| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2024/01463/И |
| Дугаар | 210/МА2025/00382 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00382
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05150 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 227,798,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-д эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох ******* дүүрэг, ******* хороо, ******* барилгын 2 давхрын *******м.кв талбайг түрээслэх түрээсийн гэрээ байгуулах, түрээсийн төлбөр менежментийн төлбөр, сар бүрийн цахилгааны төлбөрийг нэхэмжлэх хүлээн авах эрхийг өмчлөгчөөс итгэмжлэлээр олгосон.
1.2. Үүний дагуу ******* нь *******-тай харилцан тохиролцож Түрээсийн гэрээг 2023 оны 05 сарын 01-ний өдөр *******м.кв талбайг сарын 12,716,000 төгрөгөөр түрээслүүлэхээр байгуулж төлбөр дээр сар бүрийн менежментийн төлбөр 2,040,000 төгрөг, сар бүрийн цахилгааны төлбөр нэмэгдэж нэхэмжлэхээр тохиролцсон.
Түрээсийн гэрээний дагуу 2023 оны 05 сарын 05-ны өдрөөс 2024 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацааны түрээс болон менежментийн төлбөр нийт 151,007,590 төгрөг болж байгаа бөгөөд түрээслэгчээс 2023 оны 06 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн. Түрээс болон менежментийн төлбөрийн үлдэгдэл 121,007,590 төгрөг байгаа болно.
1.3. Түрээсийн гэрээний 5.4-т зааснаар түрээс болон менежментийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Нийт алданги 89,990,800 төгрөг болж байгаа.
1.4. Цахилгааны төлбөр 2023 оны 06 сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,407,590 төгрөг болсон. Түрээсийн болон менежмент, цахилгааны төлбөрийг удаа дараа шаардаж байгаа боловч одоог хүртэл төлөөгүй байна.
1.5. ******* нь *******-тай 2024 оны 01 сарын 25-ны өдөр Түрээсийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу түрээсийн гэрээний бүхий л шаардах эрх манай *******-д шилжсэн болно.
Иймд Түрээсийн гэрээний 2023 оны 05 сарын 05-ны өдрөөс 2024 оны 03 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны түрээс болон менежментийн төлбөр 121,007,590 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 89,990,800 төгрөг, 2023 оны 06 сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр 1,407,590 төгрөг нийт 212,405,979 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаааны явцад дараах байдлаар нэмэгдүүлж байна.
Түрээс болон менежментийн төлбөр 2023 оны 05 сарын 05-ны өдрөөс 2024 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл 150,927,590 төгрөг, алданги 75,463,975 төгрөг, 2023 оны 06 сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл цахилгаан эрчим хүчний хэрэглээний зардал 1,407,590 төгрөг, нийт 227,798,975 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. ******* нь 2023 оны 05 сарын 01-ний өдөр *******-тай R23/21-2 тоот Түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр ******* дүүрэг, ******* хороо, ******* байрны 2 давхарт *******м.кв талбай бүхий оффиссын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэж, гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан.
3.2. Гэтэл түрээслэж буй тус үл хөдлөх эд хөрөнгө нь түрээслүүлэгч *******-ийн өмч биш байх бөгөөд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.
3.3. Мөн түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй болон түрээсийн талбайг битүүмжилж, үйл ажиллагааг явуулах боломжгүй болгосноор түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон.
Тус битүүмжилсэн талбайд *******-ийн бүх бичиг баримт, тамга тэмдэг, хурлын урт ширээ 1 ширхэг, дугуйтай сандал 8 ширхэг, 3 хос буйдан 1 ширхэг, амралтын буйдан 1 ширхэг, 2 хос чулуун ширээ, ажилчдын том ширээ 2 ширхэг, ажилчдын ширээний сандал 12 ширхэг, 75 инчийн зурагт 1 ширхэг, гутлын шүүгээ, тоос сорогч 1 ширхэг, өнгөт принтер 1 ширхэг, ус цэвэршүүлэгч 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, пэйч 1 ширхэг, гал тогооны жижиг дугуй ширээ 1 ширхэг 2 сандалын хамт, мөн бусад гал тогооны жижиг хэрэгслүүд гэх мэт хөрөнгүүдийг битүүмжилсэн бөгөөд өнөөдрийг хүртэл өгөхгүй биднийг хохироосоор ирсэн.
3.4. Түүнчлэн нэхэмжлэлд дурдсанаар түрээсийн хөрөнгө болох ******* дүүрэг, *******, ******* байрны 2 давхарт *******м.кв талбай бүхий оффиссын зориулалттай талбай нь нэхэмжлэгч *******-ийн өмч биш бөгөөд анхнаасаа түрээсийн гэрээ хийх эрхгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангаагүй байх тул R23/21-2 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:
4.1. *******-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* барилга тоот хаягтай ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь ******* м.кв талбайтай болно. Үүний зарим хэсэг болох 2 давхрын *******м.кв талбайг ******* түрээсэлсэн.
4.2. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангаж, агуулгыг өөрсдөө тодорхойлон түрээсийн гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг байгуулсанд тооцно. Тус *******м.кв талбай нь тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээгүй байх тул түүнийг түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг шаардахгүй.
4.3. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй, энэ тохиолдолд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тул ******* нь гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй болно.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 68,867,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 158,934,385 төгрөгт холбогдох хэсэг, *******-д холбогдуулан 2023 оны 05 сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухйа хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,454,980 төгрөг, хариуцагч *******-ийн төлсөн 1,056,000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 502,287 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 10768 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Хариуцагч ******* нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, үүргээ биелүүлээгүй гэрээний үүргийн зөрчил гаргасан.
6.2. Анхан шатны шүүх *******-ийг оффисын зориулалт бүхий нийт *******м.кв талбайг 2023 оны 10 сар хүртэл түрээслэн ашиглаж байсан нь хариуцагчийн тайлбар, түрээслэгчийн талбайг битүүмжилсэн акт зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, *******-ийн зүгээс *******-д 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 23/06 тоот албан бичгээр танай компанийн хэвийн үйл ажиллагааг зогсоосон үйлдэл гаргаагүйг үүгээр мэдэгдэж байна гэх агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн 2023 оны 12 сарын 05-ны 23/07 дугаар мэдэгдэл, 2023 оны 12 сарын 12-ны 23/08 дугаар шаардлага, 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 24/02 дугаар шаардлагаар түрээсийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн түрээсийн байрыг чөлөөлж хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан.
6.3. ******* дүүрэг ******* хороо, ******* дугаартай барилга, 2 давхарт байрлалтай оффисын зориулалт бүхий нийт *******м.кв түрээсийн талбайг шаардсан хугацаанд чөлөөлөөгүй бөгөөд түрээсийн оффисоос өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгүүд болох эд хогшил, тавилга, тоног төхөөрөмжийг авахгүй байсан учир Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, түрээсийн гэрээний дагуу 2023 оны 05 сарын 05-ны өдрөөс 2024 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны түрээс болон менежментийн төлбөр, хугацаа хэтрүүлсэн алданги зэрэг нь бодогдож байсан.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагч *******-ийг үл хөдлөх эд хөрөнгийг 6 сарын хугацаанд эзэмшиж, ашигласан гэж үзэж энэ хугацааны түрээсийн төлбөр, менежментийн зардал, цахилгааны төлбөр, алданги нийт 68,86,590 төгрөгийг гаргуулан *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 158,931,385 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үндэслэлгүй дүгнэсэн хийгээд, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд дээрх үндэслэлийг дүгнэн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох 158,931,385 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээнд заасны дагуу 2023 оны 05 сарын 05-ны өдрөөс 10 сар хүртэл ******* үйл ажиллагаа явуулсан. 10 сараас хойш *******-ийн тамга тэмдэг, бүх эд хөрөнгийг түрээсийн талбайн хамт битүүмжилж, цахилгаан тасалсан. Тухайн үед ******* акт үйлдсэн ба ...энэхүү битүүмжлэлийг цуцлах үндэслэл нь төлбөрөө төлөх гэж актад дурдсан. Үүнээс хойш *******-ийн захирал ******* түрээсийн талбай руу нэвтэрч чадаагүй тул үйл ажиллагаа явуулж чадаагүй. Үүнээс үүдэн хариуцагч компани дампуурлын эрмэгт хүрсэн. ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийн тавилгыг өгсөн.
Нэхэмжлэгч тал *******-ийг үйл ажиллагаа явуулж болно гэсэн албан бичиг өгсөн гэж гомдолдоо дурдаж байна. Гэвч ийм албан бичиг *******-д ирээгүй. *******-ийн захирал ******* *******-тай хамтарсан уулзалт хийхэд ...мөнгөө төл, тэгэхгүй бол түрээсийн талбайд оруулахгүй гээд хутгаар сүрдүүлдэг байсан тул хариуцагч байгууллага *******-ийн түрээсийн талбайгаас тавилгаа авч чадахгүй удсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан ба бодитоор түрээсэлсэн түрээсийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин 2023 оны 10 сараас хойш үүссэн түрээсийн төлбөр болон алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 212,405,979 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 227,798,975 төгрөг болгон ихэсгэсэн байна. Хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган зохигч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. ******* дүүрэг, ******* хороо, *******тай барилга тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* болох нь ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-7/
3.2. ******* нь 2023 оны 05 сарын 01-ний өдөр *******-д ******* дүүрэг, ******* хороо, ******* барилгын 2 давхарын *******м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******-д түрээслүүлэх, түрээсийн гэрээ байгуулах, түрээсийн төлбөр, менежментийн төлбөр, сар бүрийн цахилгааны төлбөрийг нэхэмжлэх, өөрийн нэрээр хүлээн авах эрхийг итгэмжлэлээр олгожээ. /хх-93/
3.3. Мөн ******* нь *******-тай 2024 оны 01 сарын 25-ны өдөр 24/01-11 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь *******-тай харилцан тохиролцож R23/21-2 дугаар бүхий Түрээсийн гэрээг 2023 оны 05 сарын 01-ний өдөр *******м.кв талбайг сарын 12,716,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулж, төлбөр дээр сар бүрийн менежментийн төлбөр 2,040,000 төгрөг, цахилгааны төлбөр нэмэгдэж нэхэмжлэхээр тэмдэглэн, түрээсийн гэрээний дагуу үүсэх *******-ийн бүхий л шаардах эрхийг *******-д үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх-13-14/
3.4. *******, ******* нар 2023 оны 05 сарын 01-ний өдөр R23/21-2 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* нь 2023 оны 05 сарын 05-ны өдрөөс 2024 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, *******тай барилга 2 давхарт байрлалтай оффисын зориулалт бүхий нийт *******м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайг 1 сарын түрээсийн төлбөр 85,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр нь түрээслэгчийн төлөх менежментийн төлбөрийг оролцуулахгүйгээр 12,716,000 төгрөгөөр түрээслэгч *******-д түрээслүүлэх, түрээслэгч ******* нь түрээсийн төлбөрийг 1 сараар төлөх ба сар бүрийн 5-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн дансанд төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх-15-23/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
4.1. Тодруулбал, түрээсийн зүйлийн өмчлөгч ******* нь *******-д *******-тай түрээсийн гэрээ байгуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж заасантай нийцсэн байна.
4.2. Зохигч талууд 2023 оны 05 сарын 01-ний өдөр R23/21-2 дугаартай түрээсийн гэрээг бичгээр байгуулж, *******-ийн өмчлөлд бүртгэлтэй ******* дүүрэг, ******* хороо, *******тай, ******* м.кв талбайтай, оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөс *******м.кв талбайг нь 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Үүнээс үзвэл, үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгээс түрээслэсэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан журмын дагуу дээрх түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх шаардлагагүй. Иймээс түрээсийн гэрээг хуульд нийцсэн, зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн хүчин төгөлдөр гэж үзэх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн обьектыг хүлээлгэн өгч, акт үйлдсэн байна. /хх24-25/ Хариуцагч ******* нь сар бүрийн 05-ны өдөр түрээсийн төлбөрт 2023 оны 05 сард 20,000,000 төгрөг, мөн оны 10 сард 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг төлсөнөөс өөр үүрэг гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх-26, 181-183/
4.4. Мөн талууд 2023 оны 11 сарын 17-ны өдөр Түрээсийн талбайг битүүмжилсэн акт нэртэй баримт үйлдэж, түрээсийн төлбөр, менежментийн төлбөр, цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийн тооцоо нийлж, компанийн эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. /хх-27/
4.5. Нэхэмжлэгч тал түрээсийн талбайг 3 өдөр битүүмжилсэн, хариуцагч тал ашиглах боломжтой байсан, байрыг зориулалтын бус аргаар буюу шөнийн цагаар архидан согтуурч бусад хамтарч ажиллаж байсан хүмүүсийг дуудан танхайрах үйлдэл гаргаж байсан гэж тайлбарлан 2024 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн гэрээний үүрэг хариуцагчаас нэхэмжилж байх боловч уг үйл баримтыг баримтаар нотлоогүй байна. /хх-183/
Анхан шатны шүүх, хариуцагчийг 2023 оны 05 сарын 05-ны өдрөөс мөн оны 11 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан түрээсийн талбайг битүүмжилсэн акт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн тайлбар зэргийн үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн. Хариуцагч нь дээрх хугацааны түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй гэж шүүх зөв дүгнэсэн.
5. Харин анхан шатны шүүх, хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг 68,867,590 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан, нэхэмжлэлийг 77,501,190 төгрөгийн хэмжээнд хангаж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах зүйтэй.
5.1. Тодруулбал, анхан шатны шүүх алдангийг түрээсийн төлбөр болох 12,716,000 төгрөгөөс тооцсон нь буруу байна. Түрээсийн гэрээний 5.4-т Түрээсийн болон менежментийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлнө. Түрээсийн төлбөрийг гэрээний 3.1.3, 3.2.4-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
5.2. Хариуцагч нь түрээсийн талбайг битүүмжилсэн 2023 оны 11 сарын 17-ны өдрөөс хойш эзэмшиж, ашиглаагүй үйл баримт тогтоогдсон. Зохигчдын мөн өдөр үйлдсэн Түрээсийн талбайг битүүмжилсэн акт-д түрээсийн төлбөр, менежментийн төлбөр, цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийг тус тус тооцон, хариуцагч уг төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Хариуцагч тал уг нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна. Иймээс дээрх нотлох баримтыг үндэслэн түрээсийн төлбөрт төлөх ёстой 82,654,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 30,000,000 төгрөгийг хасч 52,654,000 төгрөг, менежментийн төлбөрт 14,586,000 төгрөг, цахилгааны төлбөрт 1,407,590 төгрөг, алданги 8,853,600 /12,716,000+2,040,000=14,756,000х0.5%=73,780х120 хоног/ төгрөг, нийт 77,501,190 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.
6. Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс 232.6 гэж өөрчлөв.
7. Анхан шатны шүүх, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч ******* давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчимд үндэслэн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05150 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 232.4 гэснийг 232.6 гэж, 68,867,590 гэснийг 77,501,190 гэж, 158,934,385 гэснийг 150,297,785 гэж,
2 дахь заалтын 502,287 гэснийг 545,456 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 952,610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.ЦЭНД