Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/00156

 

 

     

******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/05586 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

 

*******ийн бусдад зээлсэн 367,500,000 төгрөг нь өвлөгдөх мөнгөн хөрөнгө болохыг тогтоож, гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******ийн хууль ёсны эхнэр юм. *******гийн нөхөр ******* нь 2017 оны 07 сарын 19-ний өдөр барсан. Түүнийг нас барах үед иргэн *******, ******* нар нь түүнд олон сая төгрөгийн өр төлбөртэй байсан ба хамгийн сүүлд 2019 оны 05 сарын 29-ний өдөр *******гийн ******* банкны дансанд 2,0 сая төгрөг төлөөд одоо 367,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.2. Түүнээс хойш дахин дахин нэхэмжилсэн боловч огт мөнгө төлөөгүй. Иймд *******гийн талийгаач нөхөр *******ийн бусдад байгаа мөнгөн хөрөнгө, өв 367,500,000 төгрөг болохыг тогтоож, *******, ******* нараас гаргуулан өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******гийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2.1. *******ийг 2017 оны 07 сарын 19-ний өдөр нас барах үед *******ийн захирал *******, ******* нар нь түүнд олон сая төгрөгийн өр төлбөртэй байсан. Одоо үлдэгдэл 376,500,000 төгрөгийг талийгаач *******ийн бусдад байгаа өв болохыг тогтоож түүнээс ногдох хэсгийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү.

2.2. ******* миний бие *******тай хамтын амьдралтай байсан бөгөөд бидний дундаас 2011 оны 06 сарын 12-ны өдөр хүү ******* төрсөн. ******* нь 2017 оны 07 сарын 19-ний өдөр нас барсан. Түүнийг нас барах үед *******ийн захирал *******, ******* нар нь түүнд олон сая төгрөгийн өр төлбөртэй байсан болно. Одоо 367,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.

Иймд талийгаач *******ийн бусдад байгаа хөрөнгө, өв 367,500,000 төгрөг болохыг тогтоож, *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний ах ******* нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2022 оны 07 сарын 01-ний өдөр нас барсан.

3.2. Нэхэмжлэлд дурдсан мөнгийг миний ах ******* нь \талийгаач\ *******аас зээлж авч байсан талаар мэдэхгүй, өртэй байсан гэж ярьж байгаагүй. Хэрвээ их хэмжээний зээл авч байсан болон өртэй байсан бол тэдний хооронд ямар нэгэн бичиг баримт үйлдэх байх миний ах насаараа хууль цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хүн байсан тул бусдаас мөнгө төгрөг зээлэх шаардлага байхгүй.

3.3. *******, ******* нар нь ******* болон ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэх эрх үүссэн эсэх нь тодорхойгүй, мөн ямар нэгэн гэрээ байхгүй, өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй зэргээс тэднийг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлгүй.

******* миний бие нь ******* гэдэг хүнтэй ямар нэгэн зээл хийж гэрээ байгуулж байгаагүй, мөнгө төгрөгийн өр байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч *******ийн эрх залгамжлагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. *******ийг нас барах хүртэл хууль ёсны эхнэр нь байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь манай нөхөр 2011 онд өрөндөө 278 орчим м.кв талбайтай орон сууц өгсөн. Мөн гарааш үнэгүй өгсөн. Үүний дараа дахин засвар хийлгэсэн ба оффис үнэгүй хэрэглэж байсан.

4.2. Манай нөхөр болон ******* нарын хооронд ямар нэг өр төлбөр байсныг мэдэхгүй. *******гаас зээлсэн мөнгөнийхээ оронд орон сууцыг өгсөн. Хятад руу яваад нас барах хүртэл би цуг байсан. Манай нөхөр хэн нэгэнд мөнгө өгөх ёстой гэж хэлж байгаагүй. Мөн авлагын талаар ч ярьж байгаагүй гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга:

5.1. Миний бие *******, ******* нарын том охин болж 2003 онд төрсөн. Миний эцэг 2017 онд нас барсан. Эцэг *******аас *******, ******* нар мөнгө зээлж аваад нас барсны дараа төлөхгүй байгаа тул ээж, дүү 2 нэхэмжлэл гаргасан.

5.2. Миний бие эцгийнхээ хууль ёсны өв залгамжлагч тул түүний өвөөс оногдох хэсэг болон өвд тооцогдох хөрөнгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Эрх ашиг хөндөгдөж буй тул гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагч *******, ******* нарт холбогдох 367,500,000 төгрөгийн өвлөгч болохыг тогтоож, гаргуулах тухай нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,995,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчим, 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан ... шүүх хуралд биеэр оролцох, 25.1.3 ... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхийг хязгаарласан.

Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч ******* нас барснаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2024 оны 11 сарын 05-ны өдөр ******* томилогдсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэг хүлээсэн. Энэ ч утгаараа нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэж байсан.

Нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд *******ын төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 сарын 07-ны өдөр шүүх хуралдаанд оролцсон бөгөөд дараагийн шүүх хуралдаан 11 сарын 27-ны өдрийн 10 цагт товлогдсон байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 11 сарын 20-ны өдөр хурал товлосныг мэдэгдэхэд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны товыг мэдэгдэх үед Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурал давхцсан болохыг хэлэхэд Та хүсэлтээ өгнө биз гэж шүүгчийн туслах хэлсний дагуу 2024 оны 11 сарын 20-ны өдөр шүүх хурал хойшлуулах хүсэлтээ и-мэйлээр өгсөн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны хуралдаанд хариуцагч ******* нь Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй шүүх хурлыг хойшлуулая, мөн манай өмгөөлөгчийн хурал давхцсан, өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд оролцох хүсэлтэй байна гэсэн байхад шууд хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.

Хариуцагч нар болох *******, ******* нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ зөрчсөн-өөс шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн байх бөгөөд хэргийн оролцогчдын эрхийг хангаж мэтгэлцүүлсэн бол шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарах байсан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хойшилсон хэмээн ойлгож байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ач холбогдолтой баримтуудыг олж авснаар 2024 оны 11 сарын 27-ны өдөр шүүхэд хүсэлтээ гаргасан. Гэтэл шүүх эзгүйд хуралдаж талуудын мэтгэлцэх боломжийг хязгаарласан.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж, нотлох баримтуудаа шүүхэд гарган өгч, мэтгэлцэж, хэрэг маргаанаа хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Тус хэргийн шүүх хуралдаан 2024 оны 11 сарын 27-ны өдөр болсон боловч шүүхээс *******ын хууль ёсны төлөөлөгч ******* надад тов мэдэгдээгүй шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээр хангаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй.

Мөн бусад нэхэмжлэгч болох *******, ******* болон гуравдагч этгээд нарын төлөөлөгч *******, ******* нар нь шүүхэд шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч эдгээр хүсэлтийг хангалгүйгээр нэхэмжлэгч талаас огт оролцогч байлгахгүйгээр шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлж байна.

8.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 8хуудас/ хариуцагч нар нь  *******д зээлийн болон бусад хэлбэрээр төлбөр төлөх үүрэгтэй гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт байгаа гараар бичсэн баримтаас үзэхэд хэн,

хэзээ бичсэн нь тодорхойгүй байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй.

А.******* нь талийгаач *******д хүү бөгөөд түүний бусдад байгаа хөрөнгө өвийг өвлөх эрхтэй гэж үзэж байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2022 оны 05 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч *******, ******* нар, 2023 оны 10 сарын 04-ний өдөр *******ын хууль ёсны төлөөлөгч ******* нар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгч нарын хүсэлтээр олон удаа ажиллагаа хийгдэж, шүүх хуралдаан хойшилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч Д.Ганболд шүүгч дээр хурал зарлагдсан бөгөөд дахин зарлагдсан. Нэхэмжлэгч нар мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нар өөрсдөө шүүх хуралдаанд ирж оролцоогүй. Хэдийгээр нэхэмжлэгч нарын бие төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцоогүй ч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн.

9.2. Мөн *******ийг дахин гэрчээр асуулгах нь Д.Ганболд шүүгчид хамааралгүй. 2023 оны 06 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд Т.Энхжаргал шүүгч гэрч *******ээс асуулт асуусан бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчид тодорхой хэмжээгээр хариулсан. Мөн шүүх хуралдаанд ирээгүй, оролцоогүй, хүсэлт гаргахад мэтгэлцэх эрхийг нь хангаагүй, нотлох баримтыг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн гэрчийг худал мэдүүлсэн гэж тайлбарладаг ч үүнийг нотлох баримт байдаггүй. 2024 оны 01 сарын 24-ний өдрийн Монголын нотариатчдын танхимаас гаргасан лавлагаа байдаг. Лавлагааны арын хуудсанд ******* нь талийгаач  ******* ийн хүү мөн бөгөөд хөрөнгийг өвлөх эрхтэй гэдэг бөгөөд өвлөх эрхтэй гэдэгт Нотариатчдын танхимаас тайлбар өгсөн.

Үүнд нэр бүхий таван өвлөгч байдгийг дурдсан. Мөн хөдлөх хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө, *******-ийн хувьцаа, банкин дахь  ******* ийн нэр дээрх хадгаламж болон мөнгөн хөрөнгийг өвлөх хүсэлтийг гаргасан гэж тайлбарладаг. өгсөн. Мөн ямар нэгэн өр авлагатай талаар үүнд бичигдээгүй учраас шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт өвлөх эрхийг үгүйсгээгүй бөгөөд өвлөх эрхтэй гэдгийг дүгнэсэн. Мөн нэхэмжлэлд дурдсан 367,500,000 төгрөгийг ******* болон ******* нар зээлсэн нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9.3. Түүнчлэн ******* хурлын товыг мэдэгдсэн тул шүүх хуралдаан ирэх эсэх нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй бөгөөд шүүхийг үл хүндэтгэж, хүндэтгэн үзэх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд талын гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан  *******ийн бусдад зээлсэн 367,500,000 төгрөг нь өвлөгдөх мөнгөн хөрөнгө болохыг тогтоож, гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар 2024 оны 11 сарын 27-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ мөн сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн и-мэйл хаягаар ирүүлж, үндэслэлээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар тус хэргийг мөн сарын 27-ны өдөр хянан шийдвэрлэхээр хойшлуулсан гэж тайлбарласан байна. /1хх-244-246/

 

Шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлд хамаарч байна.

 

4. Гэрч *******ээс дахин мэдүүлэг авахуулах тухай нэхэмжлэгчийг хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамж гаргасан атлаа биелэлтийг хангах ажиллагаа явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. /1хх-195-198/

 

5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

6. Шүүх, нэхэмжлэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******д шүүх хуралдааныг товыг 2024 оны 11 сарын 18-ны өдөр мэдэгдсэн болох нь хэргийн 1 дэх хавтасны 223 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна. Тэрээр *******гийн шүүх хуралдаанд хоцорч ирсэн үйлдлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй тул шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хоцорч ирэхэд оруулаагүй, эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/05586 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,995,450 төгрөг, нэхэмжлэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.ЦЭНД