| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0345/Э |
| Дугаар | 369 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 369
2019 4 17 2019/ШЦТ/369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
хохирогч З.Төмөрхуяг,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Н.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803009890032 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ял шийтгүүлж байгаагүй, Н.Б,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөөний 06 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Бүрэн плаза төвийн баруун талын замд Хюндай Старекс маркийн 3543 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам дээр хэвтэж байсан явган зорчигч Т.Төмөрхуягийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухай шөнө телевизэд ажил хийчхээд харьж явсан. Ажил дуусах дөхөж байхад сангийн шугам задраад орой даарсан байдалтай гэр рүүгээ яарч явсан. Зам дээр хэвтэж байгаа нь холоос сайн харагдаагүй, тулж ирээд харахад шуудайтай хог шиг харагдсан. Нэгдүгээр эгнээ рүү орох гэхэд машин байсан учир дээгүүр нь дайраад гарчихсан юм...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...7-н буудлын орчимд би 30-40 км/цагийн хурдтай явж байхад зам дээр замтай ижил өнгөтэй бараан зүйл 5-6 метрийн зайнаас харагдсан, би тухайн үед 2-р эгнээнд явж байсан тэр саадыг хараад 1-р эгнээ рүү орох гэсэн боловч 1-р эгнээнд хойд талаас хурдтай машин ирж явсан. Тэгээд би 1-р эгнээнд шилжиж чадалгүй нөгөө зам дээр байсан саад дээгүүр гараад машинаа зогсоосон. Тэгээд би тухайн зүйл юу байсан юм бол гээд машинаасаа буугаад гүйгээд очоод хартал согтуу эрэгтэй хүн ёолоод хэвтэж байсан. Би тэр хүнээс хар үүрээр замын голд юу хийж хэвтэж байгаа хүн бэ? гэж асуухад өө уучлаарай хөгшөөн би харин энд яаж ирснээ мэдэхгүй байна гэж хариулсан. 1-р эгнээнд хурдтай явж байсан машины жолооч машинаасаа бас бууж ирсэн, тэгээд би өөрийн 98144333 дугаараас 05 цаг 30 минутад дуудлага өгсөн, харин нөгөө хажууд байсан жолооч цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн Би машинаа замын голд тавьсан байсан учраас бусад тээврийн хэрэгсэлд саад учруулахгүйн тулд замын хажуу руу гаргаж зогсоосон. Тухайн зам дээр хэвтэж байсан хүнийг “Бүрэн плаза” дэлгүүрийн хамгаалагчтай хамтарч замаас гаргаж төмөр шонгийн доор суулгасан. Тэгээд байж байтал түргэн тусламж ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явчихсан. Би даарчихсан байсан учраас гэртээ харьж дулаан хувцсаа өмсөөд 07 цагийн орчимд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэмтэл дээр очоод асуухад тухайн хүний талаар мэдээлэл надад өгөхгүй байсан. Тэгээд би гэртээ харьсан…” гэсэн мэдүүлэг /хх-85/,
Хохирогч Т.Төмөрхуяг шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн хэрэг гарсан өдөр 22.00 цагийн үед ажлаасаа гарч явсан. Караоке орж 3 шил шар айраг уусан. 00.00 цагийн үед нэг хүнтэй танилцаад гэрт нь очиж том савтай шар айраг уусан. 05.00 цагийн үед тэднийхээс гарч явж байхдаа машинд мөргүүлсэн. Машинаас 2 хүн бууж ирсэн. Баруун хөл эвгүй болчихлоо гэж хэлэхэд нэг нь миний баруун хөлийг өргөсөн. Түүнээс хойш санахгүй байна...” гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоос өгсөн “... “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой 22 цаг гээд ажлаас гарсан. Гэртээ харих замаараа ...караокед орж ганцаараа 3 шил Сэнгүүр пиво авч уусан. Уг караоке бааранд танилцсан 2 эрэгтэй хүнтэй хамт гарч шөнийн 2 цагийн орчим 7 буудал руу явсан. Би ганцаараа байсан учир тэр 2 хүнтэй ямар ч шалтгаангүй гарч 7 буудалд айлд ороод 1 ширхэг том Сэнгүүр пиво 3 уулаа хувааж уусан. Өглөө 5 цаг өнгөрч байхад уг айлаас ажлын цаг дөхсөн учир гараад ажил руу явах гээд зам хөндлөн гарч байгаад зам дээр унасан. Би зам дээр унасан байдлаа мэдэж байна. Би зам дээр хэвтэж байхад машин дайрсан тухайгаа санаж байна. Хөл эвгүй болсон байсан. Хоёр залуу машинаас бууж ирээд юу хэлээд байгааг нь ойлгоогүй. ...Би тухайн үед согтуу байсан учир зам дээр уначхаад биеэ дийлж босож замаас гарч чадаагүй. Би хар хөх өнгийн куртиктай явсан. ...Жолоочоос эмчилгээнд зориулан зардал гаргуулан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-45-46/,
Гэрч Э.Билгүүний “…2018 оны 11 дүгээр сарын 24-ний үүрээр 04 цагаас 05 цагийн хооронд санагдаж байна. Тухайн өдөр би Бүрэн плаза дээр харуулын үүрэг гүйцэтгэж байсан юм. Постоо тойроод явж байтал зам дээр Старекс маркийн автомашин аваараа татаад зогсчихсон ар талд нь нэг хүний зам дээр дээшээ хараад хэвтчихсэн нэг хөл нь эвгүй болчихсон байсан. Тэгээд би нөгөө Старекс маркийн автомашины жолоочоос “Яасан юм бэ” гэсэн чинь “Би шүргэчих шиг боллоо” гэсэн. ...Жолоочоос ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй харин явган зорчигч тэр чигтээ архи үнэртүүлсэн нилээн согтуу байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-48/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14434 тоот актын “…Т.Төмөрхуягийн биед баруун дунд чөмөгт яс, бүсэлхийн 3, 4, 5-р нугалмын сэртэн, сүүжний дэлбэн, ууц ясны далд хугарал, 2 шүдний булгарал, зүүн хацар, хамрын нуруу, уруул, эрүү, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,
Техникийн шинжээчийн 880 тоот актын “1. Жолооч Нямдаш овогтой Булган нь МУ-ын ЗХД-ийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд эх арга хэмжээ авна. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна .Явган зорчигч Төмөрбаатарын Төмөрхуяг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын 64061 тоот дүгнэлтээс харахад үзэхэд тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн техникийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-61-62/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-4/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-67/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-76/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-114/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /129-130/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөөний 06 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Бүрэн плаза төвийн баруун талын замд Хюндай Старекс маркийн 3543 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам дээр хэвтэж байсан явган зорчигч Т.Төмөрхуягийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болох нь дээр дурдсан хохирогч Т.Төмөрхуяг, гэрч Э.Билгүүн нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 14434 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Н.Бы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Т.Төмөрхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Т.Төмөрхуяг нь энэ хэрэгт холбогдуулан эм тариа, тэргэнцэр, бензин шатахуун, ажилгүй байсан хугацааны цалин, шүдний эмчилгээний үнэ гэж нийт 15.300.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх баримтаар тогтоогдсон эм тарианы мөнгө болон тэргэнцэр худалдан авсан мөнгө болох нийт 321.937 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Н.Баас гаргуулан хохирогчид олгож, бензин шатахууны зардалд нэхэмжилсэн 424.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, шүдний эмчилгээний төлбөрийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Мөн хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 1.372.400 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь шүүгдэгчээс хохирогчид гаргуулан олгох дээрх 321.937 төгрөгт хамаарахгүй болно.
Шүүгдэгч Н.Бы дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Н.Баас 321.937 (гурван зуун хорин нэгэн мянга есөн зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Төмөрхуяг (РД:ВЛ90050117)-д олгож, хохирогч Т.Төмөрхуяг нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Энэ хэрэгт хураагдаж ирсэн хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, Н.Бы жолоочийн В ангиллын №385815 дугаар үнэмлэх зэргийг ялтан Н.Бд буцаан олгосугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР