| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/06539/И |
| Дугаар | 210/МА2025/00352 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00352
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05042 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Хагас жилийн урамшуулал 3,000,000 төгрөг, алданги 774,000 төгрөг, нийт 3,774,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хагас жилийн урамшуулал 3,000,000 төгрөг, алданги 774,000 төгрөг, нийт 3,774,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...13 дахь сарын цалин, урамшуулал гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...******* нь ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргасан, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон үндэслэлээр энэ урамшуулал олгогдоогүй, тухайн үед ажиллаж байсан үндсэн цалин, нэмэгдэл цалингаа авсан, энэ урамшуулал нь тогтвор суурьшилтай ажилласан, тууштай ажиллах хүмүүсийг урамшуулж байгаа болохоос биш ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст олгохгүй гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Талуудын хооронд 2023 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн.
3.2. Хариуцагч *******-ийн захирал нь 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 81 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийн хүсэлтийг үндэслэн 2024 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсонтой холбогдуулан *******ийн ажлыг 07 сарын 08-ны өдрөөр хүлээн авахыг ШТС-ын эрхлэгч *******, тойрох хуудсыг үндэслэн холбогдох төлбөр тооцоог хийхийг СХД ******* нарт үүрэг болгон шийдвэрлэжээ. /хх-93/
3.3. Нэхэмжлэгч ******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, эрх бүхий байгууллага болон шүүхэд гомдлын шаардлага гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. /хх-1-3, 6-8/
4. Дээрх үйл баримтад зохигч маргаангүй, харин *******-д ******* ажиллаж байсан хугацааны урамшууллыг авахаар шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
4.1. Цалин хөлсний төсөв батлах журмын 7.1 дүгээр зүйлийн 7.2.3-д Борлуулалтын урамшуулал нь бараа бүтээгдэхүүний борлуулалтын өгөөжийг өсгөх, үйлчилгээний стандартыг сайжруулах, хэрэглэгчийн сэтгэл хангамжийн нэмэгдүүлэхийн тулд борлуулалтын ажилтныг сэдэлжүүлэх, урамшуулах зорилгоор олгох нэмэгдэл цалин бөгөөд жил бүр БХ-ын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу захирал борлуулалтын урамшуулал тооцох нэгж литрийн тарифыг батлана. ШТС-ын эрхлэгч, ШТС-ын түгээгч ажилтнуудад хамаарна., 7.2.5-д Тухайн жилийн бизнес төлөвлөгөө, хэрэгжүүлэх менежментийн дагуу захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж захирлын шийдвэр, батлагдсан тушаалын дагуу олгох урамшуулалыг ойлгоно гэж зохицуулсан байна.
4.2. Тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дугаар зүйлийн 6-д Тухайн жилийн компаний ашгийн түвшин болон захирлын шийдвэрээр нийт ажилчдад мөнгөн урамшуулал олгох эсэхийг захирлын тушаалаар баталгаажуулна, 7-д Ажилтан ажлын үр дүнгийн болон сахилгын зөрчил гаргах тохиолдолд шагнал, тухайн жилийн болон захирлын шийдвэрээр олгох урамшууллыг цуцлах үндэслэл болно, журмын 8.2-ын хэрэгжүүлэлт хэсгийн 4-т Ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ажлын төлөвлөгөө, нормоо биелүүлсэн, давсан болон тухайн жилд сахилгын зөрчил гаргаагүй, тогтвор сууршилтай ажилласан, урамшуулал болон шагнал авах эрхтэй байна гэж тус тус заажээ. /хх-84/
4.3. Хариуцагч *******-ийн захирлын 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 11 дугаартай Ажилчдад урамшуулал тооцож олгох тухай тушаалаар 2024 оны хэлтэс нэгжийн чиг үүрэгт ажил бусад хэлтсийн уялдаа холбоог сайжруулах зорилтын хүрээнд ажилтан бүрийн журмын хэрэгжилтийг дүгнэн үнэлгээжүүлж дүйцэх оноогоор урамшуулал олгохоор тогтоож, урамшууллын хэмжээг санхүүгийн жилээр тооцож хагас жилийн Компанийн санхүүгийн тайланд үндэслэн жилд 2 удаа, хагас жилийн цэвэр ашгийн 5 хүртэл хувийг, ажилтнуудын цалин хөлсний зардалд эзлэх хувиар тооцож, батлагдсан урамшууллыг санхүүгийн тайлант хугацаатай уялдуулан эхний хагас жилийг 07 сарын 25-ны дотор сүүлийн хагас жилийн дараа жилийн 02 сарын 25-ны дотор ажилтнуудад олгох ажлыг зохион байгуулахыг СХД *******т зөвшөөрч, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, зөрчил, алдаа дутагдал гаргасан, захирлын тушаалаар батлагдсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа туршилтын буюу 2 хүртэл сар ажилласан зэрэг тохиолдолд урамшуулал олгохгүй байхыг Хэлтэс нэгжийн удирдлагуудад даалгасан байна. /хх-52/
4.4. Мөн захирлын 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 2024 оны эхний хагас жилийн урамшуулал тооцож олгох тухай тушаалаар Ажилчдад журмын үнэлгээний хуудасны дагуу тооцсон үнэлгээний дагуу урамшуулал тооцож ******* болон охин компани *******-ийн ажилчдад хагас жилийн урамшуулал тооцож олгохоор шийдвэрлэж, урамшуулал авах ажилчдын нэрсийг тушаалын хавсралтаар баталжээ. Дээрх тушаалын хавсралтад заасан урамшуулал авах ажилчдын нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч *******ийн нэрний ард ажлаас гарсан гэж тэмдэглэгджээ. /хх-51, 54/
Хариуцагч *******-ийн захирлын 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 100 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сануулах сахилгын шийтгэл, 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 006 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар үндсэн цалин хөлсийг 20 хувиар 1 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл тус тус хүлээж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч уг тушаалд гомдол гаргаагүй байх тул хагас жилийн урамшуулал авахаар шаардах эрхгүй байна. /хх-44, 92/
5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэж, хариуцагч *******-д холбогдох хагас жилийн урамшуулал 3,000,000 төгрөг, алданги 774,000 төгрөг, нийт 3,774,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүйг залруулан өөрчлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасан заалт нь ажилтан, ажил олгогчийн аль нэгний гаргасан санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж болох агуулгатай зохицуулалт тул уг заалт нь шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтэд хамаарна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлах нь оновчтой болно.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо ажлын гүйцэтгэл үнэлэх хуудсыг үнэлсэн гэж тайлбарласан боловч хэргийн 67 дахь талд авагдсан ажлын гүйцэтгэл үнэлэх хуудас гэх баримтад *******ийн ажлыг дүгнэж, үнэлгээ өгөөгүй байна.
Хариуцагч тал, нэхэмжлэгч *******ийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасантай нийцсэн. Иймээс нотлох баримтыг буруу үнэлсэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2024 оны 07 сарын 08-ны өдрөөс дуусгавар болсон гэж дүгнэхдээ хууль буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийг тайлбар, асуулт, мөн хариуцагчийн зарим тайлбар, хариултыг дурдалгүй шийдвэр гаргасан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол мөн хангагдахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05042 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 78 дугаар зүйлийн 78.1.9 гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД