| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/06957/И |
| Дугаар | 210/МА2025/00493 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00493
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******ын нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавраар үл хөдлөх эд хөрөнгө буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Зохигч өмнө нь хамтран амьдарч байсан бөгөөд Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, 41 тоот хаягт байрлах 47 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр орон сууцны зээлээр худалдан авсан юм. Талууд хамт амьдрах хугацаанд үл ойлголцох маргаан үүссэнээс улбаалж хэсэг хугацаанд хоёр талд амьдарч байгаад хүү Э.*******г бодож хэвийн харилцаанд орохоор хичээсэн. Улмаар хариуцагчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг ямар ч үнэ төлбөргүйгээр хариуцагчид шилжүүлэн өгөхдөө 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан боловч үнэн хэрэгтээ гэрээний гол нөхцөл болох хариу төлбөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хувийн дотно харилцааны маргааныг далимдуулж өөртөө давуу байдал үүсгэж, гэрээг байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Хэдийгээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт төлбөрийг бүрэн төлж дууссан гэсэн боловч тухайн үүрэг нь биелэгдээгүй. Учир нь, хариуцагч нь буцаж эвлэрэхдээ орон сууцыг өөрийнх нь нэр дээр шилжүүлэн өгөх болзол тавьсан. Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх бус хамтын амьдрал үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө маргааныг шийдвэрлэхэд илүү чиглэсэн.
...Иймд, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл тул зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байх тул гэрээг хийсэн хариуцагчаас өмчлөх эрхээ буцаан шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, 41 тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай орон сууцыг анх худалдан авахад миний зүгээс урьдчилгаа төлбөрт 19,950,000 төгрөгийг өгсөн. Зээлд хамрагдах үед нь би хүүхэд асрах чөлөөтэй байсан тул өөрийн нэр дээр авах боломжгүйд хүрч *******ын нэр дээр зээл авсан юм. Мөн би орон сууцны зээлд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 760,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 770,000 төгрөгийг тус тус төлж байсан. Удалгүй Ковид-19 цар тахал гарч уг зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүйд хүрсэн тул тодорхой хугацаагаар зээл төлөлтийг хойшлуулсан ба миний бие 2023 онд өөрийн эзэмшлийн ХХК-ийн үйл ажиллагаанаас олсон орлогоос 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нийт 3 удаагийн гүйлгээгээр 43,421,657 төгрөгийг шилжүүлж, энэхүү орон сууцны зээлээс нийт 64,901,657 төгрөгийг төлсөн.
*******ын зээл төлсөн гэж хэргийн материалд нотлох баримтаар ирүүлсэн дансны үндсэн эзэмшигч нь миний бие бөгөөд түүнийг өөрийн дансанд сүүлд нэмж бүртгүүлсэн болно.
Нэхэмжлэлд дурдаад буй энэ орон сууцанд *******ын төрсөн хүү Ц.******* өнөөдрийг хүртэл амьдарч өсөн хүмүүжиж байна. Хүүхдийг орон байраар хангах, тэжээн тэтгэх эцэг хүнийхээ үүргийг биелүүлэх атал орон сууцыг буцаан авах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 49******* зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан *******т холбогдох хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, 63/******* байр, 41 тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг буцаан гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдан авагч нь хариу төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Гэтэл хариуцагчийн хариу тайлбарт байрны урьдчилгаа, гэрээний үлдэгдэл төлбөрийг өөрөө төлсөн гэсэн боловч тэрхүү төлбөрийг ямар эх үүсвэрээр төлсөн эсэхээс үл хамааран талуудын дундын эзэмшлийн Хаан банк ХК дахь данснаас төлөгдсөн ба нэхэмжлэгч болон хариуцагч нар өмчлөх эрхийн тухайд харилцан маргаантай эсрэг байр суурьтай шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь дугаарлалтад орон сууцны өмчлөгчөөр хариуцагчийг бүртгэгдсэн талаар талууд маргаагүй болно гэж тайлбарласан нь ойлгомжгүй болсон. Учир нь, өмчлөх эрхээ хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлж өгсөн байхад шүүх нэхэмжлэлийг буруу ойлгож дүгнэсэн гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэрэг нь нотлох баримтаар үнэлэгдэх бичгийн баримт байх бөгөөд хариу тайлбарт орон сууцны төлбөрийг зээл хаах замаар төлсөн гэх агуулгаар бичжээ. Гэтэл хариуцагч тал төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа гэрээ байгуулна гэж тохиролцсон байсан талаар дурдаагүй байна. Нэхэмжлэгч нь орон сууцны зээлийн гэрээний үүргээ өөрийн эзэмшлийн данснаас төлж, төрсөн ээж нь хамтран зээлдэгчээр оролцож, орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн байдаг. Улмаар түүний дараагаар төлбөрийг төлж дуусгаж өмчлөх эрх нь гуравдагч этгээдийн өмнө үүрэг /барьцаалбар/-гүй болгосны дараа, нэхэмжлэлд дурдсанаар ямар нэгэн хариу төлбөргүйгээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа билээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар анхан шатны шүүх нотлох баримтын хамаарал, ач холбогдол зэргийг үл харгалзан тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэсэнгүй.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь нэхэмжлэгч гэрээний үнийг төлөөгүй, хариу төлбөргүй шилжүүлсэн явдал нь Иргэний хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж, тухайн гэрээгээр шилжүүлсэн өмчлөх эрхийг буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Маргаан бүхий орон сууцыг анх худалдан авахад хариуцагч ******* урьдчилгаа төлбөр 19,500,000 төгрөгийг өөрөөсөө өгсөн. Зээлд хамрагдах үед хүүхэд асрах чөлөөтэй байсан тул өөрийн нэр дээр зээл авах боломжгүй учраас хамтран амьдрагч *******ын нэр дээр зээл авсан. Уг зээлээс 64,901,657 төгрөгийг хариуцагч өөрийн зүгээс төлж барагдуулсан болох нь хэргийн материалд авагдсан дансны хуулга болон хариуцагчийн тайлбараар нотлогддог. Зээл төлж барагдуулсан дансны үндсэн эзэмшигч нь ******* болох нь тодорхой харагддаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлыг үндэслэн нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. *******ын зүгээс юуг үндэслэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн болох талаар хэрэгт нотлох баримт хавсаргаж өгөөгүй. Талууд хамтын амьдралтай байсан хүмүүс ба маргаан үүсээд тусдаа амьдрах болсон нөхцөлдөө нотариат дээр хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хийсэн тул өмнөх үйл явдлыг хамааруулж ойлгох боломжгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, 41 тоот хаягт байрлах 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар 46,000,000 төгрөгийг, жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаагаар зээлдэн авчээ. /х.х-ийн 9-12/
3.2. Дээрх зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч *******аас 3,761,000 төгрөг, хариуцагч *******ээс 45,711,657 төгрөгийг тус тус ХХК-нд төлж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. /х.х-ийн 17-20, 24-25, 35-37/
3.3. Мөн хариуцагч нь тухайн орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрт 19,950,000 төгрөгийг өгсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй. /х.х-ийн 33/
3.4. Улмаар зохигч 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* нь энэхүү орон сууцыг хариуцагч *******т нийт 67,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /х.х-ийн 7-8/
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал тохиролцсон үнийг хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
5. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.
Хэрэгт авагдсан баримт болоод зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* нь орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч *******т шилжүүлсэн, тэрээр хүүтэйгээ хамт амьдран сууж байгаа гэсэн тул энэ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзнэ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 67,000,000 төгрөгийг төлөөгүй гэх боловч хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т орон сууцны зээлийн урьдчилгаа болон зээлийн төлбөрт төлсөн мөнгийг оролцуулан нийт 65,661,657 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэгч нь тухайн орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй.
6. Мөн хэрэгт авагдсан Хаан банк ХК дахь 502927197*******тай иргэдийн хугацаагүй хадгаламжийн дансанд орсон орлогыг нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагаагаар олсон гэж маргасан боловч уг тайлбараа нотолсон баримт гаргаж өгөөгүй байна. /х.х-ийн 21-23/
Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд зохигчийн хооронд бий болсон дээрх үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00569 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 492,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР