| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/04102/И |
| Дугаар | 210/МА2025/00155 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/00155
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04902 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, *******-д холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 41,251,466 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч болон хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ах ******* гэх хүнийг надтай танилцуулж, барилгын материал импортолдог, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, энэ талын туршлагатай, танилын хүрээ ихтэй, вагоноор ачаа оруулж ирэхэд вагон олоход зуучилдаг гэж танилцуулсан. ******* нь ******* гэдэг компаниараа гэрээ хийж ашиг олдог. ОХУ-ын Челябинск хотоос хэд, хэдэн удаа төмөр арматур оруулж ирж байсан, гурвуулаа нийлж хөрөнгө оруулаад хамтарсан компани байгуулан бизнес эрхэлье гэсэн саналыг хүлээн авч, Базовый контакт нэртэй компани байгуулсан.
1.2. Эхний удаа ******* нь миний олсон худалдан авагч болох Талст ширээт ХХК-тай өөрийн эзэмшлийн *******-аар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингэхдээ гадаад гэрээгээ ч мөн энэ компаниар байгуулбал ажил хурдан бүтнэ гэсэн учир ******* ах бид хоёр түүнд итгэж, банкнаас зээл аваад нийт 300 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд арматур төмөр борлуулаад зээлийн төлбөрөө төлсөн. Одоо үлдэгдэл 50,000,000 орчим төгрөг байх ёстой, тэр нь бид гурвын ашиг болох байсан. Гэтэл хэл амаар доромжлоод өгөөгүй. Мөн ******* ах нэг оффис түрээслэсэн, би түрээсийн урьдчилгаа төлбөрийг нь гаргасан.
1.3. Тодруулбал, ******* *******-аас 2021 оны 12 сарын 27-ны өдөр зээлсэн 250,000,000 төгрөгөөс 2021 оны 12 сарын 28-ны өдөр 156,000,000 төгрөгийг *******-ийн ******* дугаартай дансанд, 2021 оны 12 сарын 30-ны өдөр 92,000,000 төгрөгийг, 2021 оны 12 сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 17,350,000 төгрөгийг тус тус *******-ийн ******* дансанд, нийт 265,350,000 төгрөг шилжүүлсэн.
******* нь 250 сая төгрөгийн зээл олгохдоо 2,000,000 төгрөгийн шимтгэл авсан. Зээлийн хүүд 12,546,486 төгрөг төлж, нийт 279,896,486.5 зардал *******аас гарсан. Тэрээр *******-аас авсан зээлийг төлж дуусгасан. Хэрэв энэ зээлийг хааж дуусгахгүй бол тэр өдрөөс өдөрт зээл, зээлийн хүүгийн өрөнд орох байсан.
1.4. ******* нь 2022 оны 01 сарын 26-ны өдрөөс 2022 оны 02 сарын 14-ний хооронд 100,256,172.6 төгрөг, 2022 оны 02 сарын 10-ны өдөр *******-ийн ******* данснаас 122,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 14-ний өдөр 52,500,000 төгрөгийг тус тус *******, *******-ийн данс руу хийсэн ба нийт 274,756,172.6 төгрөг болсон. ******* 5,140,314 төгрөгөөр бодитоор хохирсон.
1.5. ******* нь *******-д 2021 оны 12 сарын 30-ны өдөр 20,842,000 төгрөг, *******ийн заасан дансанд 2021 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Эдгээр мөнгөнөөс нэг ч төгрөгөө буцааж аваагүй бодитоор 21,942,000 төгрөгөөр хохирч байгаа бөгөөд ******* нь *******аас мөнгөө ав гэдэг.
******* Наушкаас УБ-т тээвэрлэсэн төмөр замын тээврийн зардлаа төлөхгүй бол бараа олгогдохгүй байна, бараагаа хурдан аваад зарах хэрэгтэй байна гэж хэлээд ******* бид хоёроос 2,581,400 төгрөг нэмж гаргуулсан ба уг мөнгийг би төлсөн. Ингээд надад учруулсан нийт бодит хохирол 24,584,800 төгрөг болж байна.
1.6. ******* нь *******, ******* нартай хамтарсан компани байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулан ашиг олно гэж төлөвлөсөн боловч ******* нь өөрийнхөө компаниар гэрээ байгуулж залилсан, гэрээний үнэ, бусад холбогдох зардлыг *******, ******* нараар төлүүлсэн атлаа гэрээнээс олсон ашиг гэх 50,000,000 төгрөгийг хуваагаагүй, *******ын оруулсан 24,426,400 төгрөгийг өгөхгүй байгаа.
******* нь төмөр арматурын борлуулалтаас 50 сая төгрөгийн цэвэр ашиг олсон, ******* та хоёр хулгайч зан гаргасан тул би та хоёрт өгөхгүй гэж *******д ******* дугаараас мессэж илгээсэн байдаг.
1.7. ******* нь анхнаасаа худалдаа хийж, ашиг олж хуваана гэж өөрөө нэг ч төгрөг гаргаагүй, 310 орчим сая төгрөгийг бид нараар гаргуулж, ОХУ-аас арматур төмөр оруулж ирж зарж борлуулаад 50 сая төгрөгийн ашиг олсон. Энэ ашгийг хуваах болоход зан ааш нь өөрчлөгдөж элдэв юм бичиж эхэлсэн. Иймд, төмрийн худалдаанаас олсон 50 сая төгрөгийн ашгийг гурав хувааж өөрт ногдох 16,666,666 төгрөгийг мөн нэхэмжилнэ. Би, анх тохирсоны дагуу худалдан авах компанийг олсон болно.
******* болон ******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Арматур зарсан мөнгөний нийт орлого, ашиг болох 50,000,000 төгрөгийг *******, *******-ийн дансаар орсон эсэхийг би мэдэх боломжгүй тул өөрийн гаргасан зардал мөнгө болон хүртэх ёстой хувийг *******, *******-аас нэхэмжилнэ.
Иймд, хариуцагч *******, *******-аас 24,584,800 төгрөг, төмөр арматурын цэвэр ашиг 50,000,000 төгрөгөөс өөрт ногдох 16,666,666 төгрөг, нийт 41,251,466 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-ийн захирал ******* өөрийн танил *******ы гуйлтаар ОХУ-ын үндэсний үйлдвэр болох Челябинек хотын төмрийн үйлдвэртэй танил оросуудыгаа гуйж том хэмжээний барьцаа, баталгааг гаргуулж шууд хамтран ажиллах гэрээ хийсэн. Уг гэрээг *******ы хүсэлтээр 2021 оны 12 сарын 21-ний өдөр ******* дугаартай гэрээнд гарын үсэг зурсан.
2.2. Уг ******* нь манай компанид 2 вагон арматур /136 тн/ тухайн гэрээний ханшаар захиалсан. Нийт 2 вагоны захиалгын дүн болох 308,000,000 төгрөгөөр төлөхөд *******д 20,000,000 төгрөг дутаж өөрийн танил *******аас зээлж манай компанийн данс руу хийж цугтаа банкан дээрээс ОХУ руу шилжүүлсэн болно. *******ы захиалсан төмөр 2 вагон нь 1 сарын дотор хугацаандаа Монгол Улсад орж ирсэн. *******, ******* бид 3 уг төмөрийг орж ирэхэд гааль дээр тосож авч татварыг төлсөн. Уг ******* нь *******ыг ятгаж би, таны энэ 2 вагон арматур төмрийг өөрийн танил компанид зарж өг гэж хэлээд зарсан. Уг зарсан төмрийн тооцоо манай компанийн данс руу шилжиж орж ирэх бүрт *******ы заасан данс руу нийт 308,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно.
2.3. *******тай манай компани тооцоо тулж ямар нэгэн гомдолгүй тооцоо дууссан гэсэн бичгийг авч өмнөх шүүх хуралд танилцуулсан болно. ******* нь өөрийн шунахай хүслийн улмаас *******д зээлсэн 20,000,000 төгрөгөө манай компаниас нэхэж байгаа нь *******тай хуйвалдсан байж болзошгүй харагдаж байгаа. Иймд *******ын нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн шүүх хуралд гуравдагч этгээдээр *******ыг оруулж өгнө үү. Тэрээр манай компани данснуудыг битүүмжлүүлээд 2 жил болж байна. ******* нь манай компанийн, ОХУ-тай хийсэн гэрээнд ямар ч хамааралгүй болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 1,000,000 төгрөг, хариуцагч *******-аас 20,842,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,409,466 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 364,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөг, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 262,160 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. ******* миний бие *******тай ямар нэгэн зээлийн гэрээг амаар болон бичгээр үйлдээгүй, гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй байхад Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг үндэслэж хариуцагчийг төлөхөөр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.6-д заасныг зөрчиж хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн.
Учир нь, ******* бид хоёрын хувьд хамтран ажилласан бөгөөд хамтын бизнест *******ы захиалсан вагоны төлбөр шаардлагатай болоход ******* өөрөө төлбөрөө олж хийнэ гээд тухайн үед миний жолооч *******ын хувийн дансанд 1 сая төгрөг болон *******-ийн дансанд 20 сая төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ мөнгийг ******* өөрийнхөө вагоны төлбөрийн мөнгө гэж надад ойлгуулж шилжүүлэг хийсэн учраас би итгэсэн.
*******аас зээлсэн мөнгө шүү гэж надад ******* огт хэлээгүй учраас би хамтран бизнес хийсэн *******тай тооцоо нийлж түүний хөрөнгө оруулсан мөнгө болон бизнесийн ашиг, татвар, зуучийн мөнгө гээд нийтдээ 307 сая төгрөгийг түүний шилжүүлээрэй гэсэн хувийнх нь данс болон *******, ******* банк бус санхүүгийн байгууллага зэрэг дансанд хийж төлбөр тооцооны үлдэгдэлгүй болсон.
Үүнийгээ ч нотлох төлбөр тооцоо дууссан тухай бичгийн баримтыг ******* хийж өгснийг өмгөөлөгчид байгаа тухай анхан шатны шүүхийн хуралд хэлж байсан.
Бизнесийн хамтрагч *******ы хэлснээр *******-ийн ******* дахь ******* дансанд миний бие 122,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 10-ны өдөр *******-ийн ******* тоот данснаас 3831 дугаартай шилжүүлгээр хийж гүйцэтгэсэн тухай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга болох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
*******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь *******ад 122,000,000 сая төгрөгийг хариуцагч нар шилжүүлсэн байхад дахин төлбөр төлөх ёстой гэж шүүх шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
4.2. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2-т хариуцагчийн гаргасан тайлбар хэсэгт нэхэмжлэгчийн шаардагад дурьдсан 20 сая төгрөгийг ******* *******ыг дуудаж ирээд мөнгө шилжүүлсэн мэтээр буруу ташаа бичжээ. Миний хэлсэн тайлбарт ******* нь вагоны төлбөр төлөхдөө мөнгө нь дутсан тул мөнгө шилжүүлүүлсэн гэж тайлбар өгсөн. Гэтэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга буруу ойлгож найруулга хийж шүүхийн шийдвэрийн драфтыг бичсэн байгааг анхаарна уу.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хэргийг буюу нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн этгээдүүдийн хооронд ямар харилцаа үүссэн, төлбөрийн асуудал хэрхэн шийдэгдсэн эсэх, үүнээс хэн ашиг олсон талаар тодорхой зүйлсийг дүгнэж хэргийн үйл баримтад үндэслэн хэргийг зөв шийдвэрлэсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 41,251,466 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ах надад ******* нь ******* гэдэг компаниараа гэрээ хийж ашиг олдог. ОХУ-ын Челябинск хотоос хэд, хэдэн удаа төмөр арматур оруулж ирж байсан, гурвуулаа нийлж хөрөнгө оруулаад хамтарсан компани байгуулан бизнес эрхэлье гэж хэлсэн. Уг саналыг хүлээн авч, Базовый контакт нэртэй компани байгуулсан. ... Миний бие хамтын ажиллагааны компанид оруулсан хөрөнгө нь 24,584,800 төгрөгийг *******-д шилжүүлж байсан. Нийт гэрээний үлдэгдэл 50,000,000 төгрөгөөс миний мөнгийг хасаад 25,000,000 төгрөг болж байгаа. Тэгээд ******* ахтай холбогдоход надад хамаагүй, энэ асуудалд оролцохгүй гэсэн. ... ******* болон *******-аас 24,584,800 төгрөг, төмөр арматурын цэвэр ашиг 50,000,000 төгрөгөөс өөрт ногдох 16,666,666 төгрөг, нийт 41,251,466 төгрөгийг шаардах эрхтэй... гэсэн агуулгаар тайлбарласан байна.
3. Хариуцагч нар эс зөвшөөрч, ...*******ы захиалгаар ОХУ-аас арматур төмөр оруулж ирсэн, *******тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ******* захиалгын төлбөр хийхэд дутсан мөнгөө *******аас авсан, би *******тай бүх төлбөр тооцоо дууссан, ******* нь *******аас өгсөн мөнгөө шаардах эрхтэй... гэж татгалзлын үндэслээ тайлбарлан, маргажээ.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан, хэн нь хэний өмнө ямар эрх, үүрэг хүлээсэн талаар шүүх тодруулаагүй, хэрэгт авагдсан баримтаар эрх зүйн харилцааг тодорхойлох боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж заасан.
5.1. Хариуцагчаас ...*******ы захиалгаар ОХУ-аас арматур төмөр оруулж ирсэн, *******тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ******* захиалгын төлбөр хийхэд дутсан мөнгөө *******аас авсан, би *******тай бүх төлбөр тооцоо дууссан... гэж тайлбарлан, зохигчид уг үйл баримтын талаар маргасан байна. Энэ тохиолдолд шүүхээс гарах шийдвэр, *******ы эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
5.2. Зохигч нарын маргаж буй мөнгийг ******* шилжүүлсэн хэдий ч үүнийг ******* нь *******д төлсөн гэж маргаж байхад анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг тодруулаагүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлж хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах, аль эсхүл хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тодорхой тусгаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
6. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,208 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД