоотод оршин суух Жонгор овгийн Бат-Очирын Соёлмаагийн /АН-85122302 /нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан Уул аймагт оршин суух Боржигон овгийн Улам-Өрнөхийн Мөнхбаатарт  /ИЭ-87040211 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох,дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Соёлмаа   Ц.Мөнхбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох,дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Соёлмаа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Соёлмаа миний бие У.Мөнхбаатартай 2006 онд гэрлэж, дундаасаа 2008-09-12-ны өдөр хүү М.Түмэн-Эрдэнэ, 2011-12-31-ний өдөр охин Жамъяанмядагийг төрүүлж элэг бүтэн амьдарч байгаад 2014 оны 6 сараас нөхөр У.Мөнхбаатар намайг 2 хүүхдийн хамт орхин салж явсан.Үүнээс хойшхи хугацаанд бид 3 Мөнхбаатартай харьцаа тасарсан боловч эргэн ирэх байх гэсэн итгэлийг тээсээр би өнөөг хүртэл ямар нэгэн хэл ам, маргаан гаргаагүй, өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөр 2 хүүхдээ өсгөж байна.Иймээс гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно.Бидний дундын өмч болох 6 ханатай гэрийг үнэлүүлж 2 хүүхэд болон  миний хувийг уг хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.

Хариуцагч У.Мөнхбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Соёлмаа бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулж хүү Түмэн-Эрдэнэ, охин Жамъянмядаг наргыг төрүүлж эвтэй найртай элэг бүтэн сайхан амьдарч байсан боловч 2014 оны 6 сард бид гэр бүлийн дотоод асуудлаас болж  муудалцсан.Гэтэл намайг ажилдаа яваад ирэхэд миний хувцасыг боогоод хашаан дотроо гаргаад тавьчихсан байсан.Үүнээс хойш би Соёлмаатай уулзаж, 2 хүүхдээ бодъё, эвлэрч хамт амьдаръя гэхэд зугтаагаад уулздаггүй,утсаа авдаггүй байсан.Энэ хугацаанд миний бие ахындаа болон, байр хөлсөлж, амьдарч байсан.2015 оны 10 сард ээж болон дүү нартайгаа муудалцаад очих газаргүй болчихлоо гэхээр нь 2 хүүхдээ аваад миний хөлсөлж байгаа байранд хүрээд ир гэхэд 2 хүүхэдтэйгээ ирсэн ба 14 хоноод хөлсөлж байсан өрөө маань жижигхэн болохоор 2 хүүхдийн хамт дүүгийндээ1,2 хонож бай би өрөөгөө томруулаад хэлье гэхэд зөвшөөрсөн.Хүүхдийнхээ сургуульд ойрыг бодоод Дэнжийн 3 байранд өрөө хөлслөөд 2 хүүхдээ аваад  хүрээд ир гэхэд ирээгүй.Би 3 сар хүлээсэн боловч ирээгүй.Миний зүгээс гэр бүлээ цуцлуулах хүсэлгүй байна.2 хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө элэг бүтэн амьдрахыг хүсч байна.Иймд бид цаашид хамтран амьдрах боломж олгон эвлэрэх хугацаа өгөхийг хүсч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Соёлмаа хариуцагч У.Мөнхбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох,дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зохигчид 2006 оноос хамтран амьдарч 2008 оны 02 сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулан, 2008 оны 09 сарын 12-нд хүү М.Түмэн-Эрдэнэ, 2011оны 12 сарын 31-нд охин М.Жамъяанмядагийг төрүүлсэн,2014 оны 6 сараас тусдаа амьдарч байгаа, хүүхдүүд эхийн асрамжинд эрүүл өсөж байгаа болох нь 2015-08-03-ны өдрийн 014/014515 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Эрдэнэ багийн засаг даргийн ам бүлийн тодорхойлолт,7-р сургуулийн Сургалтын менежерийн 2016-03-02-ны өдрийн тодорхойлолт, Учралтбаяр ӨЭМТөвийн 2016-03-02-ны өдрийн тодорхойлолт,зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Зохигчид нөхөр У.Мөнхбаатарын амьдралдаа хандах идэвхгүй хандлага,гэр бүлээ гэх сэтгэл дутсан хайхрамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарсан байна.

Шүүх 2016 оны 4 сарын 26-нд зохигчдыг эвлэрүүлэх боломжтой гэж дүгнэж хэргийг зуучлагчид шилжүүлэн хэргийг түдгэлзүүлсэн боловч эвлэрээгүй, хэн алин нь цаашид хамт амьдрах боломжгүй талаар тайлбарлаж эвлэрүүлэх ажиллагаанд идэвхгүй хандаж ажиллагааг дуусгавар болгосон,одоо тусдаа амьдарч байх тул гэрлэлтийг цуцлах үндэстэй.

Хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж эцэг У.Мөнхбаатараас тэтгэлэг тогтоож тэтгүүлэх үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Бидний дундын өмч болох 6 ханатай гэрийг үнэлүүлж 2 хүүхэд болон  миний хувийг уг хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргав” гэсэн шаардлага гаргасан боловч 2016-4-26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “Хүлээн зөвшөөрөхгүй.Миний аавын өгсөн гэр. 750 000 төгрөгөөр өгсөн...гэрээ зарсан...”гэж, нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...гэрээ зараад тавилга бороонд нороод өгөршсөн байсан” гэж тус тус тайлбарласан  тул шүүх үнэлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч уг гэрийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох талаар ямар нэг нотлох баримт шүүхэд гаргаагүй байна.Зохигчид хэн алин нь шүүх хуралдаанд оролцохгүй,эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд гаргасан байх тул тэдний эзгүйд хэргийг шйидвэрлэсэн ба нэхэмжлэгч эд хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулах шаардлагаа дэмжиж  ирээгүй,нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэлийн  энэ хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :        

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Б.Соёлмаа, У.Мөнхбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Мөнхбаатарын Түмэн-Эрдэнэ, 2011 оны 12 сарын 31-ний өдөр Мөнхбаатарын  Жамъяанмядаг нарыг эх Б.Соёлмаагийн.асрамжинд үлдээсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Түмэн-Эрдэнэ, 2011 оны 12 сарын 31-ний өдөр М.Жамъяанмядаг нарыг 11 нас хүртэл нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг У.Мөнхбаатараас тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлсүгэй.

 

            4. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах, хамт байх эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.

         

            5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 2015 оны 03 сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.Мөнхбаатараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

          7. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногт Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ