| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/04825/И |
| Дугаар | 210/МА2025/00326 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00326
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/04857 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
2,641,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. *******-ны 2020 оны 12 сарын 29-ний өдрийн 08 удирдах зөвлөлийн хурлын тогтоол, бүх гишүүдийн хурлын тогтоол, Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолын хавсралт зэргийг үндэслэн тус орон сууцны байранд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж, хувь хүнээс үйл ажиллагааны онцлогийг харгалзан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 1 м.кв талбайд 1,000 төгрөгөөр тооцож авахаар шийдвэрлэсэн.
1.2. *******ийн үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх эд хөрөнгийн талбай нь 50 м.кв тул сард төлөх төлбөр 50,000 /50 м.кв х 1,000/ төгрөг болно. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт задаргаа гэж байдаггүй, харин инженер болон цахилгааны шугам сүлжээ, дээвэр хана зэрэг дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөр багтсан болно.
1.3. Тус сууц өмчлөгчдийн холбоонд түрээсээр үйл ажиллагаа эрхэлдэг Энхтитэм өрхийн эмнэлэг нь 2021 оны 07 сараас 2023 оны 09 сар хүртэлх орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрийг төлөлгүй *******-нд хохирол учруулж байх тул *******ээс орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 2,000,000 төгрөгийг гаргуулан Сууц өмчлөгчдийн холбоог хохиролгүй болгож өгнө үү. *******ийн байрлаж байсан орон сууц нь *******ын өмчлөлийнх учир *******оос уг 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Маргаан бүхий орон сууц бол 16 давхар байр учраас бохир нь манай байраар хальж гардаг. Энэ байранд сууц өмчлөгчдийн холбоо гэж байдаггүй, сууц өмчлөгчдийн холбооны утас гэж байхгүй, сууц өмчлөгчдийн холбооны дарга гэж байхгүй. ******* гэдэг даргатай, ******* утсаа авахгүй. *******гэдэг дарга байдаг гэж хэлсэн, *******гэдэг хүнийг бид нар танихгүй.
2.2. Бохирын хоолой задарсан гэж хэлэхээр орон сууцын конторт засдаг, усыг нь хаагаад өгье, бохирыг чинь цэвэрлээд өгье гээд битүүрсэн бохирыг задлаад сэгсрээд өгдөг, нэг сэгсрэхээрээ 60,000 төгрөгөөр сэгсэрдэг. 2,641,000 төгрөг гаргаж Баатар дулаан хан ОСНААК-ийн 4 слесариар солиулсан. Мөнгөө авах гэтэл Баатар дулаан хан ОСНААК-аас ав гэсэн. 48 дугаар байны сууц өмчлөгчдийн холбооны дарга хэн гэдэг хүн байдаг вэ гэхэд ******* гэдэг өмгөөлөгч байдаг гэж хэлсэн. СӨХ-ны хийх ажлыг би хийсэн. СӨХ 2 удаа надаас мөнгө нэхсэн. СӨХ-ны оршин суугчдаа ая тухтай, эрүүл орчинд амьдруулах ёстой. Байнгын бохир бөглөрдөг тул бохирын хоолойг сольсон.
2.3. Уг байр ашиглалтад ороод 8 жил болж байгаа. Гурван удаа СӨХ-ны хурал болсон. Нэг хуралд нь би суусан, бүр шаардсаар байж 05 сарын 10-ны өдөр хийлгэсэн. СӨХ-ны хурлаа ажлын өдөр битгий хийгээрэй, амралтын өдөр хийгээрэй гэхэд ажлын өдөр хийсэн. Тухайн орон сууц 169 айлын орон сууц. Хуулийн дагуу биш, хууль бусаар юм хийж байгаа ******* гэдэг хүнд арга хэмжээ авах ёстой, хуулийн хэмжээнд байх ёстой. Хариуцлагатай хүнд нь гэрээ хийж байгаад сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг төлмөөр байна. ******* гэдэг хүнд мөнгө төлмөөргүй байна. Гэрээ хиймээр байна. 100 см диаметртэй хоолойг 150 см диаметртэй хоолойгоор сольсон гэжээ.
3. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Манай байгууллага нь тус байрыг түрээсийн гэрээ байгуулан 8 сар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тус өрхийн эрүүл мэндийн төв нь түрээслэх хугацаандаа СӨХ-ноос бусад интернэт, тог, байр, усны төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн төлсөн бөгөөд СӨХ-нд төлбөрийг ******* өөрөө төлөх ёстой гэжээ.
4. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
4.1. *******ны хариуцдаг эрчим өргөө 48 дугаар орон сууцны авто зогсоолын дээр байрлах бохирын хоолой байнга бөглөрч, 1 дүгээр давхарт байрлах миний эзэмшлийн орон сууцанд 00-ын суултуураар бохир хальж гарсаар олон жил болсон.
4.2. СӨХ-ны дарга нь хэн болох, хариуцах эзэн байхгүй, утас олдохгүй, өрөө байр гэж байхгүй явсаар 3 жил болсон. Баатар дулаан хан орон сууцны конторын слесарийг дуудаж гараашид бохирын хоолойг сэгсрүүлдэг. Нэг сэгсрэхдээ 60,000 төгрөг авдаг. 2 сар орчимд 1 удаа сэгсэрч 16 давхар байрны 85 айлын тос өөх энэ хоолойнд цугларч битүүрснээс дээш бохир хальдаг. Мөн босоо шугам муудсанаас 00-ын өрөөнд байнга бохир дусна. Өнгөрсөн жил миний бие Баатар дулаан хан орон сууцны конторт 200-аад удаа дуудлага өгсөн байдаг.
Ирээд сэгсэрч өгөөд СӨХ-ндоо хэлж шугамаа солиул, өөр ямар ч арга байхгүй гэдэг. Үнэхээр иргэдийн эрүүл амьдрах орчин зөрчигдсөн, сэгсэрсээр байгаад 100-ын хоолой сүүлдээ тогтохоо больж, арга ядаад 100-ын хоолойг 150-ын бүдүүн хоолой авч солиулсан. Миний бие ажлын хөлсийг нь өгсөн, 4 слесарь бүтэн өдөр сольсон. Сүүлийн 3 жил 10-аад машин байнга бохир дотор зогсдог. Хоолой солиулсны дараа олон хүн баярлаж талархаж байсан.
4.3. Нийтийн зориулалттай 169 айлын 16 давхар орон сууны сууц өмчлөгчдийн холбооны хариуцан засварлах автомашины дулаан зогсоолын дээр байрлах бохирын хоолойг хувиасаа зардал гаргаж солиулсан тул бохирын хоолой болон шаардлагатай сэлбэг хэрэгслийг худалдан авсан үнэ болох 2,041,000 төгрөг, хоолой солиулах ажлын хөлс 600,000 төгрөг энэхүү 2,641,000 төгрөгийг *******-ноос гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, ******* нь нийтийн эзэмшлийн шугам сүлжээнд *******оор ямар ч засвар хийлгээгүй. Аливаа засвар үйлчилгээг ******* өөрийн зардлаар хариуцан хийдэг болно гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.6-д зааснаар хариуцагч *******оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,02,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 980,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6, 148 дугаар зүйлийн 148.1.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ноос 2,632,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,600 төгрөгийг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 29,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******нд, нэхэмжлэгч *******ноос улсын тэмдэгтийн хураамж 57,062 төгрөгийг гаргуулж хариуцагч *******од тус тус олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй.
Хүсэлт хянан шийдвэрлэх шатанд хариуцагч, харицагчийн өмгөөлөгч нь бүх гишүүдийн хурлын тогтоолыг хуульд нийцээгүй, тухайн хурлын тэмдэглэл авагдаагүй, хурал хэзээ, хаана, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан, ямар шийдвэр гарсан нь тодорхой бус, хуралд оролцоогүй иргэдийн гарын үсгийг сүүлд нөхөн бүрдүүлсэн гэж маргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие энэ үед *******-ны Бүх гишүүдийн хурлын 2020 оны 12 сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоол түүний хавсралт (хуралд оролцсон, хуралаар хэлэлцсэн асуудлыг дэмжсэн 104 хүний гарын үсэг бүхий) материалын эх хувийг шүүхэд гаргаж өгөөд ганцхан хувь байдаг, нотариатаар батлуулаад өгье гэх утгатай тайлбарыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүгч, материалын эх хувийг хэрэгт авагдсан хуулбар хувьтай харьцуулж үзээд буцааж өгсөн учир миний бие баримтыг үнэлэх нь гэж ойлгосон боловч шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн.
7.2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй хэрэгт байгаа хуулбар баримтын эх хувь нь байгааг мэдсээр байж нэхэмжлэгч талаас шаардан гаргуулж авах боломжтой байхад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
Хэргийн 9 дүгээр талд *******-ноос Anway нэртэй дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшигчид 2021 оны 07 сарын 01-ний өдөр албан бичгээр тус дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа 4 А тоотын 1 м.кв талбайн үнийг СӨХ-ны удирдах зөвлөлийн 2021 оны 07 сарын 01-ний өдрийн 05 тогтоолоор 1,000 төгрөгөөр тогтоосон болох нь нотлогдсон гэж үзэж байна.
7.3. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Баатар дулаан хан ОСНААКонтороор шугам хоолойг солиулсан гэж тайлбарлах боловч, ажлын хөлсийг хувь хүний дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Мөн хэзээ, хаана, ямар шугам хоолойг сольсон нь нотлогдохгүй, баримтаар тогтоогдохгүй байхад сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч *******ын тайлбарын агуулга:
8.1. Маргаан бүхий 16 давхар орон сууцны 1 давхарт амьдардаг бөгөөд 16 давхар байр учраас энэ бохир яг манай байраар хальж гарч байдаг. Бохир хальж байна гэх дуудлага өгөхөд хэн ч ирдэггүй ба СӨХ-той холбогдох ямар ч боломжгүй. Манай байр халуун, хүйтэн усаа тусад нь хариуцдаг 2 контортой учраас дуудлага өгөхөд хэн ч ирдэггүй. Төлбөр мөнгийг нь өгнө гэж хэлэхээр л слесарь ирдэг. Өмнө нь манай байранд ******* үйл ажиллагаа явуулдаг байсан боловч бохир хальдаг асуудлаас үүдэн өөр газар руу нүүсэн.
Манай орон сууцны бохирын хоолой 100 см диаметртэй учраас бохир хальдаг. Ингээд бохир халих бүрд би хувиараа слесарь дуудаж, 60,000 төгрөгийн төлбөр төлдөг. Өмнө нь СӨХ-ны төлбөр 25,500 төгрөг байхад цаг тухай бүрд нь төлбөрөө төлдөг байсан. Манай хаалга орц руу биш нөгөө тийшээ хардаг тул *******ноос үйлчилгээ авдаггүй. ******* ажлаа хийдэггүй байж мөнгө нэхдэг. Би *******-нд төлөх ёстой мөнгөөрөө завсар, үйлчилгээ хийлгэсэн. СӨХ-ны төлбөрийг 50,000 төгрөгөөр тогтоосон хурал болоогүй. Баатар дулаан хан ОСНААК-ыг өөр СӨХ-оор солихын тулд оройн цагаар айлуудаар орж гарын үсэг зуруулсан гэжээ.
9. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
9.1. Манай өрхийн эмнэлэг маргаан бүхий орон сууцны 1 давхрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг байсан. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд таазнаас үе үе ус гоождог байсан тул тухайн орон сууцыг түрээслэхээ больсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
3. Хариуцагч тал дээрх нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ Сууц өмчлөгчдийн холбооны Бүх гишүүдийн хурлын тогтоол хуульд нийцээгүй, тухайн хурлын тэмдэглэл авагдаагүй, уг хурал хэзээ, хаана, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан, ямар шийдвэр гаргасан нь тодорхой бус, хуралд оролцоогүй иргэдийн гарын үсгийг сүүлд нөхөн бүрдүүлсэн, өмнө нь сарын 25,000 төгрөг төлж байсан, энэ хэмжээгээр төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан байна. Тэрээр *******-ноос дундын өмчлөлийн эд хөрөнгө болох бохирын хоолой солиулсан зардал 2,641,000 төгрөг гаргуулахаар сөргөөр нэхэмжилжээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, тухайн маргаанд хамаарах Иргэний хуульд заасан шаардах эрхийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
4.1. ******* нь 48 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг хэрэгжүүлэх, хариуцах эрх бүхий этгээд байна.
5. ******* нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 4а тоот орон сууцны өмчлөгч бөгөөд тэрээр орон сууцаа *******д 2023 оны 02 сараас 2023 оны 09 сар хүртэл хугацаанд өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтаар түрээслүүлж байсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаангүй.
5.1. Нэхэмжлэгч ******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг 1 сарын 50,000 төгрөгөөр тооцон, нийт 2,000,000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлээ 2020 оны 12 сарын 29-ний өдрийн 08 удирдах зөвлөлийн хурлын тогтоол, бүх гишүүдийн хурлын тогтоол, Монголын сууц өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн хурлын 06 дугаар тогтоолын хавсралт зэргийг үндэслэн тухайн орон сууцанд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хувь хүнээс үйл ажиллагааны онцлогыг харгалзан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 1 м.кв талбайд 1000 төгрөгөөр тооцож авахаар шийдвэрлэсэн, *******ийн үйл ажиллагаа явуулж буй талбай нь 50 м.кв гэж тайлбарлан, *******-ны бүх гишүүдийн хурлын 2020 оны 12 сарын 29-ний өдрийн 06 дугаартай тогтоол, Бүх гишүүдийн хурлын тогтоол, Монголын сууц өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн хурлын 06 дугаар тогтоолын хавсралт, төлбөрийн нэхэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-5,6-8, 99/
5.2. Хэрэгт авагдсан *******-ны бүх гишүүдийн хурлын 2020 оны 12 сарын 29-ний өдрийн 06 дугаартай тогтоолд ... Эрчим өргөө 48 орон сууцны байранд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа дараах аж ахуйн нэгж, хувь хүнээс үйл ажиллагааны онцлогыг харгалзан засвар, үйлчилгээний хуримтлалын төлбөрийг 1 м.кв талбайд 600-3000 төгрөгөөр тооцож авахыг тогтоож, ... Anyway 4а тоот 54 м.кв ... гэсэн байна.
5.3. Бүх гишүүдийн тогтоол нэртэй баримт нь огноо, дугааргүй, хүснэгтэд 104 хүний нэр, орц хаалганы дугаар, гарын үсэг, утас, тайлбар гэсэн бичвэр тэмдэглэгджээ. Уг баримтыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна. гэж заасан шаардлагад нийцсэн бүх гишүүдийн хурлын тогтоол гэж үзэх боломжгүй. /хх-6-7/
6. Анхан шатны шүүх дээрх бичмэл нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 1,020,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэж байна. Түүнчлэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хууль буюу Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.6-д заасныг зөв хэрэглэжээ. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-нд холбогдуулан 2,641,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн.
7.1. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны машины зогсоол нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлд хамаарах тул СӨХ нь тус дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх үүрэгтэй талаар анхан шатны шүүх дүгнэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
7.2. Хариуцагч ******* нь 2024 оны 04 сарын 29-ний өдөр 48 дугаар байрны гараж буюу машины зогсоолын 00-ын бохирын хоолой солихтой холбоотой 150-ын шугам хоолой, дагалдах материалыг 2,032,000 төгрөгөөр худалдан авч, ажлыг Баатар дулаан хан ОСНААК-ын слесариар гүйцэтгүүлж ажлын хөлсөнд 600,000 төгрөг төлсөн гэсэн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор зарлагын баримт, Баатар дулаан хан ОСНААК-ын 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 24/137 дугаартай албан бичиг, хариуцагч *******ын ХААН банк дахь 5007984900 дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
7.3. Нэхэмжлэгч тал дээрх нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэгч *******-ноос 2,632,000 төгрөг гаргуулж, хариуцагч *******од олгож шийдвэрлэсэн нь зөв тул хэзээ, хаана, ямар шугам хоолойг сольсон нотлогдохгүй, баримтаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/04857 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн 3 дахь заалт нэмэлт оруулж,
Тогтоох хэсгийн 3, 4 гэсэн дугаарлалтыг 4, 5 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,745 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД