Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00373

 

 Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Д.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох Д.Энхтайваны тэтгэвэрт гарахад нь олгох байсан нэг удаагийн мөнгөн тэтгэмж 4988800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00273/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, Агуйт 3б хэсгийн 4-07 тоотод оршин суух, Боржигон овогт Доржнямбуугийн Уранцэцэг /РД:ГЭ82111706/, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1990 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Шинэ-Хорооны 6-7 тоотод оршин суух, Боржигон овогт Очирбатын Буянбат /РД:ГЮ90072819/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Уранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Д.Энхтайван нь 1980 оноос эхлэн мэргэжлээрээ барилгын салбарт ажиллаж байгаад 2006 оноос Булган аймаг дахь Булган Хангай Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд дадлагын багшаар 9 жил ажиллаж байгаад 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нас барсан юм. Ээж минь 2013 оны 07 дугаар сард 55 нас хүрсэн боловч ажил, амьдралын шаардлагаар ажлаа хийж байсан бөгөөд 2014 оны 06 дугаар сард Төрийн албаны хуулийн дагуу тэтгэвэрт гарахдаа авах тэтгэмжээ олгохыг хүссэн хүсэлтээ ажиллаж байсан байгууллага Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд гаргасан. Үүний дагуу тухайн байгууллага 2015 оны төсөвтөө тэтгэвэрт гарах хүмүүст олгох нэг удаагийн тэтгэмжийг төлөвлөсний дагуу 2015 оны 06 дугаар сард ээжийн минь нэр дээр 4988800 төгрөгийн тэтгэмж ирсэн боловч тухайн байгууллага олголгүй өдийг хүрсэн. Ээж маань тэтгэмжийн мөнгө төсөвт суугдаж ирсэний дараа тэтгэвэртээ гарна гээд тэтгэврээ тогтоолгоогүй байж байгаад нас барсан. Нас барсаных нь дараа тэтгэмжийн мөнгө нь өөрийнх нь нэрээр төсөвт суугдаж ирсэн. Иймд Булган аймаг дахь Булган хангай мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс ээж Д.Энхтайваны тэтгэвэрт гарахад нь олгох байсан нэг удаагийн мөнгөн тэтгэмж 4988800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Булган аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн захирал О.Буянбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны төсвийн төсөлд Д.Энхтайван багшийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох 1 удаагийн тэтгэмжийг суулгуулах саналаа сургууль хүргүүлсэн. Д.Энхтайван багш нь 2015 оны 02 дугаар сард тэтгэвэр тогтоолгоогүй, тэтгэмж авах эрх үүсээгүй байхдаа насан өөд болсон учир тэтгэмжийн мөнгө олгогдох боломжгүй болсон. Сангийн яамнаас тэтгэмжийн мөнгө олгох эрх 2015 оны 07 дугаар сард үүсч 12 дугаар сард өндөр настны тэтгэвэрт гарсан багш нарт олгогдсон. Бид 3 хүний нэр дээр санал явуулсан, төсөвт суухдаа нэрсээр нь биш багц дүнгээр суугддаг. Энхтайван багшид сургуулийн дотоод журамд заасны дагуу 150000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан тэтгэмжийг олгоход тухайн хүн өндөр насны тэтгэвэрээ албан ёсоор тогтоолгосон байхыг шаарддаг. Д.Энхтайван багш нь тэтгэвэрээ тогтоолгоогүй, ажлаа хийж байхдаа нас барсан тул тэтгэмжийг олгох боломжгүй юм гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Уранцэцэг нь Булган аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулж өөрийн ээж Д.Энхтайваны авах ёстой тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 4988800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Буянбат нь ...2015 оны төсвийн төсөлд Д.Энхтайван багшийн өндөр настны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн тэтгэмжийг суулгуулах саналаа хүргүүлсэн. Д.Энхтайван багш нь 2015 оны 02 дугаар сард тэтгэвэр тогтоолгоогүй, тэтгэмж авах эрх үүсээгүй байхдаа нас барсан учир тэтгэмжийн мөнгө олгогдох боломжгүй.. гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ. /хх 19 тал/

Д.Энхтайван нь 2006 оноос эхлэн Булган аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд дадлагын багшаар ажиллаж байгаад 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна./хх 8-9 тал/

Нэхэмжлэгч Д.Уранцэцэгт Д.Энхтайваны тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой мөнгийг өвлөх өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байгаа тул тэрээр өөрийн ээж Д.Энхтайван агсны тэтгэвэрт гарахдаа авах байсан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх 7 тал/

Д.Энхтайван агсан нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төсөвт суулгахаар Хөдөлмөрийн яаманд саналаа хүргүүлсэнээр тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгө нь 2015 оны 5, 8 сард багц дүнгээрээ сургуулийн төсөвт суугдаж ирсэн болох нь Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас ирүүлсэн 2015 оны батлагдсан төсвийн хуваарь-иар нотлогдож байна. /хх 49-50 тал/

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т..........иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгана гэж заасан бөгөөд Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын хавсралт 10-д...өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож, ажил олгогчид өргөдөл гаргасных нь дараа энэ журамд заасны дагуу.....нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэжээ.

Д.Энхтайван агсан нь өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгоогүй, тэтгэвэр авах эрх үүсээгүй байхдаа нас барсан байх тул түүнд тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Булган аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс Д.Энхтайваны нэр дээр төсөвт суугдаж ирсэн тэтгэвэрт гарахдаа авах нэг удаагийн мөнгөн тэтгэмж 4988800 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Уранцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ..Д.Энхтайваны тэтгэвэрт гарах хүсэлтийг шийдвэрлэхгүй удааснаас тэрээр тэтгэвэрээ тогтоолгож чадалгүй нас барсан тул хохирол учирсан гэж үзэж байгууллагаас нь 4988800 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбар гаргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч нь ...ээж маань тэтгэмжийн мөнгөө төсөвт суугдаж ирсэний дараа тэтгэвэрээ тогтоолгохоор хүлээж байсан гэж тайлбар гаргаж байх тул сургуулийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан үндсэлэл тогтоогдохгүй байх тул Булган аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох, Д.Энхтайваны тэтгэвэрт гарахад нь олгох байсан нэг удаагийн мөнгөн тэтгэмж 4988800 төгрөг гаргуулах Д.Уранцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94770 /ерөн дөрвөн мянга долоон зуун дал/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН