| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0348/Э |
| Дугаар | 384 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Л.Одончимэг, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Д.Ангармөрөн,
Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэг, түүний өмгөөлөгч Б.Цолмон,
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911002390043 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1 дүгээр гудамжны 143 тоотод оршин суудаг,
2017 оны 6 дугаар сарын 13-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа эдлэж байгаад 2018 оны 8 дугаар сарын 27-нд эдлээгүй үлдсэн 08 сар 02 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, Э.А,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.А нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 24 дүгээр гудамжны 134 тоотод оршин суух Л.Чулуунбаатарын гэрт иргэн Н.Батмөнхтэй маргалдаж, улмаар хэвлийн тус газар нь хутгалснаас Ж.Батмөнх нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн 3 дугаар гудамжны 22 тоотод нас барж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед би гэртээ харихаар Чулуунбаатар ахын гэрээс гараад далан дээгүүр явж байхад саарал өнгийн зогссон машинаас Батмөнх ах нэг зүс таних залуугийн хамт бууж ирсэн. Тэгснээ Батмөнх ах над руу дайраад “чи пизда минь таксины мөнгө өг” гэж хэлээд зүүн талын шанаа руу 4-5 удаа цохисон. Мөн баруун талын хөлийн шилбэ рүү 5-6 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би уурлаад гэр рүүгээ ороод шар иштэй хутга аваад буцаад гарч ирсэн чинь намайг цохисон газарт Батмөнх ах байхгүй болохоор нь Чулуунбаатар ахын гэрт нь орсон чинь Батмөнх ах байж байсан. Батмөнх ах намайг дахиад зүүн талын шанаа руу 3-4 удаа цохисон. Мөн цээж рүү 4-5 удаа цохисон. Тэгэхэд хажуугаас Даваадай гэж ах “Батмөнхөө чи болиоч” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би уурандаа зүүн гараараа түүнийг цааш хальт түлхсэнээ баруун гартаа хутгаа бариад гэдэсний орчимд нэг удаа хутгалчихсан. Тэгээд би гэрээс зугтаж гараад шууд Ганбаа гэдэг ахын гэрт очоод түүнд хандаж “Батмөнх ах намайг зодоод байхаар нь хутгалчихлаа” гэж үнэнээ хэлсэн. ...Өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ гараагүй гэртээ байж байхад цагдаа нар ирээд намайг барьсан. Би түүнийг надад хутгалуулаад нас барчихна гэж бодоогүй. Би түүнийг 7-8 жилийн өмнөөс таньж мэддэг болсон. Манай гудамжинд гэр нь байдаг юм. Тэр орчмоор явж, архи уудаг байсан. Ер нь архи уучхаараа их онгироо зантай болчихдог, надтай ганцаараа таарахаар юм ярьдаггүй байж олуулаа явж байхаараа намайг дандаа дээрэлхээд байдаг юм. …Би тухайн үед Рашааны 1 дүгээр гудамжинд явж байхад 21 цагийн орчим байх. ...ганцаараа алхаад явж байхад саарал машинаас Батмөнх, Мөнхмандах нар бууж ирээд Батмөнх ирээд намайг “таксины мөнгө төл” гээд цээж рүү 2 удаа, шанаа руу 2-3 удаа гараараа цохисон, баруун хөлийн шилбэ рүү 3 удаа өшиглөөд цаашаа явсан. Тухайн үед миний уур хүрээд гэр рүүгээ гүйж ороод ард талдаа шар ясан иштэй хутгыг аваад Чулуунбаатарын гэрт ороход Батмөнх “чи яасан том болсон юм бэ” гээд намайг барьж аваад цохиод байхад хажуунаас хүмүүс “болиоч” гээд байхад болихгүй байхаар нь зүүн гараараа түлхээд энгэртээ байсан хутгаа аваад баруун гараараа Батмөнхийн гэдэс рүү нэг удаа хутгалсан. Тэгээд тэндээс гараад зугтаасан. ..Гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэг шүүх хуралдаанд “…Би маш их гомдолтой байна. Талийгаач маань насанд хүрээгүй 2 хүүхэдтэй. Оршуулгын зардалд баримтаар 4.555.483 төгрөг нэхэмжилсэн. Одоо бусад баримтуудыг нэмээд 9.354.453 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
түүний мөрдөн байцаалтад өгсөн “…2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Батмөнхийн найз Мөнхмандах ирээд 2 хоног манай гэрт архи ууж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 10-ны орой 17 цагийн орчим Мөнхмандах, Батмөнх 2 Батсүмбэр орох юм яриад гараад явсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Батмөнхийн төрсөн дүү над руу залгаад “ах Батмөнх хүнд хутгалуулсан байна. Бие нь муу байна, Баатар гэдэг айлд байна" гэнэ гэж хэлсэн. Тэгээд би Батмөнхийн дүү Даваасүрэнг “байгаа газар нь очоод эмнэлэг рүү явах хэрэгтэй” гэхэд Батмөнх “би гэртээ харина” гээд уурлаад байхаар нь Даваасүрэн нь ээж Наяхүүгийнд аваачсан байна лээ. Тэнд очоод удалгүй Батмөнх нас барсан байсан... Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл оршуулгын зардал 5.403.783 төгрөг болсон учир энэ мөнгийг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг /хх-32-33/,
Гэрч С.Анхбаярын “…Би болон миний таньдаг Одхүү, Билэгбат, Мөнхмандах гэх хүмүүстэй хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр. ...Баатар /Чулуунбаатар/ гэдэг ахын гэрт 2-3 хоногийн өмнөөс архи уусан. Харин 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн оройхон Батмөнх, Төөбөө хоёр ирчихсэн байсан. ...Тэгээд би хоол хийгээд аягалж байхад бүгд хамт архи ууж байсан ба Одхүү харин ерөөсөө архи уугаагүй эрүүл байсан. Би тухайн үедээ нилээн согтоод унтаад өгсөн. ...Тэгсэн чинь Батмөнх ах “бие нь нилээн муудсан байдалтай ахдаа ус хийгээд өг” гэхээр нь би архины хордлогод орсон юм байх гэж бодоод ус хийгээд өгсөн чинь Одхүү “наадахыг чинь өчигдөр Төөбөө хатгачихсан” гэсэн ба би Одхүүгээс “гайгүй юм уу” гэсэн чинь Одхүү “зүсэгдсэн л байх шиг байсан” гэсэн. …17 цагийн үед Баатар ахын гэрт очсон чинь Одхүү, Мөнхмандах, Билэгбат гурав байсан ба “Батмөнхийг хаашаа явсан” гэж асуусан чинь Одхүү “Батмөнхийн дүү Даваанаа руу залгасаар байгаад өгөөд явуулчихлаа” гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,
Гэрч Б.Одхүүгийн “…2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22 цаг 20 минутын орчимд Чулуунбаатар гэх айлд надаас гадна Чулуунбаатар, түүний эхнэр Болорцэцэг, Билэгбат, Анхбаяр, Зулаа тэд нар архи ууж байсан юм. Харин би архи уугаагүй, унтах гээд орон дээр сууж байсан. Харин тэр үед гаднаас Батмөнх, Мөнхмандах нар тэдний морьт нэртэй 2 шил 0.75 литрийн архи барьчихсан орж ирсэн. Тэд нарыг орж ирээд удаагүй байхад гаднаас Төөбөө хочтой Амартүвшин гаднаас орж ирсэн. Батмөнх тухайн үед “архи авч ирсэн үү” гэж Амартүвшингээс асуусан. Харин тэр үед Амартүвшин “үгүй” гэж хариулсан. Батмөнх тухайн үед“андуураад байна уу” гэж Амартувшинг цээж рүү нь гараараа түлхэх үед гэрийн хаалгаар хойш ухарч гарсан. Харин гэрийн хаалга онгорхой байх үед Батмөнх “намайг шаачихлаа шүү дээ” гээд буцаад эргээд ороод ирсэн. Харин нөгөө залуу нь хашааны хаалгаар гараад зугтаагаад яваад өгсөн юм. Харин Батмөнх орон дээр сууж байхад гэдэс орчмоос нь цус гарч байгааг би харсан. Тэгээд би 103 руу өөрийн 95086064 дугаарын утаснаас 22 цаг 30 минутад залгасан боловч Батмөнх хажуунаас “би зүгээр, битгий дууд, утсаа салга” гэж надад хэлсэн. …Энэ үед Чулуунбаатар, Болорцэцэг, Анхбаяр нар унтаж байсан. Тэгээд бид нар бүгдээрээ унтаад өглөө нь буюу 2019 оны 01 сарын 11-ний өглөө. ...Батмөнхийн ээжийн 95843320 дугаарын утас руу Болорцэцэг залгаад “Батмөнх бие нь муудаад байна, ирээд авчих гэж дүүд хэл” гэж Болорцэцэг ярьсан юм. …Харин эмэгтэй дүү нь Батмөнхийг 13 цагийн орчимд ирээд аваад явсан …” гэсэн мэдүүлэг /хх-42/,
Гэрч Р.Мөнхмандахын “…Батмөнх бид 2 Баатарчулууны гэрт 2019 оны 1 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед ирсэн... Би тухайн үед гадаа хашаанд байх бие засах газар орчихоод Баатарчулууны гэрт ороод ирсэн чинь Батмөнх надад хэлэхдээ. …“миний гэдэс хавиар нойтон оргиод байна” гэхээр нь би Батмөнхийн цамцыг сөхөж харсан чинь Батмөнхийн гэдэс, хүйсний дээд талд нь нүх үүссэн, цус гарч байсан. Баатарчулуун тухайн үед надад хэлэхдээ “Төбө Батмөнхийн гэдсэнд хутгалсан” гэж хэлж байсан. ...Би буцаад гэрт орж ирээд яаралтай түргэн тусламжийн 103 утсанд Одхүүгийн утсаар дуудлага өгөх гээд залгасан боловч Батмөнх “би зүгээрээ, 103 дуудах шаардлагагүй” гэсэн... Удаагүй Даваанаа ирээд “Батмөнхийг машинд суулгаад өг” гэхээр нь Одхүү бид хоёр Батмөнхийг Даваанаагийн машинд суулгаж өгсөн. …Батмөнхтэй гэрт нь архи ууж байгаад 18 цаг өнгөрч байхад гараад дэлгүүрээс Батмөнх хоёр шил архи аваад гараад такси бариад Чулуунбаатарын гэр рүү явж байхад арын гудамжин Амартүвшин ганцаараа алхаж байхад талийгаач таксины жолоочийг зогсоогоод машинаас буугаад явсан байсан. Тухайн үед машин дотор сууж байгаад хартал Амартүвшин, Батмөнх хоёр маргалдаад байгаа юм шиг байхаар нь би машинаас буугаад Батмөнхийг татаж машинд суулгаад Чулуунбаатарын гэр рүү орсон. Таксины мөнгө байхгүй учраас жолоочид Батмөнх нэг юм өгсөн шиг санаж байна юу өгсөн талаар анзаараагүй” гэсэн мэдүүлэг /хх-45-46, 48/,
Гэрч Д.Бэлэгбатын “…Чулуунбаатарын гэрт Чулуунбаатарын найз нар гэх 3-4 залуу архи ууж байсан бөгөөд орой 21 цагийн орчим байх гаднаас Чулуунбаатарын найз гэх Мандах, нэг залуугийн хамт орж ирсэн юм. ...Тэд нар архи ууж сууж байхад гаднаас нэг бас миний харж байгаагүй залуу орж ирсэн. Тэгсэн чинь Мандахтай орж ирсэн миний танихгүй залуу босоод гаднаас орж ирсэн залуугийн цээж хэсэгт нь 2-3 удаа цохиж авч байсан. Тэгсэн чинь нөгөө гаднаас орж ирсэн залуу буцаад гараад яваад өгсөн юм. Удаагүй нөгөө залуу гаднаас орж ирээд нөгөө зодоод байсан залуугийн хэвлий хэсэгт нь хутгаар хатгаад буцаад гараад зугтаад яваад өгсөн юм. Тэгээд нөгөө хутгалуулсан залуугийн гэдэснээс цус гараад байсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-43/,
Гэрч Н.Даваасүрэнгийн “…2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Одхүү гэх ах Батмөнхийн найз над руу залгаад “ахын чинь бие маш муу байна, хүнд хутгалуулсан. Ирж ав” гэхээр нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллоос Баатар гэх айлд очиход миний ах босож чадахгүй байхаар нь Одхүүгээс асуухад “ах чинь гэдсэндээ өнгөц хутгалуулсан, ах чинь архины хордлого болсон байгаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ахын цамцыг дээш сөхөөд харахад гэдэс нь дээр нь хутганы шарх байсан. Гэхдээ цус гарахгүй байсан. …Майхан толгой руу ээжийн гэр рүү очоод түргэн дуудсан…” гэсэн мэдүүлэг /хх-50/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 296 тоот актын “…1.Талийгаачийн биед хэвлийн голын шугамаар хэвлийн гялтанг нэвтэрч нарийн гэдэс чацархайг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас хэвлийн хөндийнд цочмог цус алдалтад орж улмаар дотор эрхтнүүдэд цус багадсаны улмаас нас барсан. ...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр биеэ хамгаалан тэмцэлдсэн шинж тэмдэг үгүй байна. ...Талийгаач нь А(II) бүлгийн цустай байна. …Талийгаач нь дээрх хэвлийн хөндийг хатгагдаж зүсэгдсэн гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-54-56/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 329 дүгээр дүгнэлт “…Э.А нь ямар нэгэн өвчингүй байна. ...Э.Агийн удамд сэтгэцийн ямар нэгэн өвчтэй хүн байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. ...Э.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Э.А нь өөрийн үйлдсэн хэргээ хариуцах чадвартай байна. ...Э.А хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-60-61/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-10, 11-12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-18, 20-21/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-166/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-168/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-162-163/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 24 дүгээр гудамжны 134 тоотод оршин суух Л.Чулуунбаатарын гэрт иргэн Н.Батмөнхтэй маргалдаж, улмаар хэвлийн тус газар нь хутгалснаас Ж.Батмөнх нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн 3 дугаар гудамжны 22 тоотод нас барж, хүнийг алсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэгийн “…2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Батмөнхийн төрсөн дүү над руу залгаад “ах Батмөнх хүнд хутгалуулсан байна. Бие нь муу байна, Баатар гэдэг айлд байна" гэнэ гэж хэлсэн. Тэгээд би Батмөнхийн дүү Даваасүрэнг “байгаа газар нь очоод эмнэлэг рүү явах хэрэгтэй” гэхэд Батмөнх “би гэртээ харина” гээд уурлаад байхаар нь Даваасүрэн нь ээж Наяхүүгийнд аваачсан байна лээ. Тэнд очоод удалгүй Батмөнх нас барсан байсан...” гэх,
гэрч С.Анхбаярын “…Тэгсэн чинь Батмөнх ах “бие нь нилээн муудсан байдалтай ахдаа ус хийгээд өг” гэхээр нь би архины хордлогод орсон юм байх гэж бодоод ус хийгээд өгсөн чинь Одхүү “наадахыг чинь өчигдөр Төөбөө хатгачихсан” гэсэн ба би Одхүүгээс “гайгүй юм уу” гэсэн чинь Одхүү “зүсэгдсэн л байх шиг байсан” гэсэн...” гэх,
гэрч Б.Одхүүгийн “…Төөбөө хочтой Амартүвшин гаднаас орж ирсэн. Батмөнх тухайн үед “архи авч ирсэн үү” гэж Амартүвшингээс асуусан. Харин тэр үед Амартүвшин “үгүй” гэж хариулсан. Батмөнх тухайн үед“андуураад байна уу” гэж Амартувшинг цээж рүү нь гараараа түлхэх үед гэрийн хаалгаар хойш ухарч гарсан. Харин гэрийн хаалга онгорхой байх үед Батмөнх “намайг шаачихлаа шүү дээ” гээд буцаад эргээд ороод ирсэн. Харин нөгөө залуу нь хашааны хаалгаар гараад зугтаагаад яваад өгсөн юм. Харин Батмөнх орон дээр сууж байхад гэдэс орчмоос нь цус гарч байгааг би харсан. Тэгээд би 103 руу өөрийн 95086064 дугаарын утаснаас 22 цаг 30 минутад залгасан боловч Батмөнх хажуунаас “би зүгээр, битгий дууд, утсаа салга” гэж надад хэлсэн...” гэх,
гэрч Р.Мөнхмандахын “…Би тухайн үед гадаа хашаанд байх бие засах газар орчихоод Баатарчулууны гэрт ороод ирсэн чинь Батмөнх надад хэлэхдээ. …“миний гэдэс хавиар нойтон оргиод байна” гэхээр нь би Батмөнхийн цамцыг сөхөж харсан чинь Батмөнхийн гэдэс, хүйсний дээд талд нь нүх үүссэн, цус гарч байсан. Баатарчулуун тухайн үед надад хэлэхдээ “Төбө Батмөнхийн гэдсэнд хутгалсан” гэж хэлж байсан...” гэх
гэрч Д.Бэлэгбатын “…Тэд нар архи ууж сууж байхад гаднаас нэг бас миний харж байгаагүй залуу орж ирсэн. Тэгсэн чинь Мандахтай орж ирсэн миний танихгүй залуу босоод гаднаас орж ирсэн залуугийн цээж хэсэгт нь 2-3 удаа цохиж авч байсан. Тэгсэн чинь нөгөө гаднаас орж ирсэн залуу буцаад гараад яваад өгсөн юм. Удаагүй нөгөө залуу гаднаас орж ирээд нөгөө зодоод байсан залуугийн хэвлий хэсэгт нь хутгаар хатгаад буцаад гараад зугтаад яваад өгсөн…” гэх,
гэрч Н.Даваасүрэнгийн “…2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Одхүү гэх ах Батмөнхийн найз над руу залгаад “ахын чинь бие маш муу байна, хүнд хутгалуулсан. Ирж ав” гэхээр нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллоос Баатар гэх айлд очиход миний ах босож чадахгүй байхаар нь Одхүүгээс асуухад “ах чинь гэдсэндээ өнгөц хутгалуулсан, ах чинь архины хордлого болсон байгаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ахын цамцыг дээш сөхөөд харахад гэдэс нь дээр нь хутганы шарх байсан. Гэхдээ цус гарахгүй байсан...” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 296 тоот актын “…1.Талийгаачийн биед хэвлийн голын шугамаар хэвлийн гялтанг нэвтэрч нарийн гэдэс чацархайг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас хэвлийн хөндийнд цочмог цус алдалтад орж улмаар дотор эрхтнүүдэд цус багадсаны улмаас нас барсан. ...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр биеэ хамгаалан тэмцэлдсэн шинж тэмдэг үгүй байна. ...Талийгаач нь А(II) бүлгийн цустай байна. …Талийгаач нь дээрх хэвлийн хөндийг хатгагдаж зүсэгдсэн гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ.” гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Э.Агийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Аг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оршуулгын зардал гэж баримтаар 9.354.453 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэгийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, шүүгдэгч Э.Агээс 9.354.453 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Агийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Үүнээс гадна шүүгдэгч Э.А нь өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 678 дугаартай магадлалаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сар болгосон байх бөгөөд тэрээр уг ялаа эдэлж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ХМШЗ/49 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.А нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан байх хугацаандаа санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т “Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ.” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Э.Ад энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.
Мөн шүүх шүүгдэгч Э.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Агийн цагдан хоригдсон 100 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар Эрүүгийн 1911002390043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, ногоон өнгийн нимгэн цамц 1 ширхэг, ногоон өнгийн судалтай хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, цагаан өнгийн нимгэн цамц 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.А-г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 10 /арав/ жил 8 /найм/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан 10 /арав/ жил 8 /найм/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Агийн цагдан хоригдсон 100 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Агээс 9.354.453 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэгт олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, ногоон өнгийн нимгэн цамц 1 ширхэг, ногоон өнгийн судалтай хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, цагаан өнгийн нимгэн цамц 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Э.Агийн эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Л.ОДОНЧИМЭГ
З.ТӨМӨРХҮҮ