Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00999

 

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00999

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 2-р баг, Төмстэйд оршин суух, 55 настай, эрэгтэй, Огтор дүрвэд овогт Дашдэндэвийн Дашдондог /РД:НН61010275/,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Дашдондог шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1961 онд төрсөн. Би Төв аймгийн Заамар суманд 1982 оны 6 дугаар сарын 10-наас хойш тракторчин жолоочоор ажиллаж байсан. Одоо хуулийн дагуу тэтгэвэрт гарах гэтэл зарим ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй зэргээс тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд намайг 1982 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр хүртэл Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Цацан ухаа бригадад тракторын жолоочоор ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Дашдондог нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Д.Дашдондог нь Төв аймаг, Заамар сумын Заамар нэгдлийн Цацан-Ухаа бригадад тракторын жолоочоор 1982 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсан гэх боловч, хэрэгт 1979 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон Аваргын дипломын хуулбар, 1989 оны 2 дугаар сарын 5-ны өдөр үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон аваргын дипломын хуулбар, 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон Хүндэт үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 02/2609 дугаартай лавлагаа, Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 8/127 дугаартай тодорхойлолт, Заамар сумын 90 жилийн ойд зориулсан номын 124, 129, 130 дугаар хуудас, гэрч Д.Сандагсүрэн, Ц.Чалхаа нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримт авагджээ.

Дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Төв аймаг, Заамар сумын Заамар нэгдлийн Цацан-Ухаа бригадад 1983 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байх ба 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд ажилласныг тогтоох боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Дашдондогийн Төв аймаг, Заамар сумын Заамар нэгдлийн Цацан-Ухаа бригадад 1983 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдөрхүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Огтор дүрвэд овогт Дашдэндэвийн Дашдондогыг Төв аймаг, Заамар сумын Заамар нэгдлийн Цацан-Ухаа бригадад 1983 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөрхүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дашдондогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУУЛ