Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0637/З/Т |
Дугаар | 221/МА2020/0002 |
Огноо | 2019-12-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2020/0002
|
|
|
“Н” ХХК болон нэр бүхий
компаниудын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Г.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Д.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х, Г.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Д.А, өмгөөлөгч П.А нарын давж заалдах гомдлоор, “Н” ХХК болон нэр бүхий компаниудын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Н” ХХК болон нэр бүхий компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам буюу Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам-ыг дагаж мөрдөнө” гэснийг нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-иуд хууль бус байсан болохыг тогтоолгох, “Б” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “Ш” ХХК-иуд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Т” ХХК, “Ө” ХХК-иуд илт хууль бус болохыг тогтоолгох, “Ө” ХХК, “М” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрээр:
“Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-ийн, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Б” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “Ш” ХХК-ийн илт хууль бус болохыг тогтоолгох тухай “Т” ХХК, “Ө” ХХК-ийн хүчингүй болгуулах, “Ө” ХХК, “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Д.А нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Улсын Их Хурлын 2016 оны 46 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолоор Газрын тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэн үндэсний бүтээн байгуулалтын бүсийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авч түүний хэмжээ, хилийн заагийг 1 дүгээр хавсралтаар, “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ыг 2 дугаар хавсралтаар баталсан.
Журмын 3.3 дахь хэсэгт “Бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” хэмээн тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч хэрэгжүүлэх журмыг бүсийн захирал хэрэгжүүлэхээр бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй журмыг баримтлахаар заасан.
Тухайн үед Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс болох тусгай хэрэгцээний газарт тохирсон, хэрэгжүүлэх боломжтой газар ашиглах журам байгаагүй бөгөөд Засгийн газраас 2018 онд 109 дүгээр тогтоолоор тус журмын 3.3 дахь хэсэгт “уг журмуудад заасан чөлөөт бүсийн ажлын алба, түүний захирагчийн бүрэн эрх, чиг үүргийг Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны Захиргаа, удирдлагын нэгж, бүсийн захирал нь нэгэн адил хэрэгжүүлнэ” гэж нэмэлт оруулан бодит байдалд нийцүүлж хэрэгжихээр болсон, бүсийн захирлыг хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, утга агуулгын илэрхий алдаатай, гүйцэтгэх субъект нь тодорхойгүй байдаг.
Гэтэл шүүхээс дээрх “утга агуулгын илэрхий алдаатай”, “бодит нөхцөл байдалд хэрэглэх боломжгүй”, “хэрэгжүүлэх этгээд нь тодорхойгүй”, “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэх нөхцөлийг үгүйсгэж буй үндэслэлээ “Журмын 3.1 дэх хэсгээр бүсийн захирал бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхийг тодорхой заан, хэрхэн шийдвэрлэхийг 3.3 дахь хэсгээр “дуудлага худалдаа явуулах, эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулна” гэж заагаад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулахын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан нийтлэг зохицуулалт агуулсан журмыг иш татан зохицуулж, 3.6 дахь хэсгээр газар эзэмших, ашиглахтай холбоотой бусад харилцааг газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан гэсэн байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасны дагуу “иргэн, аж ахуйн нэгж байгууллага чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан олгоно” гэж заасан байдаг. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хэм хэмжээний актыг гаргах, энэ нь тогтоол хэлбэрээр гарахаар заасан. Засгийн газар энэхүү хэм хэмжээний актыг гаргаж болно гэх ажиллагааны зарчмыг бүрдүүлэх ёстой байсан боловч зарчимдаа нийцээгүй, тухайн үед хэрэгжих боломжгүй нөхцөл байдлаар гаргасан байдаг.
Гэтэл Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал шийдвэр гаргаж, газар олголтын харилцааг зохицуулахаар заагаагүй атлаа 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар журамлаж зохицуулах байсан гэж байгаа нь хууль бус үйлдлийг үүсгэхийг шаардсан, Захиргааны хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасан захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус зохицуулалт болсон бөгөөд салбарын сайдууд чиглэл аван, Монгол Улсын Засгийн газар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор алдаагаа засч, нэмэлт оруулаад тодруулсан байдаг.
Ийнхүү тухайн үед хэрэгжүүлэх боломжгүй байсан тул журмын 3.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хангаж, газар олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсний дагуу шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл Засгийн газраас батлагдаж, хэм хэмжээг тогтоож, тодорхой эрхийг олгож, үүргийг бий болгож байгаа тохиолдолд маш тодорхой зааж өгөх ёстой. Иймд тодорхойгүй зааж байгаа нөхцөл байдал нь тус актыг алдаатай гэж үзэхэд хүргэж байна. Иймд анхнаасаа хэрэгжих боломжгүй, алдаатай захиргааны акт нь илт хууль бус шинжийг агуулах тул анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.
Мөн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэгч 10 компани тус бүрээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Учир нь 10 компани нь 4 өөр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр үндэслэл, тайлбараа гаргаж мэтгэлцсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон түүнд олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч компаниудаас “Н” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.А, бусад 9 компани нь С.Э намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, саад чирэгдэл учруулалгүйгээр, нэг мөр, давхардалгүй байлгах үүднээс төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож, энэ ч үүднээс шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх аливаа асуудлаар төлөөлөгч нартай холбогдож, шүүхийн эрх зүйн актууд болох захирамж, тогтоол, шүүхийн шийдвэрийг хүртэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тоогоор л хувилж өгдөг тул шүүхийн ачаалал, зардлыг тэр хэрээр бууруулсан явдал юм.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нар нь Захиргааны байгууллагын нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн 1 үйл ажиллагааны талаар маргасан буюу ЗГ-ын 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3.3 дахь заалт юм.
- Засгийн газрын 2018 оны 109 дүгээр тогтоолыг хэлэлцүүлэхээр ХХААХҮЯ-аас боловсруулсан танилцуулгад “...Гэвч Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д үндэсний бүтээн байгуулалтын захиргаатай холбоотой зохицуулалт хийгдсэн тул Засгийн газрын 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хөдөө аж ахуйн “Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-д нэмэлт оруулж чөлөөт бүсийн захиргааны зохицуулалт ашиглах тухай заалтыг боловсрууллаа” гэж тодорхойлсон нь Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3.3 дахь заалт нь зохицуулах боломжгүй, Халх гол ҮБББ-ын захиргаа шууд авч ашиглах боломжгүй байсан болохыг нотолж байгаа юм.
- Нэхэмжлэгч компаниудын хувьд “тухайн журмын 3.1-ээр бүсийн захиралд олгосон газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудалтай маргаагүй бөгөөд мөн 3.6-д заасан бүсэд газар эзэмшиж, ашиглахтай холбогдон үүсэх бусад харилцааг газрын тухай хууль тогтоомжоор зохицуулна” гэсэн заалтыг шүүгч иш татсан нь “журмын заалтыг буруу тайлбарлаж байна” гэж үзэж байна.
Учир нь 3.1 дэх заалтаар газрыг хэн олгохыг, 3.3 дахь заалтаар хэрхэн олгохыг заагаад үлдсэн бусад харилцаа болох кадастр, татвар, газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа, байгаль орчны асуудал гэх мэтийг 3.6 дахь заалтаар зохицуулахаар тусгасан гэж ойлгож байна. Харин 3.3 дахь заалтыг оруулахдаа тодорхой харилцаанд буюу уг журмын үндэслэл хэсэгт заагдсан газар олгохтой холбоотой харилцаанд тусгайлан заасан журмыг заагдаагүй өөр байгууллага дээр зохицуулахаар хүчээр тулгасан байх бөгөөд үүнийг хожим Засгийн газрын 2018 оны 109 дүгээр тогтоолоор засварласан нь хууль бус байсан болохыг нотлох гол үндэслэл юм.
Шүүх шийдвэртээ “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-ыг иш татан энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т тусгайлан “гэр бүлийн хэрэгцээнд хашааны 0,07 га, ногооны 0,1 га, үр тарианы зориулалтаар 10 га хүртэлх” гэж зааснаас илүү хэмжээгээр газар эзэмших хүсэлт гаргасан бол дуудлага худалдаа явуулах, эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр, энэ журмыг нь Монгол Улсын Засгийн газар тогтоохоор заасан байна” гэж дурджээ. Гэвч нэхэмжлэгч нарт ашиглуулахаар олгосон газар нь
1-рт; улсын тусгай хэрэгцээний газар бөгөөд газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн бүх шатны засаг дарга нарын эрх мэдлийн хүрээнд олгох засаг захиргааны нэгжийн харьяаны газар,
2-рт; газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...газрыг эзэмшүүлэх тухай зохицуулалт байх бөгөөд харин Халхгол ҮБББ-ийн захиргааны аж ахуйн нэгжүүдэд газрыг олгохдоо улсын тусгай хэрэгцээний газар тул “ашиглуулах” шийдвэр гаргасан байдаг зэргээс хамаарч “хуулийг буруу хэрэглэж байна” гэж үзэж байна.
- Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Засгийн газар газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд тус хуулийн 18.1.2-т “энэ хуулийн ...16.1.13-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг ашиглах журмыг тогтоох...” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн газар ашиглалтын нийтлэг журам”-ыг тогтоох байсан боловч тус журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулалт, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” хэмээн бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй журмыг баримтлахаар заасан байдаг.
- Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.6.2, 5.1.8.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4-т заасныг тус тус үндэслэсэн байдаг. Гэтэл Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс дэх хөрөнгө оруулагчийн газар ашиглах эрхийг тус хэм хэмжээнүүдээр зохицуулах боломжгүй байна.
Учир нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь зохицуулалт нь газар эзэмших хүсэлтийг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.6.2, 5.1.8.2 дахь зохицуулалт нь иргэнд газрыг өмчлүүлэхтэй холбоотой зохицуулалт бөгөөд Үндэсний бүтээн байгуулалтын бүс болох тусгай хэрэгцээний газарт Чөлөөт бүсийн тухай хууль тус тус үйлчлэх боломжгүй юм.
- Гэтэл Монгол Улсын Засгийн газраас Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн ...16.1.13-т заасан зориулалтаар газрыг ...ашиглах журмыг тогтоох...” хэмээн заасны дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмыг баримтлахаар шууд тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг зөрчсөн байдаг. Угтаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны адгуу хөрөнгө оруулагч бүсэд зөвхөн газрыг ашиглах хүсэлт гаргаж, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхтэй байх уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн.
- Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол гарсантай холбогдуулаад Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор баталсан 5, 6 дугаар заалт нь 10 дугаар тогтоолоор батлагдсан төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журам хуучин үйлчилж байсан бөгөөд тус журмуудад ямар нэгэн этгээдийг албан тушаалаар нь заагаагүй нийтлэг журам байдаг.
Иймд 2016 онд тогтоол гаргахдаа субъектийг тодорхой заасан учир өөр тохиолдолд хэрэглэх боломжгүй байсан гэдэг нь тодорхой харагдаж байдаг. Энэ мэтчилэн Засгийн газрын 328 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй байсан болохыг тогтоох холбогдох яамны сайдын тайлбар, чиглэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуйн сайдад ирүүлсэн санал, Засгийн газрын 2018 оны 109 дүгээр тогтоол, түүнд оруулсан Хүнс, хөдөө аж ахуйн яамны санал зэргийг шүүх үнэлээгүй, энэ талаар тайлбар хийгээгүй байдаг.
- Нэхэмжлэгч компаниудын хувьд маргаан бүхий журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт нь “шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй, журам цуцлах процесс нь алдаатай байгаад албан ёсоор батлагдаагүй бол журмын заалтууд хүчин төгөлдөр бус буюу анх гарсан цагаасаа хэрэгжих боломжгүй хэм хэмжээний акт болно” гэж ойлгож байгаа. Хариуцагчаас 2016 оны 10 дугаар тогтоолын дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах журмыг хэрэглэх зохицуулалтыг хэлэлцээгүй талаар тайлбарласан нь захиргааны хэм хэмжээний акт батлах шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчилтэй болохыг тодорхой харуулж байдаг.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт заасны дагуу холбогдох санал авах, бүтээн байгуулалтын бүсэд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдүүдийн саналыг авахгүйгээр 3.3 дахь заалт хэрэгжих боломжгүй байхад баталсан нөхцөл байдал байна.
- Түүнчлэн тус заалттай холбоотой Хууль зүйн сайдын санал өгсөн албан бичигт 2016 оны 10 дугаар тогтоол нь Засаг дарга болон чөлөөт бүсэд ашиглах зохицуулалт, бодит нөхцөл байдалд нийцэхгүй байх тул хасах санал ирүүлсэн байтал уг саналыг тусгалгүйгээр шийдвэр гаргасан байдаг.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжид “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргасан этгээд тус бүрээр тэмдэгтийн хураамж төлүүлэх шаардлагагүй” гэжээ.
Тиймээс шүүх 10 тусдаа хэрэг шийдвэрлэж, 10 тусдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тэр хэрээр шүүх, шүүгч, шүүгчийн туслахын ажиллагаа шаардагдсан мэтээр 10 компани тус бүрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд хууль зүйн үндэслэлгүй гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.А мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүхэд хандан нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь маргаж буй журмын 3.3 дахь хэсэг нь Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газраас гарах шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий, хэрэгжихэд тодорхой, зохих журмын дагуу гарах ёстой байхад уг шийдвэрийг гаргахдаа “зөрчилтэй гаргаснаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл болсон” гэж үзэж байгаа.
Нэхэмжлэгч нараас төрд итгэх, хуульд нийцсэн төрийн үйл ажиллагаанд оролцох, Засгийн газрын зохих журмын дагуу явагдаагүй үйл ажиллагаа, гарсан шийдвэрийн үр дагавраас хохирох ёсгүй.
Гэтэл маргаж байгаа зохицуулалт бүхий журмын заалтын улмаас төрийн үйл ажиллагаанд итгэн оролцож, газрын эрх үүсч, холбогдох хөрөнгө үйл ажиллагааг үгүйсгэж хохироосон нөхцөл байдал үүссэн.
Засгийн газрын шийдвэр нь “шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна” гэж уг захирамж нь зорилгодоо болон бодит нөхцөл байдалд тохирохгүй, зохих журмын дагуу гараагүй талаар шүүхээр хянуулахыг хүссэн. Учир нь
-Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А-01 дүгээр тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулах,
-Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А-01 дүгээр тушаалын 2, 3 дугаар заалтыг,
-Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 187 дугаар тогтоолын 2 дахь заалтыг,
-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаар тушаал,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А-76 дугаар “Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тушаалыг,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шалгах ажиллагааны явцад дээрх шийдвэрүүд гарах болсон үндэслэл нь маргаж буй журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг зөрчсөн гэсэн дүгнэлт байсныг, мөн энэхүү журмын заалт нь зохих журмын дагуу хуульд нийцэж гараагүй болохыг мэдэж, энэхүү хэргийн дээрх шаардлагыг гаргах болсон.
Маргаж буй актыг тухайн үедээ хэрэглэх боломжгүй байсныг, тодорхой заалт оруулах шаардлагатай байсан талаар Хууль зүйн сайд тодорхой санал гаргасныг хэлэлцээгүй, тусгаагүйгээр Засгийн газар шийдвэр гаргасныг шүүх хуралдааны явцад баримтыг судлуулж, үндэслэлээ тайлбарласан боловч шүүх үнэлээгүй.
Засгийн газрын үйл ажиллагааны зарчим нь Хууль зүйн сайдын тушаалыг хүндэтгэн үзэж, хэлэлцэн шийдвэрлэх журамтай. Шүүх хуралдаан дээр нотлох баримт, хуулийн заалтын хамт тайлбар гаргасан боловч шүүх шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийгдсэнгүй.
Шүүх дүгнэлтээ хийхдээ дээрх нөхцөл байдлыг, холбогдох хууль нотлох баримтыг үнэлж үзсэнгүй.
Иймд Засгийн газрын Үндсэн хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас нэхэмжлэгч нарын эрх хөндөгдөж байна гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд хянаж, давж заалдах журмаар шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй ч, одоогийн маргаан бүхий журмын холбогдох заалтыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль бус байсан болохыг тогтоох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох, мөн хүчингүй болгох ямар ч үндэслэлгүй, нэг захиргааны акт эдгээр шинжийг өөртөө зэрэг агуулах боломжгүй.
Улсын Их Хурлын 2016 оны 46 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Засгийн газрын мөн оны 328 дугаар тогтоолоор уг бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журмыг батлан, нэхэмжлэгчдийн “хүлээн зөвшөөрөхгүй” байгаа 3.3 дахь заалтаар “бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журмыг дагаж мөрдөнө” гэсэн нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлж, ашиглуулахад баримтлах суурь зарчимд нийцсэн, Засгийн газрын эрх хэмжээнд хамаарсан, нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огтхон ч зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгчдийн зүгээс Засгийн газрын дээрх 10 дугаар тогтоолын үйлчлэлийг зөвхөн шат шатны Засаг дарга болон Чөлөөт бүсийн захирагчаас газар эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлэхэд хамааралтай гэж үзэн үүнийгээ уг тогтоолд нэмэлт оруулсан Засгийн газрын 2018 оны 109 дүгээр тогтоолтой холбон тайлбарлах боловч, мөн хэдийгээр 3.3 дахь хэсэгт “Уг журмуудад заасан чөлөөт бүсийн ажлын алба, түүний захирагчийн бүрэн эрх, чиг үүргийг Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны Захиргаа, удирдлагын нэгж, бүсийн захирал нь нэгэн адил хэрэгжүүлнэ” гэж нэмэлт оруулах хүртэл Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсэд газар эзэмшүүлж, ашиглуулах харилцааг Засгийн газрын 10 дугаар тогтоолоор зохицуулах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “…иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, мөн Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан олгоно” гэж тус тус зааснаас үзэхэд газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар хэрэгжүүлэх нь Газрын эрх эрх зүйн харилцааны суурь ойлголт болохыг тодорхойлж байна.
Өөрөөр хэлбэл үүнээс өөрөөр тусгайлан Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн газрыг эзэмшүүлж, ашиглуулах талаар хуульчлаагүй, эсхүл журамлаагүй тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх нь хэт өрөөсгөл юм.
Түүнчлэн Засгийн газрын энэхүү тогтоолын үйлчлэлийг нэхэмжлэгчдийн тайлбарлаж байгаагаар дээрх бүсэд хэрэгжих боломжгүй гэж үзсэн ч 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын одоогийн маргаан бүхий 3.3 дахь заалтад “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно” гэж тодорхой заасан тул газар эзэмшүүлж, ашиглуулах ажиллагаа 10 дугаар тогтоолын “үйлчлэл”-ээс хамаарч хэрэгжих боломжгүй бус, иймд 3.3 дахь заалтын зохицуулалтаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
3.3 дахь заалт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй, хэрэгжүүлэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэх давж заалдах гомдол огт үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн суурь зарчмын хүрээнд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах байдлаар бүсийн газрыг олгох эрхийг бүсийн даргад олгосон, харин энэхүү ажиллагааг явуулахдаа Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмыг дагаж мөрдөхийг тодорхой заасан байхад зөвхөн “уг журам Засаг дарга, чөлөөт бүсийн даргаас газар эзэмшүүлж ашиглуулахад л хамаарах” мэтээр утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэж буй нь буруу.
Засгийн газраас өөрийн эрх хэмжээний хүрээнд бүсийн газрыг хэрхэн эзэмшүүлж ашиглуулахыг журамласан төдийгүй энэ тохиолдолд 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг дагаж мөрдөхийг үүрэг болгосноороо ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг бүсийн захирлаас шаардаж буй нь ойлгомжгүй, яагаад хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд буй нь тодорхойгүй, тэр тусмаа “бүсийн захирал энэхүү шийдвэрийг гаргана” гэж журмын 3.1-т хоёрдмол утгагүй заасан байхад хэрэгжүүлэх этгээд тодорхой бус гэж маргаж буй нь үндэслэлгүй.
Харин улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэр бүхий 10 компани анх хамтарч нэхэмжлэл гаргахдаа журмын зохицуулалтыг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэг шаардлага гаргасан, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хянавал хэсгийн эхэнд бичсэнчлэн 4 өөр шаардлага болгон өөрчилсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч тус бүрээс тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “…нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргаж болно” гэж заасан, иймд маргааны зүйл нь нэг ч, шаардлага нь өөр өөр байгаа тохиолдолд тэмдэгтийн хураамжийг тус тусад нь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүнд үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Д.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 491400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН