Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Балжмаа |
Хэргийн индекс | 127/2017/0009/З |
Дугаар | 12 |
Огноо | 2017-06-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 12
2017 оны 6 сарын 16 өдөр | Дугаар 127/ШШ2017/0012 Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2017/0009/З
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох
Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нь Хэрлэн сумын Өндөрхаан буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолыг шийдвэрлүүлэлгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, уг тогтоолын биелэлтийг хангаж, Өндөрхаан багийн Засаг даргаар Г.Бадамцэцэгийг томилох шийдвэр гаргахыг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Октябрь, түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, гуравдагч этгээд Г.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэрлэн сумын иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Октябрь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид болон багийн Засаг даргыг сонгох асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэсэн.
Багийн Засаг даргад нэр дэвшсэн Г.Бадамцэцэг нь иргэдийн олонхийн буюу 95 хувийн санал авсан тул түүнийг багийн Засаг даргаар томилуулахаар 08 тоот тогтоол гарган, Хэрлэн сумын Засаг даргад хүргүүлсэн. Гэвч Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нь ямар нэгэн шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүрээд байна. Иймээс Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Г.Бадамцэцэгийг багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэдийн Нийтийн Хурал бол тухайн багийн иргэдийн өөрөө удирдлагын шууд байгууллага бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Хэрлэн сумын Өндөрхаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолыг Хэрлэн сумын Засаг дарга биелүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасны дагуу Өндөрхаан багийн Засаг даргыг томилох шийдвэр гаргах үүрэгтэй.
Тус шийдвэр гаргах үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т “3ахиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.2.шуурхай, тасралтгүй байх”гэж, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан.
Иргэдийн Нийтийн Хурал нь багийн иргэдээс бүрдэх бөгөөд түүнээс гарах шийдвэр нь иргэдийн шийдвэр болно, тухайн шийдвэрийг биелүүлэх асуудлаар сумын Засаг дарга буюу албан тушаалтанд хандаж буй тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг баримтлана. Уг хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна'’ гэж заасан.
Гэтэл Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нь тус асуудлыг шийдвэрлэж хариу өгөлгүй, багийн Засаг даргыг томилолгүй 6 сар гаруй болоод байгаа тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар захиргааны хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрлэн сумын Өндөрхаан багийн иргэдийн Нийтийн Хурлаас Г.Бадамцэцэгийг багийн Засаг даргаар томилуулахаар санал ирүүлснийг миний бие Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлээгүй байна. Удахгүй энэ асуудлыг шийдвэрлэнэ. Г.Бадамцэцэг нь багийн Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа.
Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд хурал даргалагчийг сонгож, тооллогын комисс байгуулж, тогтоол гаргах явцад эмх замбараагүй байдал үүсч, улмаар цахилгаан тасарсан тул хурал хуралдах нөхцөлгүй болж, иргэд ихэнх нь тарсан хойгуур багийн Засаг даргыг сонгох шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд хандах ёстой. Гэтэл нэхэмжлэгч Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зүйл байхгүй байна. Мөн Б.Октябрийн ямар эрхийг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Багийн иргэдийг төлөөлөх бол итгэмжлэл авсан байх шаардлагатай. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан баг, хорооны Хурлын бүрэн эрхэд, иргэдийг төлөөлөх эрхийн талаар заагаагүй байна. Гуравдагч этгээд Г.Бадамцэцэг нэхэмжлэл гаргаагүй байхад багийн иргэдийн Нийтийн Хурал нэхэмжлэл гаргасан нь буруу.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг сумын Засаг дарга биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан Засаг даргын эрхийг хаасан зүйл заалт байхгүй. Тухайн асуудлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтад гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч тус иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хүчинтэй эсэх талаар маргаагүй ч оролцсон иргэд болон санал өгсөн иргэдийн тоо, хувь хэмжээ өөр өөр байгааг хэлмээр байна” гэв.
Гуравдагч этгээд Г.Бадамцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрлэн сумын Өндөрхаан багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Соёлын төвд 13 цагаас эхэлсэн. Тус хуралд 360 иргэн бүртгэлээ хийлгэн оролцсоноор хурал хүчин төгөлдөр явагдсан. Тухайн үед эрчим хүч тасарч, бага зэргийн маргаан гарч зарим хүмүүс хурлыг орхин гарсан боловч иргэдээс хурлыг үргэлжлүүлэн хийх хүсэлт гаргасан тул хурлыг орхин гарсан иргэдийг санал өгөхөөс татгалзсанд тооцон, хурлыг үргэлжлүүлэн хийх санал хураалт явуулахад хуралд оролцогчдын олонхи нь үргэлжлүүлэн хийх саналтай байсан тул хурал хэвийн үргэлжилсэн. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдахад Бадамцэцэг би өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлсэн бөгөөд дахин өөр нэр дэвших хүн гараагүй тул илээр санал хурааж, хуралд нийт 208 иргэн оролцсоноос 196 хүний саналаар Өндөрхаан багийн Засаг даргад Г.Бадамцэцэг намайг үргэлжлүүлэн ажиллахыг санал нэгтэйгээр дэмжсэн.
Хурлын эцэст багийн Засаг даргын санал хураахад оролцсон иргэдийн гарын үсгийг баталгаажуулан зуруулж, багийн хэсгийн байцаагч С.Энхбатаар хянуулан баталгаажуулсан. Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулийн дагуу хурлын тэмдэглэл болон тогтоолуудыг, Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбатад 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын 08 дугаар тогтоолыг тус тус хүргүүлсэн. Гэвч Өндөрхаан багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон 208 иргэний саналыг үл хүндэтгэн үзэж багийн Засаг даргаар Г.Бадамцэцэг миний биеийг хүлээн зөвшөөрч батлахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Тэргүүлэгч нарын шийдвэрийг дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь тус Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолыг Хэрлэн сумын Засаг дарга шийдвэрлүүлэлгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, уг тогтоолын биелэлтийг хангаж, Өндөрхаан багийн Засаг даргаар Г.Бадамцэцэгийг томилох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд, “багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх зөрчигдөөгүй, багийн иргэдийн Нийтийн хуралд иргэдийг төлөөлөх эрх олгогдоогүй, Хурлын дарга Б.Октябрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, багийн иргэдээс итгэмжлэл олгогдоогүй” гэх зэрэг үндэслэлүүдийг дурдаж, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатны нэгж бөгөөд нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвартай.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд баг, хорооны Хурлын бүрэн эрхийг заасан бөгөөд 17.1.2 дахь хэсэгт зааснаар, багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, сумын Засаг даргад томилуулахаар уламжлах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь уг бүрэн эрхийн хэрэгжилтийн асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны байгууллагад, улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй гэж үзнэ.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын даргын нийтлэг бүрэн эрх, түүний дотор 22.1.14 дэх хэсэгт заасан “тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх” бүрэн эрхийг баг, хорооны Хурлын дарга эдлэхгүй гэж үзэхгүй.
Иймээс нэхэмжлэгч Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг түүний дарга Б.Октябрь нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж шүүх үзэж байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан буюу 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан Г.Бадамцэцэгийг багийн Засаг даргаар томилуулах саналыг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолоор Хэрлэн сумын Засаг даргад уламжилжээ.
Гэвч хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нь Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолын дагуу ямар нэгэн шийдвэр гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн энэхүү эс үйлдэхүй нь хууль бус тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн ...баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, ...баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга ...дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга ...4 жилийн хугацаагаар томилох...”-оор тус тус заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 26.4 дэх хэсэгт, Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болохоор зохицуулагдсан байна. Иймээс хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга нь багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсан нэхэмжлэгч Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын дагуу томилох, эсхүл татгалзах шийдвэрийн аль нэгийг заавал гаргах ёстой байсан.
Хариуцагч нь дээрх шийдвэрийн аль нэгийг гаргалгүй, 6 сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа нь хууль бус бөгөөд үүний улмаас нутгийн өөрөө удирдах байгууллага болох Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал болон багийн Засаг даргад нэр дэвшигч Г.Бадамцэцэг нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т шийдвэр гаргах хугацааны талаар заагаагүй” гэж, мөн “нэр дэвшигч Г.Бадамцэцэг нь багийн Засаг даргын албан үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа тул хэн нэгэнд ямар нэгэн хохирол учраагүй” гэж тайлбарласан нь түүний хууль бус эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй.
Хууль тогтоомжоор төрийн албанд “ард түмэнд үйлчлэх” / Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дугаар зүйл/, захиргааны үйл ажиллагаанд “шуурхай, тасралтгүй байх” /Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалт/ зарчмуудыг баримтлахаар заасан тул эрх бүхий албан тушаалтан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу томилох тухай шийдвэр болон 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу томилохоос татгалзах тухай шийдвэрийг богино хугацаанд, даруй гаргах шаардлагатай гэж ойлгогдоно.
Ийнхүү хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон тул холбогдох захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу, Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигч Г.Бадамцэцэгийг томилох эсэх тухай шийдвэрийг бичгээр гаргаж, нэхэмжлэгч Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлэхийг хариуцагч Хэрлэн сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн, Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргаар Г.Бадамцэцэгийг томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, “иргэдийн Нийтийн Хурал нь багийн иргэдээс бүрдэх бөгөөд түүнээс гарах шийдвэр нь иргэдийн шийдвэр тул тухайн шийдвэрийг биелүүлэх асуудлаар сумын Засаг дарга буюу албан тушаалтанд хандаж байгаа тохиолдолд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг баримтлана” гэх үндэслэл дурдаж, иймээс тухайн тохиолдол буюу багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд / өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт/ шийдвэрлэнэ, хариуцагч энэ хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргаагүй, томилохоос татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй тул Хэрлэн сумын иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолыг биелүүлэх үүрэгтэй” гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар тогтоол ирүүлсний дагуу дээд шатны Засаг дарга томилох, эсхүл томилохоос татгалзах эрхийг хуулиар олгосон тул хариуцагч Хэрлэн сумын Засаг даргад Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргаар гуравдагч этгээд Г.Бадамцэцэгийг томилсон шийдвэр гаргахыг шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч тухайн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу “сонгох боломж”-ийг хэрэглэх боломжтой юм.
Мөн нэхэмжлэгч Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаан ирцийн хувьд хүчинтэй эсэх талаар маргаан гараагүй, тус хурлын тогтоол шийдвэрүүд хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, 3 дугаар хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8 тоот тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсныг хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбатад даалгасугай.
2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад шаардлага буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргаар гуравдагч этгээд Г.Бадамцэцэгийг томилохыг хариуцагч Хэрлэн сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАЛЖМАА