Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 317

 

 

 

 

 

 

 

     2019            4            03                                      2019/ШЦТ/317

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          улсын яллагч П.Ганбаатар,

          шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч С.Намжилмаа,

          шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ө.Алтангадас нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809022081145 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 06-нд Улаанбаатар хотод, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Голомт” банкинд зээлийн эдийн засагч ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй, Б.Д,

 

          2.Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр Замын Улаанбаатар татах хэсэгт дизелийн цехэд илчит тэрэгний засварчин ажилтай, ам бүл-2, эхийн хамт Т.М,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Т.М нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Даймонд” бааранд иргэн Б.Дийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

          Яллагдагч Б.Д нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Даймонд” бааранд иргэн Т.Мыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 23 цагийн үед найз охин Цолмонгийн хамт гэртээ байсан. 23 цаг өнгөрч байхад Голомт банкны хуучин захирал Энхдолгион заавал ир гэж хэлсэн. Өмнө бас байнга ир ирэхгүй бол ажлаас хална гэж сүрдүүлдэг байсан. Найз охин Цолмон эсэргүүцсэн боловч би Даймонд караокед очсон. Тэгээд намайг очиход 10 гаруй хүн архи уучихсан байсан. Тэнд очоод 2-3 цаг болоод би ариун цэврийн өрөө рүү орсон. Ариун цэврийн өрөөнд байж байхад манай найз охин Б.Дийг Энхдолгион захирал дуудаж байна. Ямар нэгэн юм болох юм бол биеэ сайн бариарай гэж надад зөвлөсөн. Б.Дийг Эхдолгион захирал дуудаад Б.Д найзтайгаа хамт ирсэн. Бат-Ирээдүй намайг мангар бацаан хэзээ ийм том болсон юм гэж янз бүрээр доромжилж дайрсан. Тухайн үед байсан хүмүүс болиулаад бид хоёрыг салгасан. Б.Дийг чи наад бацаандаа юм хэл гээд найз руугаа тийм үг хэлсэн. Тэгээд удалгүй сууж байж байгаад чи ахаа хүндлэхгүй хэзээ ийм болсон гээд над руу стакан шидсэн. Миний толгойны дагз хэсгийг хагалсан. Би ширээн дээр байсан юмыг шидсэн. Тэгэхэд Б.Дийг оносон байсныг хүмүүс салгаад би найз охинтойгоо хамт гадаа гарч ирэхэд Б.Д найзтайгаа хамт гадаа зогсож байсан. Би найз охинтойгоо хамт эмнэлэг рүү явж толгойгоо оёулсан. Араас Б.Д найзтайгаа орж ирж толгойгоо оёулсан. Тэгээд би 2, 3 хоногийн дараа Б.Дийг эмнэлэг дээр эргэж очсон..”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед гэртээ амарч байсан. Манай Голомт банкны Сансар бизнесийн төвийн захирал Энхдолгион над руу утсаар залгаж “100 айлын Даймонд караокед хүрээд ирээч” гэж дуудсан. Ер нь Энхдолгион захирал ууж идэхээрээ байнга дууддаг байсан юм. Би очдоггүй байсан. Энэ удаад найз Цолмонгийн хамт очихоор болсон. Шөнө 00 цагийн үед Голомт банкны Сансар бизнес төвийн ажилтан Бямбадорж над руу залгаж “захирал дуудаад байна хурдал” гэж хэлсэн. Би найз охин Цолмонгийн хамт замаараа паркийн хажуу талаас Энэрлийг аваад бид гурав тухайн караокед очсон. Очиход 10 гаруй хүн байсан. ...Б.Д над руу “бацаан минь томроод байгаарай ална шүү” гээд барьж байсан архитай хундагаа шидсэн. Миний чихний арын хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг /1хх-36-37/,

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Голомтын Би-Жи лиг дууссаны дараа гэртээ эхнэр хүүхдийн хамт хоол идээд байж байсан. Багийн менежер болон захирлуудын дуудсанаар би дуудсан газар нь очсон. Т.М бид хоёрын хувийн таарамжгүй зүйлээс болоод би Т.Мын биед хөнгөн хохирол, Т.М миний биед хүнд хохирол учруулсан. Бид хоёр эмнэлэг дээр очоод толгойгоо оёулсан. Тэгээд намайг шууд эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн тул би эмнэлэгт хэвтсэн...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “…Миний цус тогтохгүй байсан. Би ариун цэврийн өрөөнд ороод цусаа угаагаад толинд хараад би шоконд орсон. Миний духны дээд хэсгээр ярагдсан байсан. Би буцаж өрөө рүүгээ ороод Т.М руу дөхөж “чи яагаад ингэж байгаа юм бэ” гэсэн. Гэтэл Т.М намайг үснээс зулгааж нүүр рүү 1-2 удаа цохисон. Тэгээд салаад баарнаас гарсан. Баарны гадна Т.Мтай уулзаагүй. Т.М түрүүлээд яваад өгсөн. Би Бат-Ирээдүйтэй хамт араас нь гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-100/,

 

Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт “…Би тухайн өдөр хүнд гэмтэл авсан байсан. Яаралтай эмнэлэгт хэв гээд би эмнэлэгт хэвтсэн. Миний духны яс цөмөрсөн байсан. Маргааш нь хагалгаанд орж магадгүй гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтээд гэр бүлийнхэндээ хэлсэн. Миний толгойны зургийг Холбооны бүгд найрамдах Герман улс руу явуулсан. Тухайн үед төлбөрийн боломж байгаагүй учраас гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн. Дараа Герман улсад эмчилгээ хийлсэн. Нийт 25.000.000 төгрөг нэхэмжилснээс 15.000.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилж байна...”гэв.

түүний мөрдөн хохирогчоор мэдүүлсэн: “…Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр захирал Б.Энхдолгионы дуудсанаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо«ы нутаг дэвсгэрт ажилладаг “Даймонд” караокед очсон. Тэнд очоод байж байхад Т.М нь над руу хэл амаар дайрч элдвээр хэлж эхэлсэн. Энэ үед надтай хамт караокед очсон Бат-Ирээдүй намайг өмөөрч Т.Мт үг хэлсэн. Т.М нь Бат-Ирээдүй рүү нилээн ширүүн дайрч эхэлсэн. Тэхээр нь би Бат-Ирээдүйг өрөөнөөс нь авч гараад коридорт гараад одоо муудалцаад яах вэ гэж хоорондоо ярилцаж тохиролцоод буцаж өрөөнд орсон. Би Т.Маас уучлалт гуйсан чинь чи манжилж байна, танай найз та хоёр манжилж байгаа биз дээ гэсэн. Уучлалтыг хүлээн авахгүй үл тоосон шинжтэй байсан. Т.М надаас гадна багш дасгалжуулагч нарын нэрийг дурдаж, мөн манай найзуудыг доромжилж, хочоор дуудаж элдвээр хэлсэн. Та нар бол Үкүн багшийнхаа үгнээс гардаггүй банди нар, та нарыг бүгдийг чинь ална аа гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрээд надад өгсөн байсан хундагатай архийг аваад Т.М луу цацах гэсэн боловч гараас мултраад Т.Мын зүүн чихний хавьцаа оносон. Тэгсэн чинь Т.М урдаа байсан шилтэй шар айргийг над руу шидэж миний толгойг оносон. Шил нь бутарч миний духны дээд хэсгээс цус гарсан. Өрөөнд байсан хүмүүс бид хоёрын голоор орж салгасан. Тэгээд би өрөөнөөс гарч ариун цэврийн өрөөнд орж шархаа угаасан чинь цус нь тогтохгүй нилээн том шарх байсан. Тэгээд Бат-Ирээдүйтэй хамт Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Гэмтлийн эмч нар рентген зураг үзээд духны яс цөмөрсөн байна яаралтай хэвт гэсэн. Тэгээд тэр дороо Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Би Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тэр өдөр манай сагсны баг Т.Мын багтай хасагдах шатны тоглолт хийсэн. Би багтаа холбон тоглогчоор тоглодог. Т.М нь хамгаалагч, довтлогчоор тоглодог байх. Т.Мын танай багийн тоглогч залуу намайг тохойлдоод байна гэж над руу уурласан. Би яасан юм бэ адилхан тоглож байна ш дээ гэсэн. Энэ байдлаас болоод Т.М нь над руу дайрч хүчтэй түлхсэн. Үүнээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд тэмцээн тэр өдөр манай багийн хожлоор дууссан. Би эмнэлэгт хэвтэж байх үед Т.М ганцаараа ирж уулзсан. Би Т.Мт өөрийнхөө биеийн байдлыг хэлээд би хуулийн байгууллагад гомдол гаргаагүй байгаа шүү гэж хэлсэн. Т.М дуугүй сонсоод байсан. Тэгээд би буцаад орсон…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 13/,

 

Хохирогч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний хувьд хөнгөн гэмтэл учирсан. Тухайн үед толгой эргэж өвдсөн. Ажлаас 14 хоногийн акт авсан. Би 7 хоног сувилалд хэвтэж, хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би монголын сагсан бөмбөгийн дээд лигт тоглодог. Лигээс тодорхой хэмжээгээр цалин авдаг. Лигийн тоглолт тасалсан бол цалингаас хасагддаг.  Нийт 1.279.800 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдол санал байхгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “...Намайг очсоноос хойш Б.Д нэг найзын хамт ирсэн. Орж ирэхдээ нилээн согтсон байсан. Найз Бат-Ирээдүй нь чи намайг таних уу, чи хэн юм бэ гэх мэтээр над руу ам хэлээр дайрч эхэлсэн. Энэ явдал Б.Д, Бат-Ирээдүй хоёр орж ирснээс хойш 10-20 орчим минутын дараа эхэлсэн. Батжаргал, Энэрэл, Цолмон нар ширээн дээр байсан хоосон шилнүүдийг хурааж авсан. Би тэгэхээр нь чамайг танихгүй чи эндээс яв энд дандаа “Голомт” банкны ажилчид сууж байна гэж Бат-Ирээдүйд хэлсэн. Тэгээд би Б.Дийг найзыгаа болиул, чи нэг эр хүн шиг хэдэн үг хэлчих, хэл ам хийхээ болъё оо хөгшөөн гэсэн. Тэгэхэд Б.Д чи хэзээ ийм том болсон юм бэ хөдөөний бацаан байсан гээд нэг архины бакал шидсэн. Би эргэж харж амжсан. Шидсэн бакал нь миний зүүн чихний ар хэсэгт дагзны хэсэгт оносон. Тэгээд би доошоо тонгойгоод урдаа байсан пивоны шилийг шидсэн. Бат-Ирээдүй хэрүүл эхэлсэн. Биед халдахыг нь Б.Д эхлүүлсэн. Миний биеийн байдал гайгүй, хааяа зүүн чих хатгуулж өвддөг болсон. Гэмтлийн эмнэлэгт толгойдоо 3 оёдол тавиулсан. Гэрээр эмчилгээ хийлгэсэн. Гэмтлийн эмнэлгээс бичиж өгсөн эм тариаг авч хэрэглэсэн. Төв аймагт байрлах “Эдл Вайс” нэртэй сувилалд хэвтэж эмчлүүлсэн. Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Бас “Номун” эмнэлэгт үзүүлж гэрээр эмчилгээ хийлгэсэн. Нэхэмжлэх зүйл бий. Эмчилгээ хийлгэсэн нийт зардал болон ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжилнэ. “Даймонд” караокед нь манай ажлын захирал Энхдолгион, Бямбадорж, Дамдинсүрэн, Батжаргал, Бат-Эрдэнэ, Мөнхжаргал, Цолмон, Энэрэл нарын хамт үйлчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-12/,

 

Гэрч П.Бат-Ирээдүйгийн “...Тэгээд би Т.Маас уучлалт гуйж гараа өгсөн. Гэтэл миний гарыг барихгүй байсан. Тэгээд би буцаад суусан чинь Мэндээ худлаа манжлаад пизда нар чинь, багшийнхаа үгнээс гардаггүй бацаанууд Үкүнтэй чинь ална гээд байсан. Гэтэл Б.Д нь архи цацах гэтэл гараас нь бакал нь сугарч хөнгөхөн толгойд нь очиж оносон. Т.М зөрүүлээд урдаа байсан пивоны шилээ шидсэн. Тэрэнд нь Б.Д бид хоёр нэг нэг шилэнд оногдсон. Тэгээд Б.Дийн духнаас нь маш их цус гарч байсан. Миний дагзны хэсгээс цус гарч байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд амь насанд нь аюултай байдалтай байна, яаралтай хэвтэж эмчлүүл гэсэн. Б.Д шууд хэвтэхээр болж би өөрийн шархаа цэвэрлүүлчхээд явсан…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28/,

 

Гэрч А.Бат-Эрдэнийн “...Т.М, Б.Д нар өдрийн тоглолтын үеэр болсон маргаснаасаа болж дахиж маргасан. Бат-Ирээдүй нь Б.Дөд Дархаа энэ бацаан хэзээ чамайг чи гэдэг болсон юм бэ гэсэн. Ингээд маргалдаж байх үед Энхдолгион захирал хоёуланг нь загнаад болиулсан. Тэгээд гар барилцаж эвлэрсэн. Хэсэг хугацааны дараа дахиад л нөгөө яриа руу орчихсон маргалдаж эхэлсэн. Бат-Ирээдүй нь Б.Дийг дахиад л шордох маягтай үг хэлээд байсан. Б.Д Т.М руу архитай бакал шидсэн. Т.Мын толгойн тус газар оносон. Т.М нь зөрүүлээд шилтэй пиво аваад шидсэн чинь Б.Дийн духанд оносон. Б.Д толгойгоо доош дараад доошоо тонгойсон. Бат-Ирээдүй шилтэй пиво аваад Т.М руу дайрах үед нь би хориглосон. Б.Д босож ирээд ширээн дээгүүр гишгэж Т.М руу дайрсан. Энэ үед тэнд байсан хүмүүс бүгд дундуур нь орж салгасан. Ингээд тарцгааж эхэлсэн. Т.Мын толгойны баруун хэсгээс цус гарч байсан. зодолдсон зүйл байхгүй, бие бие рүүгээ юм шидсэн” /1хх-ийн 29/,

 

Гэрч П.Батжаргалын “Зодолдсон зүйл байхгүй, бие бие рүүгээ юм шидсэн. Б.Д Т.М нар маргалдаж бие бие рүүгээ дайрах үед голоор нь орж салгасан. Б.Д, Т.М нар өдөр болсон маргаанаас болж дахин маргасан. Хоорондоо гар бариад эвлэрч байсан боловч Бат-Ирээдүй хажуунаас нь наад бацаан чинь чамайг чи гэдэг болсон уу гэж хэлсэн. Тэгсэн Б.Д харин эд нар ингэж ярьдаг болчхоод байгаа юм гэж байсан. Энэ байдлаас болоод Т.М би Дорноговиос сагс тоглох гэж ирсэн. Би Омбук ахыгаа хүндэлнэ, бусдыг нь бол мэдэхгүй, та хэдийг “Ти Эл Жи 13” багт тоглодог багшийнхаа үгнээс гарч чаддаггүй тоглогч нар байсныг чинь мэднэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Бат-Ирээдүй чиний яриа хэтрээд байгаа юм биш үү бацаан минь гэсэн утгатай зүйл хэлсэн. Б.Д гэнэт босож ирээд ууж байсан архитай хундагаа Т.М руу шидсэн. Т.Мын баруун чихний дээд хэсгээс цус гарсан. Бат-Ирээдүй, Б.Д нар зэрэг Т.М руу дайрахад нь тэнд байсан хүмүүс бүгдээрээ голоор нь орж салгасан зодолдож, цохилцоогүй” /1хх-ийн 30/,

 

Гэрч Х.Мөнхжаргалын “Тэгээд ярилцаад сууж байснаа дахиж маргасан. Бат-Ирээдүй нь Б.Дийг энэ бацаан яахаар чи гэдгийн гэж хэлсэн. Т.М нь Б.Дийн багшийнх нь нэрийг хэлж хамт муулаад хэлсэн чинь Б.Д нь хундагатай архиа Т.М руу шидсэн чинь толгойг нь оносон. Т.М зөрүүлээд шилтэй пиво шидсэн чинь духыг нь оносон. Тэр хоёр бие бие рүүгээ дайрах үед нь бид нар голоор нь орж салгаад эмнэлэг рүү явуулсан. Т.Мын чихний дээд хэсгээс толгойноос нь цус гарч байсан. Б.Дийн духнаас цус олгойдоод гарч байсан” /хх-ийн 32/,

 

Гэрч Б.Энхдолгионы “Б.Дийн найз нь Т.Мыг жоохон юм байж өөдөөс хэрэлдлээ гэх мэтээр үг хаясан. Т.М нь мөчөөгөө өгөхгүй дуугүй байхгүй, өөдөөс нь эсэргүүцсэн үг хэлээд байсан. Тэгээд бид нар тэр хоёрын голоор орж Б.Дийг нэг хэсэг нь өрөөнөөс гаргасан. Т.Мыг харсан чинь чихний ар хэсгээс нь цус гарч байсан. Маргааш нь би хамт байсан хүмүүсээсээ нэг нэгэн рүүгээ юм шидсэнийг мэдсэн” /1хх-ийн 34/,

 

Гэрч Б.Энэрэлийн Б.Д, Т.М нар ширээний хоёр талд өөдөөсөө хараад сууж байсан. Б.Д ширээн дээрээс юм авч шидчих гээд байсан. Хэрүүл дундаа хэд хэдэн удаа ширээн дээрээс шил, шот авах гэхэд нь би тэрнийг Б.Дийн гараас холдуулж тавьсан. Гэтэл Б.Д жижигхэн архины шот аваад Т.М руу шидсэн. Би тэрийг ширээн дээр байсныг хараагүй. Гэтэл шидсэн бакал нь Т.Мын толгойны ар хэсгийг онох шиг болоод бакал нь хага үсрээд толгойноос нь цус гарч эхэлсэн. Тэгээд хүүе гээд бүгд орилолдоод босоод ирсэн. Тэгээд хоёр талаас тэр хоёрыг хоёр тийш нь салгах гээд бужигнаад эхэлсэн. Би Т.Мыг Б.Д рүү юм шидэхийг хараагүй, харин Б.Дийг Т.М руу нэг архины шот аваад шидэхийг харсан. Тэр хоёр гар зөрүүлж зодолдсон зүйл байхгүй, хоёр талаас нь бүгдээрээ салгасан7” /1хх-ийн 39/,

 

Гэрч Б.Цолмонгийн “Б.Дийн найз ширээн дээр байсан пивоны шил бариад шидэх гээд 2-3 удаа шилтэй гараа далайсан. Тэр болгонд нь ойр байсан хүмүүс нь хориглож байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс болон би ширээн дээр байсан пивоны шил болон бусад зүйлийг нь тэр залуугаас холдуулсан. Хэн нэг нь архины шотонд архи хийж Б.Дт өгсөн. Т.М хоёулаа одоо ингэж муудалцаад яахав дээ би найз охинтойгоо явж байна, хоёулаа ингээд дуусгая чи нэг үг хэлээд наадах уучих хөгшөөн гэсэн чинь Б.Д гартаа барьж байсан архитай шотоо Т.М руу шидсэн” /1хх-ийн 40/,

 

Гэрч Б.Туулын “Т.Мыг 1995 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Оюунцэцэг гэдэг хүнээс 14 хоногтой байхад нь үрчилж авч байсан. Бид хоёр Дорноговь аймгийн Сайншанд суманд амьдарч тэнд цэцэрлэгээр хүмүүжүүлж тэнд 10 дугаар анги төгссөн. Тэндээс бид хоёр Улаанбаатар хотод ирж Т.М Төмөр замын дээд сургууль төгссөн. Мөн “Сити” дээд сургуулийн эдийн засгийн ангийг төгссөн. Тэгээд “Голомт” банкинд ажилд орж байсан. Миний хүү чинь их өрөвчхөн, цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу, олон нийтэч хүүхэд. Уур уцааргүй, дөлгөөхөн хүүхэд байгаа юм” /1хх-ийн 42/,

 

Гэрч Д.Энхцэцэгийн “Б.Д миний бага айлын ганц хүү юм. Бага насаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн лицей ангийг суралцаж төгссөн. Удирдлагын менежментээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Б.Д нь архи, тамхи хэрэглэдэггүй. Цэцэрлэг сургуулиасаа урлаг спортын авьяастай байсан. “Ритм” гэдэг бүжгийн хамтлагтай байсан. Сагсны дугуйланд хичээллэж байсан. Сагсны бүх оддын тэмцээнд оролцож байсан. Энэ спортоо хөөж их олон газар тэмцээн уралдаанд орж байсан. Азийн хэд хэдэн сагсны тэмцээнд оролцож байсан. Улсынхаа олон тэмцээнд оролцож байсан. Сурлагаараа ч сайн байсан. Би хэрэг болсон өдрийнх нь маргааш мэдсэн. Манай бага охин надад мэдэгдсэн. Эмч нар хагалгаа хийх асуудлын талаар ярина, гэрийнхнийгээ дууд гэж хэлүүлсэн байсан. Очоод хүүгээ хараад шоконд орсон. Эмч нь маш хүнд гэмтэлтэй ирсэн гэж хэлж байсан” /1хх-ийн 43/, 

 

Гэрч Б.Дамдинсүрэнгийн “...Гэнэт Б.Д ширээн дээрээс нэг юм авч Т.М руу шидсэн. Т.М уурлаад босоод ирсэн. Тэр хоёр бие бие рүүгээ дайраад эхэлсэн. Тэнд сууж байсан хүмүүс бүгд салгасан. Б.Д буйдан дээгүүр гүйж Т.М руу дайрсан. Энэ үед Б.Дийн нүүр нь цус болсон байсан. Т.Мын толгойноос цус гарсан байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 44/,

 

Шинжээч Ө.Сарангэрэлийн “...бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 1155 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Т.Мын чамархайд үүссэн шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан шинжгүй. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд саринаагүй, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулаагүй, ямар нэг зовиур, эмнэлзүйн шинж илрээгүй, жижиг зулгаралт, мөн цус хуралт үүсээгүй, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн заалтад хамаарахгүй. Харин Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн 7 хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэсэн заалтад хамаарч байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64/,

 

Шинжээч Б.Ундармаагийн “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зодуулсан гэсэн мөртлөө 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үзүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байсан. Надад үзүүлэхдээ духандаа мэс заслын оёдлын ором бүхий сорвитой, дух ясны хугаралтай байсан. Тийм болохоор 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж үзсэн. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь пивоны шил шидэхэд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-66/,

 

Гэрч Б.Ганбаярын “...Т.М өвчтөн юу гэж хэлснийг санахгүй байна. Өвчтөн ийм асуудал гаргавал оёх шарх байна уу үгүй юу гэдгээ үзнэ, үнэлнэ. Өвчтөний гуйлганд орно гэж байхгүй, Т.Мын үзсэн “Осол гэмтэл, тохиолдлыг бүртгэх хуудас/-аас харахад оёдол тавих шаардлагатай болоод оёдол тавьсан байна. Мөн зөвлөгөө өгч амбулаторийн хяналтад ороорой гэж уг хуудас дээр тэмдэглэгдсэн байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 92-93/,

Гэрч Ц.Хосбаярын “...Эмнэлгийн мэдээллийн сүлжээнээс шалгаж үзэхэд Туул овогтой Т.Мыг би 2 удаа үзэж бүртгэсэн байна. Т.М нь надад үзүүлэхдээ тархины доргилт, зүүн талын зулайн хэсэгт оёдол тавигдсан, эдгэрсэн шарх оноштой ирсэн байна. Т.Мын амбулаторийн картыг үзээд эмч нарын тэмдэглэл, өвчтөний зовиур онош зэргийг үндэслэн цаашид толгойд нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж 7 хоногийн магадалгаа олгосон. Миний олгосон магадалгаа мөн байна. Миний бичиг, хувийн тэмдэг, гарын үсэг мөн байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 95/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹5983 тоот актын “…Б.Дийн биед дух ясны цөмөрсөн ил хугарал, тархи доргилт, духны няцарсан шарх, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээрх цус ясны цөмөрсөн ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /1хх-47/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹7735 тоот актын “…Т.Мын биед зүүн чамархайн хуйхын сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх-49/,

 

Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹172 тоот актын “…2018.5.14-ний өдрийн 5983 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...Б.Дийн биед дух ясны цөмөрсөн ил хугарал, духны няцарсан шарх, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна, пивоны шил шидэх үйлдлийн үед үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэн боломжтой, гэмтэл учирсан даруйдаа тухайн хэсэгт шарх үүсч болно, зарим тохиолдолд гадна талдаа хаван хавдар үүсч болдог. ...Уг гэмтлийг эмчлэхийн тулд өвчин намдаах, үрэвсэл дарах, биеийн эсэргүүцэл сайжруулах, цус тогтоох, хаван бууруулах, шаардлагатай тохиолдолд мэс ажилбар хийгдэж болно. Зохих ёсны эмчилгээ хийгдэж биеийн байдал сайжирсан байна. ...Дээрх хүнд гэмтлийн гол заалт нь учрах үедээ ам насанд аюултай байдаг тул хүнд гэмтэлд хамааруулдаг болно. ...Дээрх хүнд гэмтлийн гол заалт нь учрах үедээ амь насанд аюултай байдаг тул хүнд гэмтэлд хамааруулдаг болно. ...Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс хамаарна…” гэсэн дүгнэлт /1хх-73/,

 

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-116, 147/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-148, 121/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-144, 113/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-125-142, 153-180/, шүүгдэгч, хохирогч Б.Дийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /1хх-246-250, 2хх-ийн 1-37, 54-61, 65-69, 76/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-86-87/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Даймонд” бааранд иргэн Б.Дийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Д, гэрч П.Бат-Ирээдүй, А.Бат-Эрдэнэ, П.Батжаргал, Х.Мөнхжаргал, Б.Энхдолгион, Б.Энэрэл, Б.Цолмон, Б.Туул, Д.Энхцэцэг, Б.Дамдинсүрэн нарын мэдүүлгүүд, Хүний биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №5983, хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹172 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Т.Мын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Даймонд” бааранд иргэн Т.Мыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Т.М, гэрч А.Бат-Эрдэнэ, П.Батжаргал, Х.Мөнхжаргал, Б.Энхдолгион, Б.Энэрэл, Б.Цолмон, Б.Туул, Д.Энхцэцэг, Б.Дамдинсүрэн нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹7735 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Дийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Дийн хохирогч Т.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Дийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Б.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, уг гэмт хэрэг нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх заалтуудаас харахад шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  

Иймд шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Мын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10.000 нэгжээр торгох буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.Мын хохирогч Б.Дийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Мыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ болон бусад зардал гэж баримтаар 25.301.087 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Т.М нь уг нэхэмжлэлээс 15.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 10.301.087 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Т.Маас 10.301.087 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д олгох нь зүйтэй.

Мөн хохирогч Б.Д нь шүүх хуралдаанд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Дийн үйлдлийн улмаас хохирогч Т.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ болон бусад зардалд 6.112.070 төгрөгийг нэхэмжилсэн хэдий боловч түүний уг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын хангаагүй учраас шүүх энэ хуралдаанаар хэлэлцэхгүй орхилоо.

Харин хохирогч Т.Мын дээрх нэхэмжлэлтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Мын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогчид учруулсан хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс шүүгдэгч Т.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д дэх хэсэгт заасан ялуудаас торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

 

 

Шүүгдэгч Т.М, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.М нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

6.Шүүгдэгч Т.М, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Т.Маас 10.301.087 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Д (РД:УУ92010617)-д олгосугай.

 

8.Хохирогч Т.М, Б.Д нар нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус нээлттэй үлдээсүгэй.  

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.М, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР