Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00325

 

 

     

*******-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/05087 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 63,005,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Тус хэлтэст бүртгэлтэй *******-ийн 2012-2014 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж 630,050,526 төгрөгийн зөрчил илрүүлэн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг үндэслэн Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичин хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 03 сарын 15-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад прокурорын 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 58 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хаасан.

1.2. Дээрх тогтоолыг хүлээн авч татвар төлөгч *******-ийн нэрийг бичүүлж, өөрчлөлт оруулахаар Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргахад, хариу мэдэгдэх хуудсаар ...прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Хэрэг бүртгэлтийг хаасан прокурорын шийдвэр нь иргэний шүүхэд хандаж, учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй тул иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******* болон захирал *******аас эрүүгийн хэргийн улмаас улсад учруулсан 63,005,052 төгрөгийг гаргуулан татварын албыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь манай компаниас эрүүгийн хэргийн улмаас улсад учирсан хохирол 63,005,052 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлд дурдсан шиг манай компани эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай тогтоогдсон, улсад хохирол учруулсан зүйл байхгүй. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 58 дугаартай тогтоол нь манай компанийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр биш ба хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байгаа нь манай компанийг гэм буруугүй гэдгийг баталсан шийдвэр гэж үзэж байна.

2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 14-д Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн суурь зарчмыг зөрчсөн. Манай компанийн хувьд барилга угсралт, барилгын засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2015, 2016 онуудад 100 айлын барилгын материалын захаас барилгын материалууд их хэмжээгээр авдаг байсан бөгөөд барилгын материал авсан дэлгүүр, лангуунаас НӨАТ-ын төлбөрийн баримт нэхэхэд мөнгөн дүнг нийлүүлж байгаад 2015 онд 2 ширхэг, 2016 онд 1 ширхэг НӨАТ-ын падааныг тухайн барилгын материал зарсан газраас авсан. Манай компани тухайн НӨАТ-ын падааныг хуурамч, хий бичилттэй гэдгийг огт мэдээгүй болно.

2.3. Нэхэмжлэгчээс нэхэмжилж буй хохирол нь дээр дурдсанчлан 2015, 2016 онд манай компанийн бичүүлсэн гурван удаагийн НӨАТ-ын падаантай холбоотой. Татварын улсын байцаагчийн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт нь Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 58 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан тул 2008 оны Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг татварын улсын байцаагчийн акт болгон өөрчлөх хуулийн зохицуулалттай юм.

Татварын байгууллага эрүүгийн хэрэг биш бол Зөрчлийн тухай хуулиараа шалгах эсхүл татварын хуулийн дагуу нөхөн ногдуулалтын акт үйлддэг. Гэтэл энэ ажиллагааг хийлгүй, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.

2.4. Мөн 2015, 2016 оны НӨАТ-ын падаантай холбоотой асуудлаар 8 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хариуцагч *******-ийг эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгаагүй, мөн татварын улсын байцаагчийн дүгнэлтийг бидэнд гардуулсан баримтгүй. Хэрэв тухайн үедээ мэдэгдсэн бол бид эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Прокурорын газрын тайлбарын агуулга:

3.1. Анх онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн талаарх мэдээллийг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгасан. 1530 аж ахуйн нэгжтэй хуурамч гэрээ байгуулаад НӨАТ-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон. Тус хэрэгт шалгагдсан 1530 аж ахуйн нэгжээс зарим аж ахуйн нэгжүүд хуурамч падаан ашигласнаа хүлээн зөвшөөрч тайландаа засвар өөрчлөлтийг оруулж татвараа төлсөн. Зарим аж ахуйн нэгж нь татвар төлөхөө илэрхийлсэн. Мөн зарим нь Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохиролд хүрээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Заримынх нь хувьд Эрүүгийн хуульд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр 2018 оны 03 сард хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч компанийг хуурамч НӨАТ-ын падаан ашигласан үйлдлийг тус хэрэгт шалгаж тогтоосон тул хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: ******* нь татварын тайлангаа эргэлзээтэй мэдүүлсэн, НӨАТ-аа худал мэдүүлсэн нь төрийн байгууллагын шалгалтаар илэрсэн, тайландаа залруулга хийх боломжоо ашиглахаа амалсан ч биелүүлээгүй, ******* төлөх татвараа төлөөгүй, гэм буруутай тул шаардсан үнийн дүнгээр татварыг төлөх ёстой гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******-аас 63,005,052 төгрөгийг гаргуулж, *******-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 472,975 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Татварын хууль тогтоомжоор зохицуулагдах татварын эрх зүйн харилцаанд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа-г хэрэглэх боломжтой гэж дүгнэснийг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. гэж маш тодорхой заасан байхад хамаарна мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

6.2. Татвар төлөгчийн тайлагнасан тайлангийн өр төлбөрт Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар ямарваа нэгэн хөөн хэлэлцэх хэлэлцэх хугацаа хамаарахгүй байх зохицуулалттай байна. Харин бусад тохиолдолд тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ. Энэхүү хэрэг маргааны хувьд хариуцагч талын зүгээс НӨАТ-ын хуурамч падаан ашиглаж татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчлийг гаргаагүй гэж мэтгэлцсэн ба тухайн зөрчлийг мөрдөн байцаалтын шатанд ч, шүүх хуралдаанд ч хүлээн зөвшөөрсөн явдал огт байхгүй, тайлангаа залруулаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр нь татварын тайлангийн өр төлбөр биш байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч талын зүгээс 2008 оны Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу дахин хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн дүгнэлтийг татварын улсын байцаагчийн акт болгон өөрчлөх хуулийн зохицуулалттай юм. Энэхүү харилцаа нь татварын хууль тогтоомжоор зохицуулагдах харилцаа байтал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн харилцааг үгүйсгэж, маргааны зүйл биш мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг нь мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, хэрэглэхгүй гэдгийг тодотгосон хуулийн зохицуулалт юм.

6.3. Анхан шатны шүүх хариуцагч НӨАТ-ын хуурамч падаан ашиглаж татвар ногдох орлогоо бууруулсан нь нотлогдсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 14-д ....Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн суурь зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Татварын улсын байцаагчийн дүгнэлт гэдэг нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгаа хууль хяналтын байгууллагад гаргасан гомдол мэдээллийн шинжтэй баримт бичиг болохоос нотолж, тогтоосон баримт бичиг биш юм.

6.4. Хариуцагч талын зүгээс татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсныг мэдээгүй, гардуулаагүй гэж огт маргаагүй, гагцхүү энэхүү давж заалдах гомдлын 2-д дурдсанаар татварын улсын байцаагчийн дүгнэлтийг татварын улсын байцаагчийн акт, нөхөн ногдуулалтын акт болгох хуулийн зохицуулалттай. Хариуцагч талын зүгээс зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул татварын байгууллагаас татварын улсын байцаагчийн акт, нөхөн ногдуулалтын акт тавьсан тохиолдолд хүчингүй болгуулахаар маргах боломжоор хангах ёстой гэж маргасан. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт татварын улсын байцаагчийн дүгнэлтийг мэдээгүй, гардуулаагүй гэж маргасан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь оролцогчийн тайлбар, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт ...Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан. Гэвч нэхэмжлэгч хуульд заасны дагуу өөрт олгосон эрхийнхээ дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн улсад төлөх ёстой татварыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болсон нь хариуцагчийг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу 63,552,000.65 төгрөгийн гэм хорын хохирлыг барагдуулж, улсад төлөх татварыг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын гаргасан тайлбарын агуулга:

8.1. *******-ийн гаргасан үйлдлээс болж төр болон нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

8.2. 2017 оноос шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд улсын байцаагчийн дүгнэлт гарснаар захиргааны эрх зүйн харилцаа үүссэн. Улсын байцаагчийн дүгнэлттэй холбогдуулан Эрүүгийн хуульд заасны дагуу татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн нөхцөл байдлыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол гаргасан. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгтэй холбогдуулан үүссэн үр дагавар буюу үйлдэл нь гэм хорын хохирол гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

8.3. Хариуцагч тал 2017 оны улсын байцаагчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэж байна. Гэвч ... 2017 оны улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ илэрхийлсэн тэмдэглэл хэрэгт баримтаар авагдсан. Хариуцагч талын 2017 оны улсын байцаагчийн дүгнэлтийг мэдээгүй, танилцаагүй гэх тайлбар нь худлаа бөгөөд хариуцагчийн татвар ногдуулалттай холбоотой гомдол гаргах эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Учир нь эрүүгийн цагдаагийн албанаас нягтлан шалгах ажиллагаа явуулж байх үед *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******ын мэдүүлгээр татварын маргаан шалгагдаж байгаа талаар мэдэж байсан болох нь харагдана.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэм хорын хохиролд 63,005,052 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул Иргэний хуулийн дагуу гэм хороор шаардах ёсгүй, ... татварын байгууллага нөхөн ногдуулалтын акт тогтоох ёстой ч өөрсдөө үйлдээгүй, улсын байцаагчийн дүгнэлтийг гардуулсан баримт хэрэгт авагдаагүй, мэдэгдээгүй ... гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондох маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ гэмт хэргийн улмаас төрд гэм хорын хохирол учирсан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол нэхэмжилж байна гэж тодорхойлсон байна.

 

4.Хэргийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1. Татварын улсын байцаагч нь *******-ийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгаад 2017 оны 12 сарын 05-ны өдөр ******* дугаартай дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд ... хяналт шалгалтаар нийт 630,050,526 төгрөгийн зөрчил илэрч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.4-т заасныг болон хууль тогтоомжийн заалтыг зөрснийг тэмдэглээд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6, 34 дүгээр зүйлд заасныг үндэслэн татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 630,050,526 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, эрх бүхий байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн. /хх-12/

Мөн дүгнэлтийн хавсралтад ... ******* нь *******-аас 2015 оны 09 сарын 16-ны өдрийн ******* тоот НӨАТ падаанаар 138,977,272 төгрөгийн, 2015 оны 12 сарын 31-ний өдрийн ******* тоот падаанаар 241,018,181 төгрөгийн, 2016 оны 06 сарын 30-ны өдрийн ******* тоот НӨАТ төлбөрийн баримтаар 250,055,072 төгрөгийн, нийт 630,050,526 төгрөгийн барилгын материал худалдан авсан мэтээр тайланд тусгаж төсөвт төлөх татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болохыг тэмдэглээд тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татаврыг төсөвт төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй тул Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шалгуулахаар шийдвэрлэв гэжээ. /хх-11-14/

4.2. Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 58 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ... *******-ийн нэрээр 2012 он, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн боловч түүнээс 156 аж ахуйн нэгж нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн А/05 дугаартай тушаал, журмын дагуу татварын тайландаа засвар оруулж, 5,334,388,792.7 төгрөгийн НӨАТ-ыг улсад төлж барагдуулахаа илэрхийлж, үлдсэн 13,087,312,417.21 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 484 аж ахуйн нэгж төлөхөөр дээрх дүгнэлтэд тусгасан байна. ... шинжээчийн дүгнэлтэд дурдсан *******-аас нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч шивэлт хийлгэсэн тайландаа залруулга хийгээгүй 484 аж ахуйн нэгжүүдээс ... нийт 438 аж ахуйн нэгжийн үйлдэл, эс үйлдэл болон *******-аас нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамвч шивэлт хийлгэсэн тайландаа залруулга хийгээгүй 159 аж ахуйн нэгжүүдээс ...155 аж ахуйн нэгжийн үйлдэл, эс үйлдэл зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан их хэмжээний хохирол-д хүрэхгүй буюу зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тул татварын байгууллагад Татварын ерөнхий хуулийн дагуу зохих арга хэмжээг авахуулахаар эдгээр аж ахуйн нэгжийн нэрсийг албан бичгээр хүргүүлсэн нь үндэслэлтэй байна. ... гэсэн байна. /хх-9 хуудасны ар тал/

4.3. Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 1/6240 дугаартай Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид хүргүүлсэн албан бичигт ... уг хэрэгт холбогдуулан шалгасан ... *******-уудын хувьд ... *******-аас нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийлгэж, тайландаа залруулга хийсэн аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон байх тул тус компаниудад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх боломжгүй бөгөөд Татварын тухай хуулийн 62, 70 дугаар зүйлд заасны дагуу татварын байгууллага нь тайлангаар ногдуулсан татварын өрийг үл маргаж журмаар хурааж, шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар барагдуулах боломжтой юм. ... гэжээ. /хх-11/

4.4. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох гэрч байцаасан тэмдэглэлээс үзвэл, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч *******ын өгсөн гэрчийн мэдүүлэгт ...цахимаар хуурамч бичилт хийсэн аж ахуйн нэгжийн жагсаалтад ******* орсон... гэжээ. /хх-105/

4.5. Хэргийн 111 дэх талд *******-аас НӨАТ-ын шивэлт хийлгэсэн тайландаа залруулга хийгээгүй аж аухйн нэгжийн жагсаалтын 14-т ******* бичигдсэн.

4.6. Мөн Татварын ерөнхий газрын 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 06/2598 дугаартай албан бичигт ... ******* нь ... 2016 оны 6 сарын тайланг мөн оны 07 сарын 10-ны өдөр илгээхдээ татвар ногдох борлуулалтын орлого 226,055,700 төгрөг гэж илгээсэн, энэ тайланд залруулга хийгээгүй болохыг тодорхойлсон байна. /хх-73-82/

5. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан үзээд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлан хариуцагч *******-аас гэм хорын хохиролд 63,005,052 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцжээ.

5.1. Учир нь, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж заасан тул Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоолоор хариуцагч *******-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоохгүй.

Гэхдээ иргэний хэргийн шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн гэм буруутай эсэхийг тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэх боломжтой.

5.2. Хариуцагч нь хуульд заасан журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг тайланд хуульд заасан журмаар бодитой гаргасан, эсхүл уг татварын тайландаа залруулга хийж, үнэн зөв тайлагнасан тохиолдолд улсын төсөвт 63,005,052 төгрөгийн хэмжээний татварын орлого төвлөрөх байжээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан дээрх нотлох баримтуудыг няцаагаагүйгээс гадна зөрчилтэй нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд буруу тусгасан, уг тайландаа залруулга хийгээгүй гэм буруутай үйлдлийн улмаас 63,005,052 төгрөг ногдох татварын орлогын хэмжээгээр хохирол учруулсан гэж үзнэ.

5.3. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь НӨАТ-ын тайланг буруу шивсэн, тайланд залруулга хийгээгүй гэм буруутай үйлдлийн улмаас төрд буюу нэхэмжлэгч байгууллагад гэм хорын хохирол учирсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.4. Нэхэмжлэгч нь татварын эрх зүйн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд иргэний эрх зүйн хүрээнд төрд учруулсан гэм хорын хохирлыг арилгуулах зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул татварын хууль тогтоомжоор зохицуулагдах харилцааг иргэний шүүх шийдвэрлэсэн буюу хэргийн харьяалал зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь хариуцагч байгууллагын хуульд нийцэхгүй үйлдэл, түүний улмаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий этгээдээс гаргасан нэхэмжлэлийг нийтлэг харьяаллын дагуу иргэний хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх нь боломжтой.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг ...татвар төлөгчийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрд учруулсан хохирлыг гаргуулах... агуулгаар тодорхойлж, улмаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

6. Хариуцагч тал, давж заалдах гомдлын нэг үндэслэлээ Татварын ерөнхий хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсныг мэдээгүй, татварын улсын байцаагчийн акт, нөхөн ногдуулалтын тавьсан тохиолдолд хүчингүй болгуулахаар маргах боломжоор шүүх хангаагүй гэж тайлбарлажээ.

6.1. Хариуцагч *******-ийн захирал *******ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу сэжигтнээр тооцож, байцаалт авсан болох нь хэргийн 99-102 дахь талд авагдсан 2017 оны 05 сарын 22-ны өдрийн Сэжигтнээр тооцох тогтоол, мөн өдрийн Сэжигтнээр байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд хариуцагч ******* нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу тухайн цаг хугацаанд холбогдох байгууллагад гомдлоо гаргах боломжтой байсан гэж үзэх тул дээрх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, талуудын маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ. Шүүх, хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 09 сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хариуцагч хүлээн авсан үеэс тоолно гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/05087 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 472,976 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.ЦЭНД