Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 01210

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж    

               Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 34-1-5 тоотод оршин суух, Йеншөөбү овгийн Батсүхийн Бадмаарагийн  /ФМ-72111310/нэхэмжлэлтэй ажиллаж  байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бадмаараг, гэрч Э.Энхтөр,Л.Бямбасүрэн,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Б.Бадмаараг  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Б.Бадмаараг нь 1994-07-10-наас 2003-07-10-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар тасралтгүй 9 жил ажилласан ба тухайн үед эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаа гэсэн тушаалгүй, хэв журмын тасгийн цагдаа гэж тушаалтай ажиллаж байсан ба одоо тэтгэвэрт гарахад хугацаа тооцох болсон тул тухайн үед Эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар ажилласан жилийг нөхөн тооцож өгнө үү гэжээ.

          Гэрч Э.Энхтөр шүүхэд мэдүүлэхдээ: Би Орхон аймгийн Цагдаагийн газарт 1993-2004 он хүртэл Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажилласан.Бадмаараг 1994 оны 7 сараас 2004 он хүртэл хамт ажилласан.2004 онд офицер болсон.Бид 9 жил Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар хамт ажилласан гэжээ.

         Гэрч  Л.Бямбасүрэн шүүхэд мэдүүлэхдээ: Би 1995 оны 10 сард Орхон аймагт шилжиж ирээд Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажилд ороход Бадмаараг тэнд 1994 оноос ажиллаж байгаа гээд ажиллаж байсан.Бид хамт 2004 оны 7 сар хүртэл ажилласан гэжээ.

             Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмлэгч Б.Бадмаараг 1994 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс  2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан болох нь цахим үнэмлэхний баталгаат хуулбар, Орхон аймаг дахь цагдаагийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар,  Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын газрын 2016-09-16-ны өдрийн 13/2191 дугаартай лавлагаа, хамт ажиллаж байсан гэрч  Э.Энхтөр,Л.Бямбасүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Б.Бадмаарагийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

           Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Батсүхийн Бадмаарагийг 1994 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс  2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаагаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ