| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0396/Э |
| Дугаар | 393 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч П.Даваасүрэн, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Б.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809004650426 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, татварын эдийн засагч мэргэжилтэй, “Никитон” ХХК-д менежер ажилтай, ам бүл-2, нөхрийн хамт , хэрэг хариуцах чадвартай, Б.О Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.О нь 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Зон” ХХКд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцсан мөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв. түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“…Банкны төлбөрийн даалгаврын дансан дээр өөрийн дансны дугаарыг тавьж Ай Ти Зоне ХХК-иас банк руу явуулах байсан мөнгийг би хувьдаа авсан. Би нийт 87 сая төгрөг хувьдаа аваад тэгээд би кровн машин 11 сая төгрөгөөр худалдаж авсан, мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол 18а-63 тоот 1 өрөө орон сууцыг 60 сая төгрөгөөр худалдаж авсан үлдсэн 16 сая төгрөгийг өөрийн хэрэгцээнд буюу худалдаж авч идэж уугаад дуусгасан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-37-38/, Хохирогч Б.Жаргалсайханы “...Оюун-Эрдэнэ нь 2011 онд манай компанид нягтлан бодогчоор ажилд ороод 2016 оны 03 дугаар сараас эхлээд хуурамч гүйлгээг хийж эхэлсэн. 2017 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд нийтдээ 50.095.240 төгрөгийг хувьдаа завшсан болохыг 2018 оны 01 дүгээр сард ерөнхий нягтлан Отгончимэг /88110728/ нь гүйлгээнүүдийг шалгаж байгаад тогтоосон. Оюун-Эрдэнэ нь өөрөө хэлэхдээ төлбөрийн даалгаврыг засаж байгаад гүйлгээ хийсэн гэж хэлсэн бөгөөд зассан төлбөрийн даалгавраар гүйлгээ хийдэг банк байгаа гэдэгт эргэлзэж байна…” /- 30/, . “...Манай нягтлан О нь 2018 оны 01 дүгээр сарын эхээр өвчтэй эгчийг асраад эмнэлэгт байсан бөгөөд Оюун-Эрдэнийг байхгүй байхад нь “Номин 5” трейд компанийн тооцоог нийлсэн, тэгээд тооцоо нийлж байх хугацаанд нягтлан бодох бүртгэлийн буруу бичилтүүд илрээд үүний дагуу Хаан банкны хуулгыг шалгахад Б.О-ийн өөрийн 5734039266 дугаарын данс руу удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн байсныг олж мэдсэн...” /-32/ Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-10-23/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-41/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, Хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-25-27/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-64-65/ зэргийг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Зон” ХХКд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Жаргалсайхан, гэрч Д.Отгончимэг нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө мөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жаргалсайхан нь хохирлоо барагдуулж авсан бөгөөд тэрээр гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.О-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжээр торгох буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О-ийн цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.О-ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР