Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/0111

 

Н.Ц, Д.Ж нарын нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн

Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:       Г.Банзрагч

Танхимын тэргүүн:   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      М.Батсуурь

                                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:           Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0412 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2024/0515 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Ч.А нарыг оролцуулан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэлийн шаардлага:

1.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэр, “Э” ХХК /хуучин нэр Ш/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах.

Хэргийн нөхцөл байдал:

2.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 489 дүгээр шийдвэрээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах Айраг уул нэртэй 2759.82 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д (хуучин нэр Ш ХХК) олгожээ.

3.Нэхэмжлэгч иргэдээс  “... тусгай зөвшөөрөл бүхий талбай нь бидний өвөлжөө, хаваржааний газартай бүрэн давхцалтай ... хариуцагч тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй ... өргөдөлд хавсаргаж өгөх ёстой баримтуудыг нөхөж өгсөн ... тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулснаар малчин иргэд бид тайван амьдрах боломжгүйд хүрэх, экологийн тэнцвэрийг алдагдуулах сөрөг үр дагавартай ... Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу тус сав газрын захиргаанаас санал аваагүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0412 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг баримтлан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах Айраг уул нэртэй 2759.82 га талбайд ашигт малтмалын хайгуулын *** дугаар тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас санал авч Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасныг хангуулан шийдвэрлэх үүргийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүлээлгэн, тэр хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэр, “Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2024/0515 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар сарын 26.3.2 дахь заалтыг баримтлан Н.Ц, Д.Ж нарыг төлөөлөн Т.Н-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э” ХХК /хуучнаар Ш/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын *** дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарын гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ын гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

6.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Д-ээс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

6.1.Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлал гаргахдаа Ашигт малтмалын тухай болон Усны гухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

6.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэсэн Усны гухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан  “...Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ ...” гэсэн заалтыг хэрэглэх ёсгүй гэж үзсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой байх хуулийн зохицуулалтыг шууд үгүйсгэсэн гэж үзэж байна.

6.3.Давж заалдах шатны шүүх “... байгаль орчинд  нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт авсан, усны сан бүхий газарт угаасаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй тул сав газрын захиргаанаас санал авах шаардлагагүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй ...” гэж хуулийг буруу тайлбарлаж гаргасан хариуцагчийн тайлбарт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.4.Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд Байгаль орчны яамнаас санал, дүгнэлт авдаг биш харин уг яам ерөнхий үнэлгээг баталдаг байгууллага юм. Маргаан бүхий захиргааны актаар тусгай зөвшөөрлийг олгохдоо усны сан бүхий газар гэсэн ойлголтыг анхаарч үзэхээс илүүтэйгээр Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны саналыг үндэслэх ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн нутагт байгаа гүний усны нөөц нь тухайн төслийн олборлолтоос үүсэх экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг сав газрын захиргааны саналд тодорхой тусгагдах байсан.

6.5.Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан зохицуулалтыг анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн Б.Б нарын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож байсан бөгөөд энэ маргаан 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж байсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өмнө гаргаж байсан магадлалаа үгүйсгэн тусгайлсан хуулиар зохицуулсан заалтыг хэрэглэх ёсгүй гэсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хууль хэрэглэхдээ нэгдмэл байдлыг хангаж чадахгүй хуулийн нэг зүйл, заалтыг өөр өөрөөр дүгнэж, тайлбарлаж хэрэглэж байгаа нь хэрэг, маргааны талаар ялгаатай практик үүсэхэд хүргэж байна.

6.6.Давж заалдах шатны шүүх “... Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, гуравдагч этгээдийн хувьд уг хуулиар тогтоосон нөхцөл шаардлагын дагуу өргөдөл гаргаж захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгожээ ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “... Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад актаас бүрдэнэ” гэж заасан байдаг. Давж заалдах шатны шүүх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийг л хэрэглэнэ бусад хуулийн заалт хамаарахгүй мэтээр дүгнэсэн нь хууль хэрэглээний зөрчилдөөнтэй байдлыг бий болголоо. Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг батлагдсан үеэс нь хойш огт хэрэглээгүй байдаг. Төрөөс батлагдсан хуулийг төрийн захиргааны байгууллага заавал хэрэгжүүлж байх үүрэгтэй гэж үзэж байна. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой байх энэ заалтыг хэрэглэхгүй байгаа хариуцагчийн үйлдлийг зөвтгөн хүлээн авч байгаад гомдолтой байна.

6.7.Нэхэмжлэгч нар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Айраг уул гэдэг газар үе уламжлан мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа малчин иргэд бөгөөд анх 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 29 дүгээр захирамжаар тус бүр өвөлжөө, хаваржааны газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж эхэлсэн юм.

6.8.Иргэдийн өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа газар нь гуравдагч этгээдийн ашиглалтын 2759.82 га талбайд бүхэлдээ багтаж байгаа билээ. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх нь зөвхөн малчдын эзэмшиж байгаа 1 га газраар хязгаарлагдахгүй хамгийн багадаа 8-12 километрийн тойрогт хамаарах ажиллагаа гэдгийг анхаар үзэхгүйгээр шууд “эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэгч иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, “хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгуулахаар шүүхэд гомдол гаргах”, “түр буюу байнга оршин суух газраа сонгох” гэсэн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг шууд үгүйсгэлээ.

Ийм учраас шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

8.Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

9.Нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нарт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр захирамжаар тус бүр 1400 м.кв газар эзэмшүүлж, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаар захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулснаар 2007 оны дээрх 29 дүгээр захирамжийг үндэслэн тус бүр 10,000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

10.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах Айраг уул нэртэй 2762 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1928 дугаар шийдвэрээр “Х” ХХК-д олгож, улмаар 2008 онд “Ж” ХХК-д, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр “Ш” ХХК-д шилжүүлсэн. 

11.“Ш” ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргаж, улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ш” ХХК-д олгожээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Ш” ХХК-ийн нэрийг “Э” ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэснээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “Э” ХХК-д шинэчлэн олгожээ.

12.Нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газар нь “Э” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлдээ багтсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мэдээллийн сангийн зургаар тогтоогдсон.

Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх,

-Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сав газрын захиргааны саналыг үндэслэх зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журамд хэрэглэгдэх эсэх тухай байна.

Хууль хэрэглээний хувьд:

13.Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг зохицуулж, мөн зүйлийн 25.1.1-ээс 25.1.8-д өргөдөл гаргахад хавсаргах шаардлагатай баримт бичгийг жагсаан хуульчилж, 26 дугаар зүйлд өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулжээ.

14.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч гуравдагч этгээд нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагчид гаргасан байх бөгөөд энэ өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 25.1.6-д заасан “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”, 25.1.7-д заасан “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэх 3 төрлийн баримтыг хавсаргаж өгөөгүй, хожим уг гурван төрлийн баримт бичгийг нөхөж өгснийг хариуцагч байгууллага өргөдлийн маягтад тэмдэглэн хүлээж авчээ.

15.Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж шийдвэр гаргах хугацааг тогтоон хуульчилсан. Энэ тохиолдолд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтад холбогдох шүүхийн маргаантай байсны улмаас хугацаа хожимдуулан нөхөж өгсөн нь тогтоогдож байна. Иймд дээрх гурван баримт бичгийг нөхөж өгснийг хүлээн авсан нь хариуцагчийн буруу биш байх бөгөөд холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

16.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...” гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хүрээгээр захиргааны үйл ажиллагааг хянах зарчимтай.

17.Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэдэгт хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг ойлгох бөгөөд захиргааны үйл ажиллагаа, акт чиглээгүй этгээдийн хувьд үүнийг тогтоохдоо тухайн актын үндэслэл болсон зохицуулалтын агуулгаар зогсохгүй, тухайн хуулийн үзэл баримтлал, зорилго болон тухайн актаар хөндөгдөж болзошгүй ашиг сонирхлын агуулга, мөн чанарыг харгалзан үзэх шаардлагатай. Тодруулбал, хуулийн үзэл баримтлал, зорилгыг харгалзан үзэхэд тухайн хуультай харилцан адил зорилгыг агуулсан холбогдох хууль байх тохиолдолд мөн холбогдох хуулийн үзэл баримтлал, зорилгыг харгалзан үзэх бөгөөд ашиг сонирхлын агуулга, мөн чанарыг харгалзан үзэхэд тухайн акт нь хууль бус байх тохиолдолд хөндөгдөж болзошгүй ашиг сонирхлын агуулга, мөн чанараас гадна хөндөгдөх нөхцөл байдал, хэр хэмжээг харгалзан үзсэн байвал зохино.

18.Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдөл гаргах журмыг зөрчсөн гэх агуулгаас гадна өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газар, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж оршин байх эрх, бэлчээрийн газар ашиглах эрх зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан ашиг сонирхлууд хөндөгдсөн гэж маргасан.

19.Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй талаар зөв дүгнэсэн байх боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2, 41 дүгээр зүйлийн 41.1-ийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

20.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй этгээдийн онцгой эрх нь хайгуулын үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулсан этгээдийн итгэлийг хамгаалж сонгон шалгаруулалтын журмаас ангид байдлаар бусад этгээдээс эн тэргүүнд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олж авах агуулгатай болохоос бус хайгуулын талбайд үүссэн газар эзэмших эрх зэрэг өөр хуулиар олгогдсон эрхээс онцгой, давуу байна гэсэн утга илэрхийлэхгүй.

21.Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлд 41.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж хуульчилсан нь, тэр дундаа шилжүүлэн байрлуулах тохиолдол нь өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрхийг үгүйсгэх зохицуулалт биш байна.

22.Учир нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1/2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх /-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална” гэж, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь өвөлжөө, хаваржааны зориулалтаар газрыг эзэмшсэн байх бөгөөд мөн Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тухайн эрхүүдийн зөрчлөөс үүсэж болох газар ашиглалтын асуудлыг тэгш эрхтэй субъектүүдийн хоорондын зарчмаар шийдвэрлэхээр хуульчилсан байна.

23.Цаашилбал, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан. Энэхүү сав газрын захиргааны саналыг үндэслэх шаардлага нь Ашигт малтмалын тухай хуульд хамааралгүй шаардлага бус, харин Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйл болон 26 дугаар зүйлийн нэгэн адил ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тавигдах нэг урьдчилсан нөхцөл байх бөгөөд хариуцагчийн зүгээс сав газрын захиргааны саналыг аваагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

24.Гуравдагч этгээдийн зүгээс тус саналыг ашиглалтын бус олборлолтын үйл ажиллагаа явуулахын өмнө авдаг, хариуцагчийн зүгээс усны сан бүхий газартай давхцалтай эсэх талаарх л мэдээлэл ирдэг бөгөөд тухайн газар нь усны сан бүхий газартай давхцалгүй нь ойлгомжтой зэргээр сав газрын захиргааны саналыг тусгай зөвшөөрөл олгох ажиллагаанд ач холбогдолгүй гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх усны сан бүхий газарт угаасаа тусгай зөвшөөрөл олгохгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг дүгнэхэд Усны тухай хууль хамааралгүй гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна. 

25.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 2 дугаар зүйлийн 2.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль... эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсан.

26.Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хууль нь ашигт малтмалын холбогдох үйл ажиллагааны үндсийг бүрдүүлэхээс гадна дээр дурдсан хүрээлэн буй орчин болон хүний эрхэд учирч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгыг өөртөө агуулж, уг зорилгод нийцсэн урьдчилсан нөхцөл, шаардлагуудыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тавигдахаар зохицуулсан байна. Тухайлбал, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах мэдээлэл тэр дундаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, сав газрын захиргааны санал зэрэг ашигт малтмалын үйл ажиллагаанаас үүсч болзошгүй сөрөг нөлөөлөл түүнээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл нь хариуцагчийн зүгээс хуульд нийцсэн, оновчтой шийдвэр гаргах зайлшгүй урьдчилсан нөхцөл болохоор байна.

27.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сав газрын захиргааны саналд үндэслэх, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасны дагуу ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг тодруулах зэрэг тусгай зөвшөөрөл олгоход зайлшгүй шаардлагатай ажиллагааг гүйцэтгээгүй нь тэдгээр зохицуулалтаар хамгаалагдсан нэхэмжлэгчийн газар эзэмших, эрүүл аюулгүй орчинд амьдрах, уламжлалт мал аж ахуй эрхлэх зэрэг эрхүүдийг хөндсөн шийдвэр гаргах, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх нөхцөлийг бий болгожээ.

28.Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж, 16 дугаар зүйлийн 16.2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ийн 1 дүгээр зүйлийн 1-т “Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй” гэж, 1 дүгээр зүйлийн 2-т “Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно” гэж, Уугуул иргэдийн эрхийг хамгаалах НҮБ-ын тунхаглалын 3 дугаар зүйлд “Уугуул иргэд өөртөө засан тохинох эрхийг эдэлнэ” гэж, 10 дугаар зүйлд “Уугуул иргэдийг албадлагаар төрөлх нутаг дэвсгэрээс нь дайжуулахыг хориглоно. Чөлөөтэй, урьдчилсан, мэдээлэлтэй зөвшөөрөлгүйгээр нөлөөлөлд өртсөн уугуул иргэдийг шилжүүлэн байрлуулахыг хориглоно” гэж тусгаснаар Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулиар хамгаалагдах учиртай нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлуудыг тусгажээ.

29.Энэ хүрээнд анхан шатны шүүх хариуцагч нь сав газрын захиргаанаас усны нөөцтэй холбоотой саналыг аваагүй, экологийн хохирлыг нөхөн сэргээхэд ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хүрэлцэх эсэхийг тодруулаагүй нь нэхэмжлэгч нарын экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхэд хамааралтай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

30.Хариуцагчийн зүгээс Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасан ажиллагааг гүйцэтгэж дахин шинэ акт гаргах шаардлагатай. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг харгалзан үзвэл зохино.

31.Гэхдээ анхан шатны шүүх дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг бүхэлд нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь оновчгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар болон гуравдагч этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай салшгүй холбоотой. Иймд нэхэмжлэгч нарын өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газартай давхцалтай хэсгээр маргаан бүхий актыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2024/0515 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3, 63 дугаар зүйлийн 63.1, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах Айраг уул нэртэй 2759.82 га талбайд ашигт малтмалын хайгуулын *** дугаар тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас санал авч Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3, 63 дугаар зүйлийн 63.1-т заасныг хангуулан шийдвэрлэх үүргийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хүлээлгэн, тэр хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхацсан хэсгээр 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актын нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхацсан хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

            ШҮҮГЧИД                                                         М.БАТСУУРЬ

       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

       Ц.ЦОГТ