Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00350

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/05117 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 

Итгэмжлэл болон үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* миний бие өөрийн найз *******аас 2019 оны 02 сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 03 сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 03 сарын 12-ны 11,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг зээлсэн боловч бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй. Намайг *******аас мөнгө зээлэх үед надад барьцаа хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай нэг өрөө орон сууцаа барьцаанд тавья гэж хэлсэн. Тухайн үед итгэмжлэл хийчих гэхээр нь итгэмжлэлийг барьцааны гэрээтэй ижил гэж ойлгоод 2019 оны 03 сарын 12-ны өдөр итгэмжлэл олгосон.

1.2. Би орон сууц дээрээ итгэмжлэл олгосон боловч сар бүр зээлсэн мөнгөө төлсөөр нийт 21,814,667 төгрөгийг *******т шилжүүлсэн. Гэвч ******* нь миний олгосон итгэмжлэлийг үндэслэн өөрийн эх *******д миний өмчлөлийн ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр 2019 оны 09 сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэдгийг би 2023 оны 08 сард мэдсэн. Энэ хугацаанд *******тай тохиролцоонд хүрч чадаагүй.

1.3. Иймд 2019 оны 03 сарын 12-ны өдөр *******т олгосон итгэмжлэлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, 2019 оны 09 сарын 02-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчингүй болгож, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай орон сууцыг миний нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2019 оны 03 сарын 12-ны өдөр *******т олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 2019 оны 09 сарын 02-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчингүй болгож, тус эд хөрөнгийг өөрийн нэр дээр буцаан авах тухай *******, ******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

2.2. ******* нь 2019 онд найз *******аас ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах 1 өрөө байрыг үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулж талууд харилцан, тохиролцсоны үндсэн дээр худалдан авсан. Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* нь хариуцагч бус, гуравдагч этгээд буюу энэ хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэх байр сууринаас шүүх хуралдаанд оролцох ёстой байсан. *******д ******* нарын хооронд тодорхой өглөг, авлагын асуудал байсан. *******аас *******т 2019 оны 03 сарын 12-ны өдөр олгосон итгэмжлэлийн хүрээнд 2019 оны 09 сарын 02-ны өдөр ******* орон сууцны өмчлөгч болсон. Орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд *******тай зээлийн гэрээ байгуулан орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан. *******тай байгуулсан зээлийн гэрээний маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, *******гээс 78,750,000 төгрөгийг гаргуулж *******д олгож, барьцааны хөрөнгө болох миний өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн хүсэл зоригийн илэрхийллийн алдаа байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д тус тус зааснаар 2019 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан 868 бүртгэлийн дугаартай бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

******* дүүргийн ******* хороо, ******* тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч ******* нь хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. *******аас *******т олгосон 2019 оны 03 сарын 12-ны өдрийн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч *******ын итгэмжлэлээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс өөрөөр тусгагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд ******* нь итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хийгдэх үйлдлийн учир холбогдлыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

*******т 2019 оны 03 сарын 12-ны өдрийн итгэмжлэлээр орон сууцыг бэлэглэх эрх олгогдсон боловч уг итгэмжлэлийг үндэслэн *******д орон сууцыг бэлэглэсэн үйлдлийг нь төлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, ******* нь *******ын ээж болох *******д орон сууцаа бэлэглэх хүсэл зориг болон бэлэглэлийн гэрээ байгуулах үндэслэл бүхий нөхцөл байдал бүрдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийллийг илүү харгалзан үзнэ гэж заасны дагуу төлөөлүүлэгч ******* нь өөрийн хүсэл зоригт нийцээгүй гэж үзэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй байна гэж үзсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн нь өөрөө учир дутагдалтай байна. *******ыг итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хийгдэх үйлдлийн үр дагаврыг ойлгосон гэж дүгнэсэн атлаа уг үр дагаврыг үүсгэж хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээнд *******ын хүсэл зориг нотлогдохгүй гэж үзсэн тул уг дүгнэлтүүд хоорондоо авцалдахгүй байна.

Тухайн үед нэхэмжлэгч ******* нь *******т итгэмжлэл олгохдоо иргэний хуулийн 62-70 дугаар зүйлийг үндэслэн уг итгэмжлэлийн дагуу тодорхой хүний нэр заалгүйгээр ерөнхий буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, төлбөр тооцоог хүлээн авах, лавлагаа авах, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, холбогдох бүхий л үйлдэлд төлөөлөх бүрэн эрхтэй итгэмжлэл олгосон.

******* нь шүүхэд өгсөн тайлбар, нэхэмжлэлдээ би тухайн итгэмжлэлийг барьцааны гэрээтэй төсөөтэй гэж ойлгосон. Хэрэв итгэмжлэлийг барьцааны гэрээтэй төсөөтэй гэж ойлгосон тохиолдолд ******* нь *******т өр зээлээ төлж чадахгүйд хүрвэл миний байр хэний ч өмчлөлд шилжих боломжтой буюу итгэмжлэлээс үүсэх хууль зүйн үр дагаврыг тэрээр бүрэн ухамсарлаж байсан нь уг тайлбараар тогтоогдож байна. Шүүх эдгээр нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүйгээр алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2019 онд итгэмжлэл олгосноос хойш *******т мөнгө өгч байсан нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн итгэмжлэлийг олгохдоо барьцааны гэрээтэй төстэй гэж ойлгож байсан. Гэвч нэхэмжлэгч нь *******т зээлийн төлбөрийг төлж дууссаны дараа орон сууцаа буцаан шилжүүлж авахаар тохиролцсон. Бэлэглэлийн гэрээгээр *******ын үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарт холбогдуулан итгэмжлэл болон үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, талууд маргажээ.

Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ...орон сууцыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж худалдаж авсан гэж, хариуцагч *******гийн хувьд татгалзлын үндэслэлээ би хариуцагч биш, гуравдагч этгээдийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байсан, ... *******, ******* нарын хооронд тодорхой өглөг, авлагын асуудал байсан. *******аас *******т 2019 оны 03 сарын 12-ны өдөр олгосон итгэмжлэлийн хүрээнд 2019 оны 09 сарын 02-ны өдөр ******* орон сууцны өмчлөгч болсон гэж тус тус тайлбарласан байна.

 

3. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4. Хэргийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. ******* нь 2019 оны 03 сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, төлбөр тооцоог хүлээн авах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, холбогдох бүхий л үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгожээ. /хх-6/

4.2. Нэхэмжлэгч ******* дээрх итгэмжлэл олгосон үндэслэлээ *******аас 26,000,000 төгрөг зээлсэн, ******* нь барьцаа хэрэгтэй байна гэхээр нь орон сууцыг барьцаанд тавих гэсэн боловч итгэмжлэл хийгээд өгчих гэхээр нь итгэмжлэл олгосон. ... гэж тайлбарласан байна. /хх-1-2/

4.3. Хариуцагч ******* нь ... орон сууцыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж худалдаж авсан гэж тайлбарлах боловч баримтаар нотлоогүй. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд ... нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд мөнгөн дүнгийн их хэмжээний харилцаа байсан, үүнтэй холбогдон орон сууцыг худалдах хүсэл зориг байсан гэх агуулга бүхий тайлбар гаргажээ. /хх140/ Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* зээл авсантай холбоотой *******т итгэмжлэл олгосон гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

5. Дээрх бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* нь хүсэл зоригийн илэрхийлэл нь зээлийн гэрээний үүрэгт орон сууцыг барьцаалах зорилгоор хариуцагч *******т итгэмжлэл олгосон болох нь тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчээс хариуцагч *******т олгосон итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

6. Хариуцагч ******* нь дээрх итгэмжлэлийг үндэслэн өөрийн эх *******тэй 2019 оны 09 сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх-99, 103, 105/

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан тул хариуцагч ******* болон түүний эх буюу хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

8. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй тул ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон дүгнэлтэд өөрчлөлт оруулж, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/05117 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн ******* хороо, ******* тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД