Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

 

 

                                                 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

Иргэдийн төлөөлөгч Ё.Нэргүй,

            Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гомбосүрэн, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,

            Шинжээч Ц.Ганболд,           

            Гэрч Б.Лхагвасүрэн, Ж.Төмөрбаатар,

            Шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020025 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, В.Б,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч В.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод иргэн Б.Ганбатыг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч В.Б шүүх хуралдаанд “...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ганбаа ах хоёр шил архитай манай гэрт ирсэн. Нэг шил архи талдаа орж байхад Төмөрбаатар ядраад байна гээд унтаад өгсөн. Эхний нэг шил архиа хувааж уучхаад Төмөрбаатар, Лхагвасүрэн хоёр явахаар болсон. Тэгээд нэг шил архиа хувааж ууж дуусаад хоёр дахь шил архиа задалчхаад Төмөрбаатар, Лхагвасүрэн хоёр явсан. Талийгаач бид хоёр 2 дахь шил архиа хувааж уучхаад унтсан. Өглөө намайг сэрэхэд манай гэрт хүн байхгүй байсан. Би Ганбаа ахыг явцан байх гэж бодоод шээх гээд гадаа гарахад гадаа үүдэнд дээшээ хараад хэвтэж байсан. Би сандраад гараас нь татсан. Тэгээд суганаас нь өргөөд гэр рүүгээ оруулсан. Цус болчихсон байсан. Цагаан хөнжил дэлгэж тавьж хэвтүүлчхээд түргэн тусламж дуудсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Талийгаач гэрт нь түлээ нүүрс байхгүй гээд манай гэрт 14 хоног байсан. Ганбаа ах бид хоёр маргалдаж, зодоон хийгээгүй. Манай байшингийн дээврээс ус гоожоод хаалганы урд мөс тогтсон байсан. Би талийгаачийг гаднаас орж ирэх гэж явж байгаад тэр мөсөн дээр халтирч унаад ийм зүйл болсон гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан зулай хэсэгт хуралдсан цус хуралт арагшаа савж унахад нь үүссэн байх гэж бодож байна. Манай гэрийн шкафны толь өмнө нь хагарсан байсан. Талийгаачийг шээх гээд гарсан, би араас нь гарсан гэж мэдүүлэг өгөөгүй. Намайг шээх гээд гарахад дээшээ хараад хэвтсэн байсан гэж мэдүүлэг өгсөн...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би 2017.01.02-ны өдөр өөрийн танил Төмөрбаатартай утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн тэгтэл Төмөрбаатар би архи уусан байна машин барьж чадахгүй жолооч олдох юм бол хүрээд л ирье гэсэн тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Төмөрөө над руу утсаар яриад найз нь жолооч олчихлоо очиж байна чи хоол хийж байгаарай гэсэн. Төмөрбаатар ирэх гэсээр байтал 14 цаг өнгөрсөн байсан. ...талийгаач бид гурав архиа уусан эхний архи талд орж байхад Төмөрөө унтаад өгсөн би Төмөрөөг хөнжлөөр хучиж өгөөд талийгаачтай үлдсэн архиа уусан хоёр шил архи уугаад би согтсон байсан түүнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна би шээс хүрээд босоод ирэхэд гэрт хэн ч байхгүй байсан шээх гээд гадаа гартал талийгаач манай үүдэнд шатны доор хэвтэж байсан тэгэхээр нь би хөөе Ганбаа ах гээд гараас нь таттал гар нь хүйтэн байсан би сандраад босгох гэтэл толгойны араас нь цус гарсан байсан талийгаачийн шууд өргөж гэрт оруулаад толгойд нь дэр тавьж өгөөд түргэн дуудсан дараа нь цагдаа дуудсан талийгаачийн дүү Оюун руу залгаад Ганбаа ах өнгөрчих шиг боллоо гэсэн тэгэхэд Оюунаа эгч цээжин дээр нь дар массаж хий гэж хэлсэн би цээжин дээр нь дарсан тэр үед цагдаа их хурдан ирсэн, түргэн ирээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ...би сэрээд харахад газарт зурагтын өмнө хэвтэж байсан. ...талийгаач дээшээ харсан толгой нь хашаа руу харсан гарах гэж байгаад унасан болов уу гэж бодсон. Талийгаач хар өмд ноосон цамцтай байсан санаж байна би куртиктай байсан эсэхийг санахгүй байна дараа нь эмч ирж үзэхэд куртик нь тайлагдсан байсан. Куртик нь манай гэрт байдаг шүүгээний хажууд газарт хэвтэж байсан. ...манай шүүгээний толь хагараад жил гаран болж байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-154-155/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гомбосүрэн шүүх хуралдаанд“…Миний хүү эрүүл саруул, өвчингүй хүн байсан. Гэтэл шүүгдэгч В.Б нь гэртээ авч очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж миний хүүгийн амь насыг хөнөөсөн. Миний бодлоор шүүгдэгч нь өөр хүнтэй хамтран хүн алсан гэж үзэж байна. Хуулийн дагуу хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж гэм буруутайд тооцож, миний хохирлыг барагдуулж өгнө үү. Хохиролд 21.298.205 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...Манай хүү Ганбат нь 1962 онд төрсөн Гомбосүрэн гэдэг миний 3 дахь хүүхэд болж төрсөн юм. Бага насаа Улаанбаатар хотод аав ээжийн гар дээр өнгөрөөж Ерөнхий боловсролын сургууль төгсөөд мужааны сургуульд сураад мужаан болсон юм зах зээл эхлээд ажилгүй болоод хувиараа хөдөлмөр эрхэлсэн юм. Би 2016 оны 12-р сарын дундуур би хоол хүнсийг нь аваачиж өгсөн юм түүнээс хойш уулзаагүй. Талийгаач огт гэрлэж хүнтэй сууж байгаагүй эхнэр хүүхэд гэж байхгүй. Манай хүүхдэд ямар нэгэн хууч өвчин гэж байхгүй их бие сайтай хүүхэд байсан юм. Манай хүүхэд их мөрөөрөө хүнтэй хэл амаа олчихдог их томоотой хүү байгаа юм. Үр хүүхдээ бусдын гарт алдсан сэтгэл санаагаар их хохирч байна оршуулгын зардал болох 9.500.000 төгрөгийг нэхэмжилж байна хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна ... Төмөрбаатар, Лхагвасүрэн нарыг шалгуулах .... хохиролд баримтаар 6.298.205 төгрөг, охин Тунгалагийн нэрээр 15 сая төгрөгийн зээл авсан нийт 21.298.205 төгрөг нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-65-68/,

 

Гэрч Г.Оюунбаярын “…манай ах Ганбат амьдрал зохиож байгаагүй, үр хүүхэд байхгүй, аав, ээж хоёртойгоо амьдардаг байсан сүүлдээ ганцаараа Гоодойн зусланд амьдарч айлын байшин хардаг байсан. Талийгаачийн амьдарч байсан байшин манай аавын байшин. ...19 цаг өнгөрч байхад В.Б “танай ах Ганбаа гадаа уначихсан байна” гэж хэлсэн тэгэхээр нь би “татаад босгоод үзээч” гэж хэлтэл “хөдлөхгүй байна” гэсэн тэгэхээр нь би “цээжин дээр нь дараад үзээч” гэж хэлсэн тэгээд би сансараас гэрээсээ гараад шууд очсон. Тухайн үед их сандарсан шинжтэй байсан өнгөрчих шиг боллоо гэж надад хэлсэн. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” /1-р хавтас х-99-101/,

 

Гэрч Б.Сундуйжанцангийн “…В.Б гэх улаан өнгийн ноосон цамцтай залуу байсан нас барсан гэх хүн гэр дотор газарт ямар нэгэн хөдөлгөөнгүй дээшээ харсан байдалтай байсан удаагүй 2 минут орчмын дараа 103-н эмч Баасанжав гэдэг хүн ирээд нас барсан байна гэж бичиг хийж өгсөн. Тэгээд бид хоёр хэргийн газрын хамгаалалт аваад жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Энэ манай ах байгаа юм цуг архи ууж байгаад шээх гээд гараад явсан орж ирэхгүй болохоор нь араас гараад ирэхэд гадаа хэвтэж байсан гэж хэлсэн тухайн үед би нас барсан хүнийг яагаад зөөсөн юм бэ гэж асуусан тэгтэл нөгөө хүн би айгаад оруулсан тэгээд амьсгалахгүй болохоор нь дуудлага өгсөн гэж хэлж байсан. Гэр бол их цэвэрхэн байсан нас барсан хүнд нэг хөнжил шиг зүйл дэрлүүлсэн байсан. Цэвэрлэсэн гэх зүйл бол анзаарагдаагүй. В.Б дунд зэргийн ярих чадвартай байсан сандарсан шинж тэмдэг гэх зүйл анзаарагдаагүй миний хуурай ах байгаа юм бид хоёр байнга цуг байдаг гэх зэрэг зүйл ярьж байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-70/,

 

Гэрч Ц.Оюун-Очирын “…2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20:32 минутад дуудлагаар явж байхад төвөөс “Гоодойн ам руу өгсөөд толгой нь хагарсан ухаангүй хөхөрсөн” гэсэн утгатай дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу хаяганд очиход “байшин дотор 55 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай ухаангүй шалан дээр хэвтэж байсан. Үзэхэд царай нь цайсан, хүүхэн хараа 2 талд өргөссөн, гэрлийн урвалгүй, эвэрлэгийн рефлекс байхгүй, артерын даралт тодорхойлогдохгүй, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон захын болон том судасны лугшилт байхгүй захад хөрөлт үүссэн, хөшилт үүсээгүй, хүүрийн толбо үүсээгүй нас барсан байдалтай байсан. Нэмэлт үзлэгээр дагзны ар оройн хэсэгт 1-2 см язарсан шархтай, бага зэрэг цус гарсан шархтай, өөр ил харагдах хугарал мултрал шарх байхгүй байсан. Нас бараад 20-30 минут болж байсан байх. Тэнд байсан хүн сүүлийн хэд хоног архи уусан, өнөөдөр бид 2 хамт архи ууж байгаад гэрээс гарсан, тэгээд эргэж орж ирэхгүй болохоор нь араас нь гарсан чинь гадаа цементэн шалан дээшээ хараад унасан байхаар нь очиж үзэхэд гар нь хүйтэн, амьсгалахгүй байхаар нь гэртээ оруулаад 103 дуудсан гэж 40-45 орчим насны эрэгтэй хүн ярьж байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-71/,

 

Гэрч Б.Бүжинлхамын “…Би Талийгаачийн дүү Оюунбаярын охин. Талийгаач манай нагац ах байгаа юм. Би талийгаачтай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр уулзсан мөн урд өдөр нь бас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр уулзсан. Би жирэмсэн байсан болохоор салхинд их гардаг нөхөр Тамирын хамт очсон юм. Би нөхрийн хамт очоод байшиндаа орж мах шарж идэх гэтэл манай байшинд ус байхгүй байсан тэгээд талийгаачийн байшинд очтол талийгаач гэртээ байхгүй цоожтой байсан тэгээд манай нөхөр Тамир Ундрал ахынд байж магадгүй гээд явсан /В.Бийн гэр/ тэгээд манай нөхөр удалгүй талийгаачийн хамт ус аваад ирсэн ус авчирч өгөөд талийгаач за та нар сайхан хоол хийж ид гэж хэлээд яваад өгсөн юм. Талийгаач би Ундралын гэр буюу В.Бийн гэрт очлоо гээд яваад өгсөн. Бид нар 16 цагийн үед очсон юм. Тухайн үед манай нөхрийн найз Үнэнбат, Даваачулуун нар цуг очсон юм. Тэд нар талийгаачтай уулзсан орж ирэхэд нь байсан манай ах гэдгийг мэднэ өмнө нь харж байсан. Намайг гэртээ орж ирэхэд 20 цаг болж байсан. Талийгаачийн биед нь ямар нэгэн шархгүй байсан мөн бие өвдлөө гэж ямар нэгэн зүйл яриагүй. Би талийгаачтай дотно байсан би жирэмсэн байсан болохоор байнга очиж уулзаж байсан. Манай талийгаачид ямар нэгэн хууч өвчин байхгүй надад ямар нэгэн өвчин хэлдэггүй байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-74-75/,

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ¹149 тоот актын “...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл болох зулайн хуйханд цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, зулай яс суман заадсаар салсан хугарал, хугарал дух дагз яс руу үргэлжлэл, зулай, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорхи шингэн цусан хураа 60 мл, их тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал том голомтот цусархаг няцрал болон зүүн 8-9 дүгээр хавирганы шууд хугарал, хавирга хоорондын булчинд цус хуралт, баруун гарын 5-р хурууны дунд үенд шарх, зүүн гарын 2-р хурууны өнгөц хөлдөлт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба толгойг гэмтэл нь дух зулай хэсэгт цохилтын хүч үйлчилж улмаар арагш савж унах үед үүссэн байх магадлалтай байна. Зүүн гарын 2-р хурууны өнгөц хөлдөлт нам хэмийн хэсэг газрын үйлчлэл байна. ...Дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас нас баржээ. ...Гавал тархины битүү гэмтэл үхэлд хүргэсэн гэмтэл болно. Зүүн 8-9 дүгээр хавирганы шууд хугарал, хавирга хоорондын булчинд цус хуралт хүндэвтэр зэргийн, баруун гарын 5-р хурууны дунд үенд шарх, зүүн гарын 2-р хурууны өнгөц хөлдөлт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтлүүд байна. ...Нас барах үедээ дунд зэргийн согтолттой. байжээ. Цусны 2-р бүлэгтэй байна. ...Үхэлд хүргэх эмгэг өвчин үгүй байна.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас х-109-111/

 

Шинжээч эмч Б.Ариунзулын мэдүүлэг: Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүснэ. Уг гэмтлүүд нь унахад үүсэх боломжгүй. Ер нь цохилтын хүч зулайд үүссэний улмаас арагш унахдаа дагзандаа үүссэн ямар нэгэн юм мөргөсөн гэдгийг тогтоох боломжгүй. Хавирганы гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл мөн. Цогцосны үзлэг хийх үед энэ нь 2017.01.03-ны өдрийн 01 цаг 02 минутад байна. уг үзлэгээр нас бараад удаагүй цогцос хараагүй байсан болно тэгэхээр нас бараад 2-4 цаг орчим болсон гэсэн үг. Гэмтэл авсан үедээ шууд үхэлд хүрээгүй хэсэг хугацааны дараа нас барсан. Уг гэмтлийг аваад 3-4 цаг амьд байх боломжтой. Баруун гарын дунд үеийн шарх, баруун ташаанд цус хуралт гэмтлүүд нь унахад үүсэх боломжтой. /1-р хавтас х-115-116/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ¹826 тоот актын “...Шинжилгээнд ирүүлсэн “А-149 Б.Ганбат” гэж хаягласан цусанд 2,4 промилли спиртийн агууламж илрэв”гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас х-112/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 350 дугаартай дүгнэлт: 2017.01.10-ны өдрийн шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан 149 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Ганбатын бие цогцост тогтоогдсон дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Б.Ганбатын бие цогцост тогтоогдсон зүүн 8-9 дүгээр хавирганы хугарал нь хиймэл амьсгал хийхэд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Хавирганы хугарал нь амьд ахуйд нь үүссэн шинэ гэмтэл байна. Эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай, хүнд хэлбэртэй гэмтэл байна. Уг гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд идэвхитэй хөдөлгөөн хийж болно, цагийг нарийвчлан тогтоох боломжгүй. Яаралтай тусламжийн эмчийн 2017.01.02 -ны өдрийн 20 цаг 54 мин үзлэгт нас барсан гэжээ... гэх тэргүүлэх эмч С.Одончимэг, шинжээч М.Золжаргал, шинжээч эмч О.Болороо нарын дүгнэлт /1 дүгээр хавтас х-119/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-27-28/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас х-29-31, 34-38, 113-114/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-36/, хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-42-46/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-33/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас х-209/, ял шалгах лавлагаа /1-р хавтас 207/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /1-р хавтас х-210-213/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2-р хавтас х-107-108/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаж үзээд шүүгдэгч В.Бийг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Прокуророос шүүгдэгч В.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод иргэн Б.Ганбатыг алсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж чадахгүй байна.

 

Хэдийгээр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод иргэн Б.Ганбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...гавал тархины битүү гэмтэл болох зулайн хуйханд цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, зулай яс суман заадсаар салсан хугарал, хугарал дух дагз яс руу үргэлжлэл, зулай, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорхи шингэн цусан хураа 60 мл, их тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал том голомтот цусархаг няцрал...” гэмтлийн улмаас нас барсан үйл баримт байгааг үгүйсгэх боломжгүй ч гагцхүү шүүгдэгч В.Бийн үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь: Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллах нотлох баримтууд болох хэрэгт яллагдагчаар татагдсан В.Б, гэрч Г.Оюунбаяр, Б.Сундуйжанцан, Б.Лхагвасүрэн, Ж.Төмөрбаатар, Б.Бүжинлхам нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 149, 350 дугаар дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1847 дугаартай дүгнэлт, Шинжээч эмч Б.Ариунзул, Б.Даваасүрэн нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч В.Бийг талийгаач Б.Ганбатыг санаатай алсан гэж үзэх боломжгүй байгаагаас гадна талийгаач Б.Ганбат гадны нөлөөтэй нас барсан хэргийн мөрдөн байцаалтаар хэрэг гардаг орой талийгаач Б.Ганбат нь В.Бийн гэрт байсан, тэр өдөр талийгаач Б.Ганбат, Төмөрбаатар, В.Б нар нь хамт архи ууж согтсон болохоо хүлээн зөвшөөрсөн, мөн өөрийгөө энэ хэрэгт холбогдолгүй болох талаар итгэл үнэмшил төрүүлхүйц мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна.

Мөн В.Бийн биед тэр шөнө бусадтай ноцолдсон, тэмцэлдсэн ул мөр үлдээгүй, талийгаач Б.Ганбатыг В.Б алсан байж болзошгүй ноцтой сэжиг бүхий нөхцөл байдлууд тогтоогдохгүй, хэргийн нотлогдсон байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагад хүрэхгүй, таамгийн түвшинд хэвээр байх тул хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шүүгдэгч В.Бийг хүн алсан хэмээн буруутган шийдвэрлэх боломжгүй, тус хэрэгт В.Бийг хүнийг алах гэмт хэрэгт буруутгах хангалттай баримт сэлт хэрэгт цуглаагүй байна.

 

Талийгаач Б.Ганбатыг В.Б алсан байж болзошгүй ноцтой сэжиг бүхий нөхцөл байдлууд таамгийн түвшинд бөгөөд улсын яллагчийн яллах гол үндэслэлээ болгож буй баримтуудыг шүүх дараах байдлаар үгүйсгэв. Үүнд:

 

Хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл тухайн хэрэг гарсан гэх Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоот байшингийн гадна талын үүдний шатны ирмэгт цохигдсоноос үүссэн байх боломжтой бөгөөд энэ нь шүүгдэгч В.Бийн “...би шээс хүрээд босоод иртэл гэрт хэн ч байхгүй байсан. Шээх гээд гадаа гартал талийгаач манай үүдэнд шатны доор хэвтэж байсан.” гэх мэдүүлэг болон 1 хавтаст хэргийн 27, 28 дугаар талд авагдсан хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөн 29, 30 дугаар талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байна.

Мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 149 дүгээр дүгнэлтээр талийгаачийн биед “...зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал...” гэмтэл учирсан байгаа хэдий боловч шүүгдэгч В.Бийн өөрийгөө өмгөөлж өгсөн “...би цээжин дээр нь дарж хиймэл амьсгаа хийсэн...” гэх, гэрч Г.Оюунбаярын “...би “цээжин дээр нь дараад үзээч” гэж хэлсэн...” гэх, шинжээч эмч Б.Ариунзулын  “...баруун гарын дунд үеийн шарх, баруун ташаанд цус хуралт гэмтлүүд унах үед үүсэх боломжтой...” гэсэн нь уг гэмтлүүдийг В.Бийн буруутай үйлдлийн улмаас үүсгэсэн гэдгийг үгүйсгэж байна.

 

Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 350 дугаартай дүгнэлтэд ” ...зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал гэмтэл нь хиймэл амьсгал хийх үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх боловч шинжээч эмч Ц.Ганболд шүүх хуралдаанд “...зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал гэмтэл нь хиймэл амьсгал хийх, унах үед үүсэх боломжгүй. Харин цохиход үүсэх боломжтой...” хэмээн дээрх дүгнэлтээс өөр байдлаар, гарсан дүгнэлтийн эсрэг тайлбарыг хийсэн нь эргэлзээ төрүүлхүйц байгаагаас гадна хэрэгт шүүгдэгч В.Бийг талийгаач Б.Ганбатыг цохисон талаарх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэн шүүх бүрэлдэхүүн цагаатгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч В.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч В.Батсайханыг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг CD-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн юүдэнтэй энгэртээ цахилгаантай халаастай куртик, саарал өнгийн энгэртээ цахилгаантай өвлийн куртик, ногоон өнгийн урдаа цахилгаантай зүүн энгэртээ спорт гэсэн бичигтэй ноосон цамц, саарал өнгийн урдаа цахилгаантай цээж хэсгээрээ эрээн өнгөтэй ноосон цамц, хар өнгийн ханцуутай цамц, ногоон өнгийн фудболк, саарал өнгийн ноосон дотуур өмд, цэнхэр өнгийн эрэгтэй хүний дотоож, хөр өнгийн хоёр хажуу талдаа цахилгаантай өмд, улаан өнгийн ойм, хар өнгийн хагас түрийтэй гутал, хэргийн газраас хураан авсан толь зэргийг устгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч В.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020025 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч В.Б-ийг цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч В.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3.Шүүгдэгч В.Бээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 21.298.205 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Шүүгдэгч В.Б нь 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг CD-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн юүдэнтэй энгэртээ цахилгаантай халаастай куртик, саарал өнгийн энгэртээ цахилгаантай өвлийн куртик, ногоон өнгийн урдаа цахилгаантай зүүн энгэртээ спорт гэсэн бичигтэй ноосон цамц, саарал өнгийн урдаа цахилгаантай цээж хэсгээрээ эрээн өнгөтэй ноосон цамц, хар өнгийн ханцуутай цамц, ногоон өнгийн фудболк, саарал өнгийн ноосон дотуур өмд, цэнхэр өнгийн эрэгтэй хүний дотоож, хөр өнгийн хоёр хажуу талдаа цахилгаантай өмд, улаан өнгийн ойм, хар өнгийн хагас түрийтэй гутал, хэргийн газраас хураан авсан толь зэргийг устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Цагаатгах тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.Бд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

      ШҮҮГЧИД                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                        Д.РЕНЧЕНХОРОЛ