| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0669/Э |
| Дугаар | 826 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 826
2019 07 08 2019/ШЦТ/672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч Э.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Майру-гүр овогт Энхбаатарын Болдод холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан, бриста ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт гэх Майру-гүр овогт Э.Б/Регистрийн дугаар УХ00251019/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Бнь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран молл” төвийн баруун талд хохирогч А.Б “мөрлөсөн” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Болдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Бнь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран молл” төвийн баруун талд хохирогч А.Б “мөрлөсөн” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө “Сөүл плаза” төвийн лоунжид ажиллаж байгаад 05 цагийн үед тараад гарч яваад такси барих гээд явж байтал үл таних халамцуу залуу тааралдсан. Намайг хажуугаар нь зөрөх гэсэн чинь “юугаа харсан юм бэ?" гээд байсан. Тэгээд Э.Болдоо гэдэг нэртэй залуу миний нүд рүү баруун гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч У.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 05 цаг өнгөрч байгаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүл плазагаас гараад ертөнцийн зүгээр баруун тийш явган хүний замаар өөрийн найз А.Б-ын хамт явж байтал бид хоёрын урдаас ирж байсан 19-20 орчим насны 6 залуугийн нэг нь намайг мөрлөөд эргэж хараад "замаа хар" гэхээр нь ямар нэгэн юм ярилгүй цаашаа явж байтал бид хоёрын араас гүйж ирээд цохих гэхээр нь гарыг нь түлхсэн. Тэгээд бид хоёрын араас хүрч ирсэн хүмүүст хандаж “соёлтой бай, хэн хэндээ гай болоод яахав, зүгээр явцгаая” гэхэд урд зогсож байсан Цэлмэг, Э.Б гэх хоёр залуу намайг заамдахаар гарыг нь тавиултал манай найз А.Б Э.Б гэх залуу нүүр рүү нь цохисон. Э.Б-г цааш нь түлхэж салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн үед найз Хашбат, Э.Б, Б, Цн, Ж гэх найзуудтайгаа уулзсан. Бид нар “Спайс” нэртэй газар пиво ууж сууж байгаад “Гранд плаза” төв рүү явсан. Ресторанд суухдаа хүний нэг нэг шил 0.5 литрийн пиво уусан байсан. Бид нар найз Хашбатын “Гранд плаза” төвийн тэнд байдаг гэрээс нь өглөөний 05 цагийн үед гарцгаасан. ...бид нар замын урд талд "Өгөөж чихэр боов" ХК-ийн тэнд явган хүний замаар явж байхад өөдөөс ирж явсан хоёр залуу манай найз Ц-тэй мөрлөлцсөн. Тэр хоёр залуугийн махлаг бор залуу нь эргэж хараад "замаа харж яв бацаан минь" гэж хэлсэн. Тэгэхэд Ц эхлээд ганцаараа нөгөө хоёр залуу дээр очоод "юу гэнээ" гэж хэлсэн. Тэр үед нөгөө хоёр залуу Ц-тэй заамдалцсан. Э.БЦ дээр очоод хохирогч гээд байгаа хоёр залуугийн цагаан царайтай, туранхай биетэй залууг гараараа цохисон. Э.Б-д цохиулаад зүүн нүдний хөмсөгний доор шалбарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “А.Б-ын биед зүүн зовхинд цус хуралт, няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх 7441 дугаартай дүгнэлт /хх-ийн 7 дугаар хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 35 дугаар хуудас/, хохирогч А.Болдбаярын гомдол, саналгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Б-ын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 43, 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Болдод танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Майру-гүр овогт Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Болдыг шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Бнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Болдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ