Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 54

 

                                            Ц.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Содхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар магадлалтай, Ц.С-д холбогдох эрүүгийн 2034000000373 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1999 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Э овогт Ц-ын С.

Ц.С нь насанд хүрээгүй хохирогч Б.М-ний адууг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн маллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 0 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан булаг хорин зургаагийн гол” гэх газраас түүний хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоорпрокуророос Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

түүнийг бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж 87 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгажээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ц.Сонинмөнх бичсэн эсэргүүцэлдээ:“...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Үүнд:    

Прокуророос шүүгдэгч Ц.С-ыг Б.М-ний адууг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн маллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 0 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан булаг хорин зургаагийн гол” гэх газраас түүний хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшиж 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхэд анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөн гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс дээд шатны прокурорын эсэргүүцлийн “Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн“нь үндэслэлтэй гэж дүгнэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснээс дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 40.1 дүгээр зүйлийн 1.1-д  заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Содхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д заасан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн магадлал нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл магадлалын тодорхойлох хэсэгт Ц.С-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байна гэж үзчихээд доохон хэсэгт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурор нь Ц.С-ын насанд хүрээгүй хохирогч Б.М-ний хурдан удмын хонгор халзан даагыг завшсан гэх хэргийн бодит байдлыг эргэлзээгүй зөв тогтоож чадаагүй гэж хоёр өөр дүгнэлтийг хийсэн байна. Мөн давж заалдах шатны шүүхээс тодорхойлохдоо анхан шатны шүүх шүүгдэгчид ял халдаахдаа хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул ... гэж үзсэн бол хуулийн чухам ямар зүйл заалтыг буруу хэрэглэсэн тухай үндэслэлдээ дурдаагүй байна. Магадлалд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо... буцаан өгөхгүй байх...гэж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах гэмт хэргийн шинжийг... мал амьтны хувьд эмчилгээгүй болж, аж ахуйн эргэлтээс бүрэн гарч, ашиг шимийг нь хүртэх ямар ч боломжгүй болсон байхыг ойлгодог гэж тодорхойлсон байна. Эдгээр тайлбар тодорхойлолтоос харахад шүүгдэгч Ц.С нь бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн адууг маллах үүрэг хүлээж цалин хөлсөө тохирч ажиллаж байхдаа хурдан удмын эр даага дутаасан үйлдлийг өөр ямар зүйл заалтаар зүйлчлэх болж байна. Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох байсан байтал зөвхөн тогтоогдохгүй байх тул гэдэг үгээр тайлбар хийж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Үүний улмаас хохирогч хохироод үлдэх, хариуцлага гарцаагүй байх, шударга ёс, тэгш байдлын үндсэн зарчим алдагдаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг залруулж Ц.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Прокурор дүгнэлтдээ шүүгдэгч Ц.С-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь зөв байна гэж хэллээ. Харин хохирол төлбөрийн тухайд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж байгаа тохиолдолд хохирол төлбөрийн асуудал яригдахгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокуророос шүүгдэгч Ц.С-ыг Б.М-ний адууг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн маллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 0 дугаар багийн нутаг дэвсгэрээс түүний хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшиж 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхэд анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчлөн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснээс дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Хавтаст хэрэгтэй танилцахад шүүгдэгч Ц.С нь насанд хүрээгүй хохирогч Б.М-тэй түүний адууг нь уралдаанд бэлдэж уяж өгөхөөр харилцан тохиролцож, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс адууг нь харж байсан ба 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 10 тооны адууг малчин руу нь хүргүүлэх явцад хурдан удмын хонгор халзан даага алга болсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Прокуророос бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүх завшсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, харин бусдын эд хөрөнгийг устгасан байна гэж дүгнэн зүйлчлэлийг өөрчлөн хэргийг шийдвэрлэжээ. Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгийг гэмт этгээд хууль ёсоор өөртөө шилжүүлж авсны дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа сэдэл бий болсноор хэрэгждэг байна. Бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг нь тухайн эд зүйлийг биет байдлаар нь бүрэн устгах, дахин ашиглаж болохгүй байхыг ойлгоно. Шүүгдэгчийн хувьд дээрх завших болон устгах санаа сэдэл, нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна. Харин шүүгдэгч нь хохирогчийн хариуцаж байсан адууг кемпээс малчин руу хүргэх явцдаа хурдан удмын даагыг үрэгдүүлсэн байна. Кемпийн камерын бичлэгээс харахад шүүгдэгч хойноос урагш туухад 10 адуу байсан бол эргэж туухад 9 адуу болсон байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх зүйл хэсэг байхгүй болсон тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлтэй байна. Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “...Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгчээс гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулах өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулах нь зүйтэй гэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.М-тэй амаар тохиролцсоны дагуу хүлээн авсан хурдан удмын хонгор халзан зүсмийн даагыг Ц.С өмчлөгчид нь буцаан өгөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан тогтоосон байна.

Харин ийнхүү тогтоосон үйл баримтын талаар мөн шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, гаргасан шийдвэр нь үндэслэл муутай болжээ.

Тухайлбал, прокуророос Ц.С-ыг бусдын 15,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн даагыг итгэмжлэн хариуцаж байхдаа хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж дүгнэж, хэргийг мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчилсэн байна.

Эд хөрөнгө устгах гэдэгт тухайн зүйлийг биет байдлын хувьд үгүй хийх, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болгож, аж ахуйн эргэлт болон иргэний гүйлгээнээс гаргасан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Ц.С уг даагыг хаана, хэзээ, ямар аргаар, хэрхэн устгасан, түүний ул мөр, үлдцийг хаанаас, ямар байдалтайгаар илрүүлэн тогтоосон зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нотолбол зохих байдлыг мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т нэрлэн заасан баримтат мэдээлэлд тулгуурлан нотлон тогтоохгүйгээр анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон тул “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөх”-ийг хүссэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулжээ.

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх гурван үндэслэлийг заасан бөгөөд мөн хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд эдгээрийг дэлгэрүүлэн зохицуулжээ.

Тухайлбал, дээрх хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” үүнийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх Ц.С-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд “мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.С-ын насанд хүрээгүй хохирогч Б.М-ний хурдан удмын хонгор халзан эр даагыг завшсан гэх хэргийн бодит байдлыг эргэлзээгүй зөв тогтоож чадаагүй, шүүх шүүгдэгчид ял халдаахдаа хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” (хэргийн 2 дахь хавтас, 137 дахь тал), “...прокурорын эсэргүүцлийн анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэсэн нь үндэслэлтэй...” (хэргийн 2 дахь хавтас, 138 дахь тал) гэж дүгнэж, шүүгдэгч бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатган шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэхэд давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон нотлох баримтууд буюу тухайлбал, Ц.С эхлээд 10, дараа нь 9 тооны адуу тууж явсан нь хяналтын камерт бичигдсэн талаарх насанд хүрээгүй хохирогч Б.М, тэрээр өөрийн унаж явсантайгаа хамт нийт 10 адуу хүлээлгэн өгсөн тухай гэрч Ч.С, хонгор халзан даага адуун дотор байгаагүй гэсэн гэрч Т.Х нарын мэдүүлэг, том хүрэн морь унасан хүн 9 тооны адууг тууж яваа хяналтын камерын бичлэг зэрэг нь “...2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр аваачиж өгөхөд тэр даага байсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Хэдэн тооны адуу аваачиж өгснөө сайн анзаараагүй” гэсэн шүүгдэгчийн мэдүүлэгтэй (хэргийн 1 дэх хавтас, 54, 58 дахь тал) харилцан зөрүүтэй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь харилцан зөрүүтэй дээрх нотлох баримтууд, тодруулбал, насанд хүрээгүй хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэг зэргийг нь ямар учир шалтгаанаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болгож буйг тодорхой тусгаагүй, түүнчлэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар баталсан ямар нотлох баримтыг түүнд ашигтайгаар хэрхэн үнэлж дүгнэсэн талаар огт заагаагүй тул магадлалыг хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, энэ тогтоолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Ч.ХОСБАЯР