Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 414

 

 

 

 

 

 

 

       2019          4            29                                      2019/ШЦТ/414

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч Х.Еркебулан,

          шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1809031590774 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.Д,

  

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.Г нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 70 дугаар гудамжны 935 тоотод хохирогч С.Байгалмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 6 дугаар сард цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Байгалмаа бид хоёр Байгалмаагийн гэрт нь нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан юм. Би өмнө нь Байгалмаагийн хашаанд нь байдаг байшинг нь 100.000 төгрөгөөр Байгалмаагийн ээж Цэрмаатай тохиролцож буулгасан юм. Тэгээд ээж нь надад мөнгө өгөөгүй болохоор тухайн өдөр архи уугаад жаахан согтоод энэ тухай Байгалмаад хэлэхэд миний өөдөөс "өгөхгүй байсан ч яадаг юм" гэж хэлэхээр нь миний уур хүрээд "намайг дээрэлхэж байгаа юм уу" гэж хэлээд газраас чулуу аваад Байгалмаагийн толгойд нь нэг удаа цохиход Байгалмаагийн толгойноос нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-18-20/,

 

хохирогч С.Байгалийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 09 цагийн үед Гантулга гаднаас 0,75 литрийн "Эзэн Чингис" нэртэй архи авч ирээд бид хоёр нөгөө архиа хувааж уусан. Дараа нь би дахин нэг шил 0.75 литрийн "Хандгай" нэртэй архи аваад үргэлжлүүлэн хувааж уусан. Тухайн үед Гантулга гэнэт уурлаад намайг хэл амаар доромжилж, газраас алгын чинээний хэмжээтэй чулуу аваад миний толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11/,

 

гэрч Г.Ганчимэгийн “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86а дугаар байрны 16 тоотод гэртээ амарч байхад манай хажуу айлын охин Хонгорцог нь манай гэрт орж ирчхээд намайг гадаа цуг гарчихъя гэж хэлээд байхаар нь цуг гарсан юм. Манай нөхөр Тэлмэн өөр хүнтэй яваад байна нөгөө хүүхнийг дуудсан байгаа гэж хэлж байсан. Замын цаанаас үл таних эмэгтэй хүн явж байсан чинь Хонгорцог энэ нөгөө хүүхэн мөн байна та наанаа байж бай гэж хэлээд тэр хүүхэд дээр очсон юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8146 тоот актын “…С.Байгалмаагийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-35/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-54-55/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 70 дугаар гудамжны 935 тоотод хохирогч С.Байгалмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч С.Байгалмаагийн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8146 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Д.Гантулгын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Г-г хохирогч С.Байгалмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч С.Байгалмаа нь энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Д.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г-н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР