Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/01311

 

Ж.Ч- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00834 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1219 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Ч-, Ц.Ө- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-т холбогдох,

2005 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон” гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг заалтын дагуу Б.Б-ын ашиглаж байгаа ХУД-ийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг буцаан шилжүүлэхийг даалгах, түүнийг үндэслэлгүйгээр ашигласны төлбөрт 9 151 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 9 210 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн 00 тоот өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Т.Төгс, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би гэр бүлийн хамт 2005 онд БНСУ-д ажиллаж байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамжны 9 тоот 141 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг эх Ц.Ө-ийн хамт худалдан авч өмчилсөн.

Энэ байшин нь анх баригдахдаа. Б.Б-ын өмчлөлийн байшинтай залгаа баригдсан байсан. Б.Б- нь өөрийн өмчлөлийн байшиндаа цэвэр бохир ус, дулаан татсан байсан гэж үүний зардалд 15 000 000 төгрөг зарцуулсан гэж Ц.Ө-өд хэлсэн. Манайхаас шугам татах бол 6 000 000 төгрөг авна, мөн өмчлөлийн 18 м.кв талбайг Б.Б- өөрийн баарны үйл ажиллагааг явуулахад шаардлагатай гал тогоогоор эзэмшиж ашиглана, мөн надад /миний өмчлөлийн/ 00-н өрөөг өгөхөөр тохиролцож, 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ээжтэй гэрээ байгуулж миний нэрийг бичсэн байдаг.

Нотариатаар батлуулсан энэхүү гэрээнд миний гарын үсгийг зурсан байна. Гэтэл миний бие энэ хугацаанд Монгол улсад байгаагүй бөгөөд энэ тохироог миний эх Ц.Ө-, Б.Б- нар намайг байхгүйд хийсэн. Эх маань Б.Б-т өгсөн 6 000 000 төгрөгөө баталгаажуулж авах гэж гэрээ байгуулсан гэж хэлдэг. Миний бие 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эх орондоо ажиллаж амьдарч байна. Манай байшинд цэвэр ус дулааны шугамыг Б.Б- хүссэн үедээ хаах гэх мэтээр дураараа авирлаж бизнесийн үйл ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан. Миний бие өөр эх үүсвэрээс цэвэр ус, дулаанаа 2011 оны 09 сараас авч эхэлсэн.

2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс Б.Б- манай байшингийн бохирыг хаасан. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд манай буудал үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Би өөрийн өмчлөлийн 18 м.кв талбайг чөлөөлж өгөхийг Б.Б-аас хүссэн. Б.Б-, Ж.Ч-, Ц.Ө- нарын хооронд 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийсэн дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугамын ашиглалтын талаар тохиролцсон гэрээ нь хууль зөрчиж хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Миний эзгүйд тохиролцсон гэрээ гэх хууль бус баримт үйлдэж миний 6 000 000 төгрөгийг Ц.Ө-өөс авсан нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Б.Б-тай 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, энэ гэрээний дагуу авсан 6 000 000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулах, мөн хууль бусаар ашиглаж байгаа 18 м.кв талбай бүхий өрөөг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл олох байсан орлого болох 2 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ч-, Ц.Ө- нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Миний эх Ц.Ө- нь Б.Б-тай зөвхөн дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугам ашиглах талаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 5 дахь хэсэгт заасан тохиролцоог түүнтэй огт хийгээгүй, мэдэхгүй гэдэг. Мөн дээрх заалтын дагуу Б.Б-аас бид ямарч 00-ийн өрөө шилжүүлж аваагүй.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа хэлцлийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт давхар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Энэ шаардлага мөн хангагдаагүй байна.

Иймд 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон гэрээ”-ний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний 5 дахь заалтын дагуу Б.Б-ын ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг Ж.Ч-, Ц.Ө- нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг Б.Б-т даалгах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоотод байрлах, 141 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу зүүн хойд жигүүр байрлах 18 м.кв талбайг үндэслэлгүйгээр ашигласны төлбөр 9 151 000 төгрөгийг Б.Б-аас гаргуулах шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Гэрээг байгуулахад Ж.Ч- байгаагүй түүний эх Ц.Ө- гэх настай хүн байсан. Маргаж байгаа 18.3 м.кв талбай нь нэхэмжлэгч талын өөрсдийнх нь эзэмшилд байдаг. Манай зэргэлдээ узель байгаа болохоор булааж авах гэсэн зүйл болоод байна. Нэг давхарт 2 өрөө байдаг. Би 00 өрөөг нэхэмжлэгч талд өгсөн. Ашиглаад 10 жил болж байна.

Ямар зорилготой ямар сэдэлтэй ийм зүйл хийж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хэрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээд 9 жил өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч тал хэрэг үүсээд 2011 онд дуусгавар болсон гэж худал ярьж байна. 2014 онд дуусгавар болсон. Нэхэмжлэгч тал дундаа бохирын шугам ашигладаг бөгөөд түүнийг хааснаас болж 2 100 000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргахдаа 2014 он гэж бичсэн байдаг. Ж.Ч- 2008 онд Монголд ирсэн гэж хэлж байна. Хилээр орсон тухай бичиг өгч байсан. Нэхэмжлэгч тал сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэсэн байна. Энэ заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл нь уг 00 өрөө нь Ж.Ч-гийн өмчлөлийн өрөө гэж тайлбарладаг. Хэрэв тийм бол энэ тухайгаа нотлох хэрэгтэй. “Эрх танхи” ХХК-тай байгуулсан гэрээнд 00 өрөөг Б.Б-ын өмчлөлд шилжүүлэх тухай бичсэн байдаг.

Нэхэмжлэгч талаас уг объектийн хэсгийг худалдаж авсан худалдах-худалдан авах гэрээ байдаг. Уг гэрээнд нэхэмжлэгч нар 9 өрөө худалдаж авсан байдаг. Өмчлөлийн зүйл нь тоо ширхгээрээ гэрээнд тусгасан байхад маргаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талын ярьсан 00 өрөөг өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн, дараа нь хууль бусаар Б.Б-ын өмчлөлд шилжүүлсэн гэдгээ нотлох ёстой боловч энэ нөхцөл байдлууд нотлогдохгүй байна. Энэ гэрээ нь тухайн үед ямар хэмжээтэй талбай, хэний өмчлөлд байсан гэдэг нь нотлогдох гол нотлох баримт юм. 18.3 м.кв талбайг Б.Б-т шилжүүлэхээр тохирсон байдаг.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Ж.Ч- нь ямар нэгэн газрыг ашигладаг, эзэмшдэг, өмчилдөг тухай баримт байхгүй байна. Харин Ц.Ө- гуай нь газар эзэмшиж, ашигладаг тухай баримт байдаг. Гэрээний хамгийн сүүлийн заалтыг харахад “газар шилжүүлэх солилцох тухай асуудал нь тухайн гэрээг маргаан бүхий хэлцэлтэй байгаа газар шилжүүлэн солилцох тухай асуудал нь газар эзэмшиж байгаа захирамжлагдаж шийдвэрлүүлэхийг талууд тохиролцов” гэж байдаг. Анх “Эрх танхи” ХХК-ийн өмчлөлд байсан бүтэн барилгыг хэсэгчилж хувьчилсан юм. Гэтэл Ж.Ч- нь өөрөө тусдаа бүтэн барилга хувьчилж авсан гэж ойлгоод байх шиг байна. Иймээс гал тогооны зориулалтаар ашиглаж байгаа хэсгийг өөрийнх нь хэсэгт орох ёстой гэж ойлгож будилаад байна. Харин гэрээнд 18.3 м.кв талбайг шилжүүлсэн тухай зүйл байдаггүй. Хэрэв Б.Б- нэхэмжлэгч нарын нэг өрөөг эзэмшиж байсан бол яаж түүний эзэмшилд очсон тухай нотлох хэрэгтэй.

Ж.Ч-гийн эзэмшлийн 141.5 м.кв талбай нь түүний өөрийнх нь эзэмшилд байдаг. 9 өрөө байгаа гэдэг нь гэрээгээр нотлогдож байна. Хавтас хэрэгт байгаа барилгын бүдүүвч зургаас харахад өмчлөгч нар нь тухайн объектийг хэрхэн яаж хэсгээр өмчлөх нь зааглаагүй тодорхойгүй байдаг. Ж.Ч-д нэг давхарт 1 өрөө, 2 давхарт 2 өрөө 24 м.кв талбай бүхий амралтын өрөө ногддог. Энэ хэсгүүдийн нийлбэрийг харвал 141.5 м.кв талбай нь байгаа юм. Гал тогооны зориулалтаар ашиглаж байгаа өрөөний хэмжээг нэмбэл Ж.Ч-д нийт 160 гаран м.кв талбай ногдож илүү гараад байгаа юм. Нэг давхарт ажлын өрөө 16.5 м.кв, коридор 14.78 м.кв, шатны хонгил 5.47 м.кв, тамбар 8.12 м.кв, тамбар 5.28 м.кв, агуулах 9.55 м.кв нийт 59.7 м.кв бүхий нэг давхрын талбай Ж.Ч-гийн өмчлөлд байгаа. Харин 2 давхарт ажлын өрөө-15.92 м.кв, ажлын өрөө 16.5 м.кв, хонгил 14.78 м.кв, тамбуур 24 м.кв, ариун цэврийн өрөө 5.45 м.кв, шатны хонгил 5.49 м.кв нийт 82.14 м.кв талбай эзэмшдэг. Эдгээр талбайн нийлбэрийг харахад 141.84 м.кв талбай Ж.Ч-гийн өмчлөлд байгаа юм. Ж.Ч-гийн эзэмшилд очихдоо завсар хийгдэж 9 өрөөтэй болсон байдаг. Тэгэхээр олон тусгаарлагч хана орсон учир үндсэн м.кв-аас хасагдах нь тодорхой. Хэрэв 9 өрөө болгосны дараа гэрчилгээ гаргуулж авсан бол өөр хэрэг. Гэтэл нэхэмжлэгч тал анхны хэмжилтээрээ тооцоод байгаа бөгөөд зөрүү гарлаа гэхэд өмнөх өмчлөгчтэй ярих нь зүйтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...2014 онд гэрээ байгуулагдаж Ж.Ч- нь тусдаа узель, бохирын шугамтай болсноор гэрээний зорилго биелэгдсэн гэж үзэж гэрээг дүгнэсэн юм. Гэрээний 2 дахь заалтад зааснаар Ж.Ч- нь барилга байгууламжийн 15 000 000 төгрөгийн 40 хувийн хэсгийг ашиглах сонирхолтой байгааг нь харгалзан зөвшилцсөний үндсэн дээр төлбөр тооцоо хийхээр тохиролцсон.

Мөн гэрээний 3 дахь заалтад тоног төхөөрөмж суурилуулах, шугам татах, ашиглах явцын дараах барьж хаах явцын алдагдлыг өдрийн 100 000 төгрөгөөр тооцож Ж.Ч- алдагдалгүй болохыг хариуцаж байна гэсэн байдаг. Гэрээний 4 дүгээр заалтад узель болон цэвэр усны шугам, бохирын хоолойд гарах үйлчилгээг гэнэтийн зардал, эвдрэл зэргийг хөрөнгө оруулалтын ногдох хэсэг буюу Ж.Ч- 60 хувь, Б.Б- 40 хувиар хариуцахаар тохиролцов гэж заасныг баримталж 15 000 000 төгрөгийн өртөгтэй үндсэн хөрөнгийн 60 хувь болох 9 000 000 төгрөгийг эд хөрөнгө ашигласан, элэгдүүлсний төлбөр, мөн узелийн байгууламжийн завсар үйлчилгээний нийт төлбөрт гаргуулахаар, мөн шинжээчийн зардал 210 000 төгрөг нийт 9 210 000 төгрөгийг Ж.Ч-гоос гаргуулахаар, мөн үл хөдлөх хөрөнгийн 1 давхарт байрлах 5.45 м.кв 00 өрөөг Ж.Ч-гийн өмчлөлөөс албадан шилжүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ө- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Б.Б-аас 6 000 000 төгрөгөөр шугам татаж цуг ашиглаж болно гэсэн. Түүний энэ саналыг би зөвшөөрч Б.Б-тай дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугам ашиглахаар хөлсөнд нь 6 000 000 төгрөг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Харин гэрээний бусад нөхцлийг би түүнтэй тохироогүй. Би Б.Б-тай үл хөдлөх эд хөрөнгөөс шилжүүлэх талаар ямар ч тохиролцоо хийгээгүй зөвхөн цэвэр бохир ус, дулааны шугам ашиглалтын талаар гэрээ хийж байна гэж ойлгож байсан. Тэрээр намайг настай хүн болохоор гэрээний нөхцлийг гэрээнд оруулсан байна. Гэрээний 5 дахь заалт бол надтай хэлцэж, тохиролгүй оруулсан заалт тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Манай байшин Б.Б-ын өмчлөлийн байшинтай залгаа баригдсан ч тэгш шулуун ханаар тусгаарлагдсан тул манай байшингийн төв хэсэгт байрлах 00 өрөө тэднийх байх ямар ч үндэслэлгүй.

Иймд Б.Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Чулуунбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Би узель болон бохир, цэвэр усны шугамыг өөрөө татсан бөгөөд дараа нь үнэлгээ хийлгэсэн. Үүний өртөг нь 4 200 000 төгрөг болсон. Гэтэл Б.Б- эдгээр зүйлийг өөрөө 15 000 000 төгрөг зарцуулж хийсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Бас-Оргил гэх хүн узелийг бидний дундын хөрөнгө бөгөөд танайхыг хохироож байна гэж өөрөө надад хэлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00834 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон” гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний 5 дахь заалтын дагуу Б.Б-ын ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг Ж.Ч-, Ц.Ө- нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг Б.Б-т даалгах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоотод байрлах, 141 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу зүүн хойд жигүүр байрлах 18,3 м.кв талбайг үндэслэлгүйгээр ашигласны төлбөрт 9 151 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Ч-, Ц.Ө- нарын нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Ж.Ч-, Ц.Ө- нарт холбогдуулан гаргасан 9 210 000 төгрөг гаргуулах, мөн үл хөдлөх хөрөнгийн 1 давхарт байрлах 00-ын өрөөг албадан чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагч Б.Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ч-гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 599 төгрөгийг, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 510 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1219 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00834 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Батцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Ж.Ч-гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Б.Б- нь 18.3 м.кв талбайг эзэмшил, ашиглалтандаа авсан гэдэг нь Ж.Ч-, Ц.Ө-, Б.Б- нарын тус тусын Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт бичигдсэн талбай хэмжээ, “Лэндс” ХХК-ийн Ж.Ч-, Б.Б- нарын үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн хэмжилтээр Б.Б- “Кафе”-н талбайн хэмжээ 86.5-аас 104.5 м.кв болж нэмэгдсэн бол, Ж.Ч-гийн зочид буудлын талбайн хэмжээ 141 м.кв-аас 126 м.кв болж буурсан. Өөрөөр хэлбэл Б.Б- нь Ж.Ч-гийн өмчлөлийн 18.3 м.кв талбайг эзэмшил, ашиглалтандаа авсныг нотлож байгаа юм. Түүнчлэн Б.Б- нь Ж.Ч-гийн үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцуулахаар гэрээний 5 дахь хэсэгт заасан 00 өрөөг сөргүүлэн нэхэмжилсэн нь үүнийг давхар нотлоно.

Б.Б-, Ж.Ч-, Ц.Ө- нарын хооронд байгуулсан гэрээ бүхэлдээ Эд хөрөнгө ашиглалтын гэрээ бөгөөд энэ гэрээгээр аливаа эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тохиролцоо хийгдээгүй юм. Ж.Ч- нь гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг үндэслэлээр Иргэний хуулийн 56.1 дэх заалтыг удирдлага болгон, одоо хэрэгжиж байгаа гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах замаар 18.3 м.кв талбайгаа буцаан авах шаардлагыг гаргасан. Талуудын тайлбараар гэрээний харилцаа 2014 онд дуусгавар болсон. Үүнийг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ заасан. Иймд гэрээний дагуу түр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан шилжүүлэх журмын дагуу Д.Чулуунтогоогийн 18.3 м.кв талбайг чөлөөлөх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлээр хязгаарлан нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг ноцтой зөрчиж, 18.3 м.кв талбайгаа чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Мөн гэрээнд хугацаа заагаагүй тул эд хөрөнгө буцаан шаардах эрх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасны дагуу хэзээд нээлттэй байх ба энэ шаардлагыг хэзээ ч гаргах боломжтой юм. Ж.Ч-гийн шаардлага гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолон, улмаар хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх гомдол хууль зүйн үндэслэлтэй эсэхэд огт хууль зүйн дүгнэлт хийлгүй, хууль бус шийдвэрийг зөвтгөж дүгнэсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар “хэргийг бүхэлд нь хянах” журмаа зөрчсөн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Ч-, Ц.Ө- нар нь хариуцагч Б.Б-т холбогдуулан “Дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалт”-ын талаархи 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, энэ гэрээгээр шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг гаргуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгөөс 18,3 мкв талбай бүхий хэсгийг буцаан шилжүүлэхийг даалгуулах, уг талбайг үндэслэлгүй ашигласны төлбөрт 9 151 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргаснаас гадна  узель болон цэвэр усны шугам, бохирын хоолойд гарах үйлчилгээний болон гэнэтийн зардал, эвдрэлтэй холбоотой зардлын 60 хувийг Ж.Чулуунтогтоо хариуцах тухай гэрээний заалтын дагуу 15 000 000 төгрөгийн өртөгтэй үндсэн хөрөнгийн 60 хувь болох 9 000 000 төгрөгийг эд хөрөнгө ашигласан, элэгдүүлсний төлбөр, узелийн байгууламжийн завсар үйлчилгээний зардалд тооцож, шинжээчийн зардлын 210 000 төгрөгийг нэмж, нийт 9 210 000 төгрөгийг Ж.Ч-гоос гаргуулахаар, мөн үл хөдлөх хөрөнгийн 1 давхарт байрлах 5.45 мкв 00 өрөөг Ж.Ч-гийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр, магадлалдаа тусгасан байх ба хяналтын шатны шүүх уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Маргааны зүйл болох гэрээг шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу тайлбарлаж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1., 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасан зохицуулалтад нийцсэн  дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба уг үнэлгээг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00834 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1219 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН