Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 374

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2019          4           18                                      2019/ШЦТ/374

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

            Улсын яллагч Ш.Насанжаргал,

            Гэрч Э.Баасанхүү,

Хохирогч Г.Пүрэв-Очирын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт гэмт хэрэгт Б.С-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809022350726 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ял шийтгэлгүй, Б.С, 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.С нь 2016 оны 11 дүгээр сарын 16-наас 2017 оны 5 дугаар сарын 28-ны хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл худалдааны төвөөс хохирогч Б.Дарханцэцэгт бартераар байр зарна гэж хуурч мэхлэн 84.960.180 төгрөгийн машин, цахилгаан материал залилан авсан,

мөн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд мөр дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл худалдааны төвөөс хохирогч А.Гэрэлхүүд байр хямд зарна гэж хуурч мэхлэн 8.000.000 төгрөг залилан авсан,

          мөн хохирогч Г.Пүрэв-Очироос Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр СОТ-ын байрны орчимд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4.082.000 төгрөгийн үнэ бүхий 43 ширхэг тоолуур, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Барилгын Дэвшилтэд Технологийн төвд байрлах “Үлэмж тэлэхү” ХХК-ийн байранд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5.810.000 төгрөгийн үнэ бүхий 70 ширхэг тоолуур, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.096.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг тоолуур, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Грийн апартмент” барилгын талбай дээр 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 9.894.000 төгрөгийн үнэ бүхий 112 ширхэг тоолуур, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Барилгын Дэвшилтэд Технологийн төвд байрлах “Үлэмж тэлэхү” ХХК-ийн байранд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 996.000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг тоолуур, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 382.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг тоолуур буюу нийт 22.260.000 төгрөгийн үнэ бүхий 244 ширхэг тоолуурыг нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, санхүүжилт орж ирэхээр мөнгийг өгнө гэж хуурч залилан авч хохирогч нарт нийт 115.220.180 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Энэ хүмүүсийг хохироосондоо харамсаж байна. Тухайн үед 3 ажил гүйцэтгэх гэрээнээс нэг нь цуцлагдсан байсан болохоор ийм зүйл болсон. Энэ бол миний буруу, миний алдаа. Харамсаж байна. Ажлаа гүйцэтгэж чадаагүйгээс нэг гэрээ цуцлагдаж ийм байдалд хүрчихлээ…” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би “Сүмбэр цамхаг” ХХК-ны гүйцэтгэгч компани юм. Уг компани надад ажлын хөлсөнд 49 м.кв-тай 2 өрөө байр 2 ширхэгийг өгсөн. Уг байрыг өгөхдөө надад м.кв-ыг нь 1.250.000 төгрөгөөр бодож өгсөн юм. Яг зарахдаа зах зээлийн үнээ 890.000 төгрөгөөр зарсан юм. Зөрүү мөнгөндөө би шатаад ерөнхийдөө дампуурсан юм. Тэгээд Пүрэв-Очирын мөнгийг өгч чадаагүй юм..” гэсэн мэдүүлэг /1 хх-41/,

Хохирогч Г.Пүрэв-Очирын “...Сандагдорж гэх залуу манай компанитай анх 2015 онд бэлэн мөнгөөр нилээд хэдэн худалдан авалт хийсэн. Тэгээд Сандагдоржтой байнгын хамтран ажилладаг болсон юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 111 ширхэг 220В-ын тоолуур 1 ширхэгийг 85.000 төгрөгөөр, 380В-ын тоолуур 390.000 төгрөгөөр бодож зээлээр авах гэрээ хийгээд 2016 оны 12 дугаар сарын 08-ны дотор төлж дуусгахаар гэрээ хийсэн юм. Тэгээд заасан хугацаандаа мөнгөө өгөөгүй. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 6 ширэг, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 112 ширхэг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 12 ширхэг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 ширхэг тоолуур авсан. Би өмнөх гэрээний дагуу мөнгөө нэхсэн чинь Сандагдорж нь одоо энэ тоолуурын мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлж авдаг байсан. Тэгээд сүүлдээ утсаа унтраагаад алга болсон, нийт хохирлын хэмжээ 22.780.000 төгрөг нэхэмжилнэ”... гэх мэдүүлэг /1хх-98-99/,

 

Хохирогч Б.Дарханцэцэгийн “...2016 оны 10 дугаар сард Сандагдорж, Баасанхүү нар нь байрны бартерын гэрээ хийхүү гэхээр нь би хаана байрлалтай байр юм гэхэд Сандагдорж нь “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайз 16-ын тэнд баригдаж байгаа “Грийн апартмент” хотхоны Б блокын 16 давхарын Атипын 57,51 м2 байрны 1 м кв-ын үнийг нь 890.000 төгрөгт бодоод авчих гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд тухайн байрыг 51.183.900 төгрөгөөр худалдан авахаар болоод өөрийн эзэмшлийн 05-12 УНО улсын дугаартай улаан өнгийн “Киа спортеж” маркийн автомашиныг 29.000.000 төгрөгт бодож Сандагдоржийн нэр дээр шилжүүлэхээр болоод 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд шилжүүлэн өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 16-наас эхлэн манай байгууллагаас цахилгаан автомат, кабель утас, холбоо дохиоллын утас зэргийг Сандагдорж, Баасанхүү 2 байнга хамт ирж авсаар 106.497.180 төгрөгийн бараа авснаас 29.000.000 төгрөгөөр бодож өгсөн машин, барааны мөнгө гэж өгсөн мөнгөнүүдийг хасахаар 55.960.180 төгрөгийн бараа авсан. Сүүлдээ бараа авах болгондоо Сандагдорж нь “энэ ажлыг хийчихвэл байр удахгүй таных болно” гэж хэлдэг байсан. 2017 оны 6 дугаар сарын үеэс Сандагдорж сураг чимээгүй, утас нь холбогдохгүй алга болохоор нь би наадам болж байсан учраас хөдөө гадаа явсан юм байна гэж бодсон. Тэгээд надад зарахаар гэрээ хийсэн байраа өгөхгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандах болсон”... гэх мэдүүлэг /1хх-14-16/,

 

Хохирогч А.Гэрэлхүүгийн “...Би 2015 оны 11 дүгээр сард “Электролайт” ХХК-д нягтлан бодогчоор анх ажилд орж байсан. 2016 оны 9 дүгээр сарын үед манай байгууллагын харилцагч Сандагдорж, Баасанхүү 2 орж ирээд захирлын эхнэр Дарханцэцэг эгчтэй “бартерын байр байна, та аваад оронд нь бараа материал өгөөч” гэж хоорондоо ярилцаж байхыг сонссон. Би өмнө нь Дарханцэцэг эгчтэй “би байр худалдан авах талаар хоорондоо ярилцаж байсан. Дараа нь Дарханцэцэг эгч “чи байр авах уу” гэж асуухаар нь би Дарханцэцэг эгч, Сандагдорж нартай уулзаад байр авахаар болоод тохиролцсон. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын үед эхлээд Сандагдорж ахын компани данс руу 7.000.000 төгрөгийг шилжүүлж, дараа нь бэлнээр 1.000.000 төгрөгийг өгч байсан. 2016 оны 12 дугаар сарын үед Сандагдорж ах намайг болон хүргэн ах Доржсүрэн, эгч Гэрэлтуяа нарын хамт орж Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хажууд шинээр баригдсан 12 давхар барилгын 11 давхарт 2 өрөө байр үзүүлсэн. Би тэр байр руу орно гээд бодоод явж байтал нөгөө барилга нь ашиглалт орсон байхаар гаднаас нь харахад миний орно гэсэн 2 өрөө байранд өөр айл орсон болохыг мэдээд Сандагдорж руу утасдаж асуухад “танай байранд цагдаагийн том дарга орсон байна лээ, би цаана байгаа дарга нартаа хэлсэн чинь намайг байж бай гэнээ, хүлээж байгаарай" гэхээр нь би Сандагдоржийг хүлээсэн. Хэдэн сарын дараа миний байр яасан бэ гэж асуухад Сандагдорж нь “чиний байрыг цохож өгөхгүй байна” гэж худлаа хэлээд утсаа салгаад хэдэн сар алга болсон. Би хайж явсаар байгаад Сандагдоржтой ах эгчийнхээ хамт очиж уулзахад Сандагдорж нь "ажил дээрээ очихгүй байгаа, ажлаасаа гарсан, анхнаасаа байр байгаагүй гэхэд бид нар хоорондоо хэрэлдсэн. Одоо хүртэл байранд оруулсан зүйл байхгүй, эхнэр гэх эмэгтэйтэй холбогдож байгаад 500.000 төгрөгийг авсан, дараа нь Сандагдоржоос 500.000 төгрөг авсан. Одоо хүртэл үлдэгдэл 7.000.000 төгрөгөө аваагүй байна”... гэх мэдүүлэг /1хх-20-21/,

 

Гэрч Э.Баасанхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Би Сандагдоржийн компанид ахлах цахилгаанчин буюу инженерийн үүрэг гүйцэтгэж байсан. “Сүмбэр цамхаг” ХХК-ний гэрээ байгуулахад оролцож, үүрэг хүлээж байгаагүй тул ажил гүйцэтгэсний төлөө хэдэн байр авсныг мэдэхгүй. Би Сандагдоржийн Пүрэв-Очирт төлөх ёстой мөнгөнөөс чинь найз нь боломжоороо төлж байя гэж хэлсэн. Тэгээд тоолуурын заалт өгөх гэж очихдоо мөнгө өгөх гэсэн боловч Пүрэв-Очир чи хүний өмнөөс мөнгө төлнө гэж байхгүй. Би чамаас авахгүй гэж хэлсэн. Ерөнхийдөө Сандагдорж ажлаасаа хөндийрмөөр байна гэж өөрөө хэлсэн. Би “Сүмбэр цамхаг” компанитай тусдаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллаж байгаа…” гэв.

түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 6 дугаар сараас би Сандагдорж гэх хүний Маймо системс ХХК-нд ажилд орсон. Сандагдорж анх танилцаад надад хэрэв чи манай ХХК-д цахилгаанаар ажиллавал чамд би автомашин авч өгнө гэсэн. 2016 оны 6 дугаар сараас ажилд ороход Сүмбэр цамхаг ХХК-д цахилгааны туслан гүйцэтгэгчээр Сандагдоржийн МАЙМО ХХК-нд ажилласан. Тэгээд ажил гүйцэтгэх хугацаанд Баянзүрх дүүргийн 16 -р хороолол Грийн апартмент хорооллын цахилгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ бартерын байр орж ирэхээр нь Сандагдорж 100 айлын таньдаг эгч Дарханцэцэгээс зээлээр цахилгааны материал авсан. Дарханцэцэг, Сандагдорж нар нь “хоёр байр бартераар өгөх гэрээ хийчихлээ оронд нь цахилгааны материал авахаар боллоо” гэж хэлж байсан. Уг асуудалд би оролцоогүй. Сандагдорж энэ талаар сайн мэдэх байх. Грийн апартмент хороололд бид нар ажлын хөлсөндөө Сандагдорж Б блокийн 16 давхарын 57 метр кв байх байрыг Сүмбэр цамхаг ХХК-наас өгсөн. Уг байрыг Сандагдорж Дарханцэцэгтэй гэрээ хийсэн байсан. Сандагдорж сүүлд нь уг байрыг өөр хүнд зарсан байсан. Тэр асуудлыг би сайн мэдэхгүй. 2017 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 16-р хорооллын Грийн апартментыг улсын комисс хүлээж авсан хойно Сандагдорж гэнэт 14 хоног алга болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-23-24/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-128/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-106/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-163/, ажил гүйцэтгэх гэрээ /1хх-154-159, 161-162/, “Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-176-177/, тооцооны үлдэгдлийн баталгаа /1хх-75/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-31/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-46, 48-50/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.С нь 2016 оны 11 дүгээр сарын 16-наас 2017 оны 5 дугаар сарын 28-ны хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл худалдааны төвөөс хохирогч Б.Дарханцэцэгт бартераар байр зарна гэж хуурч мэхлэн 84.960.180 төгрөгийн машин, цахилгаан материал залилан авсан,

мөн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд мөр дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл худалдааны төвөөс хохирогч А.Гэрэлхүүд байр хямд зарна гэж хуурч мэхлэн 8.000.000 төгрөг залилан авсан,

  мөн хохирогч Г.Пүрэв-Очироос Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр СОТ-ын байрны орчимд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4.082.000 төгрөгийн үнэ бүхий 43 ширхэг тоолуур, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Барилгын Дэвшилтэд Технологийн төвд байрлах “Үлэмж тэлэхү” ХХК-ийн байранд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5.810.000 төгрөгийн үнэ бүхий 70 ширхэг тоолуур, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.096.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг тоолуур, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Грийн апартмент” барилгын талбай дээр 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 9.894.000 төгрөгийн үнэ бүхий 112 ширхэг тоолуур, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Барилгын Дэвшилтэд Технологийн төвд байрлах “Үлэмж тэлэхү” ХХК-ийн байранд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 996.000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг тоолуур, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 382.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг тоолуур буюу нийт 22.260.000 төгрөгийн үнэ бүхий 244 ширхэг тоолуурыг нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, санхүүжилт орж ирэхээр мөнгийг өгнө гэж хуурч залилан авч хохирогч нарт нийт 115.220.180 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Г.Пүрэв-Очир, Д.Дарханцэцэг, А.Гэрэлхүү, гэрч Э.Баасанхүү нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Сийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна талуудын шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судалсан баримтууд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Сийн дээрх нэр бүхий гурван хохирогч нараас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “санхүүжилт орж ирэхээр мөнгийг өгнө” гэж хуурч, тэдгээрийн эд хөрөнгө, мөнгийг залилан авч, нийт 115.220.180 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байгаагаас гадна шүүгдэгчийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үлдэгдсэн бөгөөд прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн байх ба шүүгдэгчид холбогдох хэргийг зөв зүйлчилж ирүүлсэн байна.  

Иймд шүүгдэгч Б.Сийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон  итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Сийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Дарханцэцэгт 84.960.180 төгрөгийн, хохирогч Г.Пүрэв-Очирт 22.260.000 төгрөгийн, хохирогч А.Гэрэлхүүд 8.000.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Пүрэв-Очирт 2.500.000 төгрөг, хохирогч А.Гэрэлхүүд 1.000.000 төгрөгийг төлсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Соос нийт 111.720.180 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дарханцэцэгт 84.960.180 төгрөг, хохирогч Г.Пүрэв-Очирт 19.760.000 төгрөг, хохирогч А.Гэрэлхүүд 7.000.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Сийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, шүүгдэгч Б.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Б.С-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Сийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.С-оос 111.720.180 төгрөгийг гаргуулж, Б.Дарханцэцэг 84.960.180 төгрөг, Г.Пүрэв-Очир төгрөг, А.Гэрэлхүүд төгрөгийг тус тус олгосугай.

 

6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                                                                                                      

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР