Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1173

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: M.Баярмаа

улсын яллагч: Б.Эрдэнэбаатар

шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: С.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д   заасан гэмт хэрэгт Х С Т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806031331304  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт С Т, 19 оны 11 дүгээр  сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 7, эх, эгч, хүргэн ах, дүү нарын  хамт  Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          С.Т нь А.А бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууцны 1 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух Х.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагт, Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн хуучны гар оёдлын машин зэргийг хулгайлан авч нийт 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч  С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

         Шүүгдэгч  С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гадуур ажил хийж байгаад архи ууж гадуур хоноглосон. 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өглөө дотор муухайраад шартаад байхаар нь мөнгө олоод уух санаатай Баянзүрх дүүргийн 12  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвтэй залгаа урагш харсан ногоон өнгийн төмөр хаалгатай хашаан дотор цоожтой гэр байхаар нь ороод хаалганы цоожийг нь эвдээд гэрийн хойморт байсан хар өнгийн LCD зурагтыг орны бүтээлгэнд боогоод зурагтны хажууд газар байсан оёдлын машиныг ногоон өнгийн шуудайнд хийгээд бэлдээд авч гарах гэж байхад өөдөөс харсан хөрш айлын хүн нь гараад ирэхээр нь би авч явсан эд зүйлээ хашааных нь үүдэнд тавиад зугтаачихсан юм. Тэр үед надтай манай найз А таарсан. Уг айлын хүн А бариад авсан би цаашаа зугтаачихсан юм гэжээ. /хх-ийн 18/   

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, илтгэх хуудас /хх-н 8-12/

          Эд зүйл хүлээлгөн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 13/ Хохирогч Х.Б зурагт, оёдлын машин зэргийг хүлээлгэн өгсөн байна.

         Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 12.00 цагийн орчимд гэрээсээ гарсан. 13.20 цагийн орчимд гэртээ иртэл гэрт хулгай орсон байсан. Манай хашааны болон гэрийн хаалга онгорхой байсан. Манай зурагт оёдлын машиныг авч явсан байсан. Манайх зурагтаа 2015 онд 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Оёдлын машины үнийг мэдэхгүй байна гэжээ.  /хх-н 14-17/          

          Гэрч А.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр мөрдөгч, ахмад Б.Ч байцаагч дээр Т хулгайн хэрэгт шалгагдаж байгаа юм. Тэгээд Т алга болчихсон би хайгаад явж байгаад Сансар худалдааны төвийн урд талын гудамжинд айлд очих гээд нарийн гудмаар явж байтал Т айлын хашаанаас зурагт, оёдлын машин 2 тэвэрчихсэн гарч иртэл урд гудамжнаас нэг хүн орилсон чинь Т барьж байсан зүйлээ хаяад зугтаасан. Гэтэл нөгөө хүн намайг барьж аваад гар хөл мушгаад цагдаа дуудсан. Тухайн үед Төгсбаяр ганцаараа явж байсан гэжээ. /хх-н 19/

          Гэрч Я.Ю мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах Номин худалдааны төвөөс гараад гэрлүүгээ явж байтал манай гэрийн ойролцоо байдаг эгчийн хүүхэд Б хашаанаас нэг хүн зурагт, нөгөө хүн нь оёдлын машин тэвэрчихсэн гарч ирсэн. Гэтэл манай нөхөр гүйгээд очсон чинь нэг хүн нь барьж байсан зүйлээ хаяад зугтаачихсан. Нөгөө хүнийг нь манай нөхөр бариад авсан. Би цагдаа дуудаад уг хүнийг хулгайлсан зүйлтэй нь хамт цагдаад өгсөн гэжээ. /хх-н 20-21/

          Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26/        

          Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: Самсунг маркийн 3D 40 инчийн зурагтыг 1.000.000 төгрөгөөр, хуучин цагийн гар оёдлын машиныг 125.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-н 22-25/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 27-28/

          С.Т  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 36/, прокурорын тогтоол /хх-н 37-38/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/

          С.Т  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44 /, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 45-56/

          С.Т  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 30-32/ зэрэг болно.

          С.Т нь А.А бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууцны 1 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух Х.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагт, Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн хуучны гар оёдлын машин зэргийг хулгайлан авч нийт 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:  

         Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 13.20 цагийн орчимд гэртээ иртэл гэрт хулгай орсон байсан. Манай хашааны болон гэрийн хаалга онгорхой байсан. Манай зурагт оёдлын машиныг авч явсан байсан. Манайх зурагтаа 2015 онд 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Оёдлын машины үнийг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг  /хх-н 14-17/         

          Гэрч А.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Т алга болчихсон би хайгаад явж байгаад Сансар худалдааны төвийн урд талын гудамжинд айлд очих гээд нарийн гудмаар явж байтал Төгсбаяр айлын хашаанаас зурагт, оёдлын машин 2 тэвэрчихсэн гарч иртэл урд гудамжнаас нэг хүн орилсон чинь Т барьж байсан зүйлээ хаяад зугтаасан. Гэтэл нөгөө хүн намайг барьж аваад гар хөл мушгаад цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх-н 19/

          Гэрч Я.Ю мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... эгчийн хүүхэд Б хашаанаас нэг хүн зурагт, нөгөө хүн нь оёдлын машин тэвэрчихсэн гарч ирсэн. Гэтэл манай нөхөр гүйгээд очсон чинь нэг хүн нь барьж байсан зүйлээ хаяад зугтаачихсан. Нөгөө хүнийг нь манай нөхөр бариад авсан. Би цагдаа дуудаад уг хүнийг хулгайлсан зүйлтэй нь хамт цагдаад өгсөн гэсэн мэдүүлэг  /хх-н 20-21/

          Шүүгдэгч  С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Сансар худалдааны төвтэй залгаа урагш харсан ногоон өнгийн төмөр хаалгатай хашаан дотор цоожтой гэр байхаар нь ороод хаалганы цоожийг нь эвдээд гэрийн хойморт байсан хар өнгийн LCD зурагтыг орны бүтээлгэнд боогоод зурагтны хажууд газар байсан оёдлын машиныг ногоон өнгийн шуудайнд хийгээд бэлдээд авч гарах гэж байхад өөдөөс харсан хөрш айлын хүн нь гараад ирэхээр нь би авч явсан эд зүйлээ хашааных нь үүдэнд тавиад зугтаачихсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/   зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           С.Т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

         Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 13/ Хохирогч Х.Б зурагт, оёдлын машин зэргийг хүлээлгэн өгсөн байх тул С.төгсбаярыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Т цагдан хоригдсон 42 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         С.Т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хохирлоо нөхөн төлсөн тул ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт С Т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар С.Т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Т энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар С.Т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Т цагдан хоригдсон 42 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Т нь  бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Т  авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН