Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

         2019        4            26                                      2019/ШЦТ/409

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

            Улсын яллагч П.Бямбасүрэн,

            Хохирогч И.Дэлгэрдалай,

            Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар,

            Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Л.Очбаяр,

            Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

            Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Б.Н, Д.С, О.Т, Н.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809051260100 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тавилгын мужаанчин мэргэжилтэй, “Эдвэнсэд Констрактор” ХХК-д шат угсрагчийн ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Н

 

2.Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, Ньюфосс ХХК-д угсрагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Д.С,

 

3.Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, нимгэн төмөрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О.Т,

 

4.Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, салхивч агааржуулалтын нимгэн төмөрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар

2013 оны 03 дугаар сарын 19-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Н.Б,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Н нь Д.С, О.Т, Н.Б нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 4 дүгээр блокны баригдаж байгаа барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 11 ширхэг халаалтын паар, ган хаалт 90 ширхгийг нууцаар авсан гэмт хэргийг 27-47 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Вингроад загварын тээврийн хэрэгслийг ашиглан үйлдэж бусдад 3.919.500 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Д.С нь Б.Н, О.Т, Н.Б нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 4 дүгээр блокны баригдаж байгаа барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 11 ширхэг халаалтын паар, ган хаалт 90 ширхгийг нууцаар авсан гэмт хэргийг 27-47 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Вингроад загварын тээврийн хэрэгслийг ашиглан үйлдэж бусдад 3.919.500 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч О.Т нь Д.С, Б.Н, Н.Б нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 4 дүгээр блокны баригдаж байгаа барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 11 ширхэг халаалтын паар, ган хаалт 90 ширхгийг нууцаар авсан гэмт хэргийг 27-47 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Вингроад загварын тээврийн хэрэгслийг ашиглан үйлдэж бусдад 3.919.500 төгрөгийн хохирол учруулсан,

 Яллагдагч Н.Б нь О.Т, Д.С, Б.Н нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 4 дүгээр блокны баригдаж байгаа барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 11 ширхэг халаалтын паар, ган хаалт 90 ширхгийг нууцаар авсан гэмт хэргийг 27-47 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Вингроад загварын тээврийн хэрэгслийг ашиглан үйлдэж бусдад 3.919.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр Батболд Сугархүү Таравчамба бид 4 зүүн талын барилгын зогсоол дээр зогсож байсан. Батболд машинд орж ирээд шар айраг ууя гэсэн. Таравчамба ах эхнэрийгээ авах гэж байна амжихгүй, машиндаа уулгахгүй гэж хэлсэн. Баагий ах дотогшоо оръё гээд ажлын өрөө рүү нь ороод Сугархүү Батболд 2 шар айргийг хувааж уусан. Сугархүү цалин мөнгө муу байна гээд ярьж байсан. Сууж байгаад өрөөнд байсан паарнаас аваад гарчихвал яах вэ? гэхэд Батболд “.. яах гээд байгаа юм, намайг хулгай хийсэн гэж бодно...” гэж уурлаад гараад явсан. Сугархүү бид 2 хэдэн ширхэг паар аваад Тарваа ахаас гуйгаад машинд нь ачаад авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… би эд зүйл авах гэж байгааг мэдсэн хэрнээ орсон Сугархүү тэр хар панеран хаалганы цоожийг төмрөөр эвдэж онгойлгосон гадна талаараа гялгар цаасаар ороочихсон цагаан өнгийн халаалтын паар 11 ширхгийг авсан, цаасан хайрцагтай сангийн хаалт 90 ширхэг авсан, Сугархүү бидхоёр энэ бүгдийг зөөж гаргасан, Таравчамба ахын цагаан өнгийн Nissan Wingroad машинаар зөөсөн арынх нь багажийг онгойлгоод суудлыг унагаагаад тэгшилж байгаад хийж авч явсан... Таравчамба ах бид хоёрт тус бүр хоёр зуун наян мянган төгрөг өгсөн, уг компанийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа..” гэсэн мэдүүлэг /хх-89-91/,

 

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр барилгын хажууд очоод Таравчамбын машинд нь шар айраг ууя гэхэд дургүйцээд Батболдын ажил руу орсон. Хамт ороод сууж байхдаа мөнгөний хэрэг байгаа талаараа ярьсан. Тэр үед ам алдаад танай ажил дээрээс хэдэн ширхэг паар авчихвал яадаг юм бэ? гэхэд Батболд уурласан. Наранцогт “...зүгээрээ, яадаг юм...” гээд бид 2 ярилцаж байгаад паарыг авч гараад машинд хийж авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… Наранцогт нь 4465 УБҮ улсын дугаартай саарал өнгийн Тоуоtа Рrius20 маркийн автомашинтай ирсэн, Батболд нь “... Өө эдний компани салхивчны ажил нь дуусчихсан, сангийнх нь тоноглолоо тавьж байгаа гэж хэлээд хэдэн хүмүүсийн нэр хэлээд, тэд нар хэд хоногийн өмнө халаалтын паар агуулахад авч ирж хийсэн” гэдгийг хэлсэн, тэгээд Батболд Наранцогт бид гурав буугаад Таравчамба ахын машинд очиж суусан, Хангай хотхоны барилгын хашааны заагаар Наранцогт нь бид хоёр хоёулаа орсон, 2 давхар руу гартал цоожтой 2 ширхэг хаалга байсан, тэр хаалганууд хоёулаа хар саарал өнгөтэй зүүдэг цоожтой байсан, доошоо буугаад 1 давхараас төмөрийн том хайч байхаар нь аваад 2 хаалганы цоожийг эвдэлсэн, Наранцогт бид хоёр тэндээс нэг нэг халаалтын паар өргөөд гарсан, за за нэг мөсөн дахиад хэдийг авчихъя гээд нийт 11 ширхэг халаалтын паар авч Таравчамба ахын Ниссан Вингроад маркийн машинд хийсэн, мөн уг агуулахын өрөөнөөс би нэг цаасан хайрцагтай сангийн хаалт авсан. ...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-92-94/,

 

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр надаас Батболд шар айраг авч өгөөч гэхээр нь би авч өгөөгүй. Наранцогтоор шар айраг авуулаад миний машинд ууя гэхээр нь зөвшөөрөөгүй. Батболдын өрөөнд уухаар болсон. Удаагүй байтал Сугархүү эндээс хэдэн ширхэг паар ачаад явъя мөнгийг нь өгнө гэхээр нь зөвшөөрсөн...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“…Сугархүү ирээд надтай уулзаад “...Ах Наранцогт бид 2 Батболдын ажилладаг энэ Хангай хотхоны блокны агуулахаас паар авчихлаа таны машинд аччихъя” гэхээр нь би “Үгүй ээ чи Наранцогтын машинд ач" гэсэн чинь Наранцогтын машины ард юм байгаа болохгүй ээ, өглөө нь бэр эгч нь машинаа авна гэсэн, мөнгө төгрөгийг нь өгье” гээд гуйгаад байсан, ...маргааш нь Сугархүү бид хоёр Нарантуул захын урдхан талын нэг хотхоны гадаа очсон, тэгээд Сугархүү утсаар ярьж байгаад л нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүнд авсан эд зүйлсээ зарчихсан, Сугархүү надад 280.000 төгрөгийг бэлнээр өгсөн, бид дундаасаа 3.950.000 төгрөг гаргаад нөгөө компанийг хохиролгүй болгосон..” гэсэн мэдүүлэг /хх-95-96/,

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Би тухайн өдөр төрсөн өдөр тэмдэглээд өмнө нь уусан байсан. Эд нар намайг төмөр авах уу? гээд ирсэн. Наранцогтоор шар айраг авуулаад ажил руу орж уусан. Энэ 2 паар авъя гэхээр нь би болохгүй гэхэд ганц хоёрыг л авна мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь би уурлаад гараад явсан. Тэгээд Таравчамбын машинд ороод унтсан. Өглөө нь гэртээ сэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… Маргааш нь Сугархүү над руу яриад “Ах дансаа өгчихөөч, танд хэдэн төгрөг өгөх гэсэн юм” гэхээр нь яасан юм гэсэн чинь “танай ажлаас чинь өчигдөр хэдэн паар авчихсан, та чимээгүй байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ашигладаг эгчийнхээ 5065276637 тоот дансыг Сугархүүд өгсөн. Тэгсэн миний өгсөн данс руу Сугархүү 140.000 төгрөгийг шилжүүлж хийж өгсөн, Таравчамба ахын унаж ирсэн Ниссан Вингроад маркийн цагаан өнгийн автомашины ард ачсан байсан, яг ачиж байх үед нь би нэг сэрсэн, Таравчамба, Наранцогт, Сугархүү бид 4 дундаасаа 3.995.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-97-98/,

 

Хохирогч И.Дэлгэрдалай шүүхийн хэлэлцүүлэгт “…Хэрэг гарахын урьд өдөр нь 30 гаруй паар хүлээн авсан. 24 ширхэг паарыг нь суурьлуулсан. Үлдсэнийг нь өрөөндөө түгжээд явсан. Маргааш ирэхэд өрөөн дотор байсан паар байхгүй, хаалга эвдэрсэн байсан. Хохирол барагдсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Хангай хотхоны 7 дугаар ээлжийн барилгын 2 давхрын өрөөн дотор хулгай орж 11 ширхэг паар, сангийн хаалт 90 ширхэг алдагдсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, Турк улсад үйлдвэрлэгдсэн халаалтын ган радиатор \дулаан паар\ хэмжээ нь 22x500x1000-тай 10 ширхэг алдагдсан 1 бүр нь 230.000 төгрөг, ган радиотар \дулаан паар\ хэмжээ нь 22x500x1200-тай 1 ширхэг 290.000 төгрөг, Турк улсад үйлдвэрлэсэн ган хаалт \өгөх буцахын хаалт\ 90 ширхэг, 1 бүр нь 18500 төгрөгөөр Турк улсаас захиалж авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-24-25, 26-28/,

 

Гэрч О.Гантөмөрийн “…би агуулахын хаалгыг 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой буюу бүтэн сайн өдөр байсан санагдаж байна, ажил тараад 18 цаг өнгөрч байсан байх гэгээ тасарч байхад түгжсэн, өмнө нь хулгайч орж байгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,

 

Гэрч Э.Алтансарнайгийн “…27-47 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Вингроад маркийн автомашин нь миний өмчлөлийн автомашин байгаа юм, нөхөр Таравчамба хааяа унадаг, тэр өдөр Таравчамба надаа хэлэхдээ Наранцогт гэрийн юм ачилцаад өгөөч гэж байна аа гэж хэлээд надаас машин аваад явсан чинь ийм зүйлд холбогдсон байжээ, автомашинаа ломбарданд барьцаанд тавьж нийт 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 1.000.000 төгрөг зээлж авсан байгаа, зээлийн төлөлт дуусангуут өөрийн нэр дээрээ шилжүүлж авна, явах нөхцөлтэйгөөр зээл авсан учраас би автомашинаа унаж байгаа…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19-20, 65/, “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-64, 68-69/, Шижээчийн №6669 дүгнэлт /хх-71/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-116/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-136, 149, 170, 184/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-137, 151, 172, 186/, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-139-148, 152-169, 173-183, 187-194, 207-210/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-222-226/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Н нь Д.С, О.Т, Н.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 4 дүгээр блокны баригдаж байгаа барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 11 ширхэг халаалтын паар, ган хаалт 90 ширхгийг нууцаар авсан гэмт хэргийг 27-47 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Вингроад загварын тээврийн хэрэгслийг ашиглан үйлдэж бусдад 3.919.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч И.Дэлгэрдалайгийн мэдүүлэг, гэрч О.Гантөмөр, Э.Алтансарнай нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Н, Д.С, О.Т, Н.Б нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Н, Д.С, О.Т, Н.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байгаас гадна прокуророос тэдгээрийн дээрх үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Н, Д.С, О.Т, Н.Б нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Н, Д.С, О.Т, Н.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Н, Д.С, О.Т, Н.Б нарын дээрх үйлдэл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.

Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Э.Алтансарнайгийн эзэмшилд байх тул уг автомашиныг үнэлсэн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнийн дүнг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө орлогоос хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.  

 

Хэрэгт битүүмжлэгдсэн WFY11426506 арлын дугаартай 27-47 УНВ дугаартай “Ниссан Вингроад” маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Н, Д.С, О.Т, Н.Б нарыг нарыг бүлэглэн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Сг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Н, Д.С, О.Т, Н.Б нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ноос 875.000 төгрөг, Д.Сгээс 875.000 төгрөг, О.Тас 875.000 төгрөг, Н.Боос 875.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг хэрэгт  үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн 27-47 УНВ дугаартай “Ниссан Вингроад” маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Н, Д.С, О.Т, Н.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Д.С, О.Т, Н.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР