Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1174

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: М.Баярмаа,

улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов,

Хохирогч Д.Э,

шүүгдэгч: Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ч Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806076161079  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ч Б, 19 оны 7 дугаар  сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 1,  Баянзүрх  дүүргийн  дүгээр  хороо  дугаар гудамжны тоотод оршин суудаг, сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 оны 7 дугаар сарйн 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харглзаж байсан,   РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Төвийн 39 тоотод Д.Э маргалдаж гартаа барьж байсан заазуураар нуруун тус газар нь зүсэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай эгч Т нь барилгачдын баяраар шагнал авсан гээд нэг шил архитай ирсэн. Тэгээд тэрийгээ уугаад байж байтал манай хүргэн ах хамаатны нэг залуутай хамт нилээн согтуу ирсэн. Тэгээд дахиад бид нэг шил архи уугаад байж байтал манай хүргэн ах эгчтэй маргалдаад эгч рүү агсраад халуун сав шидсэн. Би болио эртхэн амарцгаа, битгий хэрэлдэж маргалд гэж хэлэхэд над руу дайраад босоод ирсэн. Тухайн үед би хоол хийх гээд хутга барьсан байсан. Би нэг түлхтэл Э зүүн далны ард зүсэгдсэн байсан. Тэгээд байж байтал доороос эдний дунд хүүхэд ирээд цагдаагийн байгууллага дуудсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэн ахынхаа биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Манай Э ахын баруун гар нь мэдээгүй ажил хийдэггүй гэртээ байдаг. Манай эгч ганцаараа ажил хийдэг. Би 3 хүүхдийг нь хардаг тул энэ байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

          Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 09 дүгээр сарын 17-нд манай гэрийн хүн барилгын баяр гээд явсан. Би айлаас цемент авах гээд явсан. Тэгсэн цемент бүтээгүй, би өөрийнхөө дүүтэй 0.5 шилтэй уучихаад гэртээ нилээн халамцуу ирэхэд манай гэрийн хүн ирчихсэн, манай хэд 0,75 -ийн архи уугаад сууж  байсан. Бид нар ууж дуусчихаад дахиад нэг архи авч уусан. Би нилээн согтсон байсан. Би эхнэр рүүгээ цай авч шидсэн. Тэгээд манай дүү намайг барьж авсан. Тэрнээс хойш би бараг тасарчихсан байсан гэв.

         Шүүгдэгч  Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн төрсөн эгч Т шагнал авсан гээд түүний нөхөр Д.Э манай эгч бид 3 тэмдэглээд архи уусан. Гэтэл манай хүргэн ах Д.Э эгч рүү дайраад чи архи ууж ирлээ гээд халуун сав авч шидэхээр нь би хоол хийх гээд мах хэрчиж байсан чинь над руу мөн дайрсан. Гэтэл мах хэрчиж байсан заазуурт хатгагдсан байсан. Би хөдөө орон нутагт ажилладаг юм. Эрдэнэбаатар ахад гэмтэл учруулсандаа гэмшиж байгаа гэжээ. /хх-ийн 23/

         Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр төвийн задгай тоотод байдаг өөрийн гэртээ хадам дүү болох Ч.Б хамт 3 шил архи хувааж уусан. Би хоол хийх санаатай мах гаргаад хэрчиж байтал манай хадам дүү болох Ч.Б миний араас баруун талын мөр хэсэгт миний барьж байсан заазуураар нэг удаа хатгасан. Би тухайн үед их согтолттой байсан болохоор өвдөлт мэдээгүй. Харин их цус гарсан. Тэгж байтал манай хүү М гаднаас орж ирсэн. Би тухайн өдөр маргаан болсоныг мэдэхгүй байна. Ямар нэгэн маргаан болсон байх гэж би бодож байгаа юм. Манай хүү цагдаа дуудсан гэжээ.  / хх-н14-17 /

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-н 8-13/  

          Эд мөрийн баримтаар   тооцох тухай мөрдөгчийн тогтоолд:/ хх-н 18/ модон иштэй, ажлын хэсэг нь 16 см урттай, бор өнгийн иш нь 12 см урттай заазуурыг хурааж эд мөрийн баимтаар тооцов гэжээ.

          Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 19-20/             

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 26/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 439 тоот шинжээчийн дүгнэлт:

1.Д.Э зүүн дал ясны маяа сэртэнгийн холбоосны бүрэн тасрал, зүүн мөрний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-н 27/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 28-29/

        Ч.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31 /, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 32-36/

         Ч.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 61/, прокурорын тогтоол /хх-н 49-50/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-53, 56-59/ зэрэг болно.

         Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо Төвийн  тоотод Д.Э маргалдаж гартаа барьж байсан заазуураар нуруун тус газар нь зүсэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.... Би хоол хийх санаатай мах гаргаад хэрчиж байтал манай хадам дүү болох Ч.Б миний араас баруун талын мөр хэсэгт миний барьж байсан заазуураар нэг удаа хатгасан. Би тухайн үед их согтолттой байсан болохоор өвдөлт мэдээгүй. Харин их цус гарсан гэсэн мэдүүлэг  /хх-н14-17/ Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 439 тоот шинжээчийн дүгнэлтээр: Д.Э зүүн дал ясны маяа сэртэнгийн холбоосны бүрэн тасрал, зүүн мөрний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ Шүүгдэгч  Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай хүргэн ах Д.Э эгч рүү дайраад чи архи ууж ирлээ гээд халуун сав авч шидэхээр нь би хоол хийх гээд мах хэрчиж байсан чинь над руу мөн дайрсан. Гэтэл мах хэрчиж байсан заазуурт хатгагдсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

               Ч.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүргэн ахыгаа эгч рүү халуун савтай цай шидлээ гэсэн шалтгаанаар барьж байсан заазуураар цохиж зүүн дал ясны маяа сэртэнгийн холбоосны бүрэн тасрал, зүүн мөрний зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

          Хохирогч Д.Э нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.        

           Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг заазуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэв.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол зэргийг харгалзан үзэж тухайн зйүл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ч.Б цагдан хоригдсон 15 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж үлдэх 255 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар           Ч.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг заазуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Б  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН