| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2024/00622/И |
| Дугаар | 210/МА2025/00327 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00327
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/05028 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Тушаал хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******ийн өрх хариуцсан чанарын менежер ажлын байранд 2005 оноос ажиллаж эхэлсэн, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ажлын байранд 2013 оноос 2023 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл ажил үүргээ үр дүнтэйгээр амжилттай хийж гүйцэтгэсэн.
1.2. Гэтэл 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 15 цаг 30 цаг минутын үед *******ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь Чанарын менежер ажилтай *******, Хүний нөөцийн менежер ажилтай *******, Нийтлэг үйлчилгээний менежер ажилтай *******, Сургалтын арга зүйч *******, Аж ахуйн нярав ******* зэрэг ажилчдыг дагуулан өрөөнд орж ирсэн бөгөөд ажлаас чөлөөлөх тушаал танилцуулна, ажил хүлээлцэнэ гэсэн. Ингээд *******ийн даргын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/37 дугаартай Ажлын байрандаа архидан согтуурсан тул ажлаас чөлөөлөх тухай тушаал танилцуулсан. Гэтэл бодит байдал дээр миний бие ажлын байрандаа архидан согтуурсан зүйл огт байхгүй. Үндэслэлгүйгээр гүтгэж, ажил хэргийн нэр хүндэд халдаж уг тушаалыг гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
1.3. Мөн *******ийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өмнө нь надад мэдэгдээгүй нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.
1.4. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд буюу 2023 оны 12 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба тус хорооны хурал 2024 оны 01 сарын 02-ны өдөр болж, талууд маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаагаар харилцан тохиролцоогүй тул дуусгавар болгож шийдвэрлэсэн.
1.5. Маргаан дээрх байдлаар явагдаж байх үед хариуцагч нь 2023 оны 12 сарын 14-ний өдөр Б/387 дугаартай тушаалд өөрчлөлт оруулж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг шинээр гаргасан. Тус тушаалаар Б/387 дугаартай тушаалын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2023 оны 12 сарын 14-ний өдөр Б/387 дугаартай тушаалд өөрчлөлт оруулж, ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх заалтаар *******ийг чөлөөлж дахин үндэслэлгүй, хууль бус тушаалыг гаргаж ажилтны эрхийг ноцтойгоор зөрчсөн.
Гэтэл дээрх тушаалд дурдсан Цагдаагийн ******* тоот албан мэдэгдлийг надад танилцуулаагүй. ******* нь өөрийн удирдлагад байгаа эмч, ажилтнуудыг ажлын байрандаа архидан согтуурч байхад өөхшүүлээгүй, зөрчлийг нуун дарагдуулаагүй. Тухайн ******* тоот албан мэдэгдэл нь хувь хүн надад бус *******ийн үйл ажиллагаанд хамааралтай байдаг. Цагдаагийн ажиллагаанд ******* нь дуудагдаж, аливаа байдлаар оролцоогүй.
Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн талаар болон тус шалгалтын үр дүнгийн талаар надад танилцуулаагүй. Бодит байдалд, тухайн шалгалт хийгдэхээс өмнө намайг Б/374 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, хууль бус тушаал гаргасныхаа дараа төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үндэслэн дахин хууль бусаар тушаалд өөрчлөлт оруулсан нь хууль бус юм.
1.6. ******* нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаанд мөрдөж байгаа стандарт, тушаал, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5095:2017 стандартын 5.3, 5.4, 5.7, 5.9, 6.5, 6.6, 6.7, 6.11, 7.2, 8.1,8.2, 12.1.3, 12.1.4, 14.7.2, 14.8.1, 15.1.4, 15.3, А хавсралтын А2 болон холбогдох заалтуудыг зөрчсөн зүйл байхгүй. Энэ бүх үндэслэлээ тушаал гаргагч баримтаар нотлох үүрэгтэй.
2023 оны 12 сарын 14-ний өдрийн Б/387 дугаар тушаалтай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 сарын 24-ний өдрийн хурлаар талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр маргааныг дуусгавар болсон.
Иймд *******ийн даргын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаартай Ажлын байрандаа архидан согтуурсан тул ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2023 оны 12 сарын 14-ний өдрийн Б/387 дугаартай тушаалд өөрчлөлт оруулж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. *******ийн даргын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаартай Ажлын байрандаа архидан согтуурсан тул ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл нь ******* гэх иргэнээс гаргасан гомдол болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирсэн албан бичиг зэрэг юм. ******* архи уугаагүй, шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан учраас 2023 оны 11 сарын 30-ны өдрийн тушаалыг мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар түдгэлзүүлж, энэ талаар түүнд мэдэгдсэн.
2.2. Ингээд *******ийн гомдлын дагуу ажил олгогчийн удирдамжаар албаны шалгалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Тухайн 11 сард 3 иргэнээс дараалан гомдол ирсэн байсан. 2023 оны 12 сарын 08-ны өдрийн Өргөдөл, гомдол нягтлан шалгах ажлын удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тус төвийн нэр бүхий эмч ажлын байранд архидан, согтуурсан үедээ үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлсэн, согтолтын зэрэг багажаар тогтоогдсон гэж дүгнэсэн.
2.3. Түүнчлэн, олон нийттэй харилцах 1111 төвд ирүүлсэн гомдлыг судлан шалгахад тухайн өдрийн ээлжийн жижүүрийн эмч ******* согтуу байсан, мөн эмчилгээний тун буруу бичсэн байсан. 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 11 цаг 16 минутад төрийн үйлчилгээний ажилтан *******аас 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 08 цаг 22 минутад Нийслэлийн эрүүл мэндийн газрын хамтын ажиллагааны судалгаа иргэдтэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн ******* шилжүүлэн 2023 оны 11 сарын 29-ний өдөр 11 цаг 06 минутад Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн буюу хүний нөөцийн албаны даргын ******* шилжүүлсэн бөгөөд улмаар 11 сарын 29-ний өдрийн 11 цаг 09 минутад эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ******* төрийн удирдлагад мэдэгдэлгүйгээр шууд шилжүүлсэн. ******* нь гарсан хууль бус ажиллагааг нуун дарагдуулсан, энэ өдөр жижүүртэй байсан эмч ******* согтуу байсан. Согтуу байсныг нуун дарагдуулж төвийн удирдлагад мэдэгдээгүй гэж дүгнэлт дээрээ бичсэн байна. Тухайн үйлдэлд арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн мэтээр гомдол гаргагч ******* худал мэдээлэл өгч, гэмт хэрэг зөрчлийг нуун дарагдуулсан зэрэг ноцтой зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн.
Мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн ******* тоот албан мэдэгдэлд Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан *******ийн удирдлагад ажиллаж байгаа эмч, ажилчид ажлын байрандаа архидан согтуурч байхад өөгшүүлэн үйлдэл гаргаж, өөрийн албан тушаалыг ашиглан нуун дарагдуулсан байна.
2.4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн Дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд төвлөрөлт бус хяналт шалгалт хийсэн. Иргэд нэлээн гомдол гаргасан. Шалгалтаар эмчилгээ эрхэлсэн орлогч дарга шууд чиг үүрэгт хамаарагдах эмнэлгийн бүтэц үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа стандарт тушаал, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй. Тухайлбал, нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны 50952017 стандартын 5.3, 5.4, 5.7, 5.9, 6.5, 6.6, 6.7, 6.11, 7.2, 8.2, 12.1.3, 12.1.4, 14.7, 14.8.1, 15.1, 15.3, 5.7, А хавсралтын А2 болон холбогдох заалтуудыг зөрчсөн. Зөрчсөн зүйл заалт нь мөн Чингэлтэй дүүргийн Тамгын газрын дүгнэлтэнд тодорхой тусгагдсан. Эмнэлгийн бүтэц үйл ажиллагаанд мөрдөж байгаа стандарт, тушаал шийдвэрийг хэрэгжилтэд хянахгүй тухай нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны дурдсан зүйл, заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн.
2.5. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн хяналт шалгалтаар 7.7, 6 гэсэн дүгнэлтэд дурдсан 2 зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл, холбогдох нэгжийн удирдлага, ажлын хариуцлага алдсан, ажлын байранд архидан согтуурах боломж нөхцөлөөр хангасан, илэрсэн зөрчлийг нуун дарагдуулсан, зөрчлийг дахин тогтоогдохгүй байх талаар арга хэмжээг санаачлан зохион байгуулаад архидан согтуурахтай холбоотой хууль дүрэм журмыг таслан хэрэгжүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлаагүй зэрэг ноцтой зөрчлүүд гаргасан.
Иймд дээрх алдаа, зөрчил хэв шинжийг харгалзан ажлаас чөлөөлөх тухай *******ийн даргын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаартай тушаалыг 2023 оны 12 сарын 14-ний өдрийн Б/387 дугаар тушаалаар өөрчилсөн.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тушаал нь хүчингүй болсон байгаа ба энэ тушаалыг *******т шуудангаар хүргүүлсэн. Энэ тушаалын үндэслэл хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн *******ийн үйл ажиллагаанд төвлөгөөт бус хяналт шалгалтын дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн ******* тоот албан мэдэгдэл, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.8 дахь хэсэг, төвийн өргөдөл гомдол нягтлан шалгах ажлын хэсгийн 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 2301 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн тушаал гарсан байгаа ба 1 дэх заалт нь Чингэлтэй дүүргийн албан мэдэгдлийг дурдсан байдаг.
*******ийг 2022 оны 10 сарын 26-ны өдөр байгуулсан 133 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байгаа учраас гэрээний холбогдох хариуцлагын хүрээнд ажил олгогч нь гэрээний 3.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд ажлаас чөлөөлсөн. Гэрээний хариуцлагын 2.1.8-д заасны дагуу тушаал, шийдвэр гарсан тул анх архидан согтуурсантай холбоотой иргэний гомдлоор шалгалт хийсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул тогтоож чадаагүй. 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаартай тушаал нь хүчингүй болсон гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг хариуцагч *******ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 28,619,024 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 2023 оны 12 сарын 14-ний өдрөөс 2024 оны 11 сарын 28-ны өдөр хүртэлх олговор болох 28,619,024 төгрөгөөс шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч *******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч *******д үүрэг болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,550 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******өөс 371,245 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. *******ийн шууд удирдлага доор ажилладаг эмч нарт холбогдуулан гаргасан удаа дараагийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхдээ төвийн дарга *******д мэдээлэхгүйгээр тухайн өдрийн ээлжийн жижүүр эмч ******* согтуу, эмчилгээний тун буруу бичсэн гомдлыг хаахдаа эмч *******ын гаргасан зөрчилд захиргааны арга хэмжээ авсан гэж хаасан зэрэг нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Дүүргийн эрүүл мэндийн төвийн төлөвлөгөөт бус шалгалтаар тогтоогдсон. Мөн өргөдөл, гомдол нягтлан шалгах ажлын хэсгийн 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 2023/01 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарагдсан эмнэлгийн бүтэц үйл ажиллагаанд мөрдөж байгаа стандарт, тушаал, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, тухайлбал нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5095:2017 стандартын 5.3, 5.4, 5.7, 5.9, 6.5, 6.6, 6.7, 6.11, 7.2, 8.1, 8.2, 12.1.3, 12.1.4, 14.7.2, 14.8.1, 15.1.4, 15.3, А хавсралтын А2 болон холбогдох заалтуудыг зөрчсөнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүгнэлтээр нотлогдсон.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирсэн удаа дараагийн албан бичиг, мөн 2023 оны 11 сарын 28-ны ******* дугаар мэдэгдэлд нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ******* нь өөрийн удирдлагад байгаа эмч ажилчид ажлын байрандаа архидан согтуурч байхад өөхшүүлэн нуун дарагдуулсан зэрэг нь хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4-д нийцэж байгаа болно.
4.2. Шүүх ажилгүй байх хугацааны цалинг бодохдоо 2023 оны 12 сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 сарын 14-ний өдөр хүртэлх 238 ажлын өдөр ажилгүй байсан гэж тогтоогоод 2023 оны 9 сард 2,400,120 төгрөг, 2023 оны 10 сард 2,973,720 төгрөг, 2023 оны 11 дүгээр сард 2,322,034.07 төгрөг, нийт 7,695,874.07 төгрөг байна. Үүнийг 2023 оны 9-11 сард ноогдох ажлын 64 хоногт хуваахад 1 ажлын өдрийн цалин хөлс 120,248 төгрөг, нийт 28,619,024 төгрөг гаргасныг зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь *******ийн ажилгүй байсан хугацаа 2023 оны 12 сарын 14-ний өдрөөс 2024 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл ажлын 238 өдөр байна.
2023 оны 9, 10, 11-р саруудад нийт 6,125,655.12 төгрөгийн цалин авсан болно. Уг 6,125,655.12 төгрөгийг 2023 оны 9-11 сард ноогдох ажлын 62 өдөрт хуваахад, 1 ажлын өдрийн цалин хөлс нь 98,800.89 төгрөг байна. Үүнээс тооцож үзэхэд нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь 98,800.89*238 өдөр = 23,514,611.59 төгрөг байна.
Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анх *******ийн даргын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаартай тушаал гаргасан боловч тухайн тушаал нь үндэслэлгүй болохыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, талуудын маргаан урьдчилан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байх явцад өмнөх тушаалыг 2023 оны 12 сарын 14-ний өдрийн Б/387 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Уг тушаалаар 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаартай тушаалын үндэслэлийг өөрчилж байгаа мэт боловч сүүлд гаргасан тушаалд өмнөх тушаалд байгаагүй үндэслэлүүдийг дурдсан. Үүнээс харвал 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаартай тушаалд өөрчлөлт оруулах бус тусдаа тушаал гаргасан. 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаар гарч байх үед тухайн өдөр өөр газар үйлдэгдэж байгаа үйл баримтыг хойноос нь хөөж, 2023 оны 12 сарын 14-ний өдрийн Б/387 дугаар тушаалд тусгасан.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаар тушаал гарч байх үед хариуцагч тал өөрт байхгүй баримтыг үндэслэн тус тушаалыг гаргасан. Мөн Төвийн өргөдөл, гомдлыг нягтлан шалгах ажлын хэсгийн 2023/01 тоот дүгнэлт 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаар тушаал гарах үед гараагүй буюу 2023 оны 11 сарын 30-ны өдрөөс хойш буюу 2023 оны 12 сарын 15-ны өдөр үйлдэгдсэн үндэслэлгүй баримтуудыг тушаалын үндэслэл болгосон. Бодит байдал дээр хяналт шалгалтын дүгнэлтэд *******ийг тодорхойлсон, түүн рүү чиглэсэн, дүгнэгдээгүй, байгууллагын ерөнхий үйл ажиллагаатай холбоотой асуудал давхар хөндөгдөж байна. Мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн ******* тоот албан мэдэгдэлд нэхэмжлэгчийг буруутгасан, нэхэмжлэгчийг тодорхойлсон, түүн рүү чиглээгүй агуулгаар *******ийг хамаатуулсан. Анхан шатны шүүх цаг хугацааны хувьд хамаарал бүхий зөрчлийг тодорхойлсон нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан тус төвийн даргын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаар, мөн оны 12 сарын 01-ний өдрийн Б/380 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Нэхэмжлэгч нь тушаалыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул бие даасан шаардлага гэж үзэхгүй болно. Анхан шатны шүүх энэ талаар шийдвэрт дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
4. ******* нь 2005 оноос *******д ажиллаж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, талууд 2022 оны 10 сарын 26-ны өдөр 133 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, *******ийг эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд томилон ажиллуулсан үйл баримтад талууд маргаангүй. Харин *******ийн даргын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Б/374 дугаартай тушаал, төвийн даргын 2023 оны 12 сарын 14-ний өдрийн Б/387 дугаартай тушаал хуулийн үндэслэлтэй эсэх талаар маргажээ.
5. Ажилтан ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж үзээд эрх бүхий байгууллага болон шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан журмыг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх-20-21/
6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
6.1. *******ийн дарга 2023 оны 11 сарын 30-ны өдөр Б/374 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.2 дахь заалтыг баримтлан ёс зүйн ноцтой алдаа гаргаж, ажлын байран дээр архидан согтуурсан гэх үндэслэлээр *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1хх14-15/
6.2. Мөн оны 12 сарын 14-ний өдөр Б/387 дугаартай Тушаалд өөрчлөлт оруулж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.8 дахь хэсэг, Төсвийн өргөдөл, гомдлыг нягтлан шалгах ажлын хэсгийн 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 2023/01 тоот дүгнэлт зэргийг тус тус үндэслэн, өөрийн удирдлагад байгаа эмч, ажилчид ажлын байрандаа архидан согтуурч байхад өөхшүүлсэн үйлдэл гаргаж, хэрэг зөрчлийг өөрийн албан тушаалаа ашиглан нуун дарагдуулсан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 сарын 30-ны өдрийн дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалтаар эмчилгээ эрхэлсэн орлогч даргын шууд чиг үүрэгт хамаарагдсан Эмнэлгийн бүтэц үйл ажиллагаанд мөрдөж байгаа стандарт, тушаал, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, ... нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны стандарт ... тус тус зөрчсөн гэх үндэслэлээр *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн өөрчлөлт 2023 оны 11 сарын 30-ны өдөр Б/374 дугаартай тушаалын 1 дэх заалтад оруулсан байна. /1хх19/
7. Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж, мөн зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тус тус заасан үндэслэлүүдээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Энэ тохиолдолд дээрх үйл явдал, зөрчил тогтоогдсон байхыг шаардана.
Мөн ажил олгогч нь хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажил гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгох, мөн зүйлийн 80.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.
8. Талуудын байгуулсан 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 133 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, эсвэл хөдөлмөрийн дотоод журмын 4.3-т заасан ноцтой зөрчил гаргасан бол захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж, 2.1.1-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дарааллан 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсвэл хуанлийн 1 сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 ба түүнээс дээш өдөртэй тэнцэх, хуурамч эмчийн магадлагаа гаргуулсан, 2.1.5-д Хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг хэрэгтээ өдөөн турхирсан, байгууллага, тасаг, албадын удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь нотлох баримтаар нотлогдсон байх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх-9-10/
*******ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-д заасан үндэслэлээр болон сахилгын зөрчлийг дахин давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан дараах ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлана, 4.3.1-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дарааллан 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсвэл хуанлийн 1 сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 ба түүнээс дээш өдөртэй тэнцэх, хуурамч эмчийн магадлагаа гаргуулсан, 4.3.2-д Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажлын байрандаа ирсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, согтуу хүн ажлын байранд нэвтүүлсэн, 4.3.5-д Хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг хэрэгтээ өдөөн турхирсан, байгууллага, тасаг, албадын удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь нотлох баримтаар нотлогдсон, 4.3.8-д Нэгжийн удирдлагын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзсэн зэрэг зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар заасан.
9. Хариуцагч тал, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.8-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
9.1. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн Дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудасны 6-д ...Эмнэлгийн бүтэц үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа стандарт тушаал, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй. Тухайлбал, нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны 50952017 стандартын 5.3, 5.4, 5.7, 5.9, 6.5, 6.6, 6.7, 6.11, 7.2, 8.2, 12.1.3, 12.1.4, 14.7, 14.8.1, 15.1, 15.3, 5.7 А хавсралтын А2 болон холбогдох заалтуудыг зөрчсөн... гэх зөрчил илэрсэн талаар тусгажээ.
Гэвч уг зөрчил нь нэхэмжлэгч *******ийн ажил албан тушаалын чиг үүрэгт хамаарах бөгөөд тэрээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. /1хх-146-157/
Иймээс *******ийн үйл ажиллагаатай холбогдон гарсан зөрчлийг нэхэмжлэгч *******т хамааруулж, түүнийг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
9.2. Мөн нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан үйлдэл гаргасан гэдгийг хариуцагч талаас баримтаар нотлоогүй байна.
9.3. Нөгөөтэйгүүр, хариуцагч байгууллага нь 2023 оны 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *******ийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон атлаа мөн оны 12 сарын 14-ний өдөр Б/387 дугаартай Тушаалд өөрчлөлт оруулж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, дээрх тушаалын үндэслэлээ өөрчилсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхэд нийцэхгүй.
10. Анхан шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг арилгах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг зөв хэрэглэсэн.
Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцохдоо цалингийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус нийцэж байх тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг буруу тооцсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/05028 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.ЦЭНД