Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 345

 

Т.Ууганбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор М.Амарзаяа,

          ялтан Т.Ууганбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

          нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Ууганбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлууд болон дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр Т.Ууганбаатарт холбогдох 2017 2601 0089 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овгийн Тэгшбаярын Ууганбаатар, 1984 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамжны 65 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжны 59 тоотод оршин суух,

-  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 41 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө нь тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 7 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр 5-ны өдрийн 133 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан, /РД:ЧВ84092970/,

Т.Ууганбаатар нь урьд энэ хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжны 46б тоотод оршин суух А.Мөнхтуяагийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэн З.Цогбаярын хацар хэсэгт зүсч хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Ууганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Ууганбаатарыг танхайрах гэмт хэргийг урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Т.Ууганбаатарын 13 настай хүү У.Энхсайханы асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргад уламжилж, Т.Ууганбаатарын цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан Т.Ууганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүйн дээр маш их гомдолтой байна. Үүнд:

1. Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр найз А.Мөнхтуяагийнд антен засварлахаар очоод гэрт нь байж байтал гаднаас З.Цогбаяр, Шар Сүхээ эхнэрийн хамт ирсэн. Бид архи хувааж уугаад байж байтал Цэрэннадмид гэдэг залуу орж ирсэн. Гэтэл Цэрэннадмидтай Шар Сүхээ, З.Цогбаяр хоёр маргалдаж А.Мөнхтуяагийн гэрийн гадаа зодолдсон. Гэрт нэг шил архи үлдсэн байсан учир би ороод сууж байтал З.Цогбаяр хойноос орж ирээд архи нэхсэн боловч би архи өгөөгүй. Ингээд би З.Цогбаярын согтож байгааг мэдээд санамж болгох зорилгоор “Үүдэн шүд хуга цохисон” гэж худал өргөдөл бичиж өгсөн, мөн манай гэрээс бага сага зүйл хулгайлан аваад зардгийг нь сануулж хэлтэл согтсондоо З.Цогбаяр уурлан намайг цохисон. Тэгэхээр нь би нүүр лүү нь өшиглөтөл З.Цогбаярын хацраас цус гарсан. З.Цогбаяр дахиад зодолдох гэхээр нь би түүнийг болиулах зорилготой аяга шидсэн чинь онолгүй шалан дээр унаад хагарсан. Аяга шидэхээс өмнө З.Цогбаярын хацраас цус гарч байсан ба аяган дээр мөн цус дуссан. Энэ үед А.Мөнхтуяагаас өөр хүн гэрт байгаагүй. Ингээд З.Цогбаяр буруугаа хүлээгээд бид хоёр эвлэрээд сууж байтал А.Мөнхтуяагийн дүү Э.Явсрай орж ирээд “хоёр хутгаа өгчих, манайх хоол хийх гэж байна” гэж хэлэхээр нь би хөргөгч дээр байсан хоёр хутгыг нь авч өгсөн. Ийм үйл явдал болсон байхад намайг зэвсэг хэрэглэн танхайрсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Танхайрах үйлдэл нь олон нийтийн газар, олон нийтийг үл хүндэтгэн, хүч хэрэглэн, догшин авир гаргасан байхыг ойлгодог. Гэтэл бид  нар найз нөхөд, хамаатан садан хүмүүс юм. А.Мөнхтуяагийн гэрт нь миний санамж болгож хэлсэн үгнээс үүдэлтэйгээр түр зуурын маргаан байсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял оноосныг үнэхээр зөвшөөрөхгүйн дээр маш их гомдолтой байна.

2. Сүүлд нь сануулга болгон шидсэн аяга шалан дээр унаад хагарсан байсныг болон аяга хагарахаас өмнө З.Цогбаярын хацраас цус гарч шалан дээр дуссаныг гэрчээр оролцсон А.Мөнхтуяа үнэнээр мэдүүлсэн гэж боддог

3. Гэрч Э.Явсрай маргаан болоод дуусаад эвлэрчихсэний дараа хөргөгч дээр байсан 2 хутгыг авахаар орж ирсэн мөртлөө зохиомол, худал мэдүүлэг өгсөн байна. Ийм учраас Э.Явсрайг дахин гэрчээр мэдүүлэг авах нь зөв.

4. Хэрвээ Э.Явсрайгаас мэдүүлэг авахад өмгөөлөгчийг байлцуулсаар байтал үнэн, бодит мэдүүлэг өгөхгүй бол би өмгөөлөгчийн хамт нүүрэлдэн байцаалт өгмөөр байна.

5. Хохирогч З.Цогбаяр, гэрч А.Мөнхтуяа нар нь тэр өдөр их согтсон байсан тул чухам юу ярьж мэдүүлснээ мэдэхгүй байсан нь ойлгомжтой. Иймд мөн энэ хоёрыг дахин байцаах ёстой.

6. Хохирогч З.Цогбаяр хохирлоо бүрэн авсан учир гомдолгүй гэсэн. Надад оноож буй ял шийтгэл бүхэлдээ миний хийсэн гэмт хэргийн үйлдэлд тохирохгүй байна. Учир нь шинжээчийн 1088 тоот дүгнэлтийн 3 дугаарт шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зүйл ангитай ерөөсөө тохироогүй учир дээрх зүйл ангийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар ял өөрчлөн сонсгож бодитой арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Т.Ууганбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Т.Ууганбаатарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хохирогч З.Цогбаяр нь“Т.Ууганбаатар миний ярьсан зүйлд уурлаад ширээн дээр байсан шилэн аягыг аваад миний баруун хацар луу шидээд хацрыг зүссэн” гэж мэдүүлсэн. Энэ нь хохирогч З.Цогбаяр болон Т.Ууганбаатар нарын хооронд маргаан болсон гэдэг нь тогтоогдож байна.

Нөгөө талаас гэрч А.Мөнхтуяа нь “З.Цогбаяр Т.Ууганбаатар луу дайраад “архи өг” гээд нэг удаа толгой руу нь цохисон. Т.Ууганбаатар уурлаад ширээн дээр байсан шилэн аягыг аваад шидсэн чинь З.Цогбаярын хацраас нь цус гарсан” гэж мэдүүлсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлууд нь ялтны сэжигтнээр өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Энэ нь бүхэлдээ хэргийн зүйлчлэл буруу байсныг харуулж байна.

Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр эсэргүүцэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 144 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байх тул дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна.

Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...У.Ганбаатар нь бусдын гэрт архидан согтуурсан үедээ З.Цогбаярыг илтэд үл хүндэтгэн өшиглөх, аягаар шидэх, нүүрэн тус газарт нь хутгаар зүсэх зэргээр хүч хэрэглэж өөрийн ичгүүр сонжуургүй догшин авир гаргаж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн нь танхайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн...” гэж, мөн “шүүгдэгч Т.Ууганбаяр нь хэрэгт холбогдох хүртлээ 13 настай хүүгийн хамт амьдарч байсан, хүү нь одоогийн байдлаар Т.Ууганбаярын эцэг, эх буюу...” гэж тус тус дурдсан байна.

Шүүгдэгч Т.Ууганбаатарын нэрийг шүүхийн шийтгэх тогтоолд “У.Ганбаатар, Т.Ууганбаяр” гэж тус тус буруу бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 144 тоот шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Ууганбаатарын нэрийг У.Ганбаатар, Т.Ууганбаяр гэж буруу тодорхойлж бичсэнийг зөвтгүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ялтан Т.Ууганбаатарын нэрийг “У.Ганбаатар, Т.Ууганбаяр” гэх зэргээр алдаатай буруу бичсэн байдаг. Мөн ялтан Т.Ууганбаатар болон түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Учир нь анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтны гэмт буруу, түүний хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх Т.Ууганбаатарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг дүгнэхдээ “бусдын гэрт архидан согтуурсан үедээ З.Цогбаярыг илтэд үл хүндэтгэн өшиглөх, аягаар шидэх, нүүрэн тус газарт нь хутгаар зүсэх зэргээр хүч хэрэглэж өөрийн ичгүүр сонжуургүй догшин авир гаргаж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн нь танхайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна” гэсэн дүгнэлтийг хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Т.Ууганбаатар нь хохирогч З.Цогбаярт зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хөнгөн гэмтэл учруулж танхайрахдаа аяга шидэж танхайрсан, эсхүл нүүрэн тус газарт нь хутгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодорхой бус дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх хуралдаанд шаардлагатай гэрч, шинжээч, хохирогчийг оролцуулан дээрх байдлыг тогтоож хэргийг шийдвэрлэвэл хуульд нийцнэ.

Мөн Улсын бүртгэлийн статистикийн ерөнхий газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 9/001796 дугаар иргэний үнэмлэхийн лавлагаанд Боржигон овгийн Тэгшбаярын Ууганбаатар /хх-72/ гэсэн байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /хх-145/ “У.Ганбаатар, Т.Ууганбаяр” гэж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Ууганбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх ялтан Т.Ууганбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Ууганбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

          2. Хэрэг шүүхэд очтол Т.Ууганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ