| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2023/06940/И |
| Дугаар | 210/МА2025/00283 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/00283
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/04754 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Дутуу олгосон цалин хөлс 904,178 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй
Ажил хүлээлцэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* *******-д 2022 оны 04 сараас үйлдвэр хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс ахлах нягтлан бодогчийн дагалднаар мөн оны 05 сарыг хүртэл хугацаанд ажилласан.
1.2. ******* нь 2023 оны 04 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн боловч хүсэлтийг нь шийдвэрлээгүй, ажлаас чөлөөлөх тушаалаа гаргаагүй тул 2023 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэл цагаа бүртгүүлж ажлаа хийсэн. Хуульд зааснаар өргөдөл өгснөөс хойш 1 сарын хугацаанд ажлаа хүлээж аваагүй. Тухайн үед хүүхэд ханиад хүрсэн, асрах шаардлагатай байсан болохоор ажлаа хаяж явсан асуудал байгаа.
1.3. *******-аас цалингаа авахаар утсаар холбогдсон боловч цалинг өгөөгүй, мөн ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж өгөөгүй болохоор ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон.
2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэлх ажлын 23 хоногийн цалин 1,351,173 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ******* нь 2023 оны 05 сарын нийгмийн даатгалыг төлөхдөө ажлын 20 хоногоор цалинг тооцсон байсан. Бодогдсон цалин 1,130,434.78 төгрөг, 1 өдрийн цалин 56,520 төгрөг. Энэ цалингаас нийгмийн даатгал 130,000 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 100,043 төгрөгийг хасаж гарт олгох цалинг 918,391 төгрөг олгогдох ёстой гэж үзвэл 10,000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Баримтынхаа хүрээнд 904,307 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* 2022 оны 03 сарын 07-ны өдрөөс эхлэн *******-тай хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байгаад мөн оны 04 сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж үйлдвэр хариуцсан нягтлан бодогч албан тушаалд ажилласан. 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан. Дагалднаар ажиллаж байх хугацаандаа ажлаас гарна гэж амаар илэрхийлж байсан боловч хүсэлтээ өгөөгүй. 2023 оны 05 сарын 22-ны өдөр ажлаа хаяад явсан. *******-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэн 2023 оны 05 сарын 25-ны өдөр Б-01/151 дугаартай Ажлаас халах тухай тушаал гаргасан. Тус тушаалтай танилцаж, ажил хүлээлцэх тухай *******тэй утсаар холбогдон удаа дараа мэдэгдсэн хэдий ч ажлаа хүлээлгэж өгөөгүй. Ажлаа хүлээлгэж өгсөн тохиолдолд цалин, хөлсийг өгөх боломжтой гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт ажилтан нь ажил үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн.
3.2. ******* нь ажлаас гарахдаа дараагийн ажилтанд компанийн санхүүгийн программд тусгасан жагсаалтын дагуу 2023 оны 01 сараас 2023 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны авлагын үлдэгдэл дүн, дансны өглөгийн үлдэгдэл дүн, урьдчилж төлсөн зардал үлдэгдэл дүн, агуулахуудын бараа материалын үлдэгдэл дүн зэрэг баримт бичгүүдийг цахим хэлбэрээр болон түүнтэй холбоотой анхан шатны баримтуудыг архивлан хүлээлгэн өгөөгүй. Иймд ажил хүлээлцэхийг *******т даалгаж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:
4.1. ******* нь өнөөдрийг хүртэл ямар ажил хүлээж авах гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулсан гэх боловч баримтыг шүүхэд ирүүлээгүй тул ажил хүлээлцэхийг даалгах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Хөдөлмөрийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас олговол зохих цалин 904,347.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******-ийн *******т холбогдох ажил хүлээлцэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч *******-аас олговол зохих цалин 904,347.80 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын байгууллагад нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 36,570 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөг тус тус улсын орлого болгож, хариуцагч *******-аас 26,254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Хариуцагчийн зүгээс ажил хүлээлцэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Угтаа нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэж байсан ажлаа хууль болон гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөлгүйгээр гэнэт ажлаа хаяж явснаас хариуцагч байгууллагад эмх замбараагүй байдал үүсэж дараагийн ажилтан ажлыг хүлээн авч цаашид хэвийн ажиллах боломжийг хязгаарласан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2023 оны 01 сарын 01-ний өдөр дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж улмаар ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх ажил үүргийг зааж өгсөн. Тус тодорхойлолтын хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөөр байтал түүнд шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
6.2. Нэхэмжлэгч ажлаас гарахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэж байсан үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөгүйгээс тодорхойгүй байдал үүсэж хариуцагч байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирсан.
6.3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан үүргийг ахлах нягтлан бодогч хэрэгжүүлдэг. Мөн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэх үүрэгтэй албан тушаал юм. Тус ажлыг компанийн хэн дуртай нь хийж чадах, хүлээж аваад нарийн тооцоолол гаргах боломжгүй байтал шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэнээс, хэзээ, хэдэн төгрөгийн авлагатай, компанийн ажилтнуудын өр төлбөр нь нийт хэдэн төгрөг болж байгаа тооцоолол зэрэг нотлох баримтуудыг шаардаж байгаа нь хэргийн бодит нөхцөлд байдалд огт дүгнэлт хийгээгүй байна.
6.4. ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох хүсэлтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, хөдөлмөрийн гэрээний 6.1-д заасан хугацаанд ажил олгогчид ирүүлээгүй болох нь хүний нөөцийн ажилтан байсан *******ын мэдүүлгээр нотлогдсоор байтал шүүх дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, зарим нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх суурь зарчмыг хөндсөн, хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл муутай шийдвэр гэж үзэж байна.
Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. *******тэй 2023 оны 01 сарын 04-ний өдөр дагалдан ажиллуулах гэрээ байгуулсан атлаа тус өдрөө ахлах нягтлан бодогчоор томилох тухай тушаал гаргасан нь үнэнд нийцэхгүй. ******* өмнө нь үйлдвэр хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж, сард 1,300,000 төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үед ******* гэх хүн ахлах нягтлан бодогчоор ажилладаг байсан. Хөдөлмөрийн гэрээнд ...дадлага туршлагатай ажилтныг дагалдуулж ажиллуулна гэж заасан ба энэ хүрээнд ******* *******ийг дагалдаж ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ******* өмнө хийж гүйцэтгэсэн ажил болон одоо ямар ажил хийх талаар зааж, зөвлөж байсны дагуу холбогдох баримтуудыг *******т хүлээлгэж өгч байсан.
******* ахлах нягтлан бодогчоор томилогдож ажиллаж байгаагүй. Гэтэл *******ийг ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх тушаал хариуцагч талаас гаргаж ирсэн. ******* 2 сарын хугацаанд ахлан нягтлан бодогчоор дагалдаж ажилласан. Дагалдаж ажиллах тушаал гаргачихаад тухайн өдрөө буюу 01 сарын 04-ний өдөр ахлах нягтлан бодогчоор томилсон тушаал гаргасан нь үнэнд нийцэхгүй байна.
7.2. ******* ахлах нягтлан бодогчоор томилогдсон бол ажил хүлээлгэж өгч, ажил хүлээлцсэн акт үйлдэх ёстой байтал нэхэмжлэгчийг зөвхөн ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зуруулсан. ******* ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурснаар ямар үр дагавар үүсэж болох талаар ойлголт байхгүй байсан тул ажлын байрны тодорхойлолтод шууд гарын үсэг зурсан. ******* ахлах нягтлан бодогчийн ажил хүлээн авч, хийгээгүй.
*******ийг ахлах нягтлан бодогчоор томилсон тушаалд үндсэн цалин 1,600,000 төгрөг, нэмэгдэл цалин 200,000 төгрөг, нийт сарын цалин 1,800,000 төгрөг гэсэн байна. Гэтэл 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанд сарын цалин 1,300,000 төгрөг байсан болох нь харагдана. ******* эхлээд нягтлан бодогчоор ажиллаж байгаад үйлдвэр хариуцсан нягтлан бодогчоор ажиллах болоход түүний цалинг нэмж 1,300,000 төгрөг болсон.
*******ийг ахлах нягтлан бодогчоор томилсон тушаалд сарын цалин 1,800,000 төгрөг гэж дурдсан атлаа сард 1,300,000 төгрөгийн цалин өгдөг байсан. Өөрөөр хэлбэл, ******* үйлдвэр хариуцсан нягтлан бодогчийн цалин авдаг байсан. Түүнчлэн ******* ажлаас гарах хүсэлтээ 1 сарын өмнө эрх бүхий этгээдэд өгч, тоног төхөөрөмжүүдээ хүлээлгэж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны ажлаас гарах хүсэлтийг хүлээн авч, ажил хүлээлцэх комисс томилж, ажил хүлээлцэх ёстой. Гэтэл хариуцагч байгууллага *******ийн ажлаас гарах хүсэлтийг дотоод журамд заасны дагуу 90 хоногийн дотор шийдвэрлэнэ. Тиймээс ажлыг чинь хүлээж авахгүй гээд хүсэлтийг нь устгасан. ******* ажлаас гарах тухай хүсэлтээ шийдвэрлүүлэхээр байгууллагынхаа удирдлагатай уулзах үедээ бичлэг хийсэн ба тус бичлэгийг шүүхэд баримтаар гаргаж өгөх гэсэн боловч шүүх хүлээж аваагүй.
7.3. Гэрч ******* шүүхэд худал мэдүүлэг өгсөн ба энэхүү хэрэг маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа *******ыг хуурамч мэдүүлэг өгсөн талаар холбогдох байгууллагаар шалгуулна. ******* үйлдвэр хариуцсан нягтлан бодогчийн ажил хийж байсан тул тухайн ажлаа хүлээлгэж өгсөн. Анхан шатны шүүх хуульд нийцсэн шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Түүнчлэн ******* 2023 онд ажлаасаа гарсан. Түүнээс хойш хариуцагч байгууллага санхүүгийн тайлан гаргадаггүй юм гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс 904,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. /1хх-1-3, 223/
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг болох дансны үлдэгдэл, тооцоо нийлсэн акт, НӨАТ-ын тооцоолол хийсэн анхан шатны баримтууд зэрэг архивлаж үдсэн баримтуудыг ажил олгогчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл мөн шүүхэд гаргажээ. /1хх-109-110/
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 101/ШЗ2024/25173 дугаартай захирамжаар *******-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох иргэний хэргийг *******ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох иргэний хэрэгт нэгтгэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* гэж зохигчийн эрх зүйн байдлыг тодорхойлов. /1хх-104-106/
4. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...ажлаа хүлээлцээгүйгээс дараагийн ажилтан ажиллах боломжоор хязгаарлагдсан гэж тайлбарлан, сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
5.1.Талуудын хооронд 2022 оны 04 сарын 07-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ******* болон ******* нар 2023 оны 01 сарын 01-ний өдөр дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* нь ахлах нягтлан бодогчийн албан тушаалд дагалднаар ажилласан. /1хх-120-122, 124-127/
5.2. ******* нь 2023 оны 05 сарын 22-ны өдрөөс ажлаа орхин явсан. *******-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 05 сарын 25-ны өдөр Б-01/151 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 5.34-д заасныг тус тус баримтлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр *******ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. /1хх-133/
6. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 сарын 12-ны өдөр дээрх тушаалыг хүчингүй болгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан боловч хожим буюу мөн сарын 20-ны өдөр хариуцагч *******-д холбогдуулан 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл хугацааны дутуу олгосон цалин хөлс 1,351,173 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, тушаал хүчингүй болгох тухай нэхэмжлэлээ дэмжээгүй байна. Иймээс нэхэмжлэгчийг, дутуу олгосон цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. /1хх-1-3/
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй., мөн зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж тус тус заасан.
6.2. Хариуцагч *******-аас ажиллаж байсан хугацааны буюу 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгоогүй гэдгийг нэхэмжлэгч ******* мэдэж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /1хх-222, 224/
6.3. Нэхэмжлэгч нь дутуу олгосон цалин, хөлс гаргуулах маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан журмын дагуу гомдлоо гаргаагүй, хуулиар тогтоосон 90 хоногийн хугацааг хэтрүүлэн 2023 оны 10 сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна. /1хх-1-3/
Анхан шатны шүүх дээрх үйл баримттай холбогдон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж дүгнэлээ.
7. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг болох дансны үлдэгдэл, тооцоо нийлсэн акт, НӨАТ-ын тооцоолол хийсэн анхан шатны баримт зэргийг архивлаж үдсэн баримтуудыг ажил олгогчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, ямар ажил хүлээж авах гэж байгаа нь тодорхойгүй гэж тайлбарлан, маргасан байна.
8. Анхан шатны шүүх, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
8.1. Учир нь, хариуцагч ******* нь *******ийг дагалднаар ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдсан Дагалднаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон.
8.2. Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийн ахлах нягтлан бодогчийн ажил үүргийг дангаар хариуцан ажиллаж байсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
8.3. Нөгөөтэйгүүр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан ерөнхий нягтлан бодогчийн чиг үүрэгт хамаарах нягтлан бодох бүртгэлийн баримтыг дагалднаар ажиллаж байсан *******ээс шаардаж буй нь үндэслэлгүй.
8.4. Иймээс, нэхэмжлэгч ******* холбогдох ажил хүлээлцэхийг даалгах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны олгогдоогүй цалин 904,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч ******* холбогдох ажил хүлээлцэхийг даалгах тухай хариуцагч *******-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/04754 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны олгогдоогүй цалин 904,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн үндсэн нэхэмжлэл, ажил хүлээлцэхийг даалгах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД