| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2016/01142/И |
| Дугаар | 210/МА2025/00383 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00383
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/04938 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
5,906,377,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Экскаваторын эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч компанийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, 5,029,509,523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* болон ******* /өөрийн оноосон нэрийг ******* болгон өөрчилсөн/-ийн хооронд 2014 оны 5 сарын 09-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, Комацу НD465-7R загварын 4 ширхэг автосамсомал, D275А-5R загварын 1 ширхэг бульдозерыг хүлээлгэн өгснөөс хойш 26 сарын хугацаагаар, 2014 оны 11 сарын 25-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, ******* загварын 1 ширхэг экскаваторыг хүлээлгэн өгснөөс хойш 15 сарын хугацаагаар түрээсээр ашиглуулахаар тохиролцож хүлээлгэн өгсөн.
1.2. ******* нь дээр дурдсан тоног төхөөрөмжийн сарын түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэхэд заасан хугацаанд сар бүр төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөрийн хугацааг байнга хожимдуулж өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчээс энэхүү зөрчлийн талаар 2015 оноос эхлэн тус компанид удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож байсан боловч хариуцагч ******* нь гэрээний зөрчлийг арилгах, хугацаа хэтэрсэн өр, төлбөрийг бүрэн барагдуулах арга хэмжээ аваагүй болно.
1.3. Түрээсийн гэрээний 3 дахь заалтад тоног төхөөрөмжийг худалдан авах нөхцөлийн талаар тусгасан бөгөөд түрээслэгч нь түрээсийн бүхий л төлбөрийг цаг хугацаанд нь төлж, гэрээний бусад нөхцөл, заалтыг зохих ёсоор биелүүлж байсан тохиолдолд гэрээ дуусгавар болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө түрээслүүлэгчид бичгээр урьдчилан мэдэгдэж, гэрээнд заасан журмын дагуу тооцож гаргасан үнийг түрээслүүлэгчид төлснөөр худалдах, худалдан авах тусдаа гэрээ байгуулан тоног төхөөрөмжийг худалдан авч болохоор заасан.
1.4. Харин хариуцагч ******* нь ийнхүү бичгээр мэдэгдээгүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Мөн нь хариуцагч нь түрээсийн гэрээнд заасан сарын түрээсийн төлбөрийн үүргээ удаа дараа зөрчсөн, өндөр үнийн дүн бүхий төлбөрийн үлдэгдэлтэй зэргийн улмаас түрээсийн гэрээний 3-т заасан худалдан авах нөхцөлийг талууд хэрэгжүүлэх боломжгүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсээгүй.
Иймд хариуцагч *******-аас түрээсийн төлбөрт 1,942,032,473 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутам ногдуулсан алдангид 971,016,237 төгрөг, учирсан хохирлын төлбөрт 2,660,814,898 төгрөг, ******* загварын 1 ширхэг экскаваторын төлбөрт 332,513,780 төгрөг, нийт 5,906,377,388 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
******* нь *******-тай 2014 оны 05 сарын 09-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулан нэг бүр нь 1,247,610,000 төгрөгийн үнэ бүхий HD465-7R загварын 4 ширхэг автосамсомал, 1,157,205,000 төгрөгийн үнэ бүхий D275А-5R загварын 1 ширхэг бульдозер, нийт 6,147,645,000 төгрөгийн үнэ бүхий техникүүдийг гэрээний 3, гэрээний хавсралт В-д заасны дагуу сарын 1.67 хувийн хүүтэй, гэрээний 24 сарын хугацаа дуусгавар болоход өмчлөлдөө авах,
мөн 2014 оны 11 сарын 05-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээгээр 470,532,000 төгрөгийн үнэ бүхий ******* загварын 1 ширхэг экскаваторыг сарын 1.67 хувийн хүүтэй, гэрээний 12 сарын хугацаа дуусгавар болоход өмчлөлдөө авах нөхцөлтэйгөөр талууд харилцан тохиролцож дээрх гэрээг байгуулсан.
2.2. Нэхэмжлэгч ******* нь гэрээ байгуулсан даруйд НD465-7R загварын 4 ширхэг автосамсомал, D275А-5R загварын 1 ширхэг бульдозер, ******* загварын 1 ширхэг экскаватор зэргийг гэрээ байгуулсаны дараа *******-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн.
Талууд харилцан тохиролцсоны дагуу 2014 оны 05 сарын 09-ний өдрийн гэрээний хавсралт Б-д заасны дагуу гэрээний хугацааг 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, 2014 оны 11 сарын 05-ны өдрийн гэрээний хугацааг 2015 оны 12 сарын 16-ны өдөр хүртэл тус тус сунгасан байдаг.
2.3. ******* нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 25-ны өдрийн болон 2014 оны 05 сарын 09-ний өдрийн гэрээнүүдийн 3, хавсралт В-д заасан хугацаанд техникүүдийн төлбөрийг төлж ирсэн боловч уурхайн ажлын онцлогоос хамааран өвлийн улиралд үйл ажиллагааг зогсох мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас графикт заасан хугацаанд төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх боломжгүй үе байсан боловч *******-ийн зүгээс гэрээнд заасан 6 ширхэг техникүүдийн төлбөрийг бүрэн төлж дуусган өмчлөлдөө авах хүсэл зоригийг удаа дараа нэхэмжлэгч компанид илэрхийлж байсан.
Өөрөөр хэлбэл, ******* уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг тул нэхэмжлэгч *******-тай байгуулсан гэрээнүүдийн дагуу ******* нь уул уурхайн техникүүдийн төлбөрийг үе шаттайгаар нийт 6,618,177,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 5,301,288,068.16 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлсөн.
Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ ******* нь худалдан авах талаар бичгээр мэдэгдээгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, гэрээний 3-т заасан худалдан авах нөхцөлийг талууд хэрэгжүүлэх боломжгүй гэсэн тайлбар үндэслэлгүй.
2.4. ******* нь 2017 оны 3 дугаар сард 200,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 250,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-д гэрээний дагуу төлсөн.
******* нь талуудын хооронд түрээснээс худалдаа руу шилжих нөхцөлтэй гэрээний дагуу талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр тус тоног төхөөрөмжийн түрээсийн нөхцөлийг худалдах, худалдан авах нөхцөл рүү шилжүүлсэн, ******* нь гэрээний дагуу их хэмжээний төлбөр төлсөн байтал нэхэмжлэгч ******* нь тохиролцсон гэрээний нөхцөлийг зөрчиж, худалдах, худалдан авах нөхцөлийн дагуу төлбөр нь төлөгдөж байсан 5 ширхэг техникийг буцаан шилжүүлэн авч, ******* загварын 1 ширхэг экскаваторыг *******-д үлдээсэн боловч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй хохироож байна.
2.5. Иймд нэхэмжлэгч *******-ийг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, талуудын хүсэл зориг, бодит нөхцөл байдлаас илт зөрүүтэй нэхэмжлэл гаргасан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. ******* нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн өмчлөлийн техникүүдтэй болох зорилтын хүрээнд *******-тай 2014 оны 05 сарын 09-ний өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, Комацу загварын нэг бүр нь 1,247,610,000 төгрөгийн үнэ бүхий HD465-7R 4 ширхэг автосамсомал, 1,157,205,000 төгрөгийн үнэ бүхий D275А-5R загварын 1 ширхэг бульдозерыг нийт 6,147,645,000 төгрөгийн техникүүдийг гэрээний 3, гэрээний хавсралт В-д заасны дагуу сарын 1.67 хувийн хүүтэйгээр гэрээний 24 сарын хугацаа дуусгавар болоход өмчлөлдөө авах, 2014 оны 11 сарын 05-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр 470,532,000 төгрөгийн үнэ бүхий ******* загварын 1 ширхэг экскаваторыг сарын 1.67 хувийн хүүтэйгээр гэрээний 12 сарын хугацаа дуусгавар болоход өмчлөлдөө авах нөхцөлтэйгөөр байгуулсан.
3.2. ******* нь хоёр талын байгуулсан гэрээнүүдийн дагуу нийт 6,618,177,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг техникийг *******-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд ******* нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 25-ны өдрийн, 2014 оны 5 сарын 09-ний өдрийн гэрээнүүдийн 3, хавсралт В /Түрээсийн төлбөр зуун хувийг Худалдан авалтын өдөр буюу урьдчилан худалдан авалтын өдөр худалдан авах үнэнд оруулан тооцох бөгөөд харин ийнхүү тооцохдоо буурсан балансаар тооцсон сарын 1.67 хувийн хүүг тооцон хасна/-д заасан хугацаанд техникүүдийн төлбөрийг төлж ирсэн боловч уурхайн ажлын онцлогоос хамааран өвлийн улиралд үйл ажиллагааг зогсох мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас графикт заасан хугацаанд төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх боломжгүй байсан боловч *******-ийн зүгээс гэрээнд заасан 6 ширхэг техникүүдийн төлбөрийг бүрэн төлж дуусган өмчлөлдөө авах хүсэл зоригийг удаа дараа илэрхийлж байсныг ******* хүлээн авч, зөвшөөрсөн байдаг.
Талууд харилцан тохиролцсоны дагуу 2014 оны 05 сарын 09-ний өдрийн гэрээний хавсралт D-д заасны дагуу гэрээний хугацааг 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, 2014 оны 11 сарын 05-ны өдрийн гэрээний хугацааг 2015 оны 12 сарын 16-ны өдөр хүртэл тус тус сунгасан.
3.3. ******* нь *******-тай байгуулсан гэрээнүүдийн дагуу 6 техникийн нийт 6,618,177,000 төгрөг төлөхөөс 5,669,894,460 төгрөгийн төлбөрийг төлсөн, тус техникүүдийг худалдан авах нөхцөлийг хэрэгжүүлэх хүсэлтээ албан ёсоор бичгээр илэрхийлсэн, ******* нь худалдан авах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хариу албан бичгийг *******-д хүргүүлж байсан мөн дээрх техникүүд нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ямар нэгэн саадгүйгээр *******-ийн эзэмшил ашиглалтад байсан байдаг.
3.4. ******* нь 6 техникийн төлбөрт 5,669,894,460 төгрөг төлсөн байхад ******* нь 2014 оны 11 сарын 05-ны өдөр байгуулсан гэрээний дагуу худалдан авсан ******* загварын 1 ширхэг экскаваторын төлбөр болох 640,384,937 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч компани нь дээрх экскаваторыг *******-д үлдээсэн. Харин нэхэмжлэгч ******* нь *******-тай байгуулсан худалдах, худалдан авах нөхцөлөөс татгалзаж 5 ширхэг техникийг буцаан авч цааш нь бусдад худалдсан байх тул ******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу 5 техникийн төлбөрт төлсөн 5,029,509,523 төгрөгийг *******-аас нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
3.5. Иймд 2014 оны 11 сарын 05-ны өдөр байгуулсан гэрээний дагуу худалдан авсан 8559 УН улсын дугаартай ******* загварын экскаваторыг өмчлөх эрхийн гэрчилгээг *******-ийн нэр дээр шилжүүлэхийг *******-д даалгаж, *******-ийн тоног төхөөрөмжийн төлбөрт төлсөн 5,029,509,523 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
4.1. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо талуудын хооронд тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд 2014 оны 5 сарын 09-ний өдөр, 2014 оны 11 сарын 25-ны өдөр тус тус байгуулсан түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлд түрээслэгчийн зүгээс түрээслэгчийн эзэмшилд шилжүүлэх түрээсийн зүйлийг, 2 дугаар зүйлд түрээслэгчийн зүгээс гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрийг тус тус тодорхойлж харилцан зөвшөөрсөн бөгөөд үүгээр талуудын хооронд Иргэний хүүлийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан нь тодорхой харагдаж байна.
4.2. Талуудын хооронд байгуулсан гэрээ түрээсийн гэрээ болох нь гэрээнд заасан талуудын эрх ба үүргээр тодорхойлогдоно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж тодорхой хөрөнгийг шилжүүлж, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр талууд харилцан тохиролцсоныг түрээсийн гэрээ байгуулсан гэж ойлгоно.
Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болоход нэгд, холбогдох бүх түрээсийн болон нэмэлт төлбөрийг цаг хугацаанд төлсөн, хоёрт, гэрээний бусад нөхцөл, заалтыг зохих ёсоор биелүүлсэн гэсэн шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд худалдан авах нөхцөлийг хэрэгжүүлэх боломжтой болдог. Түрээслэгч энэхүү шаардлагыг хангаж худалдан авах нөхцөлийг хэрэгжүүлэх хүсэлтээ бичгийн хэлбэрээр илэрхийлсэн тохиолдолд түрээслүүлэгч нь уг саналыг хүлээн авах эсэхийг шийдэх бөгөөд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түрээслэгч нь өмнө нь төлсөн түрээсийн төлбөрт нэмж худалдан авалтын үнийг бүрэн төлснөөр түрээслүүлэгчээс тоног төхөөрөмжийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрх үүснэ.
4.3. Гэтэл хариуцагч ******* нь түрээсийн гэрээнд заасан хугацаа дуусгавар болоход төлбөрийг бүрэн төлөөгүй байсан бөгөөд гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх хугацааг байнга хожимдуулж үүргийн зөрчил гаргаж байсны улмаас худалдан авах нөхцөл хэрэгжих боломжгүй болсон. Энэ нь манай компанийн зүгээс хариуцагчид хүргүүлж байсан албан бичгээс харагдана.
4.4. Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлдээ дээрх техникүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага авах хүртэл буюу 2017 оны 06 сарын 19-ний өдөр хүртэл ямар нэгэн саадгүйгээр эзэмшиж ашиглаж байсан байдаг хэмээн манай компанийн тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авч байсныг хүлээн зөвшөөрдөг.
4.5. Дээрх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болохын тулд 1-д: талуудын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний харилцаа үүссэн байх, 2-т: гэрээний аль нэг тал нь хууль эсхүл гэрээнд заасан үүргээ зөрчсөн байх, 3-т: тэрхүү зөрчил нь хууль эсхүл гэрээнд заасан үүргээс татгалзах үндэслэлд хамаарсан байх гэсэн гурван урьдчилсан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байх ёстой.
Гэтэл хэрэгт авагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн системчлэлийн хувьд бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний нэг төрөл болох Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нэрлэн заасан түрээсийн гэрээ гэдэг нь тодорхой бөгөөд талууд уг гэрээний гол нөхцөлийг түрээслүүлэгч нь 6 ширхэг тоног төхөөрөмжийг тодорхой хугацаанд түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, түрээслэгч уг эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж үр шим хүртсэний төлөө гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ мөн гэдэг нь тогтоогдож байна. Тиймээс дээрх 3 урьдчилсан нөхцөлөөс эхний нөхцөл хангагдахгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, түрээслэгч түрээсийн гэрээний дагуу олох байсан бүх үр шимээ олж авч, тохиролцсоноос бүр илүү үр шимээ олж авсан байхад түрээслүүлэгчид төлсөн төлбөрийг бүхэлд нь буцаан өгөхийг шаардаж байгаа нь илт үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******-ийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байх тул *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 292 дугаар зүйлийн 292.3, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-иас 3,244,285,346 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,662,092,042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* арлын дугаартай, ******* загварын экскаваторыг өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч *******-ийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгч *******-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,029,509,523 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-иас төлсөн 29,689,840.15 төгрөг, хариуцагч *******-иас төлсөн 28,665,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 3,202,034 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 16,379,377 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
6.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т шүүх холимог гэрээ гэж үзсэн. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ., 312.3-т Түрээслэгч гэрээний хуагцаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно., 312.4-т Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хоргдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болно гэж тус тус заасан.
******* нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ хүрээнд зориулалтын техниктэй болох зорилгоор нэхэмжлэгч *******-тай 2014 оны 05 сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэг бүр нь 1,247,610,000 төгрөгийн үнэ бүхий HD465-7R загварын 4 ширхэг автосамсомал, 1,157,205,000 төгрөгийн үнэ бүхий D275A-5R загварын 1 ширхэг бульдозерыг нийт 6,147,645,000 төгрөгийн 5 техникүүдийг гэрээний 3, гэрээний хавсралт В-д заасны дагуу худалдан авах нөхцөлийг хэрэгжүүлэхэд төлсөн түрээсийн төлбөрийг 100 хувь худалдан авах төлбөрт оруулан тооцон техникүүдийг өмчлөлдөө авах, мөн 2014 оны 11 сарын 25-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээгээр 470,532,000 төгрөгийн үнэ бүхий ******* загварын 1 ширхэг экскаваторыг гэрээний 3, хавсралт В-д заасны дагуу худалдан авах нөхцөлийг хэрэгжүүлэхэд өмнөх түрээсийн төлбөрийг 100 хувь худалдан авах төлбөрт оруулан тооцон техникүүдийг өмчлөлдөө авах нөхцөлийг талууд харилцан тохиролцож дээрх гэрээг байгуулсан байдаг.
Талууд анхнаасаа уул уурхайн техникүүдийг худалдах, худалдан авах хүсэл зорилготой байсан нь нэхэмжлэгч компанийн 2014 оны 05 сарын 26-ны өдрийн 40 дугаартай албан бичигт түрээсээс худалдаа руу шилжих нөхцөлтэйгээр байгуулсан гэрээний дагуу зээлийн эрх нь ******* /одоогийн *******/-д нээгдсэн болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэснээр тодорхой илэрхийлэгддэг.
Нөгөөтэйгүүр, хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн 3, Хавсралт В-д заасны дагуу нэхэмжлэгчээс хүлээж авсан 6 ширхэг техникүүдийн төлбөрийг бүрэн төлж дуусган өмчлөлдөө авах хүсэл зоригийг удаа дараа илэрхийлсэн бөгөөд компанийн зүгээс 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 1/193 дугаартай албан бичгээр Комацу PC300-8 гэрээний хугацаа 2015 оны 10 сарын 16-ны өдөр дууссан бөгөөд уг түрээсийн хугацааг 2015 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэл сунгаж өвлийн зогсолтын үед өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй карьерийн бүсэд парклах хүсэлтэй байгаа. Түүнчлэн 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн хугацааг хэвийн эхлүүлж, үлдэгдэл төлбөрийг худалдан авах гэрээ байгуулан 2016 оныг дуустал хуваан төлөх саналтай байна гэж гэрээний хугацааг сунгах болон худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Нэхэмжлэгч компаниас 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 8 дугаартай албан бичгээр түрээснээс худалдаа руу шилжих нөхцөлтэй гэрээтэй бөгөөд тоног төхөөрөмжүүд дээр шаардагдах нэхэмжлэлийг сар бүр гаргасаар байх болно. Тоног төхөөрөмжийн түрээсийн нэхэмжлэл гаргах нь гэрээнд заасны дагуу нэхэмжлэгдэнэ. ******* нь төлбөрийн асуудлыг түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг одоо хэрэгжүүлж буй санхүүжилт болон хоёр талын цаашдын тогтвортой харилцааг бодолцон хүлээн авч байгаа болно гэж төлбөр төлөх хугацааг хойшлуулсанаас гадна талууд тухайн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах буюу *******-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байсан байдаг.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ, харилцан солилцсон албан бичиг зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.3, 312.4-т заасан худалдан авах нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулж байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжүүдийг агуулсан буюу холимог гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн хэм, хэмжээг анхаарч үзээгүй.
6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-д ...тоног төхөөрөмжүүдийг худалдах, худалдан авах нөхцөл бүрдээгүй учир ******* загварын автосамсомал 4 ширхэг, ******* загварын бульдозер 1 ширхгийн хувьд түрээсийн гэрээний зохицуулалт үйлчилнэ. Харин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүсэх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагаварт хүрэхгүй... гэжээ.
Хариуцагч ******* нь 2 гэрээний дагуу нийт 6,618,177,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг техникийн төлбөрт 2014 оны 05 сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл 3,989,894,460.2 төгрөг, 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч компани техникүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураан авах хүртэл 1,600,000,000 төгрөг, нийт 5,669,894,460.2 төгрөг нэхэмжлэгч *******-д төлсөн.
Хариуцагч нь гэрээний хугацаа дуусгавар болоход 2016 оны 07 сарын 05-ны өдөр бид танай компаниас түрээсээс худалдааны гэрээгээр ашиглаж байгаа техникүүдийн түрээсийн төлбөрийг төлж дуусган техникүүдээ өөрийн нэр дээр шилжүүлж Киргиз улс руу гарган ажиллулах төлөвлөгөөтэй байгаа тул энэхүү ажил гүйцэтгэх гэрээнээс түрээсийн төлбөрийн санхжүүжилтийг авч, түрээсийн төлбөрийг төлөх болно гэж гэрээний дагуу авсан 6 техникийг худалдан авах болсноо албан ёсоор гэрээний 3-т заасны дагуу бичгээр илэрхийлсэн. ******* гэрээний 3-т худалдан авалтын өдөр хүртэлх хугацаанд тооцсон хүүгийн хэмжээг нэмсэн дүн байна. энэхүү тооцооллыг түрээслүүлэгч хийж тогтооно гэж заасны дагуу 2016 оны 07 сарын 27-ний өдрийн FIN/2016/028 дугаартай албан бичгээр ...талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу тоног төхөөрөмжийн өмчлөл нь холбогдох төлбөрийг бүрэн төлж барагдуулж, худалдан авах нөхцөлийг зохих журмын дагуу хэрэгжүүлснээр *******-д шилжихээр заасан. Хамгийн сүүлд танайхаас ирүүлсэн хуваарийн дагуу техник, тоног төхөөрөмжийн нийт төлбөр нь 5,461,696,777 төгрөг байна. гэсэн 1/200 дугаар албан бичиг нэхэмжлэгч талд хүргүүлсэн.
Дээрх техникүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага авах хүртэл буюу 2017 оны 06 сарын 19-ний өдөр хүртэл ямар нэгэн саадгүйгээр хариуцагч компани нь эзэмшиж, ашиглаж байсан.
Нөгөөтэйгүүр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд 2017 оны 03 сарын 24-ний өдөр, 2017 оны 03 сарын 31-ний өдөр тус тус байгуулсан эвлэрлийн гэрээ болон мөн оны 03 сарын 19-ний өдрийн шүүхийн тэмдэглэлд ... нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс түрээсийн гэрээгээ худалдах, худалдан авах гэрээнд шилжүүлж байгаа ... төлбөр төлөгдсөнөөр техникүүдийг *******-ийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримтаар авагдсан.
Талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдэн, ******* нь гэрээний 3, Хавсралт В-д заасны дагуу түрээсийн төлбөр 1,849,579,151 төгрөг, алданги 200,000,000 төгрөг, худалдан авах үндсэн үнэ 2,672,065,909 төгрөг, хүүд 561,430,879 төгрөг, нийт 5,283,075,939 төгрөгийг төлж гэрээнд заасан техникүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр, төлбөрийн графикт хугацаа тохиролцож, үүний дагуу төлбөр төлөгдөж байсан үйл баримтаас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байхад анхан шатны шүүх худалдах, худалдан авах нөхцөл бүрдээгүй гэж Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан талуудын хүсэл зоригийг анхаарч үзээгүй.
Өөрөөр хэлбэл, ******* нь техникүүдийг худалдан авах нөхцөлийг хэрэгжүүлэх хүсэлтээ албан ёсоор бичгээр илэрхийлсэн, ******* нь худалдан авах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн буюу хариу албан бичгийг *******-д хүргүүлж байсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3, хавсралт В-д заасны дагуу худалдан авах нөхцөл хэрэгжсэн тохиолдолд бүх төлбөрүүдийг 100 хувь техникийн төлбөрөөс хасч тооцохоор заасан бөгөөд ******* нь 6 техникийн нийт 6,618,177,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 5,669,894,460 төгрөгийн төлбөрийг төлсөөр байхад нэхэмжлэгч компани нь тухайн техникүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураан авч цааш нь бусдад худалдан борлуулсан байхад шүүх Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-т заасан нарийвчилсан зохицуулалтыг анхаарч үзэлгүй, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзснаас үүсэх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагаварт хүрэхгүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
6.3. Шүүх 2014 оны 05 сарын 09-ний өдөр түрээсийн гэрээний дагуу нэг бүр нь 1,247,610,000 төгрөгийн үнэ бүхий HD465-7R загварын 4 ширхэг автосамсомал, 1,157,205,000 төгрөгийн үнэ бүхий D275A-5R загварын 1 ширхэг бульдозер, нийт 6,147,645,000 төгрөгийн үнэ бүхий 5 техникүүдийг авахаар тохиролцсон гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний шинжийг агуулж байна гэж дүгнэсэн атлаа 2014 оны 11 сарын 25-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр 470,532,000 төгрөгийн үнэ бүхий PC300-8 загварын 1 ширхэг экскаватор авахаар тохиролцсон гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь ижил төрлийн нэг шинжтэй гэрээний харилцаа буюу санхүүгийн түрээсийн гэрээг худалдах, худалдан авах гэрээ мэтээр дүгнэж, хэргийн үйл баримт нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч *******-ийн үндсэн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу 5,029,509,523 төгрөгийг *******-аас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Энэхүү маргаан 2017 оноос эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Хариуцагч 2017 онд манай байгууллагатай эвлэрэх хүсэлт тавьсны дагуу тус хүсэлтэд нийцүүлж 2 ч удаа нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, талуудын хооронд үүссэн маргаан 2017 онд дууссан.
7.2. Талуудын хооронд 2016 онд гэрээ байгуулагдсанаас хойш тасралтгүй түрээсийн гэрээний биелэлт хэрэгжиж байсан атал хариуцагчийн шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч тэр үеийн хүсэл зоригийг өнөөдрийн өнцгөөс тайлбарлаж, худалдах, худалдан авах гэрээ эсхүл санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.
7.3. Санхүүгийн түрээсийн гэрээнд үйлдвэрлэгч, тоног төхөөрөмжийг бэлэн мөнгөөр худалдан авах чадамжгүй боловч худалдан авах сонирхолтой этгээд, мэргэжлийн санхүүгийн байгууллага зэрэг 3 тал оролцох ёстой. Санхүүгийн байгууллага чадамжгүй этгээдийн өмнөөс тоног төхөөрөмж худалдаж авч өгсний үндсэн дээр тодорхой хугацаанд түрээсэлж, ашиг олсны дараа элэгдэл, хорогдол тооцож, түрээслэгчидтэй худалдах худалдан авах гэрээ байгуулах эсэх талаар шийдвэрлэдэг гэрээ.
******* дэлхийн томоохон уул уурхайн тоног төхөөрөмжийг албан ёсоор Монгол улсад оруулж ирэх эрхтэй компанийн хувьд өөрийн тоног төхөөрөмжийг хариуцагч талд түрээсэлсэн. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний маргаан талуудын хооронд үүсээгүй.
7.4. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 25,000,000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т ...хариуцагч *******-аас 3,244,285,346 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,662,092,042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тогтоох хэсгийн 2-т ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,029,509,523 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,000,000 төгрөг нь 5,029,509,523 төгрөгт ногдох хураамж юм. Хэрвээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.1, 574.3 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилж төлнө. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн хүлээн зөвшөөрөхгүй хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 3,900,000,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 5,029,509,523 төгрөг, нийт 8,200,000,000 төгрөгийг эс зөвшөөрч байгаа гэх боловч энэ үнийн дүнд 41,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 25,000,000 төгрөг төлж байгаа нь зөвхөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна гэж ойлгож байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүнд үүнд дүгнэлт хийж өгнө үү.
7.5. Түүнчлэн хариуцагч 6 тоног төхөөрөмжөөс 1 экскаватор манай байгууллагад үлдээсэн. Үүнээс харвал талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна гэж маргадаг. Хариуцагч 2017 онд байгуулсан эвлэрлийн гэрээний үүргээ зөрчсөн тул тоног, төхөөрөмжүүдээ шүүхийн журмаар албадан гаргуулахад тус экскаватор Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж чадаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн экскаваторын үнийн дүн бага тул заавал гаргуулах шаардлагагүй гэж үзсэн тул хариуцагч талд үлдсэн экскаваторыг буцаан аваагүй. Гэхдээ тус экскаваторын тээврийн хэрэгслийн өмчлөлийн гэрчилгээ манай байгууллагын нэр дээр байгаа. Дараа нь үлдээсэн экскаваторыг авах юм уу, тухайн экскаваторын тээврийн хэрэгслийн татвар, хураамж манай байгууллага дээр бодогдоод байна гэх агуулга бүхий албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй.
Иймд тухайн тээврийн хэрэгслийг компанийн бүртгэлээс хассан. Одоо энэхүү тээврийн хэрэгсэл манайд байхгүй. Гэвч хариуцагч тухайн экскаваторыг өөрийн өмчлөлд байгаа гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж, гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай шаардлага гаргасан. Тус шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд 2014 онд байгуулагдаж, 2017 оны 06 сард шийдвэр гүйцэтгэлийн журмаар тоног төхөөрөмжүүдээ авах хүртэл ******* тус тоног төхөөрөмжүүдийг тасралтгүй үйл ажиллагаандаа ашиглаж, орлого олсон. Тиймээс энэ хугацааны түрээсийн төлбөрийг буцаан гаргуулна гэдэг байж боломгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,942,032,473 төгрөг, алданги 971,016,237 төгрөг, гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол 2,660,814,898 төгрөг, ******* загварын экскаваторын үнэ 332,513,780 төгрөг, нийт 5,906,377,388 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...түрээсээс худалдаа руу шилжих нөхцөлтэй гэрээний дагуу талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр тус тоног төхөөрөмжийн түрээсийн нөхцөлийг худалдах, худалдан авах нөхцөл рүү шилжүүлсэн ... ******* нь тохиролцсон гэрээний нөхцөлийг зөрчиж, худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр нь төлөгдөж байсан 5 ширхэг техникийг буцаан авч, ******* загварын 1 ширхэг экскаваторыг *******-д үлдээсэн боловч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй, хохироож байна ... нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, талуудын хүсэл зориг, бодит нөхцөл байдлаас илт зөрүүтэй байна ... гэсэн агуулгаар тайлбарлаж, ******* загварын экскаваторын эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч компанийн нэр дээр шилжүүлүүлэхийг даалгах, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 5,029,509,523 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, *******-ийн *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн аваад мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Талууд 2017 оны 03 сарын 31-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00929 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хариуцагч тал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйтэй холбогдон нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн. Уг баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч *******-аас 4 ширхэг автосамсомал, 1 ширхэг бульдозер тус тус хураан авч төлбөр авагчид шилжүүлж, төлбөр авагч 1 ширхэг экскаваторыг авахаас татгалзсанаар дээрх ажиллагаа дуусгавар болсон байна.
3.2. Хариуцагч *******-ийн хүсэлтийг үндэслэн, анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 181/ШЗ2021/00655 дугаартай захирамжаар 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00929 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэр гаргажээ.
3.3. ******* нь *******-тай 2014 оны 05 сарын 09-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч *******-ийн өмчлөлийн ******* загварын автосамсомал 4 ширхэг, ******* загварын бульдозер 1 ширхэг, холбогдох бүрдэл хэсгийн хамтаар 24 сарын хугацаанд Төв аймаг, Заамар суманд уул уурхайн зориулалтаар ашиглуулах, түрээслэгч ******* нь гэрээний хавсралтад заасан түрээсийн төлбөрийг сар бүр урьдчилан төлөх, нэмэлт зардлыг түрээслүүлэгчээс ирсэн нэхэмжлэхэд заасан хэмжээ, хугацаанд төлөх, ... тоног төхөөрөмжийг түрээсийн үндсэн хугацаа дуусгавар болохоос өмнө буцаан өгсөн бол түрээсийн үндсэн хугацааны үлдэх хугацааны түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид нэн даруй төлөх, нэхэмжлэхийн дагуу түрээслэгч хугацаандаа төлөөгүй түрээсийн төлбөр болон нэмэлт төлбөрт хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. /1хх-8-15/
3.4. Гэрээний 3 дахь заалтаар түрээслэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болохоос 14-с доошгүй өдрийн өмнө буюу түрээслэгч тоног төхөөрөмжийг худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн түүнээс өмнөх өдөр тоног төхөөрөмжийг худалдан авах нөхцөлийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа талаар бичгээр мэдэгдсэн бөгөөд холбогдох бүхий л түрээсийн төлбөр болон нэмэлт төлбөрийг цаг хугацаанд нь төлж, гэрээний бусад нөхцөл, заалтыг зохих ёсоор биелүүлж байсан тохиолдолд тоног төхөөрөмжийг худалдан авалтын өдөр буюу урьдчилсан худалдан авалтын өдөр /гэрээ дуусгавар болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө/ худалдан авч болно гэсэн нөхцөлийг талууд харилцан тохиролцжээ. /1хх-8/
3.5. Талууд харилцан тохиролцон, гэрээний хавсралт В-д түрээсийн зүйл болох ******* загварын 4 ширхэг автосамсомал, ******* загварын бульдозер зэрэг тоног төхөөрөмжийн сар бүр төлөх түрээсийн төлбөрийн дүн болон гэрээний Зургаадугаар бүлэгт заасан тоног төхөөрөмжүүдийн нэг сарын ашиглалтын мот/цагийг хязгааргүй болгосон өөрчлөлтийг тус тус оруулсан байна. /1хх-16-19/
3.6. Мөн 2014 оны 11 сарын 25-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч *******-ийн өмчлөлийн ******* загварын экскаваторыг холбогдох бүрдэл хэсгийн хамтаар 12 сарын хугацаанд Төв аймаг, Заамар суманд уул уурхайн зориулалтаар ашиглуулах, түрээслэгч ******* нь түрээсийн төлбөр /нэмэлт зардал/-ийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, гэрээний 3 дахь заалтаар тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах талаар дээрх гэрээтэй адил нөхцөлийг харилцан тохиролцжээ.
4. Түрээслэгч ******* нь өөрийн нэрээ ******* болгон өөрчилж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар *******-ийг тодорхойлсон нь зөв.
5. Талууд дээр дурдсан хоёр гэрээг байгуулсан, түрээслэгч нь түрээслүүлэгчид түрээсийн зүйлийг болох 4 ширхэг автосамосмал, 1 ширхэг бульдозер, 1 ширхэг эксковатор зэрэг тоног төхөөрөмжийг тус тус хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаангүй. Харин талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны төрөл, шаардах эрхийн үндэслэл нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
5.1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.2, Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлтийн дагуу гэрээний зүйлийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч, гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээх агуулга тусгагдсан.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
5.2. Хариуцагч компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, уг үйл ажиллагааг биелүүлэх зорилгоор нэхэмжлэгч компанийн өмчлөлийн техник, тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авч, гэрээгээр баталсан хуваарийн дагуу түрээсийн төлбөр төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, мөнгөн төлбөрийн баримт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх-104-147/
5.3. Талууд хоёр гэрээгээр худалдах, худалдан авах гэрээний харилцаанд шилжих урьдчилсан нөхцөлийг хариуцагч нь 1-д түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн байх, 2-т гэрээний хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө түрээсийн зүйлийг худалдах, худалдан авах саналаа түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдсэн байх гэж харилцан тохиролцсон байна.
Анхан шатны шүүх, талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасан холимог гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь зөв.
6. Хариуцагч ******* нь түрээсийн төлбөрөө гэрээгээр тогтоосон хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хоёр хуулийн этгээдээс түрээсийн төлбөрийн асуудлаар харилцан явуулсан албан бичгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх-98-103, 225-227, 2хх-239-245/
6.1. Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 05 сарын 26-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр Комацу брендийн HD465-7R загварын 4 ширхэг автосамсомал, D275A-5R тоног төхөөрөмжийн түрээсээс худалдаа руу шилжих нөхцөлтэйгээр байгуулсан гэрээний дагуу зээлийн эрх нь ******* /хуучин нэрээр/-д нээгдсэн болохыг албан ёсоор мэдэгдсэн байна. /1хх-90/
6.2. Үүнээс хойш хариуцагч компани нь 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 1/61 дугаартай албан бичгээр Түрээсийн төлбөрийн төлөлтөд оруулах санал хүргүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн авч, уг төлбөрийн хуваарийг барьж ажиллах тухай 2015 оны 05 сарын 06-ны өдрийн 52 дугаартай хариу албан бичгийг хариу хүргүүлж байжээ. /2хх-91, 92/
6.3. Хариуцагч *******-аас 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 1/230 дугаартай албан бичгээр тус компанийн алтны шороон ордны үйл ажиллагаа хүйтний улиралд түр хугацаагаар зогсолт хийж байгаатай холбогдон түрээслэн ашиглаж байгаа техникүүдийн түрээсийн хугацааг 2015.11.25-ны өдрөөс 2016 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түр зогсоож, 2016 оны 04 сарын 01-нээс эхлэн үндсэн хуваарийн дагуу түрээсийн төлбөрөө цаг тухай бүр төлөх тухай хүсэлт явуулсныг нэхэмжлэгч ******* хүлээн авсан тухай 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 08 дугаартай хариу албан бичиг хүргүүлсэн байна. /2хх94-96/ Уг албан бичигт ... энэхүү хугацаанд түрээсээс худалдаа руу шилжих нөхцөлтэй гэрээтэй байгаа тоног төхөөрөмжүүд дээр ... түрээсийн нэхэмжлэх ... гэрээнд заасны дагуу нэхэмжлэгдэнэ. ... төлбөрийн асуудлыг түр хойшлуулах хүсэлтийг .. хүлээн авч байгаа болно. ... гэжээ.
6.4. Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 07 сарын 27-ны өдрийн F/N/2016/028 дугаартай албан бичгээр *******-ийн 2016.07.05-ны өдрийн 1/200 дугаартай Түрээсийн төлбөрийн төлөх тухай албан бичигт талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу тоног төхөөрөмжийн өмчлөл нь холбогдох төлбөрийг бүрэн барагдуулж, худалдан авах нөхцөлийг зохих журмын дагуу хэрэгжүүлснээр *******-д шилжихээр заасан. Ийнхүү өмчлөл шилжээгүй тохиолдолд түрээслэгч нь тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээнд заасан нөхцөлөөр, гэрээнд заасан газарт ашиглахаас бусдаар аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй болно. энэхүү төлбөрийг бүрэн барагдуулсан нөхцөлд тоног төхөөрөмжийн өмчлөлийг шилжүүлж авах боломжтой болохыг анхаарна уу. гэсэн хариу хүргүүлжээ. /2хх-98/
6.5. Мөн нэхэмжлэгч талаас 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 031 дугаартай албан бичгээр түрээсийн гэрээг цуцалсан тухай хариуцагчид мэдэгдэж, мөн оны 09 сарын 02-ны өдрийн ADM/2016/74 дугаартай албан бичгээр, түрээсийн төлбөрийн үүргээ удаа дараа зөрчсөнөөр тоног төхөөрөмжийг түрээсийн хугацааны эцэст тодорхой төлбөрийг төлж худалдан авах боломжтой болох урьдчилсан нөхцөл хангагдаагүй ба улмаар түрээсийн гэрээний 3-т заасан худалдан авах нөхцөлийг талууд хэрэгжүүлэх боломжгүй болсонтой холбогдон түрээсийн зүйлийг буцаан татан авах ажиллагааг хэрэгжүүлэх тухай мэдэгдэл хариуцагч талд хүргүүлсэн байна. /2хх-207/
7. Дээрх бичмэл нотлох баримтуудаас үзвэл, гэрээний талуудын хэн аль нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн, ******* загварын 4 ширхэг автосамсомал, ******* загварын 1 ширхэг бульдозер, холбогдох бүрдэл хэсгийн хамт, ******* загварын экскаваторыг холбогдох бүрдэл хэсгийн хамт тус тус уул уурхайн зориулалтаар ашиглах, түрээслэгч нь гэрээний хавсралтад заасны дагуу түрээсийн төлбөрийг сар бүр урьдчилан төлөх, уг төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлд худалдах, худалдан авах эрх үүсч, өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасантай нийцжээ.
Хариуцагч нь 2 түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашигласан, 5 ширхэг тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөний улмаас талуудын гэрээний 3-т заасан худалдан авах нөхцөл хэрэгжих боломжгүй болсон байна. Иймээс талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгийн зохицуулалт үйлчлэх тул шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулга бүхий хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх, хариуцагч *******-ийн гүйцэтгэсэн үүргийг тооцож, түрээсийн гэрээний үүрэгт 1,942,032,473 төгрөг, алданги 826,201,554 төгрөг, олох ёстой орлого буюу хохирол 676,051,319 төгрөг, нийт 3,244,285,346 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан төлбөрийн даалгавар, талуудын тооцоо нийлж байгуулсан Эвлэрлийн гэрээ, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт буюу хариуцагч *******-аас 2017 оны 03 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч *******-руу шилжүүлсэн 200,000,000 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт зэргийг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
8.1. Тодруулбал, талуудын байгуулсан 2014 оны 05 сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 08 сарын 31-ний өдөр, мөн оны 11 сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 02 сарын 06-ны өдөр тус тус дуусгавар болсон.
8.2. Хариуцагч нь 2014 оны 05 сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт 5,264,509,042 төгрөг төлсөн байна. /1хх-140-142/
8.3. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцоо нийлж, нэхэмжлэлийг 5,083,075,939 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, төлбөрийг хуваарь гарган хэсэгчлэн төлөх нөхцөлийг харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00929 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх-197-205/
8.4. Хариуцагч талын хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2021оны 01 сарын 15-ны өдрийн 00655 дугаартай захирамжаар дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явагдах хугацаанд нэхэмжлэгч нь хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэж түрээсийн төлбөрт 1,942,032,473 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон 971,016,237 төгрөг, олох ёстой орлого буюу хохирлыг 2021 оны 12 сарын 14-ний өдрийн байдлаар тооцон 2,660,814,898 төгрөг болгож, зарим нэхэмжлэлийн шаардлага буюу завсарын зардал 380,026,610 төгрөгөөс татгалзан, багасгажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2016 оны 10 сарын 26-ны өдөр алдангийн шаардлагыг 105,954,379 төгрөгөөр, хохирлыг 302,760,537 төгрөгөөр тус тус ихэсгэсэн байна.
Анхан шатны шүүх, зохигчдын эвлэрлийн гэрээ байгуулсан хугацаанаас өмнө 2016 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны алданги болон хохирлын хэмжээг тооцон алдангид 826,201,554 төгрөг /720,247,175+105,954,379/ төгрөг, хохиролд 676,051,319 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна. Мөн шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 292 дугаар зүйлийн 292.3, 295 дугаар зүйлийн 295.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн.
9. Хариуцагч ******* нь экскаваторыг өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлүүлэхийг даалгах, 5,029,509,523 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
10. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ******* арлын дугаартай, ******* загварын экскаваторын эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч *******-ийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгч *******-д даалгаж, үлдэх 5,029,509,523 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
10.1. Тодруулбал, ******* загварын экскаваторыг нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн эзэмшлээс буцаан авахаас татгалзаж, 2020 оны 07 сарын 30-ны өдөр өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасуулсан үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд шүүх уг нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн, дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 09-ны өдрийн түрээсийн гэрээний хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчлэх талаар дээр дүгнэсэн.
Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 5,029,509,523 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлаагүй нь буруу боловч шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/04938 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,305,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.ЦЭНД