| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00388/И |
| Дугаар | 388 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 388
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 154-1 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, Өндөр овгийн Чогсонжавын Нарантуяагийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Нарантуяа, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Нарантуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Нарантуяа “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Ч.Нарантуяа нь 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Богд сумын “Хүн эмнэлэг”-ийн асрагч Ч.Нарантуяагийн 1985-1989 оны цалингийн тодорхойлолт, 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 132 тоот тодорхойлолт, гэрч С.Чимэддэлгэр, Б.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өндөр овгийн Чогсонжавын Нарантуяаг 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА