Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00349

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/05314 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Манайх *******тай 2018 оны 08 сарын 31-ний өдөр Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг *******д шилжүүлсэн.

1.2. ******* нь 2022 оноос хойш орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөлгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Ингээд 2021 оны 03 сарын 06-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгч, гэрээг цуцалсан.

1.3. Тус ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай, ******* дугаар бүхий, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ *******-ийн нэр дээр 2024 оны 06 сарын 13-ны өдөр гарсан.

Иймд *******-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь *******-тай 2018 оны 08 сарын 31-ний өдөр Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай 60/18 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар А тал орон сууцыг 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл 60 сарын хугацаанд Б талд хөлслүүлнэ... гэж заасан.

Гэтэл энэ заалт хэрэгжээгүй бид 2019 оны 11 сард байрандаа орсон. Хэдийгээр бид гэрээнд заасан хугацаанд байраа хөлслөөгүй, амьдраагүй боловч сар бүр төлөх ёстой 1,892,500 төгрөгийг А талын шаардсаны дагуу төлсөөр ирсэн. Гэрээний хавсралт болох Төлбөр төлөх журам-д *******-ийн санхүүгийн ажилтан гарын үсэг зурж хүлээн авсан төлбөрт 2018 оны 09 сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 14 удаагийн бэлэн төлөлтөөр 26,495,000 төгрөг, дансаар 42,662,000 төгрөг тус тус төлсөн. А талын санхүүтэй бэлнээр тооцоо хийсэн 26,495,000 төгрөгтэй нийлээд нийт 45,311,500 төгрөгийг төлсөн.

2.2. 2020-2022 он хүртэл дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварт Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн хорио цээр үйлчилж, иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсантай холбоотойгоор манай гэр бүл болон миний эрхэлдэг хаяг, рекламын самбар хийх, байрлуулах ажил маань зогсонги байдалд орсон. Гэсэн хэдий ч хариуцлагаа ухамсарлаж *******-тай 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 0892 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрлэн рекламын байгууламж хийж өгөхөөр болж, гэрээний үнэ болох 7,600,000 төгрөгийг байрны түрээсийн үлдэгдлээс хасаж тооцуулахаар тохиролцсон.

Мөн *******-тай 2018 оны 10 сарын 26-ны өдөр 0864 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний төлбөрт урьдчилгаа 50 тонн цемент авахаар тохиролцсон бөгөөд манай компанид ашиглагдахгүй учраас байрын төлбөрт тооцуулахаар *******-тай тохиролцож, тухайн үеийн ханшаар 15,000,000 төгрөгт тооцон бартераар өгсөн. Энэ тооцоог нэмбэл 67,911,500 төгрөгийн түрээсийн төлөлттэй болно.

******* нь түрээсийн төлбөрийг зохих хэмжээнд бэлнээр болон бартераар төлсөн, тодорхой шалтгааны улмаас бүрэн төлж чадаагүй. Цаашид түрээсийн төлбөр, үүнээс үүдэн гарах торгууль, алданги зэргийг төлөх, бусдыг хохиролгүй болгох хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* нь *******-тай гэрээ багуулсан.

*******-ийн санхүүгийн ажилтан гарын үсэг зурж, хүлээн авсан төлбөрт 2018 оны 09 сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 14 удаагийн бэлэн төлөлтөөр 26,495,000 төгрөг төлсөн. ******* болон *******ийн данснаар 42,662,000 төгрөг төлсөн. Бэлнээр тооцоо хийсэн 26,495,000 төгрөгтэй нийлээд 45,311,500 төгрөг төлсөн.

3.2. *******-тай гэрээ байгуулж, гэрлэн рекламын байгууламж хийж өгч, ажлын хөлсний 7,600,000 төгрөгийг байрны түрээсийн үлдэгдлээс хасч тооцуулахаар тохиролцсон. Энэ ажлыг гүйцэтгэсэн учраас дээрх төлөлт дээрээ нэмж тооцвол 52,911,500 төгрөг болж байна. Мөн *******-аас хамтран ажиллах гэрээний дагуу төлбөрт 50 тонн цемент авахаар тохиролцсон бөгөөд байрны төлбөрт тооцуулахаар *******-д тухайн үеийн ханшаар 15,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Уг тооцоог нэмвэл 67,911,500 төгрөгийн төлөлттэй болно.

******* миний хувьд түрээсийн төлбөрөө төлөх боломжтой, энэ байрандаа гэр бүлтэйгээ хамт амьдарна. Гагцхүү миний амьдралд тохиолдсон энэхүү саад бэрхшээлийг ойлгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 106 дугаар зүйлийн 106.1, 295 дугаар зүйлийн 295.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

Маргаан бүхий гэрээ нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ бөгөөд энэхүү гэрээний зорилго буюу талуудын хүсэл зориг нь ирээдүйд бий болох орон сууцыг худалдах, худалдан авах /опцион/-д чиглэгдсэн байсан. Харин гэрээний 1 дэх хэсгийн 1.2-д заасан А тал нь өөрийн өмчлөлийн орон сууцыг ...60 сарын хугацаанд Б талд хөлслүүлнэ. Б талын орон сууц хөлслөх хугацаанд төлсөн бүх төлбөрийг орон сууцны үнийн дүнд оруулж тооцно гэсэн заалт нь Худалдах, худалдан авах гэрээний Б тал буюу худалдан авагч нь худалдагчид гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлж байгаа хэлбэр болно. Гэрээний үнийг төлж байгаа хэлбэрээс хамаарч тухайн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж шүүхээс дүгнэсэн нь буруу байна.

Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талд орон сууц худалдан авах зорилгоор гэрээний үнэд бэлэн мөнгө болон бартераар нийт 67,911,500 төгрөгийн төлөлттэй байгаа бөгөөд уг орон сууцны ашиглалтын болон урсгал зардлыг бүрэн төлж байгаа. Хариуцагч дээрх төлбөрийг байрны түрээсийн төлбөр бус байр худалдан авахад гэрээний дагуу төлж байгаа төлбөр гэж ойлгосон. Харин байрны төлбөрийг төлж барагдуулаагүй шалтгаан, нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхэд тайлбарласан.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлд Орон сууц хөлслөх гэрээ нь хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх эрх, үүргийг агуулсан зохицуулалттай. Маргаан бүхий гэрээний зорилго, агуулга нь гэрээний зүйл болох орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах, түрээсийн төлбөр гэх нэршилтэйгээр гэрээний үнийг төлж байгаа нь орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж байгаа хэлбэр болно. Орон сууц хөлслөх гэрээ гэж ойлгосон, мэдсэн бол хариуцагч уг гэрээг хийхгүй байх байсан. Хүсэл зориг нь орон сууцыг ирээдүйд худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй нь дараагийн асуудал. Зүй нь ******* нь гэрээний төлөгдөөөгүй үнийн дүнг нэхэмжлэх, үүнтэй холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу алданги тооцуулах талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргах ёстой.

5.2. Хариуцагч *******г хорих ангид ял эдэлж байхад нь *******-ийн захирал, хуулийн зөвлөхийн хамт очиж гэрээний хугацаа дууссан, чи асар их хэмжээний төлбөр, торгуульд орох гээд байна, нөхөртэй чинь уулзаж зөвшөөрүүлсэн, байраа л суллаад өгчихвөл илүү дутуу мөнгө нэхэмжлэхгүй хэмээн хуурч, гарцаагүй байдалд оруулан баримт бичиг дээр гарын үсэг зуруулсан байдаг. Уг баримт бичгийг хариуцагч тал хэргийн материалтай танилцсаны дараа шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй.

Иймд хариуцагч тал гэрээний төлбөрөө төлж чадаагүй шалтгаан нөхцөлөө тайлбарласан, цаашид гэрээний дагуу үлдэгдэл төлбөр, үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу алданги төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн, худалдах, худалдан авах гэрээний үнээс 50 хувь илүүг төлж барагдуулсан, шүүхээс иргэн ******* *******-ийн хооронд байгуулсан 2018 оны 08 сарын 31-ний өдрийн Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай 60/18 дугаартай гэрээ-г буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 25 дугаар бүлгийн 2 дугаар дэд бүлгийг үндэслэсэн бөгөөд тухайн бүлэгт орон сууц хөлслөх гэрээний зохицуулалт тусгагдсан. Мөн талууд гэрээ байгуулсанд маргаагүй буюу талуудын хооронд орон сууцыг хөлслөх болзол биелүүлснээр ирээдүйд худалдан авахаар гэрээ байгуулсан. Хэрэв орон сууц хөлслөх гэрээ гэж ойлгосон бол анхнаасаа уг гэрээг хийхгүй байсан, бид худалдаж авахаар гэрээ байгуулсан гэж тайлбарласан боловч гэрээнээс үзэхэд орон сууц хөлслөх гэрээ гэх нэртэй байдаг. Гэтэл үүнийг биелүүлээгүй буюу хөлслөх болзлыг биелүүлсний дараа ирээдүйд худалдах, худалдан авах талаар ойлгоогүй байсан гэх гомдол үндэслэлгүй.

Хариуцагч нар хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл, орон сууцыг чөлөөлөхгүй гэх тайлбартай холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй. 2021 оноос хойш орон сууц хөлслөх төлбөрийг огт төлөөгүй, 4 дэх жилдээ үнэ төлбөргүй орон сууцанд амьдарсан.

6.2. Манай байгууллага 4 жилийн хугацаанд орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүйтэй холбогдуулан хохирол амссан. Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-тай холбогдуулаад хугацаанаасаа өмнө зээлээ төлөх гэх мэт их хэмжээний хохирол амсаж байна.

Тухайн үед түүний нөхөр ******* манай эхнэр гарын үсэг зурвал орон сууцыг чөлөөлнө гээд *******г хаана хоригдож байгааг зааж өгснөөр очиж уулзсан. Шүүхэд худал тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Мөн гэрээнд төлбөрөө төлөхгүй 14 хоногийн хугацаа хэтрэхэд гэрээг цуцална гэж заасан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон бол бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжинэ гэж заасан. Талууд гэрээний 4.1-д гэрээний үнийг бүрэн төлсний дараа өмчлөх эрх шилжихээр тохиролцсон.

6.3. Цар тахлын үе тохиолдсон гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь цар тахлын үеэр төлбөрөө төлж байсан атлаа цар тахал дууссанаас хойш төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал байдаг. Төлсөн гэх 60,000,000 гаруй төгрөгийн үнийн дүнд маргаантай байдаг. Сүүлд *******-д төлсөн 15,000,000 төгрөгийн талаар өмнөх нягтлангаас холбогдож, тодруулж чадаагүй бөгөөд энэ үнийн дүнгийн талаар тодорхой нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн бичгээр гаргасан гомдолд гэрээ цуцалсан баримтыг хэргийн материалтай танилцсаны дараа буюу шүүх хуралдаан болохоос өмнө өгсөн гэж дурдсан. Хэргийн 26-28 дугаар талд гэрээ цуцалсан талаар баримт авагдсан.

6.4. Тухайн үед хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийгөө өмгөөлөгч гэж тайлбарласан учраас хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч гэж ойлгож байна. Мөн шүүхээс эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцах боломжийг олгосон учраас хэргийн материалтай танилцаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлах мэдэгдлийг зөвшөөрч гарын үсэг зурсан гэх агуулгатай гомдол үндэслэлгүй. Нэгэнт ******* маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Хариуцагч нар хууль ёсны өмчлөгч гэдгийг нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэрээний ерөнхий хугацаа 2023 оны 08 сард дуусаад жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч ... хорих ангид *******г байхад *******-ийн удирдлага ирж уулзаад байраа суллахыг зөвшөөрч байна гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулахдаа гэрээ чинь хүчингүй болсон, дараагийн хүнд зарчихсан, нөхөр чинь зөвшөөрсөн гэж, *******тэй *******-аас ирж уулзахдаа байраа сулла, дараагийн хүнд зарчихсан, эхнэр чинь зөвшөөрсөн гэж тулгадаг, түрээсийн төлбөрөө зохих хэмжээнд бэлнээр болон бартераар төлсөн, тодорхой шалтгаануудын улмаас бүрэн төлж чадаагүй, цаашид түрээсийн төлбөртэй холбоотой үлдэгдэл төлбөр, үүнээс холбогдон гарах торгууль, алданги зэргийг төлөх, бусдыг хохиролгүй болгох хүсэлтэй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

 

3. *******, ******* нар 2018 оны 08 сарын 31-ний өдөр Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 60 сарын хугацаанд хөлслүүлэх, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж болзлыг хангасан тохиолдолд орон сууц хөлслөх хугацаанд төлсөн бүх төлбөрийг орон сууцны үнийн дүнд оруулж тооцохоор, орон сууцны нийт үнэ 113,550,000 төгрөгийг байхаар, орон сууцыг гэрээ байгуулснаас хойш 2019 оны 1 улиралд багтаан эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-6-12/

 

  4. ******* нь 2019 оны 11 сард *******гийн эзэмшил, ашиглалтад орон сууцыг шилжүүлсэн, ******* гэрээгээр тогтоосон хугацаанд орон сууцны төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. /хх-29-31/

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх үйл баримтыг зөв тогтоосон.

 

6. Харин зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

6.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 60/18 дугаартай Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай гэрээ нэртэй гэрээнээс үзвэл, ******* дүүрэг, ******* хороо, ******* тоотод байршилтай ******* м.кв талбай бүхий орон сууц нь гэрээний зүйл байна.

6.2. Гэрээгээр А тал буюу ******* нь орон сууцыг 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 60 сарын хугацаанд Б тал буюу *******д хөлслүүлэх, энэхүү гэрээний үүргээ ******* зохих ёсоор бүрэн биелүүлж, болзлыг хангасан тохиолдолд орон сууц хөлслөх хугацаанд төлсөн бүх төлбөрийг орон сууцны үнийн дүнд оруулж тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон. Талууд орон сууцны үнийг 113,550,000 төгрөг гэж тогтоон, гэрээний хавсралтаар төлбөр төлөх хуваарийг баталсан байх бөгөөд ******* нь 2018 оны 09 сарын 05-ны өдрөөс 2023 оны 08 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 1,892,500 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. /хх-6-12/

6.3. Мөн гэрээгээр, ******* орон сууцны үнийг тогтоосон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд ******* нь улсын комиссын акт гарснаас хойш 1-2 сарын дотор орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байна. /хх-7/

Дээрх гэрээний агуулгаас үзвэл, талуудын хүсэл зориг нь орон сууцыг худалдах, худалдан авах байх бөгөөд худалдагч нь орон сууцыг үнэ төлөхөөс өмнө худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, гэрээний үнийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ бүрэн биелүүлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна. Иймээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

7. Хариуцагч ******* гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 03 сарын 26-ны өдрөөс хойш зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

7.1. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 50/24 дугаартай албан бичгээр хариуцагч *******д гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх-13/

Хариуцагч ******* нь гэрээ цуцлах тухай мэдэгдлийг зөвшөөрч, гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхөд татгалзахгүй гэсэн агуулга бүхий хүсэлтийг бичгээр үйлдэж, гарын үсэг зуржээ. Улмаар талууд Гэрээ цуцалсан акт үйлдэн, 2024 оны 09 сарын 24-ний өдрөөр гэрээг цуцалж, хариуцагч орон сууцыг нэн даруй чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцон, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна. /хх27/

7.2. Уг бичгийн нотлох баримтуудыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г хорих ангид байхад нь *******-ийн зүгээс гэрээний хугацаа дууссан, нөхөр ******* орон сууц чөлөөлөхийг зөвшөөрсөн гэж тайлбарлажээ. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... *******ийн хувьд орон сууцыг чөлөөлж өгье. *******гаас гарын үсгийг зуруулаад аваад ир гээд хорих ангийг нь зааж өгсөн гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй байна. Иймээс, Гэрээ цуцалсан акт-ыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

7.3. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар талуудыг харилцан тохиролцон гэрээ цуцалсан байна. Нэхэмжлэгч ******* нь орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2024 оны 06 сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон. /хх-14/

 

8. Гэрээний талуудын хооронд үүссэн харилцаа дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах байгаа нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/05314 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.ЦЭНД