Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/00284

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04730 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 69,133,184 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2019 оны 08 сарын 31-ний өдрийн ******* дугаартай түрээсийн гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, засан сайжруулалтын зардалд 58,995,******* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******тай 2019 оны 08 сарын 31-ний өдрийн ******* дугаар Түрээсийн гэрээг байгуулж, ******* дүүрэг, ******* тоот хаяг байрлах *******-ийн ******* м.кв талбайтай объектын ******* м.кв талбайг 2 жилийн хугацаагаар, эхний нэг сар 4,000,000 төгрөг, дараа сараас 8,000,000 төгрөг байхаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Ийнхүү ******* м.кв талбайд 2020 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан.

1.2. ******* нь 2020 оны 05 сараас 11 сарын 15-ны өдөр буюу түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд түрээсийн төлбөр төлөөгүй бөгөөд тэрээр үлдэгдэл төлбөрөө төлнө гэдгээ удаа дараа амлаж, бичгээр мөн баталгаажуулсан. 2020 оны 11 сарын 15-ны өдөр объектоо хүлээлгэн өгөхдөө үлдэгдэл түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаа төлнө гэсэн боловч өнөөдрийг болтол дүүргээ биелүүлээгүй.

Түрээсийн төлбөр нь 2020 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 6 сар 10 хоногийн 50,666,600 төгрөг болсон. Үүнээс гэрээний 6.1-д зааснаар барьцаа болгож тушаасан 8,000,000 төгрөгийг хасвал 42,666,666 төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэй болно.

1.3. Гэрээний 4.5-д зааснаар түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги түрээслэгчид төлөх үүрэгтэй. Үүний дагуу нэг хоногт төлөх алдангийн хэмжээ нь 127,999 төгрөг ба 24,319,999 төгрөгийн алданги бодогдсон боловч гүйцэтгээгүй үнийн дүн болох 42,666,666 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул 21,333,333 төгрөгөөр алдангийг тооцсон.

1.4.Түрээсийн гэрээний 4.2-т зааснаар ******* нь ашиглалтын зардал төлөх ёстой. Ашиглалтын зардал нь нийт гэрээний хугацаанд 17,229,485 төгрөг болсноос 12,096,******* төгрөг төлсөн, үлдэгдэл 5,133,185 төгрөгийг төлөөгүй.

Иймд хариуцагч *******аас түрээсийн гэрээний үүрэгт 69,133,184 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******-тай 2019 оны 08 сарын 31-ний өдөр ******* дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хоёр жилийн хугацаатай автомашин угаалгын үйлчилгээний зорилгоор ашиглахаар тохиролцсон. Гэрээний хугацаанд барьцаа 8,000,000 төгрөгөөс гадна түрээсийн төлбөрт нийт 52,000,000 төгрөг, ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгааны зардалд 12,186,500 төгрөг төлсөн.

2.2. Үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд тухайн барилгад 25,000,000 төгрөгийн барилгын материал, бараа тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт засварын ажил хийсэн. Ажлын хөлсөнд 20,500,000 төгрөг төлсөн. Үүнд: Барилгын гадна талыг саарал өнгөөр будах, Mind болон Авто Угаалга гэсэн гэрэлт самбаруудыг байрлуулах, дотор заалны хана будах, бохир усны сувгийг шалан дээр гаргаж усны шүүлтүүр болон төмөр сараалж гагнаж сувгууд дээр байрлуулах, дотор заалны таазанд туузан LED гэрлүүдийг суурилуулах, хаалгаар орох хонгилыг будах, үйлчлүүлэгчдийн хүлээлгийн өрөөний дотор засварыг бүрэн хийж, дотор заалны ажилчдын өрөө, агуулах, ариун цэврийн өрөөнүүдийн хаалгыг сольж тус бүрийг цоожтой болгосон. Шал цутгалтын ажлын зардал 6,285,000 төгрөгийг гэрээний нэмэлтийн дагуу талууд хувааж төлөхөөр тохирсон.

2.3. Энэ бүх барилгын засвар шинэчлэлийн ажил тухайн барилгад хөрөнгө оруулалт болон үлдэж өмчлөгчид бүрэн шилжсэн. Түрээслүүлэгч *******-ийн үл хөдлөх эд хөрөнгөд миний оруулсан хөрөнгө оруулалт, үлдээсэн тоног төхөөрөмжийг тооцоонд оруулан тооцох ёстой гэж үзэж байна.

2.4. Ингээд 2020 оны 02 сараас эхлэн Монгол улсад Корона вирус цар тахал дэгдсэний улмаас Монгол улсын Засгийн газраас зорчих хөдөлгөөн хязгаарлах, хөл хорио, хүн хоорондын зай барих, ажиллах цагийн хуваарийг багасгах, зөвхөн зайлшгүй тохиолдолд гэрээс гарах гэх мэт аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн ажилд хүндээр нөлөөлөхүйц шийдвэрүүд гарсан. Үүнээс үүдэн үйлчилгээний газрууд болон манай авто угаалгын газрын үйлчлүүлэгчдийн тоо, орлого эрс буурсан. Улмаар 2020 оны 03 сараас эхлэн өдөрт дунджаар 8-10 машин ирж үйлчлүүлэх болсон. Үүнийг нэг сараар тооцвол миний бие нэг сарын хугацаанд ойролцоогоор 7,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийн орлоготой ажилласан.

Дээрх орлогоос зайлшгүй шаардлагатай ажилчдын цалинг цомхотгосон тоогоор төлж, үлдсэн мөнгийг тог усны төлбөрт төлж байсан. Ийм учир түрээсийн төлбөрийг төлж чадахгүй болсон. Энэ байдлыг түрээслэгчтэй тухайн үед нь ярилцаад сарын түрээсийн төлбөрийг талаас илүү хувиар чөлөөлөх, өдрийн орлогоо төлж байх тохиролцоо хийсэн байсан. Тухайн үеийн тохиролцоогоор түрээсийн гарсан төлбөрийг барилгад оруулсан миний хөрөнгө оруулалт, үлдээх хөрөнгөөр дүйцүүлж хаахаар тохирсон байсан.

Иймд хариуцагч миний бие нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Хариуцагчийн зүгээс гурван агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд засан сайжруулалтын төлбөрт 58,995,******* гаргуулах, түрээсийн гэрээний 5.2 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах. Харин зар сурталчилгааны зардал, зурагт нийт 20,350,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа.

3.2. *******-ийн барилгад барилгын материал, засварын ажилд 25,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Барилгын гадна талыг саарал өнгөөр будах, Mind болон Авто Угаалга гэсэн гэрэлт самбаруудыг байрлуулах, дотор заалны хана будах, бохир усны сувгийг шалан дээр гаргаж усны шүүлтүүр болон төмөр сараалж гагнаж сувгууд дээр байрлуулах, дотор заалны таазанд туузан LED гэрлүүдийг суурилуулах, хаалгаар орох хонгилыг будах, үйлчлүүлэгчдийн хүлээлгийн өрөөний дотор засварыг бүрэн хийж, дотор заалны ажилчдын өрөө, агуулах, ариун цэврийн өрөөнүүдийн хаалгыг сольж тус бүрийг цоожтой болгосон. Барилгын заслын ажлыг барилгын компаниар гүйцэтгүүлж гэрээгээр 20,500,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн.

Барилгын ******* м.кв талбайн шал цутгалтын ажилд 6,285,000 төгрөг төлсөн.

Мөн авто угаалгын усан буу 3 ширхэг, нэг бүр нь 1 тонн усны сав 2 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, хогийн сав 2 ширхэг, тоос сорогч 1 ширхэг хүлээлгийн өрөөний ширээ сандал нийт 7,200,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, барилгын засвар шинэчлэлт өмчлөгчийн мэдэлд бүрэн шилжсэн. Ингээд 2019 оны 09 сараас 10 сар хүртэл хугацаанд хийсэн засан сайжруулахтай холбоотой зардал нийт 15,733,******* төгрөг болсон. Мөн тухайн засан сайжруулалтыг хийхдээ ******* ХХК-тай барилгын дотоод засвар үйлчилгээ хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ажлын хөлс 2,500,000 төгрөг, бараа, материалд 22,739,000 төгрөгийн зардал гаргасан тул нийт 58,995,******* төгрөг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна.

3.3. Талууд хэдий түрээсийн гэрээнд засан сайжруулахтай холбоотой зардлыг хариуцахгүй гэж харилцан тохиролцсон боловч энэ нь хуульд нийцэхгүй.

Учир нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5 дахь хэсэгт хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардах, тооцуулах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан учраас сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

4.1. *******-ийн объект нь Энхтайваны гүүрний доор байрладаг. Тухайн барилга баригдсан үеэсээ гараашийн зориулалтаар буюу автомашин угаалгын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгэхээр ******* м.кв талбай дээр 2 өрөө байрны засан сайжруулалт хийгдсэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг бид нар ойлгохгүй байна.

4.2. Гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын хувьд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг зөрчсөн түрээслэгчийн эрхийг зөрчсөн гэдэг байдлаар тайлбарласан. Гэтэл хуулийн дээрх заалтаар талууд өөрөөр тохиролцоогүй бол засан сайжруулалтын зардлаа нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг зохицуулсан. Тэгэхээр талууд өөрөөр тохиролцож болно гэдэг эрх хэмжээг олгосон заалт байгаа. Бид Иргэний хуульд зааснаар гэрээний чөлөөтэй байдлын зарчмын дагуу гэрээний 5.2-т уг нөхцөлийг оруулсан. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслэгч өөрийн зардлаар засвар үйлчилгээ, засан сайжруулалтыг хийж болох ба энэ тохиолдолд засан сайжруулалтын үнийг түрээслэгчээс шаардах эрхгүй байх нөхцөлийг тусгаж, гэрээнд талууд гарын үсэг зурсан.

4.3. Гэрээний 5.2-т ямар засвар үйлчилгээ хийх, юу өөрчлөх, барилгын чанарт яаж нөлөөлөх, эргээд хийсэн засварын чанар эвдрэлийг хэдий хугацаанд хэн хариуцах талаар харилцан тохиролцож шаардлагатай тохиолдолд гурвалсан гэрээг байгуулах ба бүрэн ярилцаж шийдвэрлэсний дараа засвар оруулна гэж тохиролцсон. Мөн гэрээний 8.2-т түрээслүүлэгчтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр засвар оруулна гэж түрээслэгчийн эрх, үүрэг дээр тодорхой зааж өгсөн.

4.4. Нэхэмжлэгчийн хувьд хэзээ засварласан гэдгийг мэдэхгүй, яг ямар засвар оруулсныг мэдэхгүй. Хэрэв үнэхээр засвар хийх байсан бол уг гэрээний 5.2-д зааснаар түрээслүүлэгчтэй ярилцаж тохиролцож *******, ямар засвар хийх талаар зөвшөөрөл авч хоёр талаасаа баримт үйлдэхээр заасан.

4.5. Гэрээний дагуу талууд шалны засварын төлбөрийг хувааж төлнө гээд хариуцагч хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Үүний дагуу шалны зардлын 50 хувийг төлсөн. Тэгэхээр гэрээний 5.2-т зааснаар бид нарын хоорондоо харилцан тохиролцож хийгдсэн засан сайжруулалт бол шалны ажил тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 42,666,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,466,518 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас 7,156,100 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,816,200 төгрөгийг болон 2019 оны 08 сарын 31-ний өдрийн ******* дугаартай Түрээсийн гэрээний 5.2 заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн, 56.2-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,700 төгрөг, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,594 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 371,283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******-аас 129,448 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: ...Алданги нь хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагад хамаарах зохицуулалт бөгөөд Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 01/01 дугаартай Хилийн боомтыг түр хаах тухай зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 62 дугаар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол тус тус гарснаас хойших хугацаанд Ковид-19 цар тахлаас сэргийлэх зорилгоор худалдаа, үйлчилгээний салбарт хориглох хязгаарлах шат дараалсан арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлсэн нь нийтэд илэрхий үйл баримт юм гэх үндэслэлээр алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Гэвч дээрх эрх бүхий байгууллагын шийдвэр нь тодорхой хүрээний зохицуулалтыг агуулсан ба нийтэд илэрхий үйл баримт гэдгээр гэрээгээр хүлээсэн бүх хариуцлагаас бусдыг чөлөөлөх зохицуулалтыг агуулаагүй. Учир нь түрээсийн гэрээний төлбөр төлөгдөөгүй 2020 оны 05 сараас 11 сар хүртэл Монгол улс дотооддоо Ковид-19 халдвар алдаагүй байсан буюу Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 01/01 дугаартай Хилийн боомтыг түр хаах тухай зөвлөмжид Авто угаалгын газрын үйл ажиллагаа огт хамаарахгүй болно.

6.2. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 62 дугаар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолд үйлчилгээний байгууллагуудыг 22 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тухайн авто угаалгын газар нь ердийн үед ч 22 цаг хүртэл ажилладаг ба автомашинуудыг мөн явахыг хориглосон тушаал, шийдвэр гараагүй, авто угаалгын үйл ажиллагааг хориглоогүй байсан болно.

Тэгэхээр хариуцагч *******ын авто угаалгын үйл ажиллагаа дээрх шийдвэрүүдэд хамаараагүй бөгөөд ******* нь түрээсийн зүйлийг бүрэн ашиглаж, тогтмол ашиг орлого олж байсан тул алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүй болно.

6.3. Ашиглалтын зардалд тооцсон 5,133,185 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн хувьд талууд Иргэний хуульд зааснаар тооцоо нийлсэн бичиг үйлдсэн ба хавтаст хэргийн 13 хуудас болон түүний ар талд 2 удаагийн бичгээр нотлогддог. Үүнд ******* нь 2020 оны 6, 7, 8, 9, 10 дугаар сарын ашиглалтын зардлаа төлөөгүй, төлнө гэдгээ бүрэн зөвшөөрч талууд тохиролцсон. ******* нь түрээсийн зүйлийг ашиглаж, ашиглалтын зардал гаргасан нь үнэн ба өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч танилцаж, тооцоо нийлж байсан бөгөөд түүний төлөөгүй ашиглалтын зардлыг Худалдаа хөгжлийн банкны данснаас Улаанбаатар цахилгаан түгээх станц руу илгээж байсан QR бүхий код, ашиглалтын зардлын тооцоолол зэргийг шүүхэд гаргасан болно. Түрээсийн гэрээний 4.2-д ...Түрээсийн гэрээний хугацаанд эдгээр зардлыг түрээслэгч хариуцан төлнө... гэж заасан. Иймд ашиглалтын зардлыг хэрэгсэхгүй болгосныг энэхүү үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно.

6.4. Сөрөг нэхэмжлэлээс 7,156,100 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа бөгөөд анхан шатны шүүхээс гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон ба хүчин төгөлдөр заалт гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү заалтаар хариуцагч нь өөрийн сайн дураараа хийсэн бизнесийн үйл ажиллагааг сурталчлах самбар хаяг зэрэг зардлыг шаардах эрхгүй ба хэрвээ аливаа засан сайжруулалт хийвэл түрээслэгчээс зөвшөөрөл авч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр засан сайжруулалт хийх ёстой байсан.

6.5. Гэрээний 5.2-т зааснаар хариуцагч нь зайлшгүй засан сайжруулалт мөн эсэхээ нотлоогүй, засан сайжруулалт хийгдсэн гэдгээ нотлоогүй, мөн түрээслэгчээс зөвшөөрөл авч хийсэн гэдгээ нотлоогүй байхад түрээслэгчийн үйл ажиллагаагаа сайн дураараа сурталчилсан болон бусад сайн дурын зардлуудыг зөвхөн шүүхийн видео бичлэг хийсэн үзлэг дээр үндэслэж, сайн дурын үйл ажиллагааны зардлыг түрээслэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.6. Салгаж болох аливаа сайн дурын зардлуудаа түрээслэгч нь өөрөө авч явах, ашиглах бүрэн боломжтой бөгөөд хийгдсэн эсэх нь тодорхойгүй, үлдээсэн эсэх нь тодорхойгүй сайн дурын үйл ажиллагааны зардлыг түрээслүүлэгч төлөх үндэслэлгүй. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зарлагын баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн 1,200,000 төгрөгийн зурагт гэх баримтад хүлээлгэн өгсөн эд хариуцагч *******, хүлээн авагч ******* гэх нэг хүний гараар үйлдсэн буюу хэн ч хэдийд үйлдэх боломж бүхий нотлох баримтын шаардлага хангахгүй, баримтыг үндэслэн нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

6.7. Мөн шүүхэд гаргаж өгсөн банкны хуулгаар гарсан ганцхан зарлагын хуулга нь түрээсийн байр дээр хийгдсэн үйл ажиллагааны зардал мөн байсан эсэхийг хангалттай нотлохгүй. Тухайн хувийн данснаас гарсан зарлагаар авсан зүйлсээ ******* нь ******* ч ашигласан байх боломжтой.

6.8. Иймд үндсэн нэхэмжлэлээс хангахгүй орхисон 26,466,518 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, сөрөг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 7,156,100 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Тухайн объектыг манай үйлчлүүлэгч *******-тай гэрээ байгуулж орохдоо нэг давхрыг авто угаалгын зориулалтаар түрээсэлсэн. Тухайн объект нь өмнө гараашны зориулалттай байсан. Авто угаалгын зориулалтаар ашиглах үед 58,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн гэрээнд хэрвээ засвар хийлгэхээр юм бол талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурсан байна гэж заасан байдаг. Бодит байдал дээр энэ үйлдэгдээгүй. Нэхэмжлэгч талын тухайн үед акт үйлдээгүй учраас бид нар хариуцахгүй гэдэг нь үндэслэлгүй.

Ашиглалтын зардал 17,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг төлсөн, 5,000,000 төгрөг үлдэгдэлтэй гэсэн боловч баримтаар нотолж чадаагүй. Тухайн үед ашиглалтын зардлыг *******-аас ирүүлсэн мэдэгдлийн дагуу тус компанийн захиралд төлдөг байсан. Төлөөгүй гээд үзэж байгаа 2020 оны 6, 7, 8, 9, 10 сарын ашиглалтын зардлыг хангалттай нотолж чадаагүй болохоор хүлээн зөвшөөрөх боломжгүй. Алданги 21,333,333 төгрөгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Яагаад гэвэл ковид-19 цар тахлын хөл хорио тогтоосон. Аж ахуйн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр тогтоож, хязгаарласан. Авто угаалгын газрыг хагас цагаар ажиллуулсан. Орлого олох нөхцөл байдал үүсээгүй учраас алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэжээ.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 51,816,200 төгрөгт холбогдох хэсэг болон 2019 оны 08 сарын 31-ний өдрийн ******* дугаартай түрээсийн гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

8.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.3-т ...Хариуцагчаас түрээсийн зүйлд засан сайжруулалт хийсэн засварын зардал гарсан гэх боловч энэ талаар харилцан тохиролцсон баримтгүй, анх хүлээн авсан байдал болон засвар хийсний дараах нөхцөл байдлын талаар гэрээний 5.1-д заасны дагуу акт үйлдээгүй, 12.3-д зааснаар хөрөнгө хүлээлцсэн протокол хавсаргаагүй байх тул түрээсийн зүйлд хийгдсэн засвар буюу засан сайжруулалтын зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

******* нь *******-тай 2019 оны 08 сарын 31-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр, *******-ийн өмчлөлийн нийт ******* м.кв талбай бүхий барилгын ******* м.кв талбайг авто угаалгын зориулалтаар зориулалтаар хоёр жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцсон. Тухайн үед уг түрээсийн талбайд шууд авто угаалгын үйлчилгээ эрхлэх боломжгүй, зориулалтын бус байсан тул хариуцагчийн зүгээс өөрийн зардлаар тухайн барилгад засан сайжруулалт хийж, буйдан, ширээ, сандал, усан буу, усны сав, ус цэвэршүүлэгч төхөөрөмж зэрэг тоног төхөөрөмж, тавилгыг авсан байдаг. Энэ нь үзлэгийн тэмдэглэл, хариуцагч *******ын ******* банкны дансны хуулга, зарлагын баримт, *******-тай байгуулсан гэрээ, түүний кассын орлогын ордер зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2 дахь хэсэгт хөлслөгч нь дараах эрхтэй, 289.2.5, 292 дугаар зүйлийн 292.5 дахь хэсэгт заасны дагуу нийт 58,996,******* төгрөгийн засан сайжруулалтын зардлыг түрээсийн төлбөр төлөх шаардлагын эсрэг шаардах эрхтэй байна.

8.3. Хавтас хэрэгт авагдсан, маргаан бүхий гэрээний 5.1-т түрээсийн талбай болох ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг анх гэрээ байгуулахад акт үйлдэж, гэрэл зургаар баталгаажуулан хүлээлцэх, 12.3-т үл хөдлөх хөрөнгийн талбай, өрөө тасалгааны бүрэн бүтэн байдлын талаарх фото зураг, хөрөнгө хүлээлцсэн протоколыг хавсаргав гэж талууд харилцан тохиролцсон бөгөөд энэхүү түрээсийн талбайг актаар хүлээлгэн өгөх, баталгаажуулах үүргийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т заасны дагуу түрээслүүлэгч буюу ******* хүлээхээр байна. Гэтэл, анхан шатны шүүхээс *******-ийн энэхүү түрээсийн талбайг актаар хүлээлгэн өгөх, баталгаажуулах үүргийг миний үйлчлүүлэгч ******* биелүүлээгүй, улмаар засан сайжруулалтын зардлыг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 292 дүгээр зүйлийн 292.5 дахь хэсэгт заасан засан сайжруулалтын зардлыг түрээсийн төлбөрт тооцуулах, уг тооцуулах эрхийг анх түрээсийн талбайг хүлээлгэж өгөөгүй байна гэх үндэслэлээр хязгаарлах нь хуульд нийцэхгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

9.1. *******ын тайлбар үндэслэлгүй. Түрээсийн төлбөрийг бууруулсан зүйл байдаггүй. Түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөг болгож байгаа гэсэн баримт байхгүй. Түрээсийн төлбөрийг 8,000,000 төгрөгөөр тохиролцсон. Анхан шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-т засан сайжруулалтын талаар дурдсан. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол гэж байгаа. Манай тохиолдолд гэрээгээр буюу харилцан тохиролцсоны үндсэн дээр засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийж болох ба энэ тохиолдолд засан сайжруулалтын үнийг түрээслэгчээс шаардахгүй.

Ямар засвар хийсэн талаар нэхэмжлэгчид танилцуулсан зүйл байдаггүй. Зөвшөөрөл авсан нь ганцхан шалны засвар. Бусад засвар *******ын өөрийнх нь зар сурталчилгаа, маркетингтай холбоотой засварын ажил. Өөрөө сайн дурын үндсэн дээр сайжруулсан. Энэ талаар бид нар мэдэхгүй. Энэ гэрээний 5.2 хүчин төгөлдөр байгаа. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5 дахь хэсэгт заасан гэрээний заалтыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Шаардах эрхийг хязгаарлаагүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцож болохыг хуульд заагаад өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 69,133,184 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...тухайн барилгад үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд засан сайжруулалт хийсэн, нийт 58,995,******* төгрөгийн зардал гарсан тул түрээсийн төлбөрт суутган тооцуулна, ... Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан орлого буурсан тул алданги зөвшөөрөхгүй ... гэсэн агуулгаар тайлбарлаж, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 сарын 31-ний өдрийн ******* дугаартай түрээсийн гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, засан сайжруулалтын зардалд нийт 58,995,******* төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ.

 

3. Талууд түрээсийн гэрээ байгуулж, түрээслэгч нь ******* дүүрэг, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайг эзэмшиж, ашиглаж байсан, түрээсийн зүйлийг 2020 оны 11 сарын 15-ны өдөр түрээслүүлэгчид хүлээлгэн өгч, гэрээ дуусгавар болсон үйл баримтад маргаагүй.

 

Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, талуудын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

4. Зохигчид үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдал, алданги шаардсан үндэслэл, ашиглалтын зардлын тооцоолол бодитой эсэх, мөн эд хөрөнгөд түрээслэгчийн зөвшөөрөлтэйгээр засан сайжруулалт хийсэн эсэх, түрээсийн гэрээний 5.2 дахь заалтын хүчин төгөлдөр байдалд маргажээ.

4.1.Талууд 2019 оны 08 сарын 31-ний өдрийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч ******* нь ******* дүүрэг, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбай бүхий объектоос ******* м.кв талбайг 2 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь гэрээ байгуулагдснаас хойш 7 хоногийн дотор эхний 3 сарын түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх, цаашид тухайн сарын 05-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн нэрлэсэн банкны харилцах дансаар төгрөгийг шилжүүлэх, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги түрээслүүлэгчид төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх-6-10/

4.2. Хариуцагч ******* нь 2019 оны 08 сарын 31-ний өдрөөс 2020 оны 04 сар хүртэл гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгэсэн, 2020 оны 05 сараас 11 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр төлөөгүй үйл баримт хэргийн 13 дахь талд авагдсан *******-д 2020 оны 10 сарын 15-ны өдөр гаргаж байсан төлбөр төлөхтэй холбоотой *******ын гараар бичсэн амлалт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /1хх-13, 2хх-8-11/

4.3. Хариуцагч үүрэг зөрчсөн үндэслэл болон гүйцэтгээгүй үүрэг төлөх нөхцөлийн талаар ... цар тахлын хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөгөөр бууруулахаар харилцан тохиролцсон, ... 6 сарын төлөгдөөгүй төлбөр 24,000,000 төгрөгөөр барьцааны 8,000,000 төгрөгийг хасч, объектод үлдээсэн эд зүйл, засан сайжруулалтын зардал зэргийг суутган тооцохоор тохиролцсон гэж тайлбарласан байна.

 

5. Анхан шатны шүүх, хариуцагч уг тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнээд, түрээсийн гэрээний үүрэг болох 2020 оны 5-11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр 50,666,666 төгрөгөөс барьцаа 8,000,000 төгрөгийг хасч, үлдэх 42,666,666 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт 42,666,600 гэсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

5.1. Учир нь, талууд гэрээний 4.1-д түрээсийн төлбөр эхний 1 сар болох сарын 4,000,000 төгрөг, 2-12 дахь сар болох сарын 8,000,000 төгрөг, 13 дахь сараас төлбөр ахин ярилцах ба төлбөр төлөлт 3 сараар байх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх-6/

Дээрх гэрээний заалтад талууд өөрчлөлт оруулж, түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөг болгосон, мөн гүйцэтгээгүй үүргээс буюу түрээсийн төлбөрийн үлдэгдлээс түрээсийн объектод үлдээсэн эд зүйл, засан сайжруулалтын зардал зэргийг суутган тооцохоор харилцан тохиролцсон гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Иймээс хариуцагч *******ыг дээрх тайлбарын үндэслэлээ баримтаар нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

6. Шүүх, нэхэмжлэлээс алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан дүгнэж, тухайн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

6.1. Талууд түрээсийн гэрээний 4.5-д түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги түрээслүүлэгчид төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.

6.2. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2019 оны 08 сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь 2020 оны 05 сараас гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдон мөн оны 11 сарын 15-ны өдөр гэрээ цуцлагдсан болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцон шаардах эрхтэй.

6.3. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс мөн оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, 2020 оны 11 сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжүүлж, 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бууруулан шилжүүлсэн байна. Улсын онцгой комиссын даргын тушаал болон шадар сайдын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 4 дугаартай тушаалаар баталсан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх аргах хэмжээний удирдамжид баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарь хязгаарлалт хийх, олон нийтийн хамарсан уулзалт, сургалт, семинар, ёслол хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоох ... зэрэг арга хэмжээ авсан. Эдгээр үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримтад хамаарна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6.4. Харин, дээрх удирдамжид авто угаалгын үйл ажиллагааг зогсоох, хязгаарлах арга хэмжээ авсан талаар тусгагдаагүй байхад шүүх, нэхэмжлэлээс алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх, хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 60 хувиар багасгаж 8,533,320 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, үлдэх 12,800,013 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

 

7. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 5,133,185 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7.1. Түрээсийн гэрээний 4.2-т Гэрээний 4.1-д заасан түрээсийн төлбөрт түрээслүүлэгчийн талбайд ногдох халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, хог хаягдал, цэвэрлэгээ, ашиглалтын зардла ороогүй болно. Түрээсийн гэрээний хугацаанд эдгээр зардлыг түрээслэгч өөрөө харицан төлнө. гэж талууд харилцан тохиролцсон, энэ талаар маргаангүй.

7.2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ... ашиглалтын зардал 17,229,485 төгрөгөөс 12,096,******* төгрөгийг хариуцагч төлсөн, үлдэх 5,133,185 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлан, нэхэмжлэх, *******-ийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтууд шүүхэд гарган өгчээ. /1хх238-250, 2хх1-5/

Эдгээр нотлох баримтууд нь хариуцагч *******ыг, түрээслэж байсан ******* м.кв талбайд ногдох дулаан, цэвэр бохир ус, цахилгааны төлбөрт 5,133,185 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэдгийг үнэн зөв, эргэлзээгүйгээр нотлохгүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэгч шүүгчийн нийт талбайн ашиглалтын зардлаас *******ын түрээслэж байсан талбайн ашиглалтын зардлыг хэрхэн тооцсон бэ. Тусгай тоолууртай юу гэсэн асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бид нар өөрсдөө хувиараа тооцоолж бодсон. Тусгай тоолуур байхгүй гэж хариулж байна. /2хх-39/ Иймээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар түрээсийн зүйл болох ******* м.кв талбайн зардал эсэх нь нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

8. Хариуцагч ******* нь засан сайжруулалтын зардалд нийт 58,995,******* төгрөг гаргуулах, мөн түрээсийн гэрээний 5.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

9. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 7,156,100 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

9.1. Зохигч талууд түрээсийн гэрээний 5.2 дахь заалтаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслэгч өөрийн зардлаар засвар үйлчилгээ, засан сайжруулалтыг хийж болох ба энэ тохиолдолд засан сайжруулалтын үнийг түрээслүүлэгчээс шаардах эрхгүй болно. Эхний удаад засварын хугацааг 30 өдөр хүртэл олгоно. Үүнд: ямар засвар үйлчилгээ хийх, юу өөрчлөх, энэ нь барилгын чанарт хэрхэн нөлөөлөх, эргээд хийсэн засварын чанар, эвдрэлийг хэдий хугацаанд хэн, хэрхэн хариуцах талаар харилцан тохиролцож, шаардлагатай тохиолдолд гурвалсан гэрээ байгуулах ба бүрэн ярилцаж шийдвэрлэсний дараа засвар оруулна гэсэн нөхцөлийг харилцан тохиролцжээ. /1хх-7/

9.2. Шүүх, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 292 дугаар зүйлийн 292.5, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг тус тус тайлбарлан хэрэглэж, дээрх гэрээний нөхцөлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Энэ шийдэлд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дэлгэрүүлж эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

9.3. Хариуцагч нь түрээсийн объектод засан сайжруулалт хийсэн, объектод 7,200,000 төгрөгийн эд зүйл үлдээсэн ... гэх үндэслэл заан, засан сайжруулалтын зардал болон эд зүйлийн үнэд 58,995,******* төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч уг шаардлагаас шалны засварын зардал 3,142,500 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эд хөрөнгөд засан сайжруулалт хийхдээ түрээслүүлэгчээс зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр татгалзан, маргажээ.

9.4. Түрээсийн гэрээний 8.2.3 дахь заалтаар түрээслэгч тал өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн түрээсийн талбайг тохижуулах, шаардлагатай засан сайжруулалтыг өөрийн зардлаар хийхээр талууд тохиролцсон байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс хөлслөгч шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч ******* нь автоугаалгын үйл ажиллагаа явуулах зорилгод нийцүүлэн түрээсийн эд хөрөнгөд засвар хийхдээ гэрээний 5.2, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д тус тус заасны дагуу түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч *******-аас зөвшөөрөл авсан, энэ талаар талууд харилцан тохиролцсон гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

9.5. Мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн бараа материал худалдан авсан тухай зарлагын баримт, бэлэн мөнгөний кассын орлогын ордер зэрэг бичмэл нотлох баримтууд нь хариуцагч *******ын түрээслэсэн тухайн объектод засвар хийсэн гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна.

9.6. Түүнчлэн талууд түрээсийн зүйлийг хүлээлцэхдээ гэрээний 5.1-д зааснаар акт үйлдэж, гэрэл зургаар баталгаажуулаагүй байх тул тухайн эд хөрөнгө өмнө нь ямар байсан, тэрээр хариуцагчаас дотор заалны хана будах, бохир усны сувгийг шалан дээр гаргаж усны шүүлтүүр болон төмөр сараалж гагнаж сувгууд дээр байрлуулах, дотор заалны таазанд туузан LED гэрлүүдийг суурилуулах, хаалгаар орох хонгилыг будах, үйлчлүүлэгчдийн хүлээлгийн өрөөний дотор засварыг бүрэн хийж, дотор заалны ажилчдын өрөө, агуулах, ариун цэврийн өрөөнүүдийн хаалгыг сольж тус бүрийг цоожтой болгосон зэрэг засвар хийсэн гэж дүгнэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Шүүх, хэрэгт авагдсан дээрх баримтууд, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч *******ын ******* банк дахь дансны хуулгаас засан сайжруулалттай холбоотой мөнгөн шилжүүлгийн дүн, гүйлгээний утга, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шалны завсарын зардлын 50 хувь болох 3,142,500 төгрөг, эд зүйлийн үнэд 4,013,600 төгрөг, нийт 7,156,100 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6-д заасантай тус тус нийцэж байна. /1хх-30-39, 127-128, 227-231/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04730 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 51,199,920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 17,933,264 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******-аас 7,156,100 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 51,839,200 төгрөг, 2019 оны 08 сарын 31-ний өдрийн ******* дугаартай Түрээсийн гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дахь заалт нэмэлт оруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 371,283 гэснийг 413,950 гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2, 3 гэсэн дугаарлалтыг 3, 4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417,031 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.ЦЭНД