Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 387

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

            шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Ц-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809046791241 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 29 дүгээр байр 71 тоотод оршин суудаг,

2016 оны 12 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 01-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хорих ялаас дүйцүүлэн хасаж суллагдсан, Б.Ц,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Ц нь Солонгос улс руу гаргаж өгнө гэж худал хэлж, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Золостар зочид буудалд иргэн Б.Баясгалангаас 1.980.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батболдоос техник технологийн их сургуулийн диплом авч өгнө гэж худал хэлж 2.700.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2018 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Золостар нэртэй зочид буудалд 1 сар гарангийн хугацаатай зочид буудлын 2 ортой өрөөнүүдэд байрлаж байсан. Тус зочид буудлын ресепшнээр ...надаас чамд Солонгос гаргаж өгч чадах таньдаг хүн байна уу уг ажил хэцүү байна цалин хүрэлцэхгүй байна гэхээр нь би хүн амьтнаас асууж үзье гэж хэлээд маргааш нь танилын хүрээгээ ашиглан Мөнхшүр гэх хальт мэддэг хүнээс асуухад нэг хүний утасны дугаар өгсөн. ...би билетийн мөнгө гэж хэлэн 1.900.000 төгрөгийг авахаар болж дансаар 1.280.000 төгрөгийг хамаатны охин Оюунбилэгийн Балжиннямын дансаар авч үлдэгдэл 620.000 төгрөгийг буудлын төлбөр мөнгөнөөс хассан байдаг. Би мөнгө авсан өдрийн дараагаар утсаар холбогдох гэж үл таних хүн рүү залгахад холбогдож чадаагүй юм. 2 хоногийн дараа би буудлаас гараад өөрийн гэртээ харьсан. Уг мөнгөөр би хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-20-23/,

 

Хохирогч Б.Батболдын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Би анх 2017 оны 12 дугаар сард манай төрсөн дүүгийн цэргийн он жав гэх А.Ц гэх залуутай танилцаж байсан. Тухайн үед Цэнд-Аюуш нь техник технологийн дээд сургуулийн диплом гаргаж өгнө хэмээн надад хэлээд надаас 2.700.000 төгрөгийг авсан. ...Гэтэл Цэнд-Аюуш нь анх танилцаж байхдаа тус сургуулийн захирлыг нь таних учир дипломыг нь аваад өгч чадна.тиймээс 1 сая төгрөг хэрэгтэй гэж хэлж байсан ба би Цэнд-Аюушид 1 сая төгрөгийг нь бэлнээр 10 дугаар хороололд байрлах технологийн гадна өгсөн. Энэ явдлаас 7 хоногийн дараа Цэнд-Аюуш нь ахин 1 сая төгрөг хэрэгтэй болчихлоо хэмээн надаас Тэнгис кино театрын урд талбайд бэлнээр авч байсан. Мөн үүнээс хойш 10 хоногийн дараа 700,000 төгрөгийг диплом хөөцөлдөхөд хүнд өгөх хэрэгтэй байна гэж хэлээд надаас Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянбүрдийн урд талын байрнуудын дунд бэлнээр авсан. Цэнд-Аюуш нь дипломыг 1 сарын дотор гаргаад өгнө гэж анх хэлж байсан ба заасан хугацаандаа диплом гаргаж өгч чадалгүй миний 2,7 сая төгрөгийг авсан. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр би өөрийн биеэр Техник технологийн дээд сургууль дээр очиж диплом гарсан талаар нэрсийн жагсаалтыг үзэхэд миний нэр байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-81-82/,

 

Хохирогч Б.Баясгалангийн “...Би 2018 оны 9 сарын 09-ний өдөр ажилтай байж байхад гаднаас нэг эрэгтэй хүн өрөө авч орсон. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 13-нд ажил дээрээ ирэхэд нөгөө эрэгтэй хүн өрөөндөө байж байсан. Би өрөө рүү нь ороод өрөөний төлбөр 400.000 төгрөг авах гэж ороход гар утсаараа ярьж байсан. Солонгос улс руу гаргаж өгнө гэсэн утгатай ярьж байхаар нь би та Солонгос улс руу гаргаж өгдөг юм уу гээд асуухад би Солонгос руу 20 гаруй хүн гаргаж байгаа чи түүнд нь багтах юм уу гэсэн. Тэгээд цагийн дараа намайг яаралтай 1.980.000 онгоцны билетийн мөнгө өгчих гээд авсан. ...Дараа нь нөгөө хүн зочид буудлаас гарахдаа миний бичиг баримт гадаад паспорт, оршин  суух хаягийн тодорхойлолт зэргийг аваад явахдаа надтай гар утсаар холбогдоорой гээд 95864949 гэсэн дугаар өгсөн. Түүнээс хойш гар утсаар нь холбогдож байхад удахгүй Солонгос явах билетийг нь өгнө санаа зоволтгүй хүлээж бай гээд одоог хүртэл худлаа ярьсан. Надтай уулзахдаа би цагдаад ажилладаг намайг Аюуш гэдэг манай ах Чежү арлын монгол туургатан морин циркт ажилладаг компанийн шугамаар явуулна нэг сарын 5 сая төгрөгийн цалинтай гэж ярьсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-107/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-123-125/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Ц нь Солонгос улс руу гаргаж өгнө гэж худал хэлж, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Золостар зочид буудалд иргэн Б.Баясгалангаас 1.980.000 төгрөг,

2017 оны 12 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батболдоос техник технологийн их сургуулийн диплом авч өгнө гэж худал хэлж 2.700.000 төгрөг авч залилсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Баясгалан, Б.Батболд нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч А.Цийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч А.Цийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Баясгалангаас 1.980.000 төгрөг, хохирогч Б.Батболдоос 2.700.000 төгрөг тус тус залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй дүгнэв.

Шүүх, шүүгдэгч А.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүх шүүгдэгч А.Цид холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч А.Ц нь завсарлага авсан хугацаанд хохирогч Б.Баясгаланд 1.980.000 төгрөг, хохирогч Б.Батболдод 2.700.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч А.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР