| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 143/2023/00532/И |
| Дугаар | 203/МА2025/00015 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 203/МА2025/00015
2025 оны 03 сарын 19 өдөр Дугаар 203/МА2025/00015 Даланзадгад сум
******* орон нутгийн өмчит
аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 313/ШШ2025/00054 дугаар шийдвэртэй, ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, П.*******д холбогдох
3 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч П.*******тай 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эм зүйн шинжлэх ухааны их сургуульд эм зүйч мэргэжлээр 5 жилийн хугацаатай суралцах зорилгоор дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулан 2 200 000 төгрөгийг сургалтын төлбөрт зээлж авсан. Тус гэрээний 4.4-т зааснаар сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн. Гэвч П.*******аас зээлээ төл гэж шаардахад би зээл төлөх үүрэггүй гэх үндэслэлгүй тайлбар өгч манай байгууллагыг хохироосоор байна.
Иймд хариуцагч П.*******аас зээлийн төлбөр 2 200 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги 1 100 000, нийт 3 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сургалтын төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан гэх боловч тухайн цаг хугацаанд орон нутагтаа эргэн ирж ажиллах хүсэлтэй, эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад олгож байгаа дэмжлэгт хамрагдсан гэж би өөрийгөө ойлгосон.
******* нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэх гэрээг хавсаргасан боловч уг гэрээний нэг хувийг надад өгөөгүй, уг гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, гэрээний хугацаа хэсэгт бичигдсэн огноог гараар засварласан байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.*******ийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаатай үйл баримтыг буруу дүгнэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь талд ...2016 онд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2023 онд ... өөрөөр хэлбэл 7 жилийн дараа шаардаж байгаа нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ тайлбараар болон баримтаар нотлохгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, Иргэний хуулийн холбогдох заалтууд, нотлох баримтуудаас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Учир нь П.*******тай 2016 онд гэрээ байгуулсан бөгөөд, гэрээний хугацаа дуусах үеэс эхлэн шаардах эрх үүссэн бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.
Иймд манай байгууллага хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болно. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс Н.*******д итгэмжлэл олгож, шүүх хуралдаанд оруулахаар томилсон боловч анхан шатны шүүх итгэмжлэлд 33 300 000 төгрөг гэж бичигдсэн бөгөөд энэ хэрэг нь 3 300 000 төгрөгийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан тул энэ хэрэгт нэхэмжлэгч талыг Н.******* төлөөлөх эрхгүй гэж дүгнэн шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй нь үндэслэлгүй.
Энэ талаар Н.*******гээс шүүгч тодруулахад итгэмжлэлд техникийн алдаа гарч нэг 0- ийн тоог илүү бичсэн талаар хэлсэн боловч түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн байна.
Манай байгууллагын зүгээс тус шүүхэд П.*******д холбогдуулан өөр нэхэмжлэл гаргаагүй бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагад нэг 0 илүү бичсэн нь техникийн шинжтэй алдаа бөгөөд шүүх хуралдаан даргалагчийн зүгээс уг алдааг залруулах хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан болно.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 313/ШШ2025/00054 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Итгэмжлэл дээр мөнгөн дүн буруу бичигдсэн байна. Итгэмжлэлийг унших юм бол гэрээний төлбөрт 2,200,000 төгрөг, алданги 1,100,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг гээд ойлгогдох боломжтой байхад шүүх хуралдаанд оролцуулаагүй нь үндэслэлгүй. Яагаад гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн бүх шатанд шүүх хуралдаан дээр мэтгэлцэх зарчим хэрэгжих ёстой. Гэтэл хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжоор хангагдах боломжийг нь эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааны танхимаас шууд гаргаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж явуулсан нь ноцтой зөрчил байна.
Иймээс анхан шатны шүүх нь процессын алдаа гаргачихсан гэж үзсэн.
Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тайлбарлахдаа анх гэрээ байгуулсан буюу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолоод байгаа нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журамд нийцээгүй байна.
Гэрээний 6.1 болон 6.2-т зааснаар зээл нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлөгдөж дуусах ёстой гэсэн агуулгаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үүссэн.
Нэг өдрийн алданги 11,000 төгрөг болно. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувьд нийтдээ 2,200,000 төгрөгийг зуун хувьд нь үржүүлээд үзэхээр Иргэний хуульд зааснаар анзын хэмжээ тавин хувиасаа хэтэрч болохгүй гэдгээрээ 1,100,000 төгрөг алдангид нэхэмжилж байгаа.
Ингээд нийтдээ 3,300,000 төгрөгийг хөөн хэлэлцэх хугацаанд нь шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.
Иймд давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөгжил хөрөнгө оруулалтын газраас тухайн өргөдлийг нь хүлээн аваад 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай тушаалаар 2,200,000 төгрөгийг П.*******д олгосон байдаг.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр нөхцөл байдал харагддаг. Тухайн үед талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч амаар хэлцэл хийгдсэн гэж үзэхээр нөхцөл байдал ажиглагддаг.
Нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэргийн хүрээнд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох эрх, эргэн төлүүлэх тухай гэрээг нотлох баримтаар гаргаж өгдөг. Тухайн гэрээнийх нь 4.4 дүгээр заалт дээр зээлийн гэрээний хугацаа гурван жил байна гээд заагаад өгчихсөн. Энэ зээлийн гэрээ нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гурван жилийн хугацаанд үйлчлэхээр 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болж байна гэж үзэхээр харагддаг. Гэрээний 6.1 дээр нь гэрээний хугацаа зургаан жил байна гээд балаар биччихсэн. Гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сард гээд бас балаар бичсэн бичиглэл байдаг. Тухайн бичиглэл дээр гэрээний хугацаа, дуусах өдрийг бичээгүй. Мөн гэрээний хугацаа дуусах он нь 2022 гээд засвар орсон, баллаж зассан байдаг.
Зээлийн гэрээ нь хоёр талын гэрээ. Зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд харилцан тохиролцож тухайн гэрээг байгуулахаар заасан хуулийн шаардлагатай гэрээ. Тухайн гэрээг П.******* байгуулаагүй. Гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1103 дугаартай шинжээчийн дүгнэлтээр П.*******ын гарын үсэг биш гэдэг нь тогтоогдсон. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох эргэн төлөх тухай гэрээг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломжгүй. Эдгээр хүмүүсийн хооронд амаар гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Нэхэмжлэгч талын зүгээс эрх нь зөрчигдөөд, гэрээний хугацаа хэзээ дуусах, шаардах эрх нь хэзээ үүсээд байгаа талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогддоггүй.
Нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж чадаагүй учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг баримтлаад гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч тал гурван жилийн хугацааны дотор шаардах эрхээ эдлэх боломжтой гэж үзэхээр байна. Тийм учраас анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд алданги шаардах эрхээ алддаг учир алдангийн асуудал нь яригдахгүй.
Шүүх хурлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч аль аль талыг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн асуудал биш. Аль аль талыг нь оролцуулахгүйгээр хуулийн хүрээнд, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж байгаа нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, П.*******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.*******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагч П.*******д холбогдуулан дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээний төлбөр 2 200 000 төгрөг, алданги 1 100 000 төгрөг, нийт 3 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.******* эс зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд би гарын үсэг зураагүй, дээрх гэрээг надтай байгуулаагүй, эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаад орон нутагтаа эргэж ирж ажиллах хүсэлтэй оюутанд дэмжлэг үзүүлэн сургалтын төлбөрийг төлж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунгэрэл нарыг төлөөлөх эрхгүй этгээд байна гэж дүгнэн тэднийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, улмаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Ч.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Мөн хуулийн 32.1 дэх хэсэгт Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно. гэж зааснаар нэхэмжлэгч ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичгээр Н.*******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөх, хариуцагч П.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0033 дугаартай итгэмжлэлээр И.Оюунгэрэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөх үйлдэл хийх эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлөх бүрэн эрхийг хуульчилсан байх ба мөн зүйлийн 64.2 дахь хэсэгт итгэмжлэлд тавигдах шаардлагыг итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх; хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх; олгосон он, сар, өдрийг заах; хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх; итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах. гэж заасан байна.
Төлөөлөгч Н.*******д олгосон итгэмжлэл нь дээрх шаардлагуудыг хангасан байх боловч итгэмжлэлд Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээний төлбөр 2200000 төгрөг, алданги 1100000 төгрөг, нийт 33.300.000 төгрөг гаргуулах гэж илэрхий техникийн алдаатай бичигдсэнийг анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбар гаргах, техникийн шинжтэй алдааг засах боломжийг олгохгүйгээр шүүх хуралдааны танхимаас гаргаж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох болон мэтгэлцэх эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд төлөөлүүлэгчид энэ тухай мэдэгдэж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдэж, зохигчдыг мэтгэлцэх эрхээр хангах үүрэгтэй атал шүүх хуралдаанд зохигчид хүрэлцэн ирсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно гэж заасны дагуу талуудыг эзгүйгээр хэргийг шийдвэрлэв гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.2-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.*******ийн давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 313/ШШ2025/00054 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй П.*******д холбогдох иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА